Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2016/0018/э |
Дугаар | 25 |
Огноо | 2016-06-20 |
Зүйл хэсэг | 145.2., 261.1., |
Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 25
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Дашням,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2015 2601 2707 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл-2, хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4-145 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай урд нь : 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял, 1998 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял, 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял, 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 417 дугаартай захирамжаар үлдсэн 1 жил 11 сар 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Харваач овогт Баярбямбын Эрдэнэбат РД:ЧС73070513,
Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 391 тоотод оршин суух иргэн Ц.Төгөлдөрийн гэрт түлхүүр тааруулан нэвтэрч, “Philips” маркийн 39 инчийн зурагт, мөнгөн аяга, бэлэн мөнгө 70.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1.350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Б.Эрдэнэбат нь дээрх гэмт хэргийг үйлдэж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтын шатнаас 2016 оны 3 дугаар сарын 25-наас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад:
Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 391 тоотод оршин суух иргэн Ц.Төгөлдөрийн гэрт түлхүүр тааруулан нэвтэрч, “Philips” маркийн 39 инчийн зурагт, мөнгөн аяга, бэлэн мөнгө 70.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1.350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Ц.Төгөлдөрийн:...2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 391 тоот гэрээс...Дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хар өнгийн “Philips” маркийн 39 инчийн зурагт, хүүхдийн ёлконы модон дээр байсан 70.000 төгрөг алга болсон байсан...Би 70.000 төгрөг болон 3 мөнгөн аягаа нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22, 28-р хуудас/,
- иргэний нэхэмжлэгч Г.Нямлхамын:...2015 оны 12 дугаар сарын 27-ний 21 цагийн орчим түцний лангуун дээрээ худалдаа хийгээд байж байхад 2 эрэгтэй...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, том мөнгөн аяга, хар өнгийн “Philips” гэсэн бичигтэй зурагтыг мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хар өнгийн “Philips” гэсэн бичигтэй зурагтыг 180.000 төгрөгөөр худалдаж авсан...125.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх- 24-27-р хуудас/,
- гэрч Г.Ганбаатарын:...2015 оны 12 дугаар сарын 24-нд гэртээ жижүүрийн өрөөндөө байж байхад 20 цагийн орчим Эрдэнэбат манай гэрт зурагт тэвэрчихсэн өвөртөө юм хийчихсэн орж ирээд, юун зурагт аваад явж байгаа юм бэ гэхэд би өөрийнхөө зурагтыг авч явж байгаа гэхээр нь, зурагтыг нь өргөөд хөгжим хэлбэртэй түцэн дотор хүргэж өгөхөд Эрдэнэбат өврөөсөө 2 ширхэг мөнгөн аяга зурагтыг 180.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 7-9-р хуудас/,
- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-р хуудас/,
- эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 64-69-р хуудас/,
- мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-р хуудас/,
- шүүгдэгч Б.Эрдэнэбатын:...2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед би архи ууж байгаад тасарчихсан нэг сэрэхэд би 19 дүгээр байрны 9 дүгээр орцны 8 давхарт унтчихсан байсан. Шатаар доошоо буух гэхэд 8 давхрын баруун гар талын хойшоо харсан төмөр хаалганд түлхүүр зоолттой байсан. Би түлхүүрийг нь сугалж аваад хаалгыг тогшиход дотроос нь 1 эмэгтэй хүн хэн бэ гэхээр нь эргээд шатаар буугаад гадуур ойролцоогоор 1 цаг орчим явж байгаад эргэж 19 дүгээр байрны 9 дүгээр орцны 8 давхрын айлд очоод хаалгыг нь тогшиход ямар нэг хариу хэлээгүй, түлхүүрээр хаалгыг онгойлгон ороход тухайн айлд хүн байгаагүй. Би том өрөөнөөс хойд хананы урд тавиур дээр байсан зурагтыг аваад гал тогооны өрөөний тавиураас өлгөдөг ханын шүүгээнээс...4 мөнгөн аяга, 1 бүрмэл зэс аяга...ёлконы модон дээр байсан мөнгийг авсан...Автобусны буудал дээр 2 хүнд 2 жижиг мөнгөн аягыг 30.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 3 мөнгөн аягыг 19 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр байдаг түцэнд ороод зарах гэтэл том аягыг зэс аяга байна гээд аваагүй, 2 дунд зэргийн мөнгөн аяга зурагтыг хөгжимтэй түцэнд сууж байсан эмэгтэйд 180.000 төгрөгөөр зарчихсан. Би ганцаараа архи авч уугаад мөнгө дууссан....гэх мөрдөн байцаалт /хх-42-47/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
мөн шүүгдэгч нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Б.Эрдэнэбатад 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай баримт /хх-ийн 39-40/,
- мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №336 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 93/,
- Б.Эрдэнэбатыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №20 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 94/,
-хэрэг түдгэлзүүлснийг сэргээх тухай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №240 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 96/,
- Б.Эрдэнэбатын таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол /хх-98/,
- гэрч Я.Энхбаатарын:...2016 оны цагаан сарын дараагаар ирээд 14 хоног орчим амьдарсан байх, Эрдэнэбат нь 2016 оны 3 дугаар сард хэлж ярихгүй явсан байсан. Манай төв дээр байгаа хүмүүс архи уухгүй байх гол шаардлагатай...гэх мэдүүлэг /хх-ийн 108-110-р хуудас/,
-гэрч И.Ганбатын:...Эрдэнэбат нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр архины шоконд орсон байдалтай ирээд 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байж байгаад явахдаа хэлж ярилгүй, гэнэтхэн явсан. Эрдэнэбат нь манайд болон бусад байгууллагад ямар нэгэн эмчилгээнд хамрагдаагүй биеийн байдал нь зүгээр. Эмчилгээ хийгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111-р хуудас/,
- шүүгдэгч Б.Эрдэнэбатын:...Би ял нэмж сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би бетел нэртэй христийн сүмд очоод тэндээ хоног хэвтсэн. Биеэ тэнхрүүлж байгаад очно гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Үнэлгээгээр хохирогч Ц.Төгөлдөрт 1.350.000 төгрөгийн хохирол учирсан байх ба /х-17/ үүнээс 700.000 төгрөгийн үнэ бүхий зурагт 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүрмэл зэс аяга 1 ширхэг, 200.000 төгрөгийн цагаан өнгийн металл аяга 1 ширхэг тус бүр хохирогчид буцаан өгсөн /хх-70-76/, хохирогч нь дунд гарын 350.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг аяга, бэлнээр 70.000 төгрөгийг нэхэмжлэхгүй болохоо /хх-28/ мэдүүлжээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Нямлхам нь 125.000 төгрөг нэхэмжилсэн /хх-27/, шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 417 дугаартай шүүгчийн захирамжаар үлдсэн 01 жил 11 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн /хх-158/ байх ба тухайн хэргийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс /хх-101/ эхлэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг /хх-119/ хүртэл 56 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялыг багтаан шүүгдэгч Б.Эрдэнэбатын биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын биечлэн эдлэх 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Уг хэрэгт мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 125.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Нямлхамд олгосугай.
8. Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР