Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 882

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Батзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00584 дугаар шийдвэртэй, Д.Батзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Металл Эрэл Хайгуул” ХХК-д холбогдох,

 

Ажилласан хугацааны цалин 1 919 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Батзаяа миний бие 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Металл Эрэл Хайгуул ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж өрмийн ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон цагаас Заамар, Говь-Алтайд ажилласан ба өвөл амарч, хавар эргэж ажилдаа гарсан. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа гарч 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд ажил хариуцсан ахлах мастер удаа дараа яв, зайл гэж ажлаас хөөж, ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Би ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Хөдөлмөрийн гэрээний дагуу цалингаа өрөмдсөн тууш метр буюу 1 метрийг 6 000 төгрөгөөр бодож авдаг байсан. Компани мөнгөгүй гээд цалингаа өгөхгүй уддаг байсан. Миний 2016 оны 7 дугаар сарын 20 хоногийн цалин болох 628 740 төгрөгийг өгөөгүй, харин 8, 9 дүгээр сарын цалинг Хаан банкны дансаар олгосон. Үүнээс хойш хугацааны цалин өгөөгүй, авах талаар очиж уулзахад мөнгө орж ирээгүй, өнөөдөр, маргааш гэсээр арга буюу шүүхэд хандахад хүргэсэн. 2016 оны 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 09 хүртэл хугацаанд Говь-Алтай аймагт ажилласан цалин 628 740 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16 хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Бугантанд ажилласан цалин 942 720 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамарт ажилласан цалин 347 760 төгрөгийг тус тус аваагүй.

Би энэ цалингийн тооцоог нягтлан бодогч Д.Бямбасүрэнгээр бодуулж гаргасан. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Авах ёстой цалингаас 2016 оны 1 дүгээр сард урьдчилгаанд авсан 1 000 000 төгрөгийн зөрүү болох 448 750 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Батзаяа нь хөдөлмөрийн гэрээний дагуу өрмийн ажилтнаар 2015 оны зунаас 2016 оны 10 дугаар сарын 23 хүртэл хугацаанд ажилласан. Түүнийг цалинг өрөмдсөн тууш метрээр буюу зуны цагт 1 метрийг 6 000 төгрөгөөр, өвлийн цагт 1 метрийг 7 000 төгрөгөөр бодож олгодог байсан. Цалинг бодохдоо тухайн хэсгийн геологичдын тэмдэглэл, тооцоонд үндэслэж гаргадаг, үүний дагуу цалингаа бодуулсан нь үнэн, би түүний хэлснээр л цалинг нь бодож өгсөн. Д.Батзаяагийн ажилласан цагийн тооцоо, хийсэн ажлын хэмжээ ирээгүй байсан тул амаар хэлснээр нь тооцоо гаргаж өгсөн.

Д.Батзаяа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд компани сул зогсолттой байсан тул цалин олгох боломжгүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны хооронд тэрээр ажиллаж 933 120 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны хооронд 347 760 төгрөгийн, нийт 1 280 880 төгрөгийн цалин авах ёстой нь үнэн. Гэхдээ энэ цалингаас 2016 оны 1 дүгээр сард илүү олгосон 448 750 төгрөг суутгагдах ёстой. Үлдэх 832 130 төгрөг нь олгогдох ёстой цалин юм.

Гэвч Д.Батзаяа өөрийн хэрэглэж байсан багаж хэрэгсэл, ажлын хувцсыг хүлээлгэж өгөөгүй тул түүний үнэ 645 000 төгрөгийг суутгасан. Үлдсэн 187 130 төгрөгийг олгохгүй. Учир нь 2016 оны 10 дугаар сард тавьсан шаардлага биелүүлэлгүй ажил хаяж явсан гэх үндэслэлээр түүнд 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул үүнд суутгагдаад цалин нь дууссан. Энэ арга хэмжээний нийлбэр 256 176 төгрөг болсон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Металл Эрэл Хайгуул” ХХК-иас 1 071 080 төгрөгийг гаргуулж Д.Батзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 848 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт “хариуцагч нь тооцож маргасан дээрх цалингийн хэмжээнд маргаагүй ч үүнээс 2016 оны 1 дүгээр сард илүү олгосон цалингийн зөрүү 448 750 төгрөг хасч тооцно гэснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул шүүх энэ зөрүүг хасч, хариуцагч “Металл эрэл хайгуул” ХХК-иас 1 071 080 төгрөгийг гаргуулж, Д.Батзаяад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батзаяа 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны хооронд өрмийн туслах ажилтнаар ажилласан. Энэ хугацаанд цалин 933 120 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны хооронд 347 760 төгрөг, нийт 1 280 880 төгрөгийн цалин бодогдсон боловч дур мэдэн ажлын байраа хаяж явсан, компаниас хүлээлгэж өгсөн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын багажийг хүлээлгэж өгөөгүй учир бодогдсон цалингаас 645 000 төгрөгийг хасч тооцсон.

Мөн өмнө нь 3 сарын хугацаатай, цалингаас 20 хувиар хасах сахилгын шийтгэл авагдсан учир үлдэгдэл 187 130 төгрөгийн цалин тооцогдохгүй. Энэ талаар компанийн нягтлан бодогч, ахлах геологч нар тайлбар, баримтаа гаргаж өгсөн боловч шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Д.Батзаяа нь хариуцагч “Металл эрэл хайгуул” ХХК-д холбогдуулан 2016 оны 6, 7, 9, 10 дугаар саруудад олгогдвол зохих цалинд нийт 1 919 220 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Металл эрэл хайгуул” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Батзаяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөнд нэхэмжлэгч маргаагүй.

 

Харин тухайн байгууллагад ажилласан хугацааны цалин бүрэн олгогдоогүйн улмаас нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагчийн хувьд түүний ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаа, тооцоолсон цалингийн хэмжээ, түүнийг бодсон аргачлал зэрэгт маргаагүй боловч ажлын хэрэгцээнд ашиглаж байсан багаж хэрэгсэл, хувцасны төлбөр, 3 сарын цалин 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийн тооцоо зэрэгт суутгалыг хийгээгүй гэх үндэслэлээр дутуу олгосон цалинг төлөхгүй гэж маргажээ.

 

Гэвч хариуцагч тал дээрх үндэслэлээр хуульд заасан эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээгүй учир шүүх уг татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 2016 оны 1 дүгээр сард илүү олгосон цалингийн зөрүү 448 750 төгрөгийг олговол зохих цалингаас хасч тооцон нийт 1 071 080 төгрөгийг хариуцагч “Металл эрэл хайгуул” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 30 254 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА