Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2016/0107/э |
Дугаар | 112 |
Огноо | 2016-08-23 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Б.Батхишиг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Сарантуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
иргэдийн төлөөлөгч А.Түвшинсайхан,
улсын яллагч Б.Батхишиг,
шүүгдэгч М.Сүх-Очир, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзайхөвдүүд овогт Мөнхөөгийн Сүх-Очирт холбогдох эрүүгийн 2016 2501 0257 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Улаалзайхөвдүүд овогт Мөнхөөгийн Сүх-Очир, /РД:СЙ82040433/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Сүх-Очир нь согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Емералд” хотхоны зүүн талын хашаанд байрлах дулааны худаг дотор 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд хохирогч Т.Батнасантай /Т.Батнасан нь анх гороонд явсангүй маргааныг эхлүүлэн улмаар сэрээ барьж босч ирсэн/ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр модоор толгойн тус газар нь цохиж амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Сүх-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө палди Бат-Эрдэнэ, Оюунтуяа бид гурав Баянмонгол хороолол руу хог түүхээр явсан. Тэгээд Санрайз Таунаас буцаж ирээд захын хойд талд түүсэн хогоо тушаагаад 2 шил архи авч захын урд талын манаачийн байрны дэргэд архиа ууж байгаад палди Бат-Эрдэнэ явлаа тэрэгээ авна гээд явсан. Тэгээд Оюунтуяа бид дулааны худаг руу очиход амь хохирогч Батнасан, Бүрэнтөгс хоёр унтаж байсан. Бид дөвөр 10 цагийн үед зах руу явахдаа би түрүүлж явсан. Тэгсэн байцаа Домбоо буюу Эрдэнэбаатартай таарч ярилцаж байтал араас нөгөө дөрөв ирсэн. Заантай самбарын доор нэг шил архи уусан. Мөн би хойшоо явж хүмүүстэй нийлж нэг шил архи уучихаад ирэхэд Нямжав ах ирчихсэн 0.75 л архи задалсан байсан, энэ архиа ууж дуусаад салсан. Тэгсэн удалгүй Оюунтуяа нь Батнасанд 1.700 төгрөг өгөөд нэг шил архи захисан. Гэтэл 14 цаг өнгөрч байхад Батнасан согтуу ирээд хойно очоод хүнтэй нийлээд архи уучихлаа гэсэн. Үүнээс болж маргалдаад больсон. 15 цагийн үед даараад байна гээд Батнасан, Оюунтуяа бид гурав дулааны худаг руу очсон. Араас палди Бат-Эрдэнэ, байцаа Домбоо буюу Эрдэнэбаатар хоёр ирсэн. Тухайн үед нилээн халуун газар орчиж дуулсан. Тэгэхэд нэг яст мэлхийг зараад дахиад нэг шил архи болгоё гэж ярихад олдоогүй. Уг худгыг байнга Батнасан цэвэрлэдэг байсан болохоор Батнасанг яст мэлхийгээ юман дотор хийгээд хаячихсан юм биш үү гэтэл над руу “гороо түүхгүй, хог болон хоол унданд явдаггүй” гэж уурласан. Тэгсэн палди Бат-Эрдэнэ боль боль гээд цааш нь суулгасан чинь Батнасан “энэ муу дандаа олон юм ярьдаг” гээд сэрээ бариад босч ирсэн. Би арагшаа ухартал гишгүүр мод таарч мөр рүү нь цохих гэсэн боловч бултаад толгой руу нь цохиод цаашаа уначихсан. Энэ үед Бат-Эрдэнэ нь Батнасанг цаашаа суу гэсэн чинь босоод хальт булан руу сууснаа эргээд цаашаа очоод хэвтсэн. Тэгээд Бат-Эрдэнэ, байцаа Домбоо буюу Эрдэнэбаатар хоёр явлаа гээд гарсан. Харин амь хохирогчийн наагуур Оюунтуяа бид хоёр унтчихсан байсан. Нэг сэрэхэд гаднаас Бүрэнтөгс, Бат-Эрдэнэ хоёр нэг шил архитай орж ирээд ууж байтал араас нь байцаа Домбоо буюу Эрдэнэбаатар орж ирсэн. Тэгэхэд Батнасанг босгож 100 гр татуулъя гээд байцаа Домбоо буюу Эрдэнэбаатар татахад хариу үйлдэл байхгүй хурхираад байсан. Мөн бос гээд сэгсэрэхэд Батнасангийн хамарнаас цус гарч Оюунтуяа, байцаа Домбоо хоёр цусыг нь арчаад эргүүлээд хэвтүүлсэн. Тэгээд нөгөө архиа ууж дуусаад байж байтал Батнасан сонин болоод хамарнаас нь цус гарах нь арай их болчихсон байсан. Би түргэн дуудая гэхэд Бат-Эрдэнэ нь миний гар утас нэгжгүй гэсэн. Удалгүй Бат-Эрдэнэ, байцаа Домбоо хоёр гороо түүлээ гээд гарсан. Бүрэнтөгс, Оюунтуяа бид гурав гараад Баянмонгол хороолол, Кристал таунаар явж байгаад орой 22 цагийн үед ирэхэд Батнасан хэвтсэн хэвээрээ байсан. Батнасан буюу Бааска босч хоол ид гэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Мөн асаагуурын гэрэл тусгаад харахад ямар ч хөдөлгөөн байхгүй болчихсон байхаар нь би цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Өөр зүйлгүй гэв.
Шүүгдэгч М.Сүх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батнасан над руу уурлаад “чи муу гороо үүрдэггүй, хоолны юманд явдаггүй, бид нар гороо үүрч хоолонд явдаг” гэсэн. Бат-Эрдэнэ “та хоёр маргалдахаа боль” гэж хэлсэн чинь Батнасан хоолны сэрээ бариад над руу босоод ирэхээр нь би сандрахдаа гишгүүр модыг аваад айлгах санаатай Батнасангийн зүүн чамархайн магнай хэсэгт модоороо нэг удаа цохисон чинь Батнасан цаашаа газар унаад өгсөн. Палдий Батнасанг ийшээ бол гээд цаад булан руу татсан чинь Батнасан хальт суугаад цайшаа булан руугаа хэвтээд өгсөн. Тэгсэн Байцаадомбоо, Палдий хоёр гороо түүлээ гээд гараад явсан. Энэ үед 16 цагийн орчим л болж байсан байх гадаа гэгээтэй байсан. Оюунтуяа бид хоёр Батнасангийн наагуур хэвтээд өгсөн. Батнасан болохоор шууд хурхираад унтаад эхэлсэн, Оюунтуяа бид хоёр ч удалгүй унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь хүний хөлийн чимээ гараад байх шиг байхаар нь хартал Палдий, Бүрэнтөгс хоёр 1 шил 0.75 гр Найрсаг архи авчирсан байсныг нь Оюунтуяа бид 4 хувааж ууж байхад Байцаадомбоо гаднаас орж ирээд цугтаа архиа уусан. Байцаадомбоо Батнасанг босч нэг 100 тат гээд татсан чинь хариу үйлдэл үзүүлээгүй хурхираад байсан. Архи уугаад байж байтал Батнасангийн хурхирах нь бүүр ихсээд байхаар нь Байцаадомбоо талийгаачийн цээжийг нь дараад хүйтэн цайгаар шавшсан чинь амнаас нь цус гарахаар нь цусыг нь Оюунтуяа арчсан. Байцаадомбоо наадах чинь одоо сэргэнэ гээд уруу харуулаад хэвтүүлсэн. Жаал жуул юм яриад сууж байгаад асаагуурын гэрэл тусаагаад хартал цус нь бүүр их гараад хурхирах нь больчихсон байсан. Палдий, Байцаадомбоо хоёр явлаа гээд гараад явахад Бүрэнтөгс, Оюунтуяа бид гурав бас хувцасаа өмсөөд гарахад Батнасан тэндээ хэвтээд үлдсэн. Бүрэнтөгс, Оюунтуяа бид гурав гороо түүж байгаад шөнийн 23 цагийн орчим ирэхэд Батнасан бид нарыг явахад ямар байсан яг тэр хэвээрээ ямар ч хөдөлгөөнгүй, доошоо харсан хэвээрээ ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би өөрөө 102 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 77-84 дүгээр хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний дүү Батнасан нь 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Бид нар эхээс гурвуулаа бөгөөд том нь би, Батнасан бол 2 дахь хүүхэд байсан юм. Талийгаач маань бага насаа Улаангом суманд цэцэрлэг сургуульд явж байсан. Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд суралцаж байгаад хичээл сургуульдаа сонирхолгүй болохоор гадуур тэнэж байгаад 1-р ангиасаа сургуулиас гарсан. Аав Бадам бага байхад нас барсан, ээж Тогтуур 2005 онд нас барсан. Талийгаач маань ямар ч хүнтэй боловсон зөв харьцана, гэрийн ажил болон ямар нэг ажил хийхдээ нямбай цэвэрхэн хийчихдэг, гэрээс нэг их гараад байдаггүй. Надад тус дэм болоод ажил хийлцээд байдаг байсан. Ганц муу зуршил нь найз нөхөдтэйгөө нийлэхээрээ архи уучихдаг байсан. Хулгай хийгээд хоёр удаа шийтгүүлж байсан байх. 2005 онд Улаангом суманд хүн хутгалсан хэргээр шийтгүүлж Улаанбаатар хотод ял эдэлж байгаад 2014 онд суллагдаж гараад эхнэр хүүхэдтэй болсон гэж яриад Увс аймагт ирээгүй байсан. Талийгаач болон эхнэр гэх Цоомоотой нүүр тулж харьцаж байгаагүй, хааяа гар утсаар ярьдаг байсан. Хэрэг гарснаас хойш Цоомоотой ярихад Батнасан бид хоёр аль эрт больсон гэж байсан. Батнасан Улаанбаатар хотод өөрийн гэсэн гэр орон байдаггүй, найз нөхөд нь ямар хүмүүс байсан байгаа юм тэр хүмүүсийн гэр орноор орж гарч байсан байх. Миний хувьд дүү маань ямар шалтгааны улмаас нас барсан талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 122-127, 146-151 дүгээр хуудас/,
Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Яст мэлхий хаячихлаа гээд Сүх-Очир талийгаач руу уурлаад маргалдаад байсан, бид гурваас өөр хүн байгаагүй. Би нэлээн согтуу байсан болохоор зарим юм аа санахгүй байна. Нэг мэдсэн Бүрэнтөгс, Палдий буюу Бат-Эрдэнэ, Байцаадомбоо гурав 1 шил 0.75 литрийн архитай орж ирэхэд Сүх-Очир, бид хоёр унтдаг газраа унтаж байгаад босоход талийгаач өөрийнхөө унтдаг газраа буюу траншейны урд хэсэгт хэвтэж байсан. Хэн нь ч билээдээ Батнасанг босгож 100 татуулъя гэсэн чинь Сүх-Очир наадах чинь надад модоор нэг хусуулж аваад хэвтээд өгсөн, унтаг унтаг гэж хэлсэн. Бид 5 архиа ууж дуусгаад Бүрэнтөгс, Сүх-Очир бид гурав идэх юм олохоор гарсан, талийгаач Батнасан босоогүй үлдсэн, Палдий буюу Бат-Эрдэнэ, Байцаадомбоо хоёр юм яриад суугаад үлдсэн. Сүх-Очир, Бүрэнтөгс бид гурвыг 23 цагийн үед буцаж ирэхэд Батнасан бид нарыг гарахад хэвтэж байсан чигээрээ байсан. Батнасанг босгож халуун хоол идүүлэх гээд хэн нь билээ дээ татсан чинь босохгүй, асаагуурын гэрэл тусаад хартал ам нь нил цус болчихсон байсан. Тэгээд Сүх-Очир Бүрэнтөгс хоёр цагдаа дуудсан. Сүх-Очир талийгаач хоёр гороо түүж явж байгаад танилцсан, 08 дугаар сараас манай траншейд цуг амьдарсан Хоорондоо согтуудаа маргалдаж муудалцаж байдаг гэхдээ бие биеээ цохиж, зодож байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүх-Очир Оюунтуяа бид гурав зах дээр нэг шил 0.75 литрийн Найрсаг нэртэй архи хувааж уугаад салаад явцгаасан. Би зах дээр тэрэг түрж байгаад найзтайгаа 2 шил архи хувааж уугаад салсан. 16 цаг өнгөрч байхад нэг шил 0.75 литрийн Найрсаг архи аваад Байцаадомбоотой таараад цугтаа Сүх-Очирын траншей руу очиход талийгаач Батнасан, Сүх-очир, Оюунтуяа нар согтуу байсан. Архиа тойруулж ууж дуусаад Батнасан, Сүх-Очир хоёр хоорондоо маргалдаад Батнасан босоод иртэл Сүх-Очир Батнасанг траншей руу ороход гишгиж ордог модоор толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход Батнасан газар унаад, цаашаа мөлхөөд өөрийнхөө хэвтдэг булан руу очоод хэвтсэн. Тэгээд Байцаадомбоо, бид хоёр гороо түүж Сүх-Очир, Оюунтуяа талийгаач гурав траншейндаа хэвтээд үлдсэн. Байцаадомбоо Бүрэнтөгс бид 3 дэлгүүрээс Найрсаг нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад Байцаадомбо би тамхи түүгээд оръё гээд үлдсэн Бүрэнтөгс бид хоёр түрүүлээд траншей руу 00 цагийн үед ороход Оюунтуяа, Сүх-Очир, талийгаач нар бүгд хэвтчихсэн байсан. Талийгаач цохиулж унаад мөлхөж очоод хэвтсэн буландаа хэвтэж байсан. Сүх-Очир, Оюунтуяа хоёр наана нь хэвтэж байгаад босоод, Бүрэнтөгс бид 4 архи задлаад ууж байтал араас Байцаадомбоо тамхи түүгээд орж ирээд архи цугтаа ууцгаасан. Байцаадомбоо, Сүх-Очир, Бүрэнтөгс бид нар хоолонд явцгааж буцаж ирэхэд Батнасан анх Сүх-Очирт цохиулаад мөлхөж очоод хэвтсэн чигээрээ хэвтэж байсан. Бүрэнтөгс Батнасанг энэ муудчихсан байна гээд асаагуурын гэрэл тусгаад харсан чинь хамар, амнаас нь цус гарчихсан, хөдлөхгүй байсан. Бүрэнтөгс намайг утсаа өгчих эмнэлэг дуудъя гэж хэлэхээр нь би нэгж байхгүй, би явлаа гээд Байцаадомбоог аваад гараад явсан. Бүрэнтөгс, Сүх-Очир, Оюунтуяа, талийгаач нар үлдсэн. Талийгаач Сүх-Очирыг чи гарч юм үүрэхгүй гороо түүхгүй байна гэж маргалдаж байсан. Өөр юунаас болж маргасныг нь би санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹228 актад:
1. Талийгаачийн цогцост их тархины баруун зулай, дух, чамархайн хэсгийн цусан хураа 0-12 цаг /20x15хЗсм, 150гр/, гавлын дух ясны баруун хажуу хэсгээс суурь яс, баруун чамархай ясруу салаалсан хугарал, хуйханд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Талийгаачийн цогцост их тархины баруун зулай, дух, чамархайн хэсгийн цусан хураа 0-12 цаг /20х15хЗсм, 150гр/, гавлын дух ясны баруун хажуу хэсгээс суурь яс, баруун чамархай ясруу салаалсан хугарал, хуйханд цус хуралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаачид учирсан дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу нас барахаас өмнө 12 цаг дотор үүсгэгдэх боломжтой байгаа нь эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна.
5. 6. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,7 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.
7. Талийгаач нь АВО системээр О I бүлгийн цустай байна.
8. Талийгаач нь их тархины баруун зулай, дух, чамархайн хэсгийн цусан хураа 0-12 цаг /20х15хЗсм, 150гр/ гавлын дух ясны баруун хажуу хэсгээс суурь яс, баруун чамархай ясруу салаалсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт. /хх 48-50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹819 дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн 2 ш өмд, хар саарал өмд, дотоож, жинсэн өмдөнд ханзархай, цоорхой, гогодсон уранхай, сэмэрсэн уранхай гарсан байна. Бусад хувцас уранхайгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өмдөнд гарсан гогодсон уранхай, саарал өмдөнд /зураг №13/ гарсан гогодсон уранхай, жинсэн өмдний зүүн хажуу талд гарсан /зураг №22/ гогодсон уранхай шинээр гарсан, бусад ханзархай, гогодсон уранхай, цоорхой, сэмэрсэн уранхайн хуучин эдэлгээний явцад гарсан байна. Дээрх ханзархай, цоорхой, гогодсон уранхай, сэмэрсэн уранхай ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹818 дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан даавуунд зүсэгдсэн уранхай хуучин эдэлгээний явцад гарсан, модонд цууралт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна гэх дүгнэлт /хх 62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹02/143 дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Папилон санд 2016-ЦОГЦ-БЗД гэж кодлон оруулж автомат хайлт хийж үзэхэд санд МN004810002756 Тогтуур овогтой Батнасан, ММ003220002710 Тогтвор овогтой Батнасан, МN000310020473 Бадам овогтой Батхуягийн гарын хээний дардастай тохирч байна гэх дүгнэлт /хх 71 дүгээр хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №409 дүгнэлтэд:
1. М.Сүх-Очир нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
2. М.Сүх-Очир нь одоо өөрийнхөө үйлдлийг ойлгож өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. М.Сүх-Очир нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх 130 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх дугаар 6-14 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-20 дугаар хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-24 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 87 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Сүх-Очир нь согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Емералд” хотхоны зүүн талын хашаанд байрлах дулааны худаг дотор 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд хохирогч Т.Батнасантай /Т.Батнасан нь анх гороонд явсангүй маргааныг эхлүүлэн улмаар сэрээ барьж босч ирсэн/ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр модоор толгойн тус газар нь цохиж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Сүх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батнасан хоолны сэрээ бариад над руу босоод ирэхээр нь би сандрахдаа гишгүүр модыг аваад айлгах санаатай Батнасангийн зүүн чамархайн магнай хэсэгт модоороо нэг удаа цохисон чинь Батнасан цаашаа газар унаад өгсөн. Батнасан бид нарыг явахад ямар байсан яг тэр хэвээрээ ямар ч хөдөлгөөнгүй, доошоо харсан хэвээрээ ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би өөрөө 102 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Яст мэлхий хаячихлаа гээд Сүх-Очир талийгаач руу уурлаад маргалдаад байсан. Сүх-Очир наадах чинь надад модоор нэг хусуулж аваад хэвтээд өгсөн, унтаг унтаг гэж хэлсэн. Тэгээд Сүх-Очир Бүрэнтөгс хоёр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батнасан, Сүх-Очир хоёр хоорондоо маргалдаад Батнасан босоод иртэл Сүх-Очир Батнасанг траншей руу ороход гишгиж ордог модоор толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход Батнасан газар унаад, цаашаа мөлхөөд өөрийнхөө хэвтдэг булан руу очоод хэвтсэн. Орой буцаж ирэхэд талийгаач цохиулж унаад мөлхөж очоод хэвтсэн буландаа хэвтэж байсан. Асаагуурын гэрэл тусгаад харсан чинь хамар, амнаас нь цус гарчихсан, хөдлөхгүй байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Сүх-Очирт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч М.Сүх-Очирт ял оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэний хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилж өөрөө цагдаагийн байгууллагад хандсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай сэрээ, 141 см урттай мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Сүх-Очирын цагдан хоригдсон 213 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулах тооцож, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.