Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 53

 

Э.Ариунбаяр, М.Билгүүн, Б.Энхтулга

нарт холбогдох эрүүгийн хэргийн

 тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 201626021438 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Одонтунгалаг, шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Бямбатулгын Энхтулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Бигэр номон хан овогт Мөнх-Очирын Билгүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхбаярын Ариунбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг завшиж хууль бусаар авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарт тус тус 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар М.Билгүүнд 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтулгад энэ тогтоолоор оногдуулсан 4 сар баривчлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Энхтулгын биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар хорих ялаар тогтоож, Б.Энхтулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй, М.Билгүүний эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Э.Ариунбаярын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Билгүүн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ж.Уранчимэг, шүүгдэгч Б.Энхтулга нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Уранчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч П.Одонтунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх М.Билгүүнийг “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалан Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцох хэлбэрээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэжээ. Улсын дээд шүүхийн 29 дүгээр тогтоолд: “Борлуулсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцож өрөнд өгөх зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ” гэж тайлбарлажээ. Дээрх тогтоолд заасан үүргийн гүйцэтгэлд тооцож өрөнд өгөх зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ гэх тайлбарыг анхан шатны шүүх “Мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгээр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бэлэглэх солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох /өрөнд өгөх/ зэргээр бусдад шилжүүлж байгаа үйлдлийг ойлгоно” гэж шийтгэх тогтоолд дүгнэн хэрэглэжээ. Харин давж заалдах шатны шүүх “...борлуулсан гэдэгт худалдах арилжах, бэлэглэх, өрөнд тооцуулах, барьцаалах зэргээр иргэний эрх зүйн харилцааны бүх хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ. Хариу төлбөртэй, төлбөргүй байсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гагцхүү дурьдаж буй эм бэлдмэл бодис нэг этгээдээс нөгөө этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн байдлаар тухайн гэмт хэргийн борлуулсан гэх шинж тодорхойлогдоно” гэж дүгнэжээ. Өмчлөх эрх шилжих нь Иргэний хуульд зааснаар эсхүл гэрээгээр шилждэг. Хуулиар хориглосон зүйлийн хувьд өмчлөх эрх үүсч, өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. М.Билгүүний хувьд “өвс” гэх бодисыг “буцааж авна шүү, наадах чинь надад хэрэгтэй юм” гэж хэлээд өгсөн гэх мэдүүлгүүд нь “40,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд бүр мөсөн өгөөгүй, харин тодорхой хугацааны дараа авахад бүрэн бүтэн байлгаж бай, надад хэрэгтэй юм” гэсэн нь хадгалуулсан гэх шинжтэй байна. Шүүх “иргэний эрх зүйн бүх хэлбэрээр бусдад шилжихийг борлуулсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн шинжийг хуулийн агуулга мөн чанараас хальсан буюу хэт хавтгайруулсан дүгнэлт болж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан.

М.Билгүүнд ял шийтгэл оногдуулахдаа Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцох хэлбэрээр борлуулсан гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан борлуулсан гэдэг бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв М.Билгүүн нь Б.Энхтулгад 40,000 төгрөгийн өрөнд тооцож борлуулсан юм бол яагаад Б.Энхтулга “өвс” гэх ургамлыг авснаасаа хойш 3 хоногийн дараа М.Билгүүнээс өрөө нэхэж, уг мөнгөнөөс болж маргалдсан, төлбөрт тооцож борлуулсан бол Б.Энхтулга яагаад мөрдөн байцаалтын шатанд М.Билгүүнээс мөнгөө авсан зэрэг асуултууд гарч байна. 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг Б.Энхтулгад 40,000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн эсэх? ингэж өгснөөр М.Билгүүний Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өр дуусгавар болсон уу гэдэгт огт дүгнэлт хийгээгүй байна. М.Билгүүн нь Б.Энхтулгад “өвс” гэх нэршилтэй ургамлыг 40,000 төгрөгийн өрөнд тооцож өгөөгүй, харин түр хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсоор байтал уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх эргэлзээг бий болгож байна. Дээр дурдсан эргэлзээ бүхий байдал үүссэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг зөрчсөн. Иймээс 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг өрөнд тооцож өгсөн үү эсхүл өрөө төлөх хүртлээ хадгалуулсан уу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх, мөн хадгалуулсан бол борлуулсан гэж үзэх эсэх, зэрэг Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь заалт нь мөн зүйлийн 192.1 дэх заалтаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан байх шинжээрээ ялгагдаж байна. М.Билгүүн нь хамаатан Э.Ариунбаяраас 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг сонирхож авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн бөгөөд борлуулах зорилго, сэдэлт байгаагүй болно. М.Билгүүн 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг Э.Ариунбаяраас борлуулах зорилгогүйгээр олж авч, биедээ хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын буюу борлуулах зорилго сэдэлтгүй байхад хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй зүйл хэсгээр ял шийтгэсэнд гомдолтой байна.

М.Билгүүн нь бүтэн өнчин, анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа нөхцөл байдал болон хувийн байдал, түүний эхнэр 2017 оны 01 дүгээр сарын 27-нд охинтой болсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж богино хугацаанд засарч хүмүүжих боломж олгон, түүнд ял шийтгэл оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг багасгаж дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Баатарсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Энхтулга нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Энхтулга нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзаж, иргэнийхээ хувьд өөрт хадгалж байсан “өвс” гэх бодисыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн, мөн сэтгэцэд нөлөөлөх бодис ямар үр дагавартай вэ гэдгийг мэддэг байсан тул гэмт хэрэг үйлдэхээс төгс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Б.Энхтулга нь “өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж 1 жил 6 сарын тэнсэн хянан харгалзах ялтай байсан учраас би сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хадгалахаас татгалзаж гаргаж өгсөн” гэж мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн. Хэрэв хадгалж байсан бол худалдан борлуулагдах эсвэл ямар нэг байдлаар хэн нэгэн хэрэглэх нөхцөл байдал үүснэ. Б.Энхтулга нь энэ үр дагавраас сэргийлж чадсан, мөн гадны ямар нэг нөлөөгүй, сайн дураараа, өөрийн хүсэл зоригийн дагуу гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь тогтоох тал дээр мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Тухайлбал: Анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ хэнд холбогдуулан хэрэг үүсгэсэн, хэн гэдэг хүний гэм буруугийн асуудлыг шалгах гэж байгаа нь тодорхой бус, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 73 дугаар зүйлд заасан хэрэг үүсгэснээс хойшхи ажиллагааг дутуу хийсэн, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа мөрдөн байцаагчийн зүгээс шинжээчид ургамлын бүтэц, уг ургамлын мансууруулах сэтгэцэд нөлөөлөх байдал, НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад орсон эсэх гэсэн 3 асуултад шинжээч нар бүрэн хариулаагүй, шинжээчийн дүгнэлтээс харахад уг ургамлыг НҮБ-ын 1971 онд батлагдсан конвенцийн жагсаалтад орсон гэж үзсэн. “Ургамлын бүтцийг тогтоох” гэдгийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар химийн бүтэцтэй вэ? гэдгийг нарийвчлан шинжлэн тогтоох гэх ойлголтыг бүрэн гаргаж дүгнэлт хийгээгүй байна.

“Дельта 9 тетрагидроканабинол” гэдэг нь орчуулагдахгүй нэр томъёо, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис гэдгийг Монгол Улсын Олон Улсын 1999 онд нэгдэн орсон уг конвенцид орсон байна гээд л орхисон. Шинжээчийн дүгнэлтэд байгаа “гадаад үг” дээрх конвенцид байхгүй. Англи нэршилд нь хамаарах эсэхэд мөрдөн байцаагч тодорхой ажиллагаа явуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Эрүүгийн хууль болон Олон Улсын хэм хэмжээнд үндэслэгдэнэ” гэж заасан. Конвенцийн 22 дугаар зүйлд “талууд өөрийн үндсэн хуулийн хязгаарлалтыг харгалзан энэ конвенцийн үүргийг биелүүлэхээр гаргасан хууль тогтоомжид харшлах, санаатай үйлдсэн аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх ба гэмт хэрэгт зохих шийтгэл оногдуулах, түүний дотор хорих, эрх чөлөө хасах нөхцлийг хангана.” гэж заасан. Хэргээ илчилж ирсэн хүний нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоогоогүй байгаа тул Б.Энхтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлд зааснаар “Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Б.Энхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэн 1 жил 4 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийн бүрэлдэхүүний шинж агуулаагүй байх бөгөөд тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан “шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна.

Шүүгдэгч М.Билгүүн, Б.Энхтулга нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон гэрч  Н.Баяртогтохын мэдүүлгүүдээс үзэхэд Б.Энхтулга нь М.Билгүүнээс зээлсэн мөнгөө авахыг л хүссэн, мөн өвс өөрт нь өгсөн болохыг М.Билгүүнээс мэдээд шууд цагдаад дуудлага өгч өвсийг өөрөө зааж өгөн цагдаа нарт гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч М.Билгүүн нь 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг Э.Ариунбаяраас борлуулах зорилгогүйгээр олж авч биедээ хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг агуулаагүй бөгөөд борлуулах сэдэлт, зорилго тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх борлуулах зорилгоор Б.Энхтулгад өрөнд тооцох хэлбэрээр шилжүүлсэн гэж хүндрүүлж шийдвэрлэсэн.

Уг өвсөө мөнгө олтлоо түр хадгалуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан борлуулсан гэх обьектив талын шинжид багтах үүрэг гүйцэтгэлд тооцох буюу өр төлбөртөө өгсөн гэм буруутай гэж үзэх гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинж биш юм. М.Билгүүн нь Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцож өвсөө бүр мөсөн өгөөгүй бөгөөд тухайн үед зээлсэн мөнгөө хугацаандаа өгөх гэтэл мөнгөгүй байсан учраас өгч чадалгүй явж байгаад боломжтой хугацаандаа зээлсэн мөнгөө буцааж өгч байгаа нь “өрөнд тооцох хэлбэрээр бусдад шилжүүлсэн” гэх нөхцөлийг үгүйсгэж байна. Тухайн өвсийг буцааж авахаар тохиролцож хэсэг хугацаанд Б.Энхтулгад хадгалуулсан болох нь сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогддог. Хэрэв үүрэг гүйцэтгэлд тооцож өгсөн бол энэ нь өвсөө өгснөөр нэг мөр дуусгавар болсон байх ёстой. Гэтэл Б.Энхтулга нь М.Билгүүнээс 40,000 төгрөгөө удаа дараа нэхэж байгаа нь мөн “Манхэйтэн” зочид буудалд тааралдаад уг мөнгөнөөс болж маргалдсан байдал, өр төлбөрөө хэсэг хугацааны дараа төлсөн нь тухайн өвсийг өр төлбөртөө тооцсон гэх хуулийн шаардлагыг үгүйсгэж байхад М.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутай гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тухайн үед байсан н.Тэмүүжин гэх хүүхдийг шалгалгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг зөрчсөн. Иймээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье. Хэрэв хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон түүний ар гэрийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэлийг багасгаж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанарыг харгалзан тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч М.Билгүүн нь 2016 оны 04 дүгээр сард Э.Ариунбаяраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалд багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалан, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцох хэлбэрээр борлуулсан,

шүүгдэгч Б.Энхтулга нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт ял шийтгүүлээд, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалд багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 03 дугаар орцны 1 давхрын цахилгаан тоолуурын хайрцагт 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

М.Билгүүн, Б.Энхтулга нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.Энхтулгыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсгүүдэд заасан хорих болон баривчлах ялуудыг оногдуулж хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ж.Уранчимэг нарын “М.Билгүүн нь “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг шүүгдэгч Б.Энхтулгад төлөх өрөнд тооцох хэлбэрээр борлуулаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, хөнгөн ял оногдуулах тухай, мөн шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан нарын “шүүгдэгч Б.Энхтулгын “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлын талаар Цагдаагийн байгууллагад сайн дураар мэдэгдэж, байгаа газраас нь гаргаж өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох тухай гомдлуудыг хянаж үзэхэд шүүгдэгч М.Билгүүн нь анх гэрчээр байцаагдахад “өвс” гэх нэршилтэй ургамлыг шүүгдэгч Б.Энхтулгад худалдсан талаар тодорхой мэдүүлснээс гадна дуудлагаар очсон цагдаа Н.Баяртогтохын гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч  Б.Энхтулгын хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн бөгөөд уг “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлын талаар тодорхой хэмжээний ойлголттой атлаа уг ургамлыг М.Билгүүнээс хууль бусаар олж авч, улмаар өөрийн гэрийн орцны цахилгаан тоолуурын хайрцагт нууснаар энэ гэмт хэрэг төгссөн буюу туйлд нь хүрсэн тул гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй. Иймээс дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүгдэгч Э.Ариунбаяр “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хууль бусаар олж авч, улмаар машиндаа хадгалж байгаад шүүгдэгч М.Билгүүнд шилжүүлсэн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүй орхиж яллах дүгнэлтийн хүрээгээр хязгаарласан нь шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасан хэргийн талаарх асуудлуудыг прокурор хянасан эсэхэд шүүхүүд дүгнэлт хийх нь хэргийг шүүх бүхэлд нь хянах, хэргийн бүх ажиллагааг хянах зарчимд нийцэх ба шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Тухайлбал, мөрдөн байцаалтаар тогтоогдсон бүх гэмт хэргийг хамарч ял сонсгосон эсэх, яллах дүгнэлт үйлдсэн эсэх нь шүүхээс хэргийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад чухал нөлөөтэй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйл, 218 дугаар зүйлээр тогтоосон хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд, прокуророос үйлдэх яллах дүгнэлтийн талаарх шаардлагыг зөрчсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  320 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэсэн, үүсгэхээр байвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно.

Иймээс шүүгдэгч Э.Ариунбаярын хууль бусаар олж авсан мансууруулах бодис М.Билгүүнд шилжсэн үйл баримтыг шалган тогтоож, Э.Ариунбаярын хувьд нийгэмд аюултай үйлдэл, гэмт хүсэл зоригийн хандлага байсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх байдлаар гэм буруугийн асуудлаар гарч буй эргэлзээг арилгасны эцэст хэргийг шүүхээр хэлэлцэх шаардлагатай.

Иймд шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Одонтунгалаг, шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргээс Э.Ариунбаярт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Энхтулга, М.Билгүүн нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дүгээр магадлалд “шүүгдэгч Э.Ариунбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхтулга, М.Билгүүн нарт холбогдох хэргээс шүүгдэгч Э.Ариунбаярт холбогдох хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Э.Ариунбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Энхтулга, М.Билгүүн нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээн, шүүгдэгч М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Одонтунгалаг, шүүгдэгч Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ

                      ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                      ШҮҮГЧ                                                      Ч.ХОСБАЯР