Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2016/00662/и |
Дугаар | 1230 |
Огноо | 2017-05-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1230
Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00691 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Энхбаярт холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Болормаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат
Хариуцагч Г.Энхбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Энхбаяртай 1999 онд танилцаж, 2002 оноос хамтран амьдарч 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Ангараг төрсөн. 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Г.Энхбаяртай амьдрах хугацаанд намайг болон хүүхдээ хүртэл зоддог. Би хүнд нөхцөлд олон жилийг өнгөрөөсөн ба хүүхдийн минь эцэг гэж бодож амьдарсаар өдий хүрсэн. Намайг 6 сартай жирэмсэн байхад үснээс зулгаагаад паар мөргүүлээд зодож байсан. Г.Энхбаяр урьд нь гэр бүлтэй байсан бөгөөд насанд хүрсэн 2 том охинтой. Намайг маш их харддаг. Миний хувьд 2003 онд Төмөр замын коллеж төгсөөд Улаанбаатар төмөр замд ажиллах болсон. Бид 2004 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7 дугаар гудамж, 140 тоот хоосон газар аваад 2005 онд зуны байшин, 2008 онд өвлийнх болгосон ба 2015 оны 11 дүгээр сард Г.Энхбаяр согтуудаа шатаасан. Үүнээс ногдох хувь авахгүй.
Г.Энхбаярын ийм байдлаас 2014 онд би хүүтэйгээ хамгаалах байранд 2 хоносон. Би 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 3 дугаар сар, 2017 оны 2 дугаар сард эрүүлжүүлэгдсэн. Ажлынхантайгаа баяр тэмдэглээд ороод ирсэн чинь янз бүрээр дуудаад хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байхаар өөдөөс нь хэрэлдсэн бөгөөд намайг цагдаа дуудаад өгсөн. Г.Энхбаяр хүнийг тэсвэрлэх аргагүй байдалд оруулдаг. Цагдаа ирээд орхиод явах гэхээр Г.Энхбаяр дарга руу нь утсаар ярьдаг. Бид 2015 оны 12 дугаар сараас тусдаа амьдарсан бөгөөд би 2017 оны 01 дүгээр сард гэртээ ирсэн. Тэгэхдээ Г.Энхбаяртай эвлэрээд гэртээ ирээгүй тэрээр эмнэлэгт хэвтэх болоод хүү минь ганцаараа үлдсэнболохоор ирсэн. Нэг гэрт хамт байгаа гээд эвлэрсэн гэж үзэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд би хүүтэйгээ байнга уулзаж байсан. Хүү минь надтай байхдаа нэг өөр, аавыгаа байхад надтай шал өөрөөр буюу дээрэлхэж харьцдаг. Иймд Г.Энхбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхон, 105 дугаар байрны 21 тоот орон сууцнаас хүү болон өөрт ногдох хувийг гаргуулна гэжээ.
Хариуцагч Г.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болормаатай 2002 оноос хамтран амьдарч 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Ангараг төрсөн. 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний хувьд урьд нь гэр бүлтэй байсан ба насанд хүрсэн 2 охинтой. Бид Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 105 дугаар байрны 21 тоот орон сууцыг авах зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 30 900 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж, Ц.Болормаа байрны урьдчилгаа 3 400 000 төгрөг төлсөн. 1992 оноос миний нойр булчирхай өвдөж, 2011 оноос сахарын өвчтэй болсон. Архи дарс уудаг гэвэл бид хоёр адилхан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7 дугаар гудамжны 140 тоот хашааг 2015 оны 11 дүгээр сард би архи уусан үедээ шатаасан. Одоо хашаанд хүн байхгүй.
Ц.Болормаагийн хувьд согтуудаа миний толгойг хагалаад эрүүлжүүлэгдэж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүлжүүлэгдсэн. Намайг өдөр болгон архи уудаг гэж байна. Би өдөрт 1-2 шил пиво уудаг. Эхнэр маань 2009 оноос хонуутаар явах болсон бөгөөд үүнээс болж их маргаан гардаг. Бид 2015 оны 12 дугаар сараас тусдаа амьдарсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 хоног Төмөр замын эмнэлэгт хэвтэх болсон тул Ц.Болормаа гэртээ ирсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Болормаатай уулзаж байсан. Миний хувьд Төмөр замын дээд сургуульд багшилж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан. Ц.Болормаагаас гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Цуцлахаар бол хүүгээ өөрийн асрамжид авна. Орон сууцны зээл миний цалингийн данснаас төлөгддөг бөгөөд 2017 оны 02 дугаар сарынх төлөгдөөгүй. 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл банкинд 15 405 000 төгрөгийн зээлийн хүү төлсөн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрны зээлийг би төлсөн гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цэндсүрэнгийн Болормаа, Гэндэндаржаагийн Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Ангарагийг эх Ц.Болормаагийн асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Г.Энхбаяраас сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Ангарагт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Энхбаяраас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 221 төгрөгийг хариуцагч Г.Энхбаяраас гаргуулан улсын орлогод оруулж,
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 105 дугаар байр, 21 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205042180 дугаарт бүртгэлтэй, 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Ц.Болормаа, хүү Э.Ангараг нарын өмчлөлд үлдээн, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Ц.Болормаа цаашид хариуцах болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.Болормаагаас 10 300 000 төгрөг гаргуулан хариуцагч Н.Энхбаярт, хариуцагч Г.Энхбаяраас 8 383 675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Болормаад тус тус олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Болормаа нь хариуцагч Г.Энхбаярыг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Болормаагаас 42 000 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхбаяраас 382 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Болормаад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би эхнэр, хүүхдээ зоддоггүй, агсам согтуу зан гаргадаггүй. Ц.Болормаа энэ талаар нэхэмжлэлдээ худал бичсэн байна. Харин Ц.Болормаа Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ар гэртээ агсан тавьсан" үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрүүлжүүлэгдэн "Согтуугаар нөхрийнхөө толгойг гэртээ хагалж, танхайрсан" үндэслэлээр 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эрүүлжүүлэгдсэн, "Согтуугаар танхайрсан" гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүлжүүлэгдсэн. Хүүхдээ зодсон талаар хүү Э.Ангараг шүүхэд бичгээр мэдүүлэхдээ "Ээж Ц.Болормаа согтуу ирж аав бид хоёрт агсам тавьсан. Над руу дандаа аавынхаа талд ордог гэж загнаж дараа нь нүүр лүү алгадаж, толгой руу жигнэмэгийн саваар цохисон", Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан Б.Золзаяа "Хохирогч Ц.Болормаа архи хэтрүүлэн хэрэглэдэг, түрэмгий, ууртай" гэж ажиглалт тэмдэглэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Болормаа Цагдаагийн байгууллагын хамгаалах байранд нөхрөөсөө айсандаа биш эрүүлжүүлэгдэн хоносон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад согтуугаар явж байгаад автомашины осолд орж, гэмтэлд эмчлүүлсэн. Хүү Э.Ангарагийг 2016 оны 4 дүгээр сард асуухад "2015 оны 11 сараас хойш одоог хүртэл аавтайгаа хамт амьдарч байгаа. Ээж архи уухаараа аавтай хэрэлдээд байдаг. Аав зүгээр байдаг. Аавтайгаа амьдрахад зүгээр байдаг. Аав ээж хоёрыгоо битгий салаасай гэж бодож байна. Аав ээж хоёртойгоо хамт байх гоё" гэж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Ангарагийг асуухад "Шүүх дээр аавтайгаа хамт ирсэн. Аав үг зааж өгөөгүй. Аав ээж хоёрыгоо салгамааргүй байна" гэсэн байна. Би гэр бүл цуцлахыг зөвшөөрөөгүй, хүүгээ өнчрүүлэхийг хүсээгүй. Тэгээд ч би хүндээр өвчилсөн, эмчийн хяналтанд байнгын эмчилгээ хийлгэж байгаа талаар шүүхэд нотлох баримт гарган өгч, шүүх хуралдаанд тайлбарласаар байхад гэр бүл цуцалсан. Төрийн байгууллагад 31 жил ажилласан намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан. Цалин, орлогогүй байхад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өвчтэй, 54 нас хүрсэн намайг хэн ажилд авах юм бэ? ажил ч олдохгүй. Эрүүл мэнд болон мөнгө, санхүү, ахуй амьдралд зайлшгүй эхнэрийн тусламж дэмжлэг шаардлагатай байхад гэрлэлт цуцалж, орох оронгүй болгож, гэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэлгүйгээр намайг гудамжинд гаргасанд гомдолтой байна.
Шүүх хүү Э.Ангарагийг эцэг, эхийн хэний асрамжид байвал хүүхдэд илүү ач холбогдолтой, эрх ашигт нийцэж байгаа талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32016/23822 дугаар шүүгчийн захирамжаар томилж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32017/00054 дүгээр шүүгчийн захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн боловч "үнэн зөв, үндэслэлтэй бөгөөд хууль ёсны дүгнэлтийг авч чадаагүй" захирамжийн биелэлтийг хангаагүй. Ц.Болормаа 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Г.Энхбаярын толгойн тус газарт цохиж, гэмтэл учруулсан гэх байдлыг бүртгэсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулахаар шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2016/10713 дугаар захирамжаар шийдвэрлэсэн боловч биелэлтийг хангаагүй. Хариуцагчаас хүсэлт гаргасаар байхад хүүхдийн саналыг эцэслэн аваагүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн жил гаруй хугацаанд зөвхөн эцэгтэйгээ тайван амьдарч байсан хүүхдийн амьдралыг "оновчтой, зөв асуулт тавьж чадахгүй хэрнээ" амархан орвонгоор нь эргүүлсэн. Шүүх хариуцагч талд мэтгэлцэх боломж олгоогүй. Хэргийг хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэх бол шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах мөн хүний толгой хагалсан баримтыг заавал гаргуулах байсан. Ямар ч нотлох баримтанд үндэслэлгүй, үнэлэх баримтгүй байхад зөвхөн өөрийн субьектив бодлоор хүү Э.Ангарагийг эх Ц.Болормаагийн асрамжид үлдээсэн. Миний хүүгийн амь нас, эрүүл мэндийг үе үе архи уудаг, уухаараа ухаанаа алддаг, юу хийснээ мэддэггүй, ууртай, түрэмгий, гартаа юу тааралдсанаараа хүний толгой руу цохидог, хүн зоддог хүний гарт үлдээсэн. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний гомдлыг хянан үзэж, хүү Э.Ангарагийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч, маргааны үйл баримтад нотлох баримтад үндэслэн үнэлэлт өгөөгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Болормаа хариуцагч Г.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахгүй, хүү Э.Ангарагийг өөрийн асрамжид авна гэж маргажээ.
Гэрлэгчид 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Ангарагийг төрүүлэн, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн үйл баримтуудын талаар маргаагүй байна. /хх 7-8/
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь зөв байна. Учир нь: гэрлэгчид 2015 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, өмнө нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3163 дугаар захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хариуцагч Г.Энхбаяр гэрлэлт цуцлахыг зөвшөөрөөгүй ч түүний дарамтаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд хохирол учруулж болзошгүй гэж үзэн анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгсдийн гэрлэлтийг цуцалсныг буруутгах боломжгүй.
Хүүхдийг эх Н.Болормаагийн асрамжид хүмүүжих боломжтой талаарх Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцсэн байна.
Шүүх насанд хүрээгүй хүү Э.Ангарагийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэж, эцэг Г.Энхбаярыг хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд эх Ц.Болормааг саад учруулахгүй байхыг заасан нь зөв болжээ.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт болон хүүхдийн нас, түүнд үзүүлэх халамж анхаарал тавих байдлыг харгалзан эх Ц.Болормаагийн асрамжид хүү Э.Ангарагийг үлдээж, эцэг Г.Энхбаяраас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөв хэрэглэжээ.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 105 дугаар байрны 21 тоотод байрлалтай, 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 30 900 000 төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 16 767 350 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн болон ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүх дээрх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн гишүүдэд ногдох хувийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцсэн боловч гэрлэгчид зээлийн гэрээ байгуулахдаа урьдчилгаанд төлсөн 3 400 000 төгрөгийг орхигдуулсан байна. Иймд зээлийн төлбөр 30 900 000 төгрөг дээр 3 400 000 төгрөгийг нэмж нийт 34 300 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж хариуцагч Г.Энхбаярт ногдох хэсгийг 11 433 333 төгрөг гэж тогтоох нь зүйтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарын хүлээх үүрэг тэнцүү байх шаардлагатай тул нэхэмжлэгч Ц.Болормаагаар банкны зээлийн үлдэгдлийг төлүүлж, нэхэмжлэгчээс 11 433 333 төгрөг гаргуулж, хариуцагч Г.Энхбаярт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт нийцнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2012 оноос өнөөг хүртэл нэхэмжлэгч Ц.Болормаа нь эрүүлжүүлэгдэн арга хэмжээ авагдсан эсэх, мөн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Г.Энхбаярын толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан эсэх талаар нотлох баримтуудыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс дээрх баримтуудыг ирүүлсэн байх тул энэ талаар шүүгчийн захирамж биелэгдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх 175-178/
Үүнээс гадна хариуцагч Г.Энхбаяр хөдөлмөрийн чадваргүй болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс эцэг, эх чөлөөлөгдөхгүй тул ажилгүй, цалин орлогогүй болсон байхад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах боломжгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад “10 300 000” гэснийг “11 433 333” гэж, “382 650” гэснийг “268 083” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.БАЙГАЛМАА