Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 105/2016/0044/э |
Дугаар | 45 |
Огноо | 2016-07-28 |
Зүйл хэсэг | 216.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Ц.Байгалмаа, түүний өмгөөлөгч Э.Наранцэцэг /үнэмлэх 0-334/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгас овогт Цээбадрахын Байгалмаад холбогдох эрүүгийн 201624000506 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 50 байр 604 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авгас овогт Цээбадрах Байгалмаа /РД:ПЮ84092205/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Байгалмаа нь 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдөр 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 32-н тойргийн хойд замд “Тоёота аллион” маркийн 13-23 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгеөний дүрмийн 2.1 "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 13.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Энх-Амарыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөделгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин мөн дүрмийн 2.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Байгалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...2016 оны 5 дугаар сарын 26-нд Сансар 32 үйлчилгээний төв рүү явж байхад явган хүний гарцаар бага насны хүүхэд машины зүүн урд хэсгээр гэнэт гарч ирээд машинд мөргүүлээд уначихсан. Тэгээд тухайн үед би бичиг баримтгүй явж байсан учраас сандраад осол гарсан газраас зугтсан. Хэрэг болсон газраас хойшоогоо зугтаад Сод монгол колонк дээр машин араас хөөгөөд ирж зогсоосон. Тэгээд Хайлааст өгсөх замд араас цагдаа ирж буцааж авч явсан. Тэгээд буцаад осол гарсан газар дээрээ очиж цагдаа хэмжилт хийгээд намайг аваад явсан. Би замын хөдөлгөөний дүрмийг судалж байгаагүй. Явган хүний гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөх үүрэгтэй. Явган зорчигч давуу эрхтэй гэдгийг би мэднэ. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урьд нь хөдөө ахынхаа машиныг барьдаг байсан. Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлж өгсөн. Би хохирогчтой цуг эмнэлэгээр явж байсан. Тэгээд сүүлд 3.500.000 төгрөг нэмж өгсөн. Нийт 5.000.000 төгрөг хохирогчид өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, маш их харамсаж байна. Надад жолооны үнэмлэх байхгүй. Би 32-ын Сансар үйлчилгээний төв орж хүнс цуглуулахаар явж байсан. Тэр өдөр л машин барьж явсан. Би худалдаж авсан, миний машин. Бичиг баримтаа нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан гэв.
Шүүгдэгч Ц.Байгалмаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад энхцэцэг гээд хүнээс авсан тоёота Аллион маркийн 13-23 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон машиндаа ганцаараа Сүхбаатар дүүргийн нутаг Сансар 32 худалдааны төв орох гэж байгаад гарцаар гарч байсан сурагчийн дүрэмт хувцастай баруунаас зүүн гар тийш гарч байсан хүүхдийг мөргөсөн. Тэгээд машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн ба нөгөө хүүхэд газар унахаар нь сандраад осол хэрэг гарсан газар зогсолгүй хойшоо өгсөөд 17-н буудал тал руугаа эргээд явсан. Би тухайн үед автомашин жолоодох эрхгүй байсан ба дүрмийн мэдлэг байхгүйн улмаас осол хэрэг гарсан газраас зугтаасан юм...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-50 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюундэлгэр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилэнэ..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Г.Энх-Амар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ найз Жавхлантөгсийн хамт явсан. Тэгээд 32-н тойргийн хойд талын явган хүний гарцаар баруунаас зүүн гар тийш явж байхад урдаасаа хойшоо явж байсан нэг цагаан өнгийн машин миний баруун гар тал руу мөргөчихөөд зугтаагаад явчихсан...." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Я.Ерөөлт нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би “Тоёота приус” маркийн 17-02 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон 17 цаг өнгөрч байхад 32-н тойргийн замаар урдаасаа хойшоо явж байсан. Тэгээд нэг явган хүний гарц дөхөж ирсэн ба би хурдаа сааруулаад хоёрдугаар эгнээнд зогсоод гарцаар баруунаас зүүн гар тийш гарч байсан 2 хүүхдийг гаргаад байж байхад хажуугаар нэг цагаан өнгийн машин орж ирээд түрүүлээд гарч байсан хүүхдийг мөргөөд нөгөө хүүхэд газар унасан. Ингээд нөгөө жолооч хажуугаар нь гараад осол хэрэг гарсан газраас зугтаахаар нь араас нь хөөгөөд нэг шатахуун түгээх станцын хажуу талд урдуур нь шахаж зогсоогоод буугаад чи яаж байгаа юм бэ гээд байж байхад жолооч нь гээд нэг махлаг эмэгтэй хаалгаа онгойлгохгүй байж байснаа дахин дээшээ зугтаасан. Тэгэхээр нь араас нь дагаж байгаад 102 дугаарт хэлээд урдуур нь хашаад зогсоогоод байж байхад цагдаа нар ирсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹7418:
Техникийн шинжээчийн №334 дүгнэлт:
“...1. Тоёота аллион маркийн 13-23 УНД улсын дугаартай автомашины жолооч Цээбадрахын Байгалмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө", 2.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2.1 "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцох" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ганхуягийн Энх-Амар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна..." /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5 дугаар хуудас/, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6 дугаар хуудас/, 16/27732 тоот шинжээчийн дүгнэлт /хх 35-36 дугаар хуудас/, гэрч Ц.Мөнхбаярын мэдүүлэг /хх 19-20/, гэрч Ч.Лхагваагийн мэдүүлэг /хх 22-23/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51 дүгээр хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 57 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 58 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх 65-68 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюундэлгэртэй эвлэрлийн гэрээ байгуулсан баримт /хх 72/ прокурорын тогтоол /хх 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Байгалмаа нь 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдөр 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 32-н тойргийн хойд замд “Тоёота аллион” маркийн 13-23 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгеөний дүрмийн 2.1 "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 13.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Энх-Амарыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөделгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин мөн дүрмийн 2.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Г.Энх-Амар, хууль ёсны төлөөлөгч Г.Оюундэлгэр, гэрч Я.Ерөөлт, Ц.Мөнхбаяр, Ч.Лхагваа нарын мэдүүлэг, 334 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 7418 дугаартай ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Байгалмаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгчдэгч Ц.Байгалмаад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Байгалмаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүгдэгч Ц.Байгальмаа нь гэрлэлтийн лавлагаагаар гэр бүлгүй байх ба 2 нас 10 сартай хүүгийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюундэлгэр нь шүүхээс өмнөх шатанд шүүгдэгчээс гэм хорын хохирлын мөнгө авсан, цаашид нэхэмжилэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.Байгалмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Авгас овогт Цээбадрахын Байгалмааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Байгалмааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Байгалмаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Байгалмаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Байгалмаад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.
6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Байгалмаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН