| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00245/и |
| Дугаар | 259 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 259
2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00259 Архангай аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, тэтгэвэрт байдаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 10-10 тоотод оршин суух Сахлаг овгийн Далхрагчаагийн Гэрэлийн /РД:АЗ61041907/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнбулган сумын 3-р багт байрлах “Булганхайрхан баян хангал” ЗГБХ хоршоонд холбогдох
Барьцааны зүйлийг биетээр нь буцаан авах, тухайн эд зүйл зарагдсан бол үнэ 6.972.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ч.Цэрэндолгор, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Цэвэр алтан ээмэг 5,5 грамм хос 2.300.000, монетон ээмэг 7 хос, 350.000х7=2.450.000, монетон эмэгтэй бөгж 200.000х3=600.000, монетон эрэгтэй бөгж 350.000х1=350.000, монетон гинж цул бүдүүн 210.000х2=420.000, монетон кулон цул 250.000х2=500.000, их гарын мөнгөн аяга 325.000х8=2.600.000, эрэгтэй дээлийн товч 6 ширхэг 150.000. Эдгээр зүйлүүдийг биетээр буцаан авах зарагдсан бол тухайн эд зүйлийн үнэ 9.370.000 төгрөгөөс зээлсэн мөнгө 2.200.000 төгрөг, 1 сарын хүү 198.000 төгрөг, бүгд 2.398.000 төгрөгийг хасаад үлдэх 6.972.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гэрэл нь 2014 оны 01 сарын 09-ны өдөр манай ломбарднаас ээмэг, бөгж, аяга, товч зэрэг эд зүйлсийг барьцаалан 2.200.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, нэг ч удаа хүү төлж байгаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 сарын 09-ний өдөр дууссанаас хойшхи хугацаанд нэг ч удаа гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. 2014 оны 03-05 сар хүртэлх хугацаанд хүү болон үндсэн зээлийг шаардахаар хэд хэдэн удаа гэрт нь болон ажил /1-р сургууль/ дээр нь очиж байсан. Сургуулийн нийгмийн ажилтан, нягтлан бодогчтой нь хүртэл уулзаж, Д.Гэрэлийг хэд хэдэн удаа сураглаж асуусан. Мөн өөрийнх нь утас руу залгахаар утсаа авдаггүй, хүүхдээрээ яриулж, өөрийгөө байхгүй гэж хэлүүлдэг байсан. Тухайн үед Д.Гэрэлийг гараа хугалсан гэдгийг мэдээд би түүнийг харж үзэн гар нь эдгэрэхийг 3 сар хүлээсэн боловч надаас байнга зугтааж 2014 оны 7 сард уулзахад би одоо группэд орох гэж байгаа группын мөнгөө зээл авч төлнө гэж хэлж байсан удаатай. Ер нь Д.Гэрэл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, гэрээнд заасан хүү, үндсэн мөнгийг төлөх боломжит хугацаанд төлөлт хийж байгаагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, надтай ирж уулзаагүй явсаар 2015 оны 08 дугаар сард миний бие Д.Гэрэлийн гэрийнх нь хаягаар барьцаанд тавьсан эд зүйлийг нь худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах болсон талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Гэвч надад хариу ирүүлээгүй тул 2015 оны 10 дугаар сар хүртэл хүлээсэн. Нэхэмжлэгч Д.Гэрэл нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийг нь өвчтэй байх хугацаанд 2014 оны 05 дугаар сард өөрийнх нь эд зүйлийг зарсан гэж илт худал бичсэн байна. Би харин ч Д.Гэрэлийг харж үзэн 2014 оны 02 сарын 09-нөөс 2015 оны 10 сар хүртэл хугацаа олгож удаа дараа өөрийг нь хайж уулзсан. Хүний итгэлийг алдан надаас байнга зугтааж эцэст нь намайг хохироосон. Барьцааны эд зүйлийг худалдан борлуулсны орлого нь Д.Гэрэлийн 2014 оны 01 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд хүрэхгүй байсан. Үндсэн зээл 2.200.000 төгрөг, 2 сарын хүү 396.000 төгрөг, алданги 1.100.000 төгрөг нийт 3.696.000 төгрөг болсон байсан. Гэтэл эд зүйлс нь дээрхи үнэнд хүрэлгүй харин ч би 800.000 төгрөгөөр хохирсон тул сөрөг нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Цэрэндолгорт эд хөрөнгөө барьцаанд тавьж, мөнгө зээлэхэд миний эд хөрөнгийг тухайн хөрөнгийн үнэлгээний 50 хувиас доогуур үнэлж зээл өгсөн. 3500000 төгрөг зээлье гэхэд 2.200.000 төгрөг л өгсөн. Миний ээж, ааваас минь өвөлж ирсэн эд хөрөнгийг их доогуур үнэлсэн. Би ганц Ч.Цэрэндулам гуайд хандаагүй. Өмнө нь 2-3 ломбарданд эд зүйлээ тавиад хугацаа нь хэтэрсэн ч зохих хүүг нь тооцож аваад эд зүйлийг минь буцааж өгдөг байсан. Би Ч.Цэрэндолгор гуайд итгэж эд хөрөнгөө барьцаанд тавьсан. Миний эд хөрөнгийг авахдаа битүүмжлээгүй, задгайгаар нь шкафандаа хийсэн. Тухайн үед өөрт нь “та миний эд хөрөнгийг яагаад битүүмжилж надаар гарын үсэг зуруулахгүй байгаа юм бэ?” гэхэд “би таны эд хөрөнгийг устгахгүй, алга болгохгүй, найдвартай” гэж хэлээд авсан. Миний өгсөн монетон ээмэг, бөгж зэргийг тус тусад нь граммлаагүй. Бөөнд нь граммласан. Би Ч.Цэрэндолгор гуайд эцэг, эхээс уламжилж ирсэн 5,5 гр хос цэвэр алтан ээмэг, 585 сорьцтой монетон ээмэг 7 хос, монетон эмэгтэй бөгж 3 ширхэг, монетон эрэгтэй бөгж 1 ширхэг, 585 сорьцтой монетон гинж 2 ширхэг, 587 сорьцтой монетон кулон 2 ширхэг, 999 сорьцтой, 330 граммтай их гарын 8 ширхэг шинэ мөнгөн аяга, эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч 6 ширхэгийг өөрийн гараар өгсөн. Эд хөрөнгөө буцааж аваагүй учир эд зүйлээ нэхэмжилж байгаа. Өөрөө “Миний эд зүйлийг Улаанбаатар хотод Урт цагаанд аваачиж таны эд зүйлээс гадна олон хүний эд хөрөнгийг зарсан” гэсэн. Миний Ч.Цэрэндолгор гуайд тавьсан эд зүйлийн үнэ 9.370.000 төгрөгийн үнэтэй. Үүнээс зээлсэн мөнгө, хүүг хасаад 6.972.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. 2014 оны 06 сарын 23-нд надтай уулзахдаа таны юмыг зарсан гэж хэлсэн. Би 2014 оны 03 сарын 23-ны өдөр мотоцикльтой явж байгаад гараа хугалсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 сарын 08-ны өдөр дууссан. Гэрээ сунгах талаар ломбардын Цэрэндолгор гуайтай уулзаагүй,Цэрэндолгор гуай ч надтай уулзаагүй. Сургууль дээр очоод миний өвчтэй байгаа талаар нягтлан бодогчоос мэдсэн мөртлөө миний нэр хүндийг гутаасан байсан. Цэрэндолгор гуайн ажиллуулдаг ломбардаас зээл авсан учраас надад өгсөн баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа. Өрний үүр болчихсон гэж намайг доромжилсон байсан. Хамгийн гол нь эд хөрөнгийнхөө үнийг гаргуулмаар байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 сарын 09-ний өдөр Д.Гэрэл гэх хүн зээл авч, барьцаанд эд зүйл тавьсан. Гэрээнд барьцаанд тавьсан эд зүйлийн тоо ширхэгийг бүрэн бичсэн байгаа. Гэрээнд бичигдсэн эд зүйлсийг өөрөө харж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Би ломбардны дүрмээр Д.Гэрэлийн эд зүйлийг авахдаа бүгдийг нь граммлаад монетийг граммыг нь 30000 төгрөгөөр, алтыг граммыг нь 45000 төгрөгөөр үнэлж авсан. Одоо ч гэсэн энэ ханшаараа авч байгаа. Тухайн үед ломбардны журмын дагуу 50 хувиар үнэлж эд зүйлсийг авсан. Д.Гэрэл 2014 оны 01 сард зээл авсан. 02 сард нэг сарын хүүг өгөх ёстой байсан боловч “боломжгүй байна” гэсэн. 2 сард цагаан сар болдог учир тэгээд орхичихсон байж байгаад 03 сараас “ядаж хүүгээ төлөхгүй бол эд зүйл чинь зарагдана” гэж шаардаж эхэлсэн. Өөртэй нь нэг удаа уулзахад “хөдөө байдаг ахынх руугаа явж мөнгө олж ирье” гэсэн. Утсаа ерөөсөө авдаггүй. Утас руу нь залгахаар нэг охин л авдаг. Тэгээд “ээж байхгүй байна” гэдэг. Өөрт нь бол утас гэж байдаггүй юм билээ. Сургуулиар нь яваад очихоор “зүүн жигүүрийн 2 давхарт байгаа” гэдэг байх үедээ байдаг, байхгүй үедээ байдаггүй байсан. Нэг удаа “манай Гэрэлээ аваарт ороод гар нь хугарчихсан” гэж хэлсэн. Тэр үед би “ажлаа хийдэг байхдаа мөнгө өгөх боломжгүй байсан юм чинь гар нь хугарчихсан түр харзная” гэж бодоод 2-3 сардаа хэсэгтээ очоогүй. 05 сарын эхээр утсаар ярихад “би эмнэлэгт байгаа, гараа хугалчихсан” гэж хэлсэн учир би тэр нөхцөл байдлыг нь харж үзээд хүлээсэн. 6 сарын хорьдын үеэр Д.Гэрэл надад “группэд орох гэж байгаа, группын зээл аваад зээлээ төлнө” гэсэн. Тэгж байтал 6 сар дуусч, сургууль тарсан. Группынхээ мөнгийг авч өгөөгүй. Тэгээд намар уулзахад “группынхээ мөнгийг хүүхдийнхээ төлбөрт өгсөн” гэж Д.Гэрэл надад өөрөө хэлсэн. Би хүнийг худал гүтгэхгүй. Сургуулийн үйлчлэгч нар бүгд мэднэ. Би бараг сургуулийн ажилтан болтлоо л явсан. Заримдаа утсаар яриад Д.Гэрэлээг байна гэвэл очдог. Би Д.Гэрэлд “чиний зүйлийг одоо харж чадахгүй, зарж, хохирлоо барагдуулна” гэдгийг өөрт нь хэлж байсан. Ингэж явсаар 2014 он дуусч 2015 он гарсан. 2015 оны эхээр яриад сүүлд гэрт нь очиход ямар ч амьдралын боломжгүй байсан. Тэгээд би эд зүйлсийг нь зарж хохирлоо барагдуулахаас биш, энэ хүнээс авах зүйл байхгүй юм байна гэж шийдсэн. 2015 оны 08 сард билүү, 10 сард билүү барааг нь зарж борлуулсан. Би Д.Гэрэлийн эд зүйлийг зарахдаа Улаанбаатар хотын Урт цагаан дээр очиж зарсан. Аймгийнхан тэр болгон авч чаддаггүй. Монетийг нь 38000 төгрөгөөс 38500 төгрөг хавьцаа өгсөн. Алтыг граммыг нь 66000 төгрөгөөр өгсөн. Барьцаанд тавьсан эд зүйлс нь шигтгээтэй шигтгээгүй янз бүрийн нь зүйлс байсан. Тэгээд Урт цагаан дээр очоод зарахаар нүдэнд бараг үзэгдэхгүй шахуу шигтгээг бахиар түүчихээд граммладаг. Улаанбаатар хотод сүүлийн үеийн аягануудыг авдаггүй юм билээ. Д.Гэрэлийн аяга их гарын аяга биш. Би барьцааг зарахдаа ашиггүй, харин 800000 төгрөгийн алдагдалтай зарсан. Ерөнхийдөө ломбардны эд зүйлс авдаг ханш, тухайн үед алт, монетон эдлэл худалдаж авч байсан ханш зэргийг судалвал мэдэх байх. Түүнээс биш алт мөнгөн эдлэлийг 350000-450000 төгрөгийн үнэтэй гэж аль ч ломбард үнэлж авдаггүй. Граммлаж аваад граммлаж зардаг. Би энэ хүний араас жил гаран хөөцөлдсөн гэдгийг эдний ажлынхан мэднэ. Би улиралд 1 удаа хотод очиж хэвтдэг. Тэгэхдээ 8-9 хоног л хэвтдэг. Өдөр өдрөөрөө бичиг баримтууд маань байгаа. Д.Гэрэлээг миний араас явсныг мэдэхгүй байна. Гэрээнд нийт зүйлийг худалдан борлуулах эрх хариуцагчид үүссэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ийм асуудал үүссэн. Би 1, 2, 3 сар болоод зараагүй. 1 жил гаран хугацааны дараа эд зүйлийг зарсан. Сорьцуудыг үнэндээ хараагүй. Алтан ээмэг 999 биш юм байна гэж харж байсан. Гэрээний маягтад бичигдсэн ямар ямар эд зүйлсийг барьцаанд тавьсныг, мөн гэрээний хүү болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа эд зүйлсийг худалдан борлуулах эрх ломбардад үүснэ гэдгийг нэхэмжлэгч Д.Гэрэл зөвшөөрч тухайн баримтад гарын үсэг зурсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ийм асуудал үүссэн. Би ломбардынхаа дүрмийн дагуу Д.Гэрэлд зээл олгосон. Зээл олгосноос хойш удаа дараа зээлээ төлөхийг шаардсан. Би Д.Гэрэл дээр олон дахин очоод сүүлдээ Д.Гэрэлээс мөнгөө буцааж авах ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгоод эд зүйлсийг нь зарсан учраас зөвшөөрөхгүй. 2200000 төгрөг дээр 12 сарын хүү нэмж тооцоход л зарсан зүйлийн үнэнээс 800.000 төгрөгийн алдагдал би хүлээсэн гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч “Булганхайрхан баян хангал” ЗГБХ хоршоонд холбогдох барьцааны зүйлийг биетээр нь буцаан авах, тухайн эд зүйл зарагдсан бол үнэ 6.972.000 /зургаан сая есөн зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
“Булганхайрхан баянхангал” барьцаалан зээлдэх газар нэхэмжлэгч Д.Гэрэлд 2.200.000 төгрөгийг 2014 оны 01 сарын 09-ны өдөр нэг сарын хугацаатай 198.000 төгрөгийн хүүтэй зээлж алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 7 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж кулонтай 2 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн товч 6 ширхэгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулжээ.
Зохигч 5,5 граммтай хос алтан ээмэг, монетон ээмэг 7 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон кулон 2 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, эрэгтэй дээлийн товч 6 ширхэгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд бариулсантай, мөн зээлдэгч Д.Гэрэл 2014 оны 02 сарын 08-ны өдөр үндсэн зээл 2.200.000 төгрөг, хүү 198.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйтэй тус тус маргахгүй байна.
Хариуцагч “Булганхайрхан баян хангал” барьцаалан зээлдэх газар “дээрх барьцааны зүйлийг 2015 оны 10 сарын үед худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангуулсан, одоо барьцааны зүйлээс байхгүй” гэж тайлбарладаг, нэхэмжлэгч Д.Гэрэл “2014 оны 05 сарын 20-дын үед надтай уулзахдаа миний юмыг зарчихсан гэж хэлсэн” гэж тайлбарладаг бөгөөд барьцааны зүйл Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.5-д зааснаар бусдын эзэмшилд бүрэн шилжсэн тул нэхэмжлэлд дурдсан алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 7 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж кулонтай 2 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн товч 6 ширхэгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах бодит боломж байхгүй юм. Нэхэмжлэгч энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг гаргуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шаардаж байна.
Нэхэмжлэгч Д.Гэрэл үүргээ тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн нь түүний “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 сарын 08-ны өдөр дууссан. Гэрээ сунгах талаар ломбардын Цэрэндолгор гуайтай уулзаагүй” гэсэн тайлбар болон хариуцагчийн төлөөлөгчийн “03 сараас ядаж хүүгээ төлөхгүй бол эд зүйл чинь зарагдана гэж шаардаж эхэлсэн. Өөртэй нь нэг удаа уулзахад “хөдөө байдаг ахынх руугаа явж мөнгө олж ирье” гэсэн. Би бараг сургуулийн ажилтан болтлоо л ажил дээр нь очсон” гэсэн тайлбараар тогтоогддог.
Нэхэмжлэгч Д.Гэрэлийн цэвэр алтан ээмэг 5,5 грамм хос 2.300.000 төгрөг, монетон ээмэг 7 хос, 350.000х7=2.450.000 төгрөг, монетон эмэгтэй бөгж 200.000х3=600.000 төгрөг, монетон эрэгтэй бөгж 350.000х1=350.000 төгрөг, монетон гинж цул бүдүүн 210.000х2=420.000 төгрөг, монетон кулон цул 250.000х2=500.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 325.000х8=2.600.000 төгрөг, эрэгтэй дээлийн товч 150.000 төгрөг, нийт 9.370.000 төгрөгийн хөрөнгийг барьцаанд бариулсан, үүнээс зээл 2.200.000 төгрөг, 1 сарын хүү 198.000 төгрөг бүгд 2.398.000 төгрөгийг хасаад үлдэх 6.972.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчийн төлөөлөгч “барьцааны алт монетон эдлэлийг тухайн үеийн ханшаар жинлэж аваад зарахдаа мөн үеийн ханшаар жинлэж зарсан. Нүд булаах шинэ гоё ээмэг байгаагүй, мөнгөн аяганууд нь их гарын аяга байгаагүй, хамгийн сүүлд 2016 онд зарж борлуулсан. Д.Гэрэлийн надад төлөх мөнгө 3.696.000 төгрөг болсон байсан. Гэтэл эд зүйлс нь дээрхи үнэнд хүрэлгүй би 800.000 төгрөгөөр хохирсон” гэж маргадаг.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т худалдаж борлуулсан барьцааны эд хөрөнгийн үнийн дүнгээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хасч тооцохоор заасан.
Хариуцагч нэхэмжлэгчид барьцаалан зээлдэх журмаар 2.200.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 198.000 төгрөгийн хүүтэй зээлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Зохигчийн бичгээр байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан тул барьцаалдан зээлдэх газар хүү авах, алданги тооцох эрхтэй ба зохигч нэг сарын хугацаанд хүү төлөхөөр гэрээ байгуулсан тул үндсэн зээл 2.200.000 төгрөг, хүү 198.000 төгрөг, мөн үүрэг гүйцэтгэх байсан 2014 оны 02 сарын 08-наас нэхэмжлэгч Б.Гэрэлийн “2014 оны 05 сарын 20-ны үед миний юмыг зарчихсан гэж байсан” гэх хугацаа хүртэлх алданги 1.100.000 төгрөг, нийт 3.498.000 төгрөг төлөх үүрэг нэхэмжлэгч хүлээж байжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “Үндсэн зээл 2.200.000 төгрөг, 2 сарын хүү 396.000 төгрөг, алданги 1.100.000 төгрөг нийт 3.696.000 төгрөг болсон байсан. Гэтэл эд зүйлс нь дээрхи үнэнд хүрэлгүй харин ч би 800.000 төгрөгөөр хохирсон”, “2200000 төгрөг дээр 12 сарын хүү нэмж тооцоход л зарсан зүйлийн үнэнээс 800.000 төгрөгийн алдагдал би хүлээсэн” гэсэн тайлбараас тооцоход хариуцагч барьцааны зүйлийг 2.896.000 төгрөгөөр /3.696.000-800.000/ худалдаж борлуулсан байх боломжтой ба үүнээс үзэхэд хариуцагч барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийн бүрэн хангуулсан гэж үзэхээргүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч “гэрээний хүү болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа эд зүйлсийг худалдан борлуулах эрх ломбардад үүснэ гэдгийг нэхэмжлэгч Д.Гэрэл зөвшөөрч тухайн гэрээнд гарын үсэг зурсан” гэж тайлбарладаг боловч Д.Гэрэлийн барьцаанд бариулсан бүх хөрөнгийг худалдаж борлуулахаа зээлдэгч Д.Гэрэлд бичгээр мэдэгдээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. Хариуцагч “Булганхайрхан баян хангал” барьцаалан зээлдэх газар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 159 дүгээр зүйлд заасныг зөрчсөн учир нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үндэслэл тогтоогддог боловч нэхэмжлэгч Б.Гэрэл нь барьцаанд бариулсан эд зүйлээ 9.370.000 төгрөгийн үнэтэй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй учир барьцааны зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулснаас үлдсэн мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд барьцааны зүйлийг биетээр нь гаргуулах эсхүл барьцааны зүйлийг худалдаж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг хангуулж үлдсэн мөнгө болох 6.972.000 төгрөгийг “Булган хайрхан баян хангал” барьцаалан зээлдэх газраас гаргуулах нэхэмжлэгч Б.Гэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т зааснаар хариуцагч “Булган хайрхан баян хангал” ЗГБХ хоршооноос эд зүйл эсхүл 6.972.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Гэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.502 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА