Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2016/0015/э |
Дугаар | 40 |
Огноо | 2016-07-22 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;
улсын яллагч: П.Даваасүрэн;
хохирогчийн өмгөөлөгч: Г.Сүхээ;
шүүгдэгч: Б.Баярцогт, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахай овогт Баатарчулууны Баярцогтод холбогдох эрүүгийн 201525022510 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ган сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны 08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШБ79050217 регистерийн дугаартай, Ахай овогт Баатарчулууны Баярцогт.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Баярцогт нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арслантай гүүр”-ийн зам дээр “машины зураг авлаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөж хохирогч И.Сонгуульбаярыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, танхайрах явцдаа хохирогч Сонгуульбаярын унаж явсан гэх авто машины зүүн хойд талын карланыг хонхойлгон эд хөрөнгөнд нь 180.000 төгрөгийн хохирол учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярцогт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын үед “Арслантай” гүүрний орчим 53-52 улсын дугаартай “Приус” маркийн автомашин урсгал сөрөөд автобустай мөргөлдөөд зогссон байсан. Гэтэл миний машины зургийг аваад байхаар нь би “устгачих” гэж гуйхад хохирогч нүүр рүү 2 удаа мөргөж, ам руу салаавч гаргаад гараа хийгээд байхаар нь уур хүрээд 2 удаа цохьсон. Мөн хохирогчийн машиныг цохьсон буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний биеийн байдал муу байсан. Хэргийг дахин шалгуулах хүсэлгүй байна. Намайг танхайн сэдэлтээр гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөв шийдэж өгөхийг хүсч байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Сонгуульбаяр /хх-ийн 14-17/, гэрч Д.Баатарчулуун /хх-ийн 18/, О.Нацаг-Ембүү /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16642 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, Б.Баярцогтын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/, Баярцогтын Иххөлгөний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/, Б.Баярцогтын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 36/, Б.Баярцогтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, “Бэст Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баярцогт нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, “Арслантай гүүр”-ийн зам дээр “миний машины зургийг авсан” хэмээн андуу ташаа ойлгож, түүгээрээ шалтаглан хэрүүл маргаан өдөөж, хохирогч И.Сонгуульбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, улмаар хохирогч И.Сонгуульбаярын 5253 УНК дугаартай автомашины зүүн хойд талын крылог гараараа цохиж хонхойлгон эд хөрөнгийг гэмтээсэн болох нь:
хохирогч И.Сонгуульбаярын /хх-ийн 14-17/: “…2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой “Арслантай” гүүрний зам дээр өөрийн эзэмшлийн 53-52 УНК улсын дугаартай “Приус” маркийн авто машинтай туслах замаас төв зам руу орох гээд явж байгаад автобусны хажуугаас мөргөчихсөн юм. Тухайн үед утсаар ярьсан даатгалын байцаагч “замын цагдаа дуудахад түгжрэл ихтэй мөд ирэхгүй, та зургийг нь дарж байгаарай” гэсэн юм. Тэгээд манай эхнэр зураг авч байтал төд удалгүй нэг үл таних залуу хүрч ирээд эхнэртэй маань маргалдаад байсан. Би тэгэхээр нь “чи яагаад эмэгтэй хүн рүү дайраад маргаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу манай эхнэрийг “утсаа аваад ир” гээд байсан. Би тэр залуутай “чамд яахаараа утсаа өгдөг юм бэ” гээд маргалдаад заамдалцсан. Тэгтэл тэр залуу намайг заамдаж байгаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд салаад эргээд хэрэлдэж байтал тэр залуу миний машины зүүн хойд крылог гараараа цохьчихоод машиндаа суугаад зугтаачихсан…” гэх мэдүүлэг,
гэрч О.Нацаг-Ембүүгийн /хх-ийн 19/: “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нөхөр И.Сонгуульбаярын хамт “Арслантай” гүүрний наад талд нөхрийнхөө 53-52 УНК улсын дугаартай “Приус 10” маркийн авто машинтай явж байсан. Гэтэл манай нөхрийн машиныг автобус шахаад шүргэчихсэн. Тэгээд даатгал дуудаад машинаасаа буугаад машиныхаа зургийг утсаараа дараад зогсож байтал “Приус” маркийн машинтай нэг залуу ирж зогсоод машин дотроосоо “зургаа устга” гэж хэлсэн. Би “чиний зураг байхгүй ээ, би өөрийнхөө машины зургийг дарж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу цаашаа яваад төд удалгүй машинаа байрлуулчихаад над дээр дөхөж ирээд “наад зургаа устга” гээд миний гарыг өчөөд утаснаас зулгаасан. Манай нөхөр И.Сонгуульбаяр ирээд “чи эмэгтэй хүн яаж байна” гээд тэр залуутай барьцалдаад авахад нөхрийн маань нүүр рүү нь гараараа цохиж, гуя руу нь өшиглөсөн. Намайг “боль” гээд салгахад тэр залуу манай машины баруун хойд талын крыло руу гараараа цохьчихоод яваад өгсөн…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Баярцогтын буруутай үйлдлын улмаас хохирогч И.Сонгуульбаярын биед “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16642 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 21/,
Хохирогч И.Сонгуульбаярын автомашинд 150.000 төгрөгийн өртөг бүхий эвдрэл учирсныг тогтоосон “Бэст Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 45/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Б.Баярцогтын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Б.Баярцогт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг илэрхий үл ойшоож өөрт нь огт хамааралгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөж, хохирогч И.Сонгуульбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хохирогчийн эд хөрөнгийг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул “хэргийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэх” гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Баярцогтыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн хохирогчийн байр суурийг шүүх хуралдаанд илэрхийлснийг тэмдэглэж байна. Энэ нь шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болов.
Шүүгдэгч Б.Баярцогтын хохирогчид учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлсөн 180.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 900005406 дугаар данснаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүхээс Б.Баярцогтод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж байна.
Шүүгдэгч Б.Баярцогт гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ахай овогт Баатарчулууны Баярцогтыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Баярцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Баярцогтын гэм хорын нөхөн төлбөрт төлсөн 180.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 900005406 дугаар данснаас гаргуулан хохирогч И.Сонгуульбаярт /РД:ХЙ84061716/ олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Баярцогтод оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгснөөс хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баярцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ