Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 65

 

У.Отгонбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалтай, У.Отгонбатад холбогдох эрүүгийн 201626011040 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Угтахбаярын Отгонбат нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүгдэгч У.Отгонбатад Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, У.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч У.Отгонбат нь хохирогч А.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… У.Отгонбат нь 2 удаа анхан шатны шүүхээр, давж заалдах шатны шүүхээр 1 удаа шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааныг даргалсан шүүгч 2 дахь удаагийн шүүх хуралдааныг дахин даргалж шийдвэрлэсэнд шүүгдэгч болон гэр бүлийнхэнд нь гомдол, эргэлзээг төрүүлж байна. Шүүгдэгч У.Отгонбат нь эхийнхээ хамт амьдардаг бөгөөд ахуй амьдралын хувьд хүнд нөхцөл байдалд байдаг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан, хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч У.Отгонбат нь догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч У.Отгонбат нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Жи Эм Жи” шөнийн цэнгээний газарт тус газрын ажилтан эмэгтэй А.Мөнх-Эрдэнийг илтэд үл хүндэтгэн “өөрийнхөө гар утас, мөнгийг өгсөнгүй” хэмээн согтуурхаж нүүр рүү нь гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Отгонбат урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дуусч У.Отгонбат нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуульд зааснаар ялгүй болсон этгээдийг ялтай гэж дүгнэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож эрх зүйн байдлыг нь дордуулан шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Харин давж заалдах шатны шүүх дээрх алдааг засч шийтгэх тогтоолын Өршөөлийн хууль хэрэглэсэн заалтыг хүчингүй болгосон нь зөв боловч У.Отгонбатыг ялтайд тооцож, “ялтай байдлыг Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгоход шүүхээс ямар нэгэн эрхийн акт гаргах шаардлагагүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх хохирогч эмэгтэй А.Мөнх-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан У.Отгонбатад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч У.Отгонбатыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч У.Отгонбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 68а дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил 10 хоног хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Отгонбатын өмгөөлөгч С.Чулуунбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         ДАРГАЛАГЧ

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

         ШҮҮГЧ                                                                                 Б.ЦОГТ