Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 927

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дүгээр шийдвэртэй, Х.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллежид холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж, баталгаажуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус байгууллагад 2012 онд хичээлийн туслах ажилтнаар ажилд орсон. Б.Оюунбилэг нь захирал болж 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд бүтэц зохион байгуулалт хийж, хүмүүсийг ажлаас халж сольж эхэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/155 тоот тушаалаар намайг халсан боловч шүүхээр буцаан томилогдсон. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин сахилгын арга хэмжээ авсан учир мөн л шүүхээр шийдвэрлүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А/163 тоот тушаалаар өмнө гаргасан тушаалынхаа үгийг дотор нь өөрчлөөд сахилгын шийтгэл ногдуулж цалинг 20 хувь бууруулсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн өмнө хэлдэг байсан зүйлээ хэлээд намайг ажлаас халах тушаал гаргасан.

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яаманд намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг шалгах хүсэлт тавьж, яамны хяналт шинжилгээ хариуцсан дарга нь шалгаад  ажилд буцааж оруулах хариу өгсөн, үүний үндсэн дээр би эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №А/163 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өрдөөр тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Мөнхжаргал нь сахилгын шийтгэл давтан гаргасан учраас захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/112 тоот тушаалаар ажлаас нь халсан тул дахин томилох боломжгүй. Манай байгууллагад захиргааны туслах ажилтан гэсэн орон тоо байхгүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг ажилд авсан. Тус сургуулийн үйлчилгээний ажилчид орон тоо бага учир будаг хийх ажилд захиргааны туслах 2 ажилтан аж ахуйн даргын туслахаас өгсөн үүргийг биелүүлэхгүй хэрэлдээд гарсан байдаг.

Ж.Мөнхжаргалд холбогдуулан ажилчдаас удаа дараа гомдол ирсэн, давтан зөрчил гаргасан, ерөнхий нягтлангийн өрөөнд орж доромжилсон, захиргаа аж ахуйн даргатай хэрүүл хийж байсан учир ажлаас халах арга хэмжээ авсан. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ж.Мөнхжаргалыг анх ажилд ороход дэд захирал ажлын байрны тодорхойлолтыг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан, түүнд захиргаа аж ахуйн албаны даргын шууд удирдлага дор ажиллах, шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээ үйлчилгээний ажилд тусална гэсэн заалт байсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалыг Монгол Солонгосын Политехникийн коллежийн захиргааны туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч Монгол Солонгосын Политехникийн коллежид даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монгол Солонгосын Политехникийн коллежоос 1 590 000 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/ гаргуулж, нэхэмжлэгч Х.Мөнхжаргалд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 40 390 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хуралдаанд хариуцагчаас “захирал эзгүй байгаа тул хариу тайлбарт гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах боломжгүй байгааг тайлбарлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргуулах” хүсэлт тавьсан боловч шүүх хангаагүй. Хариуцагчаас тайлбараа гаргаагүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох гэснийг хэрэгжүүлээгүй, хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргах, хариу тайлбар гаргаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан ч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй.

Шүүгч илт хариуцагч талын эрхийг зөрчиж, хүсэлт тавих бүрт загнаж, няцаасан нь шүүхэд талууд эрх тэгш байр суурьнаас мэтгэлцэнэ гэсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Тухайлбал хариуцагч талд хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй атлаа 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамж гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан хийхээр товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан гэж үзнэ.

 

Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулж байгаа нь хуулийн дээрх агуулгатай зөрчилдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх зөрчигдсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар харуицагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                Т.ТУЯА