Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

       2022          01          21                                   2022/ШЦТ/128

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Алтансувд,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 21080200000000 тоот хэргийг 2022.01.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1963 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 00-000 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Ц овогт Б Ц нь хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам буюу Найрамдал зуслангаас зүүн зүгт байрлах ойгоос зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг ургаа Улиангар модыг тайрч бэлтгэсэн болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-5-11/,

- Гэрч Б.Мын /байгаль хамгаалагч/: “2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ууланд хөрөөн дуу гарах чимээ гарахаар нь шалгатал ургаа мод ихээр унагааж тайрч байгаа хүнтэй таарсан” гэх мэдүүлэг /хх-13/,

- Гэрч Б.Оын: “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам буюу Найрамдал зуслангаас зүүн зүгт байрлах ойн сан бүхий газраас дур мэдэн 26 ширхэг Улиангар модыг хөрөөдөж унагаасан байсан. Би өөрөө найрамдал хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч учир мод бэлтгэх зөвшөөрлийг би олгодог. Тухайн иргэн нь мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Харин модыг тайрах зөвшөөрөл аваагүй. Мод бэлтгэж авах үйл явцыг би тухайн үед маш сайн тайлбарлаж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-15, 87-89/,

- Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг /хх-18/,

- *******ийн мод тайрахдаа хэрэглэсэн хөрөөнд үзлэг хийсэн тэмдэг, гэрэл зураг /хх-39-40/,

- Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр олон улсын Найрамдал зуслангийн ойролцоох Е1064413N48050 солбицлын цэг бүхий газар нь Нийслэлийн ногоон бүс бөгөөд Ойн тухай хуулийн 8.1-д заасны дагуу хамгаалалтын бүсийн ойд хамаарч байна. Тухайн газарт тайрагдсан модны хожуулыг газар дээр нь тоолоход 26 ширхэг Улиангар гэх мод, 34 орчим настай, хуурай, 1,4-7,9 метрийн хэмжээтэй тайрсан байна. Дээрх тайрагдсан моднууд нь ургаа хатсан мод байсан. Нэг шоо метр бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ 168655 төгрөг, нийт модны экологи-эдийн засгий үнэлгээ нь 2м3 х 1х 168655 төгрөг = 337310 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-63-68/,

- Шинжээчийн: Иргэн *******ид олгосон мод бэлтгэх эрхийн бичгээр мод огтолж болохгүй, энэ зөвшөөрлөөр зөвхөн унасан мод, мөчир, гишүүг түүж түлээн зориулалтаар ашиглах учиртай. Харин босоо ургаа модыг ойн тухай хуулийн 33, 34.1-д заасны дагуу мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж гэрээ байгуулж, зөвшөөрөл авч, тусгаарлалт хийгдсэн талбайгаас зориулалтын дагуу мод бэлтгэх эрх үүснэ. Модыг, арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төрлөөр огтолно. Харин иргэн *******ид олгосон мод бэлтгэх эрхийн бичигт унанги мөчир, гишүү бэлтгэж болох тэмдэглээ хийгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-103-106/,

- Яллагдагч *******ийн: “Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлдээ гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй, би буруу зүйл хийсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь бол түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан, хууль тогтоомж мэдэхгүйгээсээ болоод тийм зүйл хийчихсэн” гэх мэдүүлэг /хх-116-117/ зэрэг баримтууд хамаарна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурьдсанаар ангилна: 5.1.1. хамгаалалтын бүсийн ой, 5.1.2 ашиглалтын бүсийн ой” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалтын бүсийн ойд зам, гүүр барих, эс, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Найрамдал зуслангийн ойролцоох ойд түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авснаа далимдуулан хамгаалалтын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 37310 төгрөгийн үнэ бүхий 26 тооны ургаа Улиангар модыг тайрч бэлтгэсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас төрд мөнгөн дүнгээр 337310 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1011930 төгрөг болсон нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /хх-63-68/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үгийн: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу Ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцож төлүүлэхээр заасан. Иймд байгаль орчинд учруулсан хохирол болох экологи эдийн засгийн үнэлгээ 337310 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлэхээр 1011930 төгрөгийн хохирлыг Нийслэлийн байгаль орчны газрын Төрийн сан банкны 100200000906 дугаартай дансанд хүү торгуулийн орлого гэсэн утгатайгаар шилжүүлнэ” гэх мэдүүлэг /хх-81, 96/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /хх-85/ тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн, урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх55-58/,

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялыг биечлэн эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002оны/ 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж төрд учруулсан хохирлоо хууль тогтоомжид заасан журмын дагуу 3 дахин нугалж төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хөрөө нь иргэн Ц.Гийн өмчлөлийнх ба Ц.Г нь тухайн хөрөөг гэмт хэрэг үйлдэхэд ашиглана гэдгийг мэдээгүй болох нь гэрч Ц.Гийн мэдүүлэг /хх-91/, шүүгдэгч *******ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг хөрөөг хураан авах шаардлагагүй байна.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчтай тохиролцсон ял болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн хууль бусаар бэлтгэсэн 26 ширхэг Улиангар модыг цаашид тарьж ургуулах боломжгүй болсон нь шинжээчийн мэдүүлэг, гэрч Б.Оын мэдүүлэг /хх-86-89/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул уг 26 ширхэг модыг зөвшөөрөлтэйгээр бэлтгэсэн модны хамт нийт 100 ширхэг, 2 шоо метр модыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа *******ид хүлээлгэн өгөхийг тухайн модыг хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б Цийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Б Цид 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохиролд 1011000 төгрөг төлж барагдуулсан ба бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 100 ширхэг тайрсан мод буюу 2 шоо метр модыг *******ид хүлээлгэн өгч,  баримтыг шүүхэд ирүүлэхийг Хүрээлэн буй Байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст /дарга, цагдаагийн хурандаа Ц.Н/-д даалгасугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******ид мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хүрээлэн буй Байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ