Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1277

 

Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/00978 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч: Цогт цагийн хүрдэн соёлын төв ТББ-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэл 51 960 682 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 25 980 341 төгрөг, нийт 77 941 023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Сэргэлэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлж  2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар гарсан 51 960 682 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Тэнд ажиллаж байгаа 21 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж байна. Хариуцагч талд өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг банкнуудад хүргүүлэхээс гадна хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол итгэлцлийн журмаар ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Иймд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 51 960 682 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан анз 25 980 341 төгрөг бүгд 77 941 023 төгрөгийг Цогт цагийн хүрдэн соёлын төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрийг  тодорхой хугацаанд төлөхөөр, албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч манай байгууллагын хүсэлтийг харгалзан үзэлгүй шүүхэд ханджээ. Манай төв ашгийн бус номын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015, 2016 онуудад үйл ажиллагаа доголдож санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал үүссэний улмаас нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлж чадаагүй.  Одоогоор 2017 оны нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж байгаа. Мөн төлөгдөөгүй шимтгэл  51 960 682 төгрөгийг энэ онд багтаан төлөхөөр эх үүсвэр бүрдүүлэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Иймд алданги 25 980 341 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг баримтлан Цогт цагийн хүрдэн соёлын төвөөс нийгмийн даатгалын шимтгэлийн өр 51 960 682 төгрөг, алданги 25 980 341  төгрөг нийт 77 941 023 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Цогт цагийн хүрдэн соёлын төвөөс нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 77 941 023 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамж 547 655 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй этгээдэд алданги ногдуулах эрхтэй байхаар хуульчилсан байна. Гэтэл шүүх шийдвэртээ алдангийг заавал ногдуулах үүрэгтэй байхаар зааж  шийдвэр гаргасан.

"Цогт цагийн хүрдэн" соёлын төв нь ашгийн бус, буян номын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015, 2016 онуудад санхүүгийн хүндрэлээс шалтгаалж ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаа хэтрүүлсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн  алданги 25 980 341 төгрөгт холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Цогт цагийн хүрдэн соёлын төв ТББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 51 960 682 төгрөг, алдангид 25 980 341 төгрөг, нийт 77 940 023 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэжээ.  

 

Хариуцагч нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 51 960 682 төгрөгийн хуримтлагдсан өр үүссэн тухайд талууд маргаагүй, гагцхүү 25 980 341 төгрөгийн алдангийг төлөх эсэх дээр маргаантай байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 51 960 682 төгрөгийг шаардах эрхтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцагч нь 25 980 341 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллагын санхүүгийн хүндрэлтэй байсан нь хуульд зааснаар нийгмийг даатгалын шимтгэлийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас алданги гаргуулсныг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цогт цагийн хүрдэн соёлын төв ТББ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД