Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 95

 

Б.Алтанцэцэг, С.Долгион, С.Онон нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Алтанцэцэгийн өмгөөлөгч Ц.Гансүх, И.Атарбямба,

шүүгдэгч С.Онон, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

хохирогч Г.Болдхуяг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86Б дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201409000812 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Отгонсүх нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батхуягийн Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Баатад овогт Самбуугийн Онон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 35,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Гавилуу овогт Сандагийн Долгион нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Алтанцэцэг, С.Онон, С.Долгион нарыг бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Алтанцэцэгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар С.Онон, С.Долгион нарын хувьд ногдох эд хөрөнгөөс тус бүр 50.000 /тавин мянга/ төгрөг хурааж, тус бүр 6 жил 8 сар /зургаан жил найман сар/ хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгээс 90.000.000 /ерэн сая/ төгрөг гаргуулан хохирогч Г.Болдхуягт олгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86/Б дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Алтанцэцэг, С.Долгион нарт хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарыг залилан мэхэлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Ононд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 болгон өөрчилж, шүүгдэгч С.Долгионд бусадтай бүлэглэн хуурч мэхлэх аргаар хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарт 53.000.000 төгрөгийн, Д.Эрдэнэтуяад 25.000.000 төгрөгийн,  нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Б.Алтанцэцэгийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Долгионыг бусадтай бүлэглэн хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч их хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ононг хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг: “2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэг, С.Долгион нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Ононд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Долгионыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 /тавин мянга/  төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг: “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Алтанцэцэгт оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил арав/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, С.Долгионд оногдуулсан 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтын дараа 31 гэсэн заалтыг нэмж, “31.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Долгионд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шүүгдэгч Б.Алтанцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Долгион, С.Онон нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэднийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Алтанзаяа, И.Атарбямба нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй болжээ. Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хэлцэл хийснээр үүсдэг. Залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас ялган зүйлчлэхийн тулд гэмт санаа зорилго байсан эсэх, гэрээ буюу хэлцэл нь анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан гэдгийг зайлшгүй тогтоосон байхыг шаарддаг. Мөн бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авсан гэж үзвэл уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй байсныг заавал тогтоож байж гэм буруутайд тооцдог. Гэтэл Б.Алтанцэцэгийн тухайн үеийн орлогын хэмжээ нь 490,499,321 төгрөг байсан бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдтэй, аймгийн төвд ашигтай байрлалд газар эзэмшдэг, бусдад зээл олгож хүү тооцож авдаг гэх мэт хөрөнгө, орлоготой байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Г.Болдхуяг гомдолдоо “... би 100 сая төгрөгийн асуудлаар шүүхэд хандана ...” гэсэн байдгаас үзэхэд 90 сая төгрөгийг л залилан мэхэлж авсан гэж үзэхээр байна. Хэрэв гэм буруутай гэж үзсэн бол хохирогчийн нэхэмжилсэн 90 сая төгрөгийн хохирлоос бодитоор төлөгдсөн 66,500,000 төгрөгийг хасаж тооцоогүй. Дансаар төлсөн мөнгөнөөс гадна 2 давхар гражийг үнэлж төлбөрөөс хасаж бодит хохирлыг тооцож гаргах ажиллагааг хийгээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, хэт яллах талыг барьж явагдсан. Хөрөнгийн өмчлөгч Эрдэнэчимэгийн мэдүүлгүүдээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих зөвшөөрлийг Б.Алтанцэцэгт өгсөн ба үр дагаврыг нь ойлгож байсан нь харагддаг. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан “эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж зааснаас үзвэл насанд хүрээгүй хохирогч О.Энхсүлд С.Долгионы үйлдлийг дэмжин зөвшөөрвөл нэр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж болохоор байна. О.Энхсүлдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс гадна гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн үр дагаврыг хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан тайлбарлаж өгөөгүй. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаас үзвэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолгүй байдлыг иргэний шүүхээр тогтоолгож шийдвэрлүүлэх боломжтой. Энэ нь С.Долгионы нэр дээр орон сууцыг шилжүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэр бүлийн гишүүдийн хэлцэл байж болохыг нотолно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 53 дугаар зүйлд зааснаар Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэр шилжүүлсэн үйлдлийг дэмжин зөвшөөрвөл барьцаалсан эд хөрөнгө нь эрхийн доголдолгүй болно. Хэрэв барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь эрхийн доголдолгүй бол Д.Эрдэнэтуяагийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэг биш гэдгийг нотолж байна. Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарт хохирол учраагүй, Д.Эрдэнэтуяа зээлсэн 25 сая төгрөгөө хүүтэй нь буцааж аваад барьцааг чөлөөлж өгсөн. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсээс Улсын бүртгэлийн байгууллагад тусгай тэмдэглэгээ хийснээс нэр шилжээгүй байгаа зэргээс дүгнэвэл дээрх харилцааг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой байна. Шүүх иргэний эрх зүйн харилцааг Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл гэж үзсэн нь учир дутагдалтай. Эд хөрөнгө битүүмжлэхдээ гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөд халдаж, гэмт хэрэгт холбогдоогүй гэр бүлийн гишүүдийн эрхэд хууль бусаар халдаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа буюу прокурорын хяналтын шатанд байх үед аймгийн прокурор тогтоол гаргаж цагдаагийн байгууллагаар ажиллагаа хийлгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэргийг буцаалгүйгээр шийдвэрлэсэн. Б.Алтанцэцэг нь Г.Болдхуягт автомашины дулаан граж шилжүүлж өгсөн ба уг гражийн зах зээлийн үнэлгээ хийгдээгүй, төлбөрөөс хасагдаагүй байгаа нь Б.Алтанцэцэгийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул үнэлгээ хийлгэж бодитоор хохирсон эсэхийг тогтоолгох, 90 сая төгрөгөөс Б.Алтанцэцэг нь хэдэн сая төгрөг нь бодитоор төлөгдсөнийг тогтоолгох, О.Энхсүлдийг дахин хуульд нийцүүлэн байцаалгаж хохирсон эсэх, гомдолтой эсэх, С.Долгионы нэр дээрээ шилжүүлсэн үйлдлийг дэмжих эсэхийг асууж тодруулах, 53 сая төгрөгийн үнэтэй гэх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох шаардлагатай байх тул эдгээр ажиллагааг нөхөн хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.Долгионы өмгөөлөгч Ц.Отгонсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... С.Долгионы үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Тэрээр залилангийн гэмт хэргийн субьект биш залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшилд бүрмөсөн авахыг хэлэх бөгөөд дээрх нөхцөл байдлаар С.Долгион нь өөрийн багын найз Алтанцэцэгт тус болох зорилгоор ээжийнхээ эзэмшилд байдаг байрны гэрчилгээг барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрсөн бөгөөд зээлсэн гэх 25 сая төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Эрдэнэчимэгийн мэдүүлгээр байраа барьцаалах зөвшөөрлийг хүүдээ өгч байсан байдал харагддаг. Иймд С.Долгионд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн өмгөөлөгч И.Атарбямба хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Алтанцэцэгийн 3 үйлдлийг нотлох баримтын хүрээнд үнэлэхэд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогддоггүй. Иргэний эрх зүйн асуудал. 53 сая төгрөгтэй холбоотой хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Б.Алтанцэцэгийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Хэрэв гэм буруутай бол энэ асуудалд нотариат л гэм буруутай. Учир нь Нотариатын тухай хуулийн дагуу нотариат нь хүний гуйснаар үйлчлэх ёсгүй, өөрөө уг гэрээг батлахаас татгалзах эрх нь бүрэн байсан. Нотариат баталсан учраас нотариатын үйлдэлд итгээд 25 сая төгрөгөө өгсөн. Болдхуягийг залилсан гэх үйлдлийн хувьд шууд хохирогчийн мэдүүлэгт үндэслэсэн. 90 сая төгрөгийг хэлцэл хийхгүйгээр өгч, авснаас 70 сая төгрөгийн хүү авсан талаар хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр нэмээд граж шилжүүлж өгсөн байхад хохирлын асуудлыг зөв тогтоогоогүй. Иймд Б.Алтанцэцэгийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.Ононгийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... С.Ононгийн үйлдэлд гэмт хэргийн субьектив санаа зорилго байхгүй, мөнгөнөөс авч хэрэглэсэн нэг ч үйлдэл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Алтанцэцэг нь С.Долгион, С.Онон нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, хуурамч баримт бичиг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин Г.Болдхуягаас авсан гэх 100 сая, 90 сая төгрөгийн хувьд ойлгомжгүй, зөрүүтэй асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Б.Алтанцэцэг, С.Долгион, С.Онон нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох шаардлагатай дараах байдлууд тогтоогдлоо.

Нэг. Б.Алтанцэцэгийн хохирогч Г.Болдхуягаас бичгийн хэлцлийн үндсэн дээр авсан 100 сая төгрөг, аман хэлцлээр авсан 40 сая, 50 сая төгрөгийг хүүтэй болон хүүгүй авсан эсэх асуудлыг тодорхой болгож, хэдэн төгрөгийг иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр, хэдэн төгрөгийг залилан мэхлэх санаа зорилгоор буюу буцаан төлөх санаа зорилгогүйгээр авсан гэдгийг нарийвчлан тодруулж, Б.Алтанцэцэг нь Г.Болдхуягийг залилан мэхлэх гэмт санаа, зорилгоор хандаж, улмаар ямар нэг хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг авах зорилготой байсан эсэх, Г.Болдхуягт эрүүгийн хэргийн улмаас эсхүл гэрээний эрх зүйн харилцааны явцад гэм хор, хохирол учирсан эсэх зэргийг тогтоох нь Эрүүгийн хуулийг үндэслэлтэй зөв хэрэглэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Хоёр. Мөн Б.Алтанцэцэгээс Г.Болдхуягийн дансанд ямар зорилгоор нийт хэдэн төгрөг шилжүүлсэн, бэлнээр болон Г.Болдхуягийн эхнэрт өгсөн гэх мөнгөний талаар тодруулж, шүүгдэгч, хохирогч нараар тооцоо нийлүүлж, Г.Болдхуягт буцаан төлсөн төлбөрүүд нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлоос хасагдах эсэхэд дүгнэлт хийж, бодит хохирлыг тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Гурав. Б.Алтанцэцэг нь С.Долгионтой бүлэглэж, хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөлд байсан байрны гэрчилгээ, Д.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэх зэргийг хууль бус аргаар олж авсан, эсхүл Д.Эрдэнэчимэг өөрөө бичиг баримтаа өгч, байрыг С.Долгионы нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба энэхүү эргэлзээг Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын мэдүүлгийг авах замаар бүрэн арилгах боломжтой юм.

Дөрөв. Шүүгдэгч С.Ононгийн гэрээг нотариатаар гэрчилсэн үйлдэл нь Д.Эрдэнэтуяад хохирол учруулах шууд шалтгаан болж байгаа эсэхэд мөрдөн байцаагч, прокурор хууль зүйн болон нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийгээгүйгээс анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтын дүгнэлтийг дутуу, ойлгомжгүй, үндэслэлгүй хийх нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас хэрхэн ялган зүйлчлэх, Б.Алтанцэцэг нь анхнаасаа зээлийг төлөхгүй байх санаа зорилгоор, зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, Г.Болдхуягийг төөрөгдүүлж эд хөрөнгийн хохирол учруулсан талаар дүгнэлт хийлгүйгээр “... залилан мэхэлж авсан болох нь нотлогдож байна ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч, прокурорын саналуудаас “мөрдөн байцаалтад буцаалгах” талаар гаргасан саналуудыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86Б дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар магадлалыг  тус тус хүчингүй болгож, Б.Алтанцэцэг, С.Долгион, С.Онон нарт холбогдох эрүүгийн 201409000812 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, Б.Алтанцэцэг, С.Долгион, С.Онон нарт яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ