Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Төрийн банкны нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00728 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарт холбогдох,

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 11.780.359, 88 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С.Лхагвын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Б.Бат-Орших, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхамхүү овогтой Санжаасүрэн нь 2014 оны 04 сарын 15-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс № 3405/134 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөг жилийн 24% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ,17-р баг, Эрдэнэ, туул 10 гудамж, 1 тоот 60.7 мкв хувийн сууц, 794 мкв газрын хамт, N155311 Х-ТгаП суудлын автомашин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан. Хариуцагч Л.Санжаасүрэн нь 3405/134 дугаар Зээлийн гэрээ-ний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийлгүй, үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Төрийн банкны зүгээс 3405/134 дугаар Зээлийн гэрээ-ний 6.2.3 дахь заалт буюу энэ Гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч өдийг хүртэл зээлээ төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй ноцтой зөрчил гаргасан. Ийм учраас 3405/134 дугаар Зээлийн гэрээ-ний 4.1.8, 6.2.1, болон 4.1.9 дэх заалтуудыг үндэслэн Лхамхүү овогтой Санжаасүрэн, С.Лхагва нараас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 8,475,599.35 төгрөг, зээлийн хүү 3,061,662.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,597.80 төгрөг, нотариатын хөлс 8500 төгрөг, нийт 11,780,359.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00728 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 11 780 359,88 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож,

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх нийт 11 780 359,88 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 10 дугаар гудамжны 01 тоотод байрлах 60,7 мкв Ү2101015492 улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин, дээрх хаягт байрлах 794 м,кв Г-2101010441 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарын барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203 437,75 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 203 437,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Лхагва давж заалдсан гомдолдоо: 3ээлийн гэрээний хугацаа нь 2017.04.15-ны өдөр дууссан ба өмнө нь Төрийн банк энэ талаар нэхэмжлэл гаргаж байсан болно. Зээлийн үндсэн төлбөр 8 475 599 35 төгрөг, зээлийн хүү 3 061 662 73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234 597 80 төгрөг, нотариатын төлбөр 8500 төгрөг, нийт 11 780 359 88 төгрөгийг Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас гаргуулан Төрийн банкинд олгохоор шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “14 хоногийн дотор тайлбараа өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцож, 100.3-т зааснаар шийдэж болох талаар заасан боловч уг хуулийн 100 дугаар зүйлийн 100:3-т зааснаар бол хариуцагчийг байхгуйд хэргийг шийдвэрлэхдээ “шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг хэрэглэсэнгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”

Энэхүү зээлийн төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүү нь яаж бодоод ямар учраас ямар эрийн актын үндсэн дээр 11 780 359 88 төгрөг болж байгааг харуулсан тооцоо баримтыг банкнаас гаргаж өгөөгүй байтал нэхэмжлэгч тайлбараа өгөөгүй гэдгийг үндэслэн шууд шийдэж байгаа нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д “энэ хуулийн 38. 6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлд тус тус хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төрийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Төрийн банк хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн гүйцэтгээгүй үүрэг 11.780.359 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3405/134 тоот гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нар Төрийн банктай 2014 оны 04 дүгээр  сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 0,2 хувийн хүүтэй зээлж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө барьцаалсан байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, үндсэн зээлээс 11.524.400 төгрөг, хүүнд 6.675.844 төгрөг, төлж үлдэгдэл 8.475.599 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Төрийн банк хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээл 8.475.599 төгрөг, хүү 3.061.662 төгрөг нэмэгдсэн хүү 234.597 төгрөг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн хариуцагч нараас 11.780.359,88 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Банкны зээлийн төлбөр хүү тооцсон тооцоо хавтаст хэргийн 22 дахь хуудсанд авагдсан байх тул 11.780.359 төгрөг болж байгааг харуулах тооцоог банкнаас гаргаж өгөөгүй гэсэн хариуцагч С.Лхагвын гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Лхагвын шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Лхагвын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.438 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ