Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 89

 

А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, С.Мөнхбат,

Ё.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Ё.Батцэнгэлийн өмгөөлөгч А.Ундрах,

шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч С.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Одхүүгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар магадлалтай, А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн 201501000038 дугаартай хэргийг шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, шүүгдэгч Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2 жил хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялын 6 сарыг нэмж нэгтгэн, 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 590 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 9 хоногийн хорих ялын зарим болох 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 20 хоногийг хугацаанаас өмнө тэнсэж сулласан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Олгонууд овгийн Алтанхүүгийн Бямбаа нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцон борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Байгальмаагийн Одхүү нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцон борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бооржууд овгийн Сэнгэдоржийн Мөнхбат нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцон борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 981 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар 20 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, Халхууд овогт Энхтөрийн Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.5-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, урьдчилан үгсэж тохиролцон борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ёндонгийн Батцэнгэл нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.5-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, урьдчилан үгсэж тохиролцон борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Э.Эрдэнэбаярт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 45-07 тоотод “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий Монгол Улсын АН7764925 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэх, С.Мөнхбатад холбогдуулан Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэсэн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, А.Бямбаа, Б.Одхүү нарыг ганцаараа болон бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, С.Мөнхбатыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл нарыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат нарт тус бүр 13 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэлд нарт тус бүр 11 жил хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч А.Бямбаагийн цагдан хоригдсон 522 хоног, шүүгдэгч Б.Одхүүгийн цагдан хоригдсон нийт 522 хоног, шүүгдэгч С.Мөнхбатын цагдан хоригдсон 536 хоног, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 522 хоног, шүүгдэгч Ё.Батцэнгэлийн цагдан хоригдсон 521 хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ё.Батцэнгэлийн эзэмшлийн “Мерседес Бенз Жи55” загварын 16-17 УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Мерседес Бенз Жи55” загварын 21-61 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 16.666.666 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэргийн эд мөрийн баримтуудыг устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан АН7764925 серийн дугаартай 10 төгрөг 1 ширхэг, АК5493896 серийн дугаартай 50 төгрөг 1 ширхэг, АК2441526 серийн дугаартай 50 төгрөг 1 ширхэг, АН3879063 серийн дугаартай 20 төгрөг 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгч А.Бямбаад 20.000 төгрөг 4 ширхэг, сим карт 1 ширхэг, шүүгдэгч Б.Одхүүд 20.000 төгрөг 4 ширхэг, 10.000 төгрөг 1 ширхэг, 5.000 төгрөг 1 ширхэг, шүүгдэгч Э.Эрдэнэбаярт 10.000 төгрөг 14 ширхэг, 1.000 төгрөг 4 ширхэг, 500 төгрөг 12 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, Б.Цэрэнбатад 1.000 төгрөг 4 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, шүүгдэгч С.Мөнхбатад 5.000 төгрөг 6 ширхэг нийт 30.000 төгрөг зэргийг, цэнхэр өнгийн корпустай “SHOW” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, Н.Болдбаатарын E1041923 дугаартай гадаад паспорт, С.Мөнхбатын E0190185 дугаартай гадаад паспортыг тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бямбаа, шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхбаяр, шүүгдэгч С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Баатардорж, шүүгдэгч Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, шүүгдэгч Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ё.Батцэнгэлийн өмгөөлөгч А.Ундрах, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Одхүүгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.Одхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… миний бие мансууруулах бодисыг хаана, хэзээ, хэнд өгсөн гэдгээ ойлгохгүй байна. Бүх баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан нууц гэсэн. Харин гэмт хэргийн улмаас олсон орлогыг улсын орлого болгох талаар мөрдөн байцаалтад тодруулахгүй орхисон. Энэ баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар нууцлах шаардлага байхгүй. Улсын яллагч бүх шатны шүүхэд энэ асуултанд хариулаагүй. Мөн 2015 оны 5 дугаар сарын 22-нд зарсан гэх бодис байгаагүй. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн мансууруулах бодисын шинжилгээний бичиг гэж гэнэт гаргаж ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны хурал дээр зургаан дугаартай адилхан уут савалгаатай бодис улсын яллагч үзүүлсэн. Би хэрэгт хамтран оролцсон хоёр хүнийг огт танихгүй. Адилхан уут савалгаатай байх боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан атлаа 21-61 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч бүрээс 16.666.666 төгрөг гаргуулан улсын орлого болгосон заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хоёр нялх хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээ авч явдаг ганц хүн. Мөн чихрийн шижин хүндэрсэн хүнд 13 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноосонд маш хүнд байна. Иймд нөхцөл байдал амьдралыг минь харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ё.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… миний бие энэ хэрэгт хамт шийтгүүлсэн С.Мөнхбат, Э.Эрдэнэбаяр, Б.Одхүү нарыг огт танихгүй бөгөөд зөвхөн Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцсон, бусдад мансууруулах бодис зарсан гэж буруутгагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өөрийн гэм буруутай эсэх, ямар гэмт үйлдлээр шийтгүүлсэн нь тодорхой бус эргэлзээтэй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтүүдийг дахин шалгуулах, хэрхэн яаж үгсэн тохирсон, мөн хамтран оролцох хэлбэрийг тодорхой болгож хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад болон улсад төлөх хохиролгүй болон ар гэрийн амьдрал нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан 11 жил чанга дэглэмтэй хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан заавал тодруулах, шалгах ёстой байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй болсон гэж өмнөх магадлалд заасан ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Магадлалаар заавал шалгаж тодруулах шаардлагатай ажиллагааг хийлгүй хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд шалгуулж хоорондын зөрүүг нь хянуулах хүсэлтэй байна. Мөн миний бие ямар гэмт үйлдлээр 13 жил хорих ял шийтгүүлсэнээ тодорхой мэддэггүй ба зөвхөн шинжээчийн дүгнэлтүүдийг тусгаж нотлох баримт хийсэн. Хавтас хэргээс үзэхэд гэм буруугийн хэлбэр тодорхой бус эргэлзээтэй байна. Миний бие гэм буруугийн хэлбэр, гэмт үйлдлээ мэдээгүйн улмаас шүүхийн шатанд оногдуулсан ял шийтгэлийг хасуулах, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлах нөхцөл боломж гаралгүй шийтгэгдсэн. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон эсэх, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад болон улсад төлөх төлбөргүй, ар гэрийн минь хүндрэлтэй нөхцөл зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 13 жил хорих ял шийтгэлийг хуульд заасан нөхцөл журмын хасаж бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн өмгөөлөгч А.Ундрах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэх асуудал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд олон удаа хүсэлт, гомдол гаргаж байж гүйцэтгэх ажиллагаагаар цуглуулсан гэх зарим нэг баримтыг ил болгосноор бид шүүгдэгчийг ямар хэрэгт холбогдоод байгаа талаар болон хэн хэнтэйгээ үгсэн тохиролцон, хэдэн удаагийн үйлдлээр, ямар бодис байсан зэрэг олон зүйлүүдийг мэдсэн. Шүүх шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцсон гэж үздэг. Гэтэл дээрх үйлдлийг хөдөлшгүй ямар нотлох баримтаар тогтоосон гэдэг нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээ төрүүлсэн хэвээр байна. Иймд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэмт хэрэг гарснаас хойш 5 сарын хугацаанд цагдаагийн байгууллага таслан зогсоохгүйгээр ажиглаж, мөрдсөн үйл баримтаас харахад гэмт хэрэг яг хэзээ гарсан нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Эрдэнбаяраас “мөс” гэх бодисыг хурааж авсан гэх баримт хавтас хэрэгт байхгүй. Эрдэнэбаярыг хаанаас “мөс” гэх бодисыг гаргаж ирээд борлуулсан гэж үзэн ял шийтгэсэн нь ойлгомжгүй. Шинжээчийн дүгнэлт Эрдэнэбаярын хувьд эргэлзээтэй. Камерын бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтэд Эрдэнэбаяр, Одхүү нарын хэн болох нь тодорхой бус байдаг. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Эрдэнэбаярын тухайд давтан үйлдэл байхгүй байхад магадлалд давтан үйлдлээр гэж бичснийг анхаарч үзнэ үү. Мөн үгсэн тохиролцож бүлэглэсэн гэдгийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад үгсэн тохиролцож бүлэглэсэн гэх үйлдэл байхгүй. Би хяналтын журмаар гаргасан гомдолд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн санал гаргасан, харин одоо оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч С.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль бус болсон. Гэмт хэргийн сэдэлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд бүр тодорхой зааж өгсөн. Огт хамааралгүй хэд хэдэн хүний хэргийг нэгтгэсэн байсан. Гүйцэтгэх ажиллагааны материалыг нууц гээд танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн гэж хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 16 сая төгрөгийг ямар хуулийг үндэслэн 3 хүнээс гаргуулахаар заасан нь ойлгомжгүй байна. Хэрэв дээрх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгч А.Бямбаа болон бусад шүүгдэгч нараас хэдэн грамм хар тамхи хурааж авсан гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар огт тогтоогдоогүй. Зүгээр цуг байсан 3 хүнээс шалтгаангүйгээр тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байна. Гүйцэтгэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хуульд заасан тэгш эрхийн дор мэтгэлцэх зарчмыг огт хангаагүй. Гүйцэтгэх ажиллагааны аргаар цуглуулсан нотлох баримтуудаас ил болгосон баримтууд дунд эргэлзээ төрүүлэхээр зүйлүүд байсан. Гүйцэтгэх ажиллагааны дагуу цуглуулсан нотлох баримт гэдэг халхавчин доор өмгөөлөгч нарыг баримтуудтай танилцуулаагүй. Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах зарчмыг баримтлаагүй. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, мөн дэглэмийг анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Б.Одхүүгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх гүйцэтгэх ажиллагаагаар цуглуулсан гэх нотлох баримтуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Гэтэл шүүх тогтоол, магадлалдаа ямар нотлох баримтыг хэрхэн үндэслэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан борлуулсан гэж дүгнэсэн бэ гэдгийг тодорхой тусгаж өгөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өмнө нь уг хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтад буцаахдаа дээрх хүмүүсийг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр худалдан борлуулсан бол хаанаас, ямар хүмүүсээс худалдаж авсан гэдэг нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд магадлалд тусгагдсан ажиллагаанууд огт хийгдээгүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3-т заасныг ноцтой зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан үндэслэлийг баримтлаад мансууруулах бодисын эх сурвалж болон худалдан борлуулсан хүмүүсийн талаар магадлалд дурдагдсан асуудлуудыг дахин гүйцэтгүүлэх боломжтой. Мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл нотлох баримтаар тогтоогдоогүй Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой эсэх талаар дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Одхүү, Б.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Одхүү Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Мөн шат шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг хангалгүй шийдвэр гаргасан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2-т заасан шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй. Б.Одхүү, Б.Батцэнгэл нар эрхэлсэн тодорхой ажилтай хүмүүс гэдэг нь хавтас хэрэгт авагдсан ажлын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон иргэний үүргээ биелүүлж эрүүгийн төлөөлөгч нартай хамтарч хар тамхины хэргийг илрүүлж ажилладаг байсан зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн хэрэгт авагдсан харьцуулсан зургийн А гэсэн талд байгаа зураг нь гүйцэтгэх ажиллагааны үед авсан үндсэн зураг дээр цагаан бичигтэй хар малгайтай байдаг. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид очиж шүүгдэгч нараас харьцуулсан шинжилгээгээр авсан Б гэж ирүүлсэн зураг нь үндсэн файл дээр байсан зурагтай яг адилхан байсан. Дээрх нөхцөл байдлаас харахад гүйцэтгэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтууд нь үндэслэлтэй гэдэгт эргэлзээ төрж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, эсвэл шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажиллагааны материалуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “хууль бусаар олж авсан” гэдэгт тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Хувь хүн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон болно.

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэж тооцогдсон хориглосон үйлдлийг хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул бусдад хор уршиг учруулсан байхыг шаардахгүй онцлогтой юм.   

Шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нар нь ганцаар болон бусадтай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин гидрохлоридын агууламж” бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Урьдчилан үгсэн тохирч бүлэглэн дээрх сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга, хэрэгсэл ашиглаж олж авсан баримт сэлтээр шүүгдэгч нар нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэх үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн 10 дугаар хавтасны 37 дугаар хуудас дахь прокурорын танилцуулгад “... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан ажиллагааг 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд прокурорын зөвшөөрлөөр явуулсан” гээд тухайн ажиллагааны явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж, нэр бүхий 5 шүүгдэгчийн борлуулсан гэх мөсийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргажээ.

Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын “хяналтын худалдан авалт” гэсэн хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмж хуульчилсан байх тул 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд гүйцэтгэх ажлын тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй арга ашиглаж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын худалдан авалт хийж цуглуулсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарах тул нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иймд шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат нарыг давтан үйлдлээр сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэх хэргийг, шүүгдэгч Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарын сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэх хэргийг нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хуулиар зөвшөөрөгдсөн нууц далд аргаар бэхжүүлсэн дүрс бичлэгт хийсэн техникийн шинжээчийн дүгнэлтээр тухайн бичлэг нь эвлүүлэг биш бөгөөд шүүгдэгч А.Бямбаа нь Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нартай хамт тус бүр нэг удаа, шүүгдэгч С.Одхүү нь ганцаараа 1 удаа, Э.Эрдэнэбаяртай 1 удаа, С.Мөнхбат нь А.Бямбаатай 1 удаа болон өөрөө ганцаараа 1 удаа  “мөс” гэх бодисыг бусдад өгч буй нь дүрслэгдсэн байна гэжээ.

Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар “... нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүх шүүгдэгч А.Бямбаа, С.Одхүү, С.Мөнхбат нарыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Дээр дурдсан шинжээчийн мэдүүлсэн “... дүрс бичлэгт нэг нь мөнгө авч нөгөө нь цагаан өнгөтэй бодис хийсэн нийлэг ууттай зүйл өгч буй нь дүрслэгдсэн” гэснээс дүгнэвэл шүүгдэгч А.Бямбаа нь Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нартай, шүүгдэгч С.Одхүү нь А.Эрдэнэбаяртай тус тус урьдчилан үгсэж тохиролцож сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Одхүү, Ё.Батцэнгэл болон тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, А.Ундрах, Ж.Уранчимэг, шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч С.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “шүүгдэгч нарыг хэрхэн урьдчилан үгсэн тохирч бүлэглэсэн”, “давтан борлуулсан” гэдгийг нотолж чадаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан болно.

Харин Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэсэн зохицуулалт нь эд хөрөнгө хураах ял болон Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгогдсон, эсхүл оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг хэрэглэхэд саад болохгүй тул шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын “Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийн тээврийн хэрэгслийн үнийг хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлуудыг хангах үндэслэлгүй учир шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэр бүхий шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн учир хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгч Ё.Батцэнгэлийн гомдлыг хангах боломжгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат нарыг давтан үйлдлээр сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэх хэргийг, шүүгдэгч Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарын сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Уранцэцэг, шүүгдэгч Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, Ж.Уранчимэг, шүүгдэгч С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН

           ШҮҮГЧ                                                                      Б.ЦОГТ