Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2017/02274/И |
Дугаар | 1786 |
Огноо | 2017-08-09 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1786
“Номин реалтор” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02081 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК,
Хариуцагч “Экструдер менежмент” ХХК-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 622 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, Б.Шинэбаяр,
Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэрмаа,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, Б.Шинэбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Номин реалтор ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Экструдер менежмент ХХК-тай NR/8/24 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хөлслөгч нь төрийн тусгай хамгаалалттай газрын харъяа Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байр буюу Номин тэнгэр цогцолборын Б блокийн 3-2 тоот, 244 м.кв талбайтай, 6 өрөө тавилгатай орон сууцыг сарын 5 617 194 төгрөгийн төлбөртэй, нэг жилийн хугацаатайгаар хөлсөлсөн бөгөөд хариуцагч Экструдер менежмент ХХК нь хөлсөлж байх хугацааны орон сууцны хөлс, цахилгааны төлбөр болох нийт 23 748 024 төгрөгийг төлөөгүй тул орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний төлбөрт 23 748 024 төгрөг, гэрээний 3.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 11 874 012 төгрөгийн алданги, нийт 35 622 036 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч А.Дэлгэрмаа, өмгөөлөгч Э.Нямжав нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.1-д орон сууцны хөлс нь 5 617 194 төгрөг байна. Энэхүү үнийн дүнд НӨАТ багтсан болно гэж заасан ба манай компани 2006 оноос хойш тус орон сууцыг хөлсөлж хэлэлцэн тохиролцсон хөлсийг тухай бүрт нь төлж байсан боловч нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгож байгаагүй, буцаан авалт хийж байгаагүй ба бидний тооцоолсноор 40 000 000 гаруй төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт хийгдээгүй болно. Иймд үүнээс суутгах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэгч байгууллагын хавтаст хэрэгт өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэдэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сар хүртэл хөлс болон цахилгааны төлбөрийг нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт гурван жил байдаг. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. 2014 оны 05 дугаар сараас өмнө төлбөр тооцоог төлөхгүй. Хоёрдугаарт цахилгааны төлбөр нэхэмжилсэн байна.
Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээн дээрээс цахилгааны төлбөр гэж байгаа. Анхан шатны баримт, цахилгаан түгээх газраас өгч байсан нэхэмжлэх байхгүй. Цахилгааны төлбөр нь ийм мөнгө гарсан уу гэдэг нь баримтаас харагдахгүй байгаа. Зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.4-т энэхүү гэрээний 3.1-т заасан орон сууцны хөлс нь халаалт, халуун хүйтэн ус, кабелийн төлбөр багтсан ба цахилгаан холбоо, интернетийн төлбөрийг хөлслөгч холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн хугацаанд нь төлж байна гэсэн байна.
Холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэнэ гэсэн атлаа нэхэмжлэх нь байхгүй байгаа. Цахилгаан гээд таслал байхгүй холбоо гэж байгаа. Холбоо үг учраас цахилгаан холбоо гэж цахилгаан холбооны бүх төрлийг хэлнэ гэж бичсэн. Бид нар гэрээнд зааснаар тогны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Бид нар телефоны төлбөр болон интернетийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Иймд цахилгааны төлбөр төлөх үүрэггүй. Тооцоо буруу хийгдсэн. Гэрээний 3.1-т орон сууцны хөлс нь 5 617 194 төгрөг гэж бичсэн. Гэтэл нэхэмжлэгч 5 746 000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байсан. 5 617 194 төгрөг болон 5 746 000 төгрөгийн зөрүү 128 806 төгрөгийн зөрүүтэй байгаа.
Хариуцагч нь тус орон сууцнаас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан байдаг. Гэтэл 06 дугаар сарын төлбөрийг бүтнээр нь нэхэмжилдэг. Зөрүүг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тооцохоор 2 434 117 төгрөг болж байгаа. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч н.Төмөрчулуун гэдэг хүнээс 2014 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын төлбөр 16 851 582 төгрөгийг төлсөн. Тэгэхээр хоёр сарын түрээсийн төлбөр уг нь 11 234 388 төгрөг байхаар байгаа. Гэтэл 16 851 582 төгрөг төлсөн байхад бусад төлбөрөөс хасалт хийлгүй, зөвхөн 01, 02 дугаар сард тооцож авсан байгаа.
Мөн үндсэн үүргийн хугацаа дууссанаар нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн зохицуулалтаар алданги төлөхөөс татгалзаж байна. Гэрээний 3.2-т хөлслөгч орон сууцны хөлсийг тухайн сарын эхний ажлын тав хоногийн дотор Голомт банк дахь хөлслүүлэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаанаас суутган авах бөгөөд хөлслөгч нь барьцаат гэрээний 3.5-д заасны дагуу нөхөн байршуулна. Нөхөн байршуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Барьцаагаа нөхөн байршуулаагүй тохиолдолд алданги тооцно гэсэн. Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудад барьцаа, анз буюу алданги торгууль гэж байгаа. Барьцаагаа байршуулаагүй тохиолдолд алданги авна гэсэн зохицуулалт байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас дахин алданги тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Экструдер менежмент ХХК-аас 33 703 164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин реалтор ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 918 872 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Экструдер менежмент ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 326 465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин реалтор ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 7.6 1, 82 дугаар зүйлийн 82.1, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.2-т заасныг тус тус үндэслэн 2014 оны 3, 4 дүгээр сарын орон сууцны хөлс болох 11 234 388 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шййдвэрлэхээр байтал дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхгүй, хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж 22 468 776 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан "Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.1-д “Орон сууцны хөлс нь 5 617 194 төгрөг байна. Энэхүү үнийн дүнд НӨАТ багтсан болно" гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь НӨАТ-ын падааныг хариуцагч талд өр байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй асуудлыг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно. Иймээс дээрх гэрээнд заасан хугацаанд хамаарах НӨАТ-ын тооцоо нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар cap хүртэл 2 246 877 төгрөг болсон ба үүнийг нэхэмжилж буй үнийн дүнгээс хасах нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.3 дахь заалтууд болон зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т заасантай нийцнэ гэж үзэж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүилийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “барьцааг нөхөн байршуулаагүй тохиолдолд xyгацaa хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно” гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг заасан ба үүнд барьцаа, анз зэрэг багтсан болно. Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барьцаанаас алданги тооцох заалт нь хуульд нийцээгүй тул алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг нь зөвхөн орон сууцны хөлс төлөх үүргийг л зохицуулсан хуулийн заалт атал энэхүү заалтыг үндэслэн 33 703 164 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 05, 06 дугаар саруудын орон сууцны хөлс 11 234 388 төгрөгөөс НӨАТ-ын 2 246 877 төгрөгийг хасаж 8 987 511 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 24 715 653 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК нь “Экструдер” ХХК-д холбогдуулан орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт 23 748 024 төгрөг, алданги 11 874 012 төгрөг, нийт 35 622 036 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр NR/8/24 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.
Хариуцагч нь орон сууцыг хөлслөн ашигласнаа үгүйсгээгүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичиж өгөөгүйгээс татварын буцаалт авах боломжгүй болсон, гэрээнд алдангийг барьцаанаас авахаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй тул алданги шаардсан нь үндэслэлгүй гэж хөлс төлөхөөс татгалзсан байна.
Гэрээний 2.1-т орон сууц хөлслөх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил гэж, 3.1-т сарын түрээсийн төлбөрийг сарын 5 617 194 төгрөг байхаар талууд тохиролцжээ. /хх-5/
Иймд 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 1-нд дуусах тул нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 09-нд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй бөгөөд талууд Иргэний хуулийн 292 дугаар зүйлд зааснаар хөлс төлөх журмыг гэрээний 3.1-т “тухайн сарын эхний ажлын 5 хоногт төлөх” гэж тохиролцсоноор хөөн хэлэлцэх хугацааг тооцох талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь татварын хууль тогтоомжоор зохицуулагдах татвар төлөгчийн үүрэгтэй холбоотой харилцаа тул “сард төлөх төлбөрийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн боловч падаан бичиж өгдөггүйгээс татварыг буцаан авч чадаагүй тул 40 гаруй сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт хийгдээгүй, үүнийг төлбөрөөс суутгах боломжтой” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ нь орон сууц хөлсөлсний төлбөрийг хууль болон гэрээний дагуу төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүх хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд хамаарах төлбөрөөс 23 748 024 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн ба 2013 оны 11, 12, дугаар сар, 2014 оны 1, 2 дугаар сарын хөлс 22 468 776 төгрөгийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоогдсон тул дээрх хугацаанд төлбөл зохих төлбөр 44 937 552 /5 617 194 төг*8 сар/ төгрөгөөс хасвал 22 468 776 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 22 468 776 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.
Талууд сарын төлбөрийг тогтмол 5 617 194 төгрөг гэж гэрээнд заасан тул цахилгааны төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль болон гэрээний заалтыг зөрчихгүй.
Гэрээний 3.2-т заасан алдангийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Уг заалтыг үгийн шууд утгаар, мөн агуулгаар нь авч үзвэл барьцаанаас алданги тооцох биш, барьцаа байршуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцохоор заасан байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй, эд хөрөнгийг ашигласан хөлсөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй.
Иймд шүүх алдангийг төлбөрийн үлдэгдлийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 11 234 388 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн болно. Харин шүүх нэхэмжлэлийн энэ хэсэг буюу алдангийг гаргуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг нэмж баримтлан, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “302 дугаар зүйлийн 302.1” гэсний дараа “289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 528 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ