Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 00133

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Т.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүгдэгч О.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонбатын Энхболдод  холбогдох Эрүүгийн 201314000057 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт.

         1. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөг, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тосгон 4-9 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 01 сарын 15-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 06 сарын хорих, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 сарын 11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 06 сарын хорих, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 12 сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 06 сарын хорих, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Отгонбатын Энхболд /ФВ 93010318/.

                                 Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч О.Энхболд нь ялтай байхдаа орон байранд нэвтэрч 2016 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шугам сүлжээний 01-11 тоотод оршин суух Т.Ширмэнданхын байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайлж 790.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

              1. Шүүгдэгч О.Энхболд  шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэг өгсөн байгаа шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.   

          2.  Хохирогч Т.Ширмэнданхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2016 оны 05 сарын 28-ны өдөр Орхон аймагт ирээд байшиндаа ачаа буулгаад орой гэртээ хоносон. Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 05 сарын 31-ний өдөр над руу цагдаагийн байгууллагаас утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би мэдсэн. Манай гэрээс 40 инчийн Самсунг маркийн хар өнгийн ЛСД зурагт удирдлагын хамт алга болчихсон байсан. Бусад эд зүйл байшиндаа байсан. Би алдагдсан зурагт болон удирдлагаа эргүүлэн авсан. Надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р талд/

            3. Гэрч Ш.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 05 сарын 31-ний өглөө гэртээ унтаж байхад найз О.Энхболд гаднаас орж ирээд би гэрээсээ хөөгдчихлөө, чи зурагт бичиг баримтаараа тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Энхболдоос зурагт чинь хаана байгаа юм бэ? гээд хэний зурагт болох талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Энхболд чи надад зурагт тавиад өгчих би Орхон аймгаас явлаа гэж байсан. Энхболдын хамт Эрдэнэт булганы шугам сүлжээний ар талын хоолойноос хар өнгийн ЛСД дэлгэцтэй зурагт гаргаж ирээд алхаад хотын төв ороод БОЭТ-ийн урд явж байхад цагдаа ирээд барьсан  гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 талд/,

            4. Гэрч Ш.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 05 сарын 28-ны өдөр тавилга зөөж байхад Энхболдтой таараад хамт зөөсөн. Ширмэнданх ах надад 20 000 төгрөг өгөхөөр нь би 2 шил архи аваад Энхболдын хамт хувааж уусан. Түүнээс хойш Энхболдтой таараагүй, 2016 оны 05 сарын 28-ны орой Ширмэнданх ах Улаанбаатар хот явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 талд/

              5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 15-17, 21-24-р талд/

              6. О.Энхболдын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

              7. Найдвар-Од аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 127 дугаартай хуучин Самсунг ЛСД 2015 оны 09 сард 850 000 төгрөгөөр худалдаж авч байсан өнгө үзэмж сайн 1 ширхэг зурагт 790 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 86-р талд/ ,

            8. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 29-30-р тал/

            9. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч О.Энхболд нь 2016 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шугам сүлжээний 01-11 тоотод оршин суух Т.Ширмэнданхын байшингийн цонхоор нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ширмэнданх, гэрч  Ш.Баяраа, Ш.Баттулга нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч О.Энхболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэргийг нь шүүх харгалзан үзэж түүнд хорих ялыг сонгон хэрэглэж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Энхболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж эд мөрийн болон ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 108 хоног  цагдан хоригдсон байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Отгонбатын Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Энхболдыг  эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Энхболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Энхболдын цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    5. Шүүгдэгч О.Энхболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

          6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.