Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00360/и |
Дугаар | 12 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 12
Г.Энхбаярын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 474 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар,
Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
“Ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1,2,3,4,5 сарын цалин буюу бүгд 3627012 / гурван сая зургаан зуун хорин долоон мянга арван хоёр / төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000 / долоон зуун мянга/ төгрөг, нийт 4327012 / дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга арван хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Ариунзаяа, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Г.Энхбаяр нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 тоот тушаалаар Тариат сумын Газрын даамлын албан тушаалаас халагдсан. Үндэслэлгүй халагдсан тухай Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрээр намайг үндэслэлгүй халагдсан байна гэж үзэж Тариат сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээж авсан. Маргаан үүссэн цагаас шүүхийн шийдвэр дуусах хүртэл би өмгөөлөгчийн туслалцаа авч байсан. Иймд миний ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1,2,3,4,5 сарын цалин бүгд 3627012/ гурван сая зургаан зуун хорин долоон мянга арван хоёр / төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000 / долоон зуун мянга/ төгрөг бүгд 4327012 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа Барилга, Хот байгуулалтын газарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг. Газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг тул Тариат сумын Газрын даамал Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2016 онд тус сумын Засаг даргын тамгын газрын цалингийн сан 13 сая 332,3 мянган төгрөгөөр хасагдаж батлагдсан. Ийнхүү 2016 онд зарцуулах цалингийн сан хүрэлцээгүй тул Засаг даргын тамгын газрын Хүн ам зүй, Хөдөлмөр эрхлэлт, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг-үржлийн тасгийн мэргэжилтэн нарыг ажлаас нь тус тус чөлөөлж 2 орон тооны цомхотгол хийгдсэн. Иймд засаг даргын тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй тул Газрын даамал ажилтай Гэндэнжамц овогтой Энхбаярын нэхэмжилсэн. 4327012 төгрөгийг барагдуулах санхүүгийн боломжгүй болно. Энэхүү нэхэмжилсэн 4327012 төгрөгийг буруу шийдвэр гаргаж ажлаас нь үндэслэлгүй халсан Архангай аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газрын дараг Ч.Отгонжаргалаар нөхөн төлүүлэх нь зүйтэй болно гэжээ.
Архангай аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг хэдий ч газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгагдсан байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын батлагдсан орон тоо төсөвт газрын даамлын цалин хөлс тусгагддаггүй, тус газрын төсөв цалингийн сан, батлагдсан орон тооны ажилчиддаа ч хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Иймд иргэн Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцах боломжгүй тул газрын даамлын цалин хөлс, орон тоо шууд хамааралтай сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийг гаргуулна уу гэжээ.
Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газрын даамлын бүтэц орон тоо, цалингийн сан тухайн байгууллагад харьяалагдахгүй учир манай байгууллага хариуцах боломжгүй .Тухайн шатны дарга өөрөө хангалттай нотлох баримт бүрдүүлж сумын засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргасан. Тийм учраас Тариат сумын тамгын газар энэ асуудлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 4327012 / дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга арван хоёр/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 21350 / хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт, улсын тэмдэгтийн хураамж 72982 / далан хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулан; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар давж заалдах гомдолдоо:
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 02-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдаж байна.
1. Тус шийдвэрийн үндэслэл хэсэгт “ГХБХБГ-ын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч Г.Энхбаярын хүсэлтээр 3627012 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 700000 төгрөгийг ГХБХБГ-аас гаргуулах” гэж шийдвэрлэсэн нь хэт нэгталыг барьсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтанд “Тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыгтомилох, чөлөөлөх” гэж заасан байдаг. Гэтэл Тариат сумын Засаг дарга Г.Аптан-Очир нь 2015 оны 09-р сарын 18-ны 1/295 тоот албан бичигтээ “... Сумын Засаг даргын хувьд төрийн хууль журмыг зөрчиж ёс зүйгүй хариуцлагагүй ажиллаж ирсэн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяртай цаашид хамтран ажиллах боломжгуй болохыг мэдэгдье” гэж ирүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтанд “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасан тул сум орон нутаг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхын тулд Тариат сумын Засаг даргын 2015 оны 09-р сарын 18-ны 1/295 тоот албан бичиг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн байхад ГХБХБГ-ыг буруутгаж, Тариат сумын Засаг даргыг буруугүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Аймгийн ГХБХБГ-ын бүтэц орон тоонд сумдын газрын даамал болон цалингийн сан байдаггүй, сумдын ЗДТГ-ын бүтэц орон тоонд газрын даамлын орон тоо, цалин, газрын даамалтай холбоотой бусад зардал суугдсан байдаг. Нэг хүний буруутай үйлдлээс болж /Тариат сумын Засаг дарга/ тус газрын цалингийн сангаас 4327012 төгрөг авснаар 16 ажилтны эрх ашиг хөндөгдөж байна. Улсын эдийн засаг хямарч, орон нутгийн төсөв танагдаж байхад ажилчдын цалингаас хумсалж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Мөн тэмдэгтийн хураамж 72982 төгрөгийг орон нутгийн орлогод, улсын тэмдэгтийн хураамж 21350 төгрөгийг Г.Энхбаярт олгох нь тухайн байгууллагын төсөвт тусгагдаагүй учир төлөх боломжгүй байна. Тус газар нь төсөвт байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Иймд дээрх үндэслэлээр бодит байдлыг харгалзан үзэж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 02-ны 474 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.
Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Архангай аймгийн Тариат сумын газрын даамлын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан талаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон байх ба хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын олговорт 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4.327.012 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж, шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 23.3.6-д Аймгийн газрын алба тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамлыг томилж, чөлөөлөх эрхтэй гэж заажээ.
Мөн нэхэмжлэгч Г.Энхбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Анхбаяр нар сумын газрын даамлын орон тоо, цалин нь тухайн сумын Засаг даргын тамгын газарт харьяаллагддаг талаар шүүхэд тайлбар гаргасан байна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч дээрх 2 байгууллагыг хариуцагч гэж үзэн, олговор нэхэмжилж, шүүхэд хандсан байхад шүүх Г.Энхбаярыг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учир уг байгууллага олговрыг хариуцах ёстой гэсэн дүгнэлт хийж, харин Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газрыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран харицагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн атал нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулах үндэслэлгүй талаар эрх зүйн ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Гэтэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга санаачлагаараа тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх эрхгүй, Засаг даргын саналыг харгалзахаар хуульд зохицуулсан, түүнчлэн энэ байгууллагад сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан харьяаллагддаггүй байхад зөвхөн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэдэг үндэслэлээр олговрыг хариуцуулж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийг эргэлзээгүйгээр зөв тогтоогоогүй байна.
Түүнчлэн шүүх хариуцагч Р.Түмэнбаярын хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй, зохигчийн эрхийг зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүгч томилсон тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байгааг дурдвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР