Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00651/И |
Дугаар | 00153 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00153
П.Энхтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00810 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: П.Энхтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө.Батцэнгэлд холбогдох
“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 12.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ө.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч П.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Энхтуяа миний бие өөрийн танил Батцэнгэлд төрсөн эгч Ганчимэгээс гуйж 4 000 000 төгрөгийг мөн эгчийн найз болох Алтантуяагаас 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй хүүтэйгээр 2014 оны 08 дугаар сард зээлж өгсөн. Гэвч Батцэнгэл нь өдий хүртэл үндсэн мөнгө болон хүүний төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй, түүгээр ч барахгүй Алтантуяагаас авч өгсөн 2 000 000 төгрөгийн хүү болох 6 400 000 төгрөгийг эгч бид 2 өөрсдөө Батцэнгэлийн өмнөөс өдийг хүртэл төлсөн. Батцэнгэлд зээлдүүлсэн үндсэн мөнгө 6 000 000 төгрөг, Алтантуяад төлсөн хүүний 6 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг биднээс гарсан. Үүнд миний эгч Ганчимэгээс авсан 4 000 000 төгрөгний хүүг тооцон оруулаагүй болно. Өнгөрсөн хугацаанд Батцэнгэлтэй олон удаа удаа дараа уулзсан боловч хэд хоногийн дараа, ажлын мөнгө орж ирэхээр баараггүй өгнө, жаахан хүлээж байгаач гэх мэтээр удаа дараа худал хэлж хууран мэхэлсээр өдийг хүрлээ. Аргаа бараад 2016 оны 08 дугаар сарын 16-нд Ө.Батцэнгэлтэй уулзаж өөрсдийн үндсэн мөнгөө авья гэж баталгаа гаргуулж, тус мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-нд өгч дуусгана гэсэн бичиг хийж өгөөд өдийг хүртэл өгсөнгүй ээ. Иймд хариуцагч тал болох Ө.Батцэнгэлээс 12 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00810 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Батцэнгэлээс 12 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Энхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 213 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 213 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ө.Батцэнгэл давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх Ө.Батцэнгэл надаас үндсэн зээл 6.000.000 төгрөг, түүний хүү болох 6.400.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.Би иргэн П.Энхтуяагаас 6.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сард зээлж авсан бөгөөд амаар хүү авна, өгнө гэж байсан боловч бичгээр гэрээ хийгээгүй юм. Миний биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан би түүнд зээлж авсан мөнгөө өгч чадаагүй. Намайг шүүхэд өгөхөд би биеийн байдлаас болоод хариу тайлбар өгч чадаагүй. Гэтэл миний эзгүйд надаас 12.400.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүх талаас нь нарийн хянаж үзэж 6.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч П.Энхтуяа зээлийн гүйцэтгээгүй үүргийн дүн 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ө.Батцэнгэл 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, зохигчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч Ө.Батцэнгэл нэхэмжлэлийг хүлээн авч, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэхээр зохицуулагдсан ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийлгүйгээр хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч П.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж хариуцагч Ө.Батцэнгэлийн гарын үсэг бүхий 2014 оны 8 дугаар сард гурав хувааж 6.000.000 төгрөг авсан, нийт хүүтэй 10.000.000 төгрөг болсон, мөнгийг 50 хувь хувааж 2016-10-01 гэхэд барагдуулна гэх 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна
Дээрхи баримтанд хариуцагч Ө.Батцэнгэл 6.000.000 төгрөгийг хүүтэй авснаа хүлээн зөвшөөрч улмаар зээл, зээлийн хүү нийт 10.000.000 төгрөг төлөхөө бичгээр илэрхийлсэн байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч зээл, зээлийн хүү шаардах эрхтэй болно.
Хэрэгт авагдсан хариуцагч Ө.Батцэнгэлийн зээл, зээлийн хүү төлөх талаарх баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч зээл, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн хэдий ч тухайн зээлийн хугацаа, хүү, хүлээх хариуцлагын талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч П.Энхтуяагийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хариуцагч П.Батцэнгэлийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй өөрөөр хэлбэл хариуцагчаас зээлийн хүү гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэдийгээр хариуцагч Ө.Батцэнгэл шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ч шүүх цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагчид хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар мэдэгдэж байхыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00810 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ө.Батцэнгэлээс зээлийн гүйцэтгээгүй үүргийн дүн 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Энхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “...213.500 төгрөг...” гэснийг “...174.950 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ө.Батцэнгэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Б.ОЮУНЦЭЦЭГ