Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 202/МА/2017/00022

 

 

Дорноговь аймгийн ***рын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  137ШШ2017/00198 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ***рын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК-нд холбогдох, 

Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад шаардлагатай 7347595 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***рын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***ар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г ХХК нь Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнг хашаажуулах ажлыг Аймгийн ***артай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ОНТ-ХА-27/2015 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэж 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 71/15 дугаар бүхий улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. Цэцэрлэгт хүрээлэнг хашаажуулах ажлыг орон нутгийн төсвийн 74900.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Г ХХК гүйцэтгэсэн бөгөөд нэмэлтээр хашааны бэхэлгээний ажилд зориулж 3.9 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Гэвч хашааны угсралтын ажлыг стандартын шаардлага хангахгүй угсарч чанарын баталгаат хугацаанд борооны усны үерийн улмаас хашааны баруун хойд болон зүүн урд хэсэг эвдэрч нурсан. Гэвч Г ХХК-ийн барьсан Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны ашиглалтын явцад гарсан эвдрэл, гэмтлийг “Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалтын дагуу засварлуулахаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус компанид удаа дараа албан бичгээр шаардлага өгч ажилласан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үүссэн чанарын зөрчлийг арилгаагүй байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод, бус, сөөгийг мал амьтан орж сүйтгэх нөхцлийг бүрдүүлж, орон нутагт эдийн засаг санхүүгийн хохирол учруулж байна. Мөн тус компани  барилгын ажлын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй бөгөөд хашааг засварлах чадамжгүй гэж манай зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх боломжгүй тул Сайншанд сумын Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг засварлахад шаардлагатай 7347595 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015.10.08-нд Засаг дарга П.Ганхуягтай Сайншанд суманд шинээр баригдах цэцэрлэгт хүрээлэнг хашаажуулах ажлын гэрээ байгуулан ажиллаж 2015.12.02-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Үүнээс 6 сар орчмын дараа 6 сарын 5-нд түр зуур хүчтэй аадар бороо орсноос үер урсаж төмөр зам, авто зам угаагдаж, цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хэсэг  газраар нурсан. Миний бие аймгийн Ус цаг уур орчны шинжилгэний алба, Онцгой байдлын газарт тус тус мэдэгдэж, акт гаргуулсан. Аймгийн ***-ын хашааг засварлуулахад шаардлагатай 7347595 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна. Манай Г ХХК нь иргэдийн цэцэрлэгт хүрээлэн барих ажлын шууд гэрээ байгуулсан бөгөөд түүнд барилгын тусгай зөвшөөрөл шаардлагагүй болно. Одоогийн байдлаар тус хашааг засаж будсан болно гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Дорноговь аймгийн ***рын нэхэмжлэлтэй Г ХХК-нд холбогдох Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад шаардлагатай 7347595 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжинд 132511 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, … шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***ар давж заалдсан гомдолдоо болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2016.09.26-ны өдрийн 21 дугаартай актыг үндэслэл болгож дээрх хашааны эвдрэл нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас эвдэрч гэмтсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.  21 дугаартай актад түр зуурын хүчтэй аадар борооны улмаас гэж тогтоосон байна. Гэтэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн гамшиг, аюулт үзэгдэл гэсэн тодорхойлолтод аадар бороог гамшиг эсхүл аюулт үзэгдэл гэж тодорхойлоогүй байхад гамшгаас хамгаалах улсын байцаагч акт тогтоож, анхан шатны шүүх тус хууль бус актыг үндэслэж шийдвэр гаргасан байна. Тус аадар бороо нь 2016.06.05-ны өдөр орсон гэж байгаа боловч 9 сарын 26-ны өдөр акт тогтоож болох эсэх эргэлзээ бүхий байдал байхад анхан шатны шүүхийн шүүгч дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г ХХК-ийн барьсан Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны ашиглалтын явцад гарсан эвдрэл, гэмтлийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалтын дагуу засварлуулахаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус компанид удаа дараа албан бичгээр шаардлага  өгч ажилласан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үүссэн чанарын зөрчлийг арилгаагүй байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод, бут сөөгийг мал амьтан орж сүйтгэх нөхцлийг бүрдүүлж, орон нутагт эдийн засаг, санхүүгийн хохирол учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***раас “Г” ХХК-нд холбогдуулан Сайншанд суман дахь иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг засварлахад шаардлагатай 7 347 595 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэл гаргасныг,  хариуцагчаас “...хүчтэй аадар бороо орсноос болж, цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хэсэг газраар нурсан, Онцгой байдлын газраас холбогдох акт гарсан учир нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй, өгөх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргаж, татгалзжээ.    

Анхан шатны шүүхээс талуудын хооронд “Дорноговь аймгийн Сайншанд суманд шинээр баригдах цэцэрлэгт хүрээлэнг хашаажуулах” ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч Г ХХК ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, уг хашаа гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас эвдэрч, гэмтсэн, нэхэмжлэгч нь хашааг засварлахад шаардлагатай 7 347 595 төгрөгийн шаардлагаа нотолж чадаагүй  болохыг тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна. 

Гэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-ийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй  байх боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн холбогдох заалтыг өөрчилж, нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.    

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байгааг дараах байдлаар тодруулбал:

2008 оны Барилгын тухай хууль /2015 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн шинэчилсэн найруулгад “барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг” гэж,

2016 оны Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;  гэж тодорхойлжээ. 

Хуулийн нэр томьёоны дээрх тодорхойлолтод хашааг “Барилга байгууламж” гэж тодорхойлоогүй төдийгүй үгийг утгын хувьд тайлбарласныг авч үзвэл  “Хашаа”-г мал, эд зүйлийг хамгаалах зорилгоор тойруулж барьсан зүйл гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн “Г” ХХК-ийн  барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны ашиглалтын явцад гарсан эвдрэл, гэмтлийг засварлуулахад шаардлагатай 7 347 595 төгрөгийн шаардлагыг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг  үндэслэн  нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно.     

Мөн талуудын хооронд 2015-10-08-ны өдөр “Цэцэрлэгт хүрээлэнг” хашаажуулах гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”/хх-10/ байгуулагдсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн оны 12 дугаар сарын 02-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнг хашаажуулах ажлыг Ашиглалтад оруулах комисс-оос гүйцэтгэгч Г ХХК-ний хийж, гүйцэтгэсэн хашааг, “...зураг төслийн дагуу барьж дуусгасан байна, ашиглаж болно” гээд ашиглагч байгууллага болох Сайншанд сумын ***, Тохижилт Сайншанд ХТГазар-ын мэдэлд хашааг шилжүүлж, “...засвар арчлалтыг тогтмол хийж байхыг захиалагч, ашиглагч байгууллагад даалгаж”, байнгын ашиглалтад хүлээн авахаар /хх-6/ шийдвэрлэжээ. 

Нэгэнт захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан улмаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан “...ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор Дорноговь аймгийн ***ар, хашааг хүлээн авсан ашиглагч байгууллага болох Сайншанд сумын ***, Тохижилт Сайншанд ХТГазраас тус тус  Г ХХК-нд холбогдуулж “ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг  доголдол байсан талаар гомдол гаргаагүй байна.

Тиймээс нэхэмжлэгчийг, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байхгүй гэж уг ажлын үр дүнг буюу хашааг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун болон хойд хэсэг 2016 оны 06 сарын 05-нд орсон хурын усны үер /хх-8/-ийн улмаас нурж унасан, түр зуурын хүчтэй аадар бороо 49 минут үргэлжлэн орсон /хх-39, 40/-ны улмаас хашааны зарим хэсэг нурсан, байгалийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй аадар борооны улмаас уг хашаа эвдэрсэн талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Хэдийгээр түр зуурын хүчтэй аадар бороо нь Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар “гамшиг, аюулт үзэгдэлд” хамаарахгүй боловч Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны “...аадар бороо нь зуны улирлын агаар, хөрсний хэт халалттай холбоотой 49 минут үргэлжлэн орсон, борооны үеэр салхи түр зуур ширүүсэх нөхцөл бүрдсэн” гэсэн тодорхойлолт нь бодит байдалтай нийцсэн төдийгүй, дурдсан үзэгдэл нь урьдчилан таамаглаж, урьдчилан сэргийлэх боломжгүй, байгалийн гэнэтийн, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал учир цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны зарим хэсэг эвдэрч нурсаныг хариуцагчийн  гүйцэтгэсэн “ажлын доголдол” гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын чанарт гаргасан баталгаа гэх баримтад талуудын гарын үсэг зурагдаагүй байх ба гэрээнд ямар нөхцөлийг гүйцэтгэсэн ажлын чанартай холбоотой доголдол гэж үзэх талаар зохицуулагдаагүй, орхигдуулсан байна. 

Түүнчлэн гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас бий болсон хашааны эвдрэл гэмтэл хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн гэж үзэх үндэслэлгүйн гадна нэхэмжлэгчээс хашааг засварлахад шаардлагатай 7347595 төгрөгийн шаардлагатай холбоотой баримт болох  “ажлын төсвийн тооцоо”-г үнэлгээ хийх эрх бүхий этгээд хийгээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.    

Харин уг цэцэрлэгт хүрээлэн нь орон нутгийн өмч эсэх, өмчлөгч нь Дорноговь аймгийн ***ар, Сайншанд сумын ***, Тохижилт Сайншанд ХТГазар аль нь эсэх талаарх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн           101.7-г баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  137ШШ2017/00198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...101 дүгээр зүйлийн 101.7...” гэснийг хасч, “ ... 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэсний дараа “349 дүгээр зүйлийн 349.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***ар нь давж заалдах гомдол гаргахдаа 132511 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                              ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                                   Н.БОЛОРМАА