Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00979

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 419 дүгээр магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Хт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь иргэн Н.Хтай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дугаар ЗГ-17091801 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр Н.Хт 5 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, нэг сард 6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хавсралтаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17091801 тоот “Фидуцийн гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн болно. “Фидуцийн гэрээ”-гээр Тоёота приус-20 маркийн 24-91 УНВ улсын дугаартай, суудлын зориулалттай, цайвар ногоон өнгийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч Н.Х нь үндсэн зээл, зээлийн хүүг 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сар бүрийн графикийн дагуу төлж дуусгах үүрэгтэй байсан.

Гэтэл зээлдэгч Н.Х зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Н.Хаас зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 1 675 000 төгрөг, зээлийн гэрээний 2.1 дэх заалтад зааснаар зээлдүүлсэн зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 2 500 000 төгрөг, нийт 6 675 000 төгрөгийг Н.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “А” ХХК-тай ЗГ-17091801 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг тухай бүр хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны төлөлтийг төлөлгүй 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг бүгдийг төлж дуусгах талаар ярилцаад, үндсэн зээл 2 499 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын зээлийн хүү 300 000 төгрөг, нийт 2 799 000 төгрөгийг төлөх гэтэл компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөр 2 499 000 төгрөг, хүү 450 000 төгрөг, алданги 375 000 төгрөг, нийт 3 324 000 төгрөг төлөхийг шаардсан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний заалтыг зөрчиж, үндэслэлгүй өндөр төлбөр нэхэж байсан учир төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд алдаатай, буруу бодсон нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 198 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 476 995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82 118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 419 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Н.Х нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр “А” ХХК-тай ЗГ-17091801 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг тухай бүр хийж байсан. 2018 оны 1 сарын 16-ны төлөлтийг төлөлгүй, 2018 оны 2 сарын 16-нд “А” ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг бүгдийг төлж дуусгах талаар ярилцаад үндэс зээл 2 499 000 төгрөг, 2017 оны 12 сарын 17-ны өдрөөс 2018 оны 2 сарын 15-ны өдөр хүртэлх 2 сарын зээлийн хүү 300 000 төгрөг, нийт 2 799 000 төгрөгийг төлөх гэтэл компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөр 2 499 000 төгрөг, хүү 450 000 төгрөг, алданги 375 000 төгрөг, нийт 3 324 000 төгрөгийг төлөхийг шаардсан. Компанийн ажилтанд зээлийн дүнгийн талаар буруу бодож байгааг удаа дараа тайлбарласан боловч манай компани зээлийн эргэн төлөлтийг ингэж боддог гэх тайлбарыг хэлсээр тухайн өдрөө тохиролцоонд хүрч чадаагүй.

Дахин 2018 оны 3 сарын 17-нд зээлийн хугацаа дуусах өдөр “А” ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг төлж дуусгах талаар ярилцаад үндэс зээл 2 499 000 төгрөг, 2017 оны 12 сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 сарын 17-ны өдөр хүртэлх 3 сарын зээлийн хүү 449 820 төгрөг, нийт 2 948 820 төгрөгийг төлөх гэтэл компанийн ажилчид дахин хүлээж аваагүй. Учир нь үндсэн зээл, хүү, алданги гээд 5 сая гаран төгрөг Н.Хаас нэхсэн. Зээлийн төлбөрт 2 948 820 төгрөгийг төлөх гээд мөнгөө өгөхөөр ажилтнууд нь авдаггүй, дансанд нь тушаах гэхээр зээлийн гэрээнд данс бичээгүй, мөн ажилтнууд нь дансаа хэлдэггүй нөхцөл байдал үүсч, зээлийн төлбөрийг төлж чадаагүй.

Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 тоот шийдвэрээр зээлийн төлбөрт 2 498 814 төгрөг, хүүнд 449 784 төгрөг, алдангид 1 249 407 төгрөг, нийт 4 198 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагчийн хувьд 00173 тоот шийдвэрийн үндсэн төлбөр 2 498 814 төгрөг, хүүнд 449 784 төгрөг, нийт 2 948 598 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг бүрэн зөвшөөрч, харин алданги 1 249 407 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа анз төлдөг. Харин Н.Х нь үүргээ гүйцэтгэх гэхээр үүрэг гүйцэтгүүлэгч тал уг үүргийг хүлээж авахаас удаа дараа татгалзсан, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр баталж, мөн хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргасан 2017 оны 9 сарын 18-ны өдөр “А” ХХК-тай байгуулсан ЗГ-17091801 тоот “Зээлийн гэрээ”-ний хуулбараас төлбөр төлөх данс байхгүй нь төлбөрийг зөвхөн бэлнээр төлөх заалт байгаа нь тодорхой харагдаж байх бөгөөд эдгээр нь хариуцагчийн тайлбарыг давхар нотолж байгаа. Ийм байхад үүнийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн алданги шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх асуудлыг удаа дараа тайлбарлаж хэлж байхад 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 00173 тоот шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй байна.

Иймд 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 00173 тоот шүүхийн шийдвэрийн алдангид тооцсон 1 249 407 төгрөгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Алтан гургуул” ХХК нь Н.Хт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 6 675 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтын баримтлан хариуцагчаас 4 198 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 476 995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуулийн зүйлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй, анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий засч чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна. Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-гээр тус компанийн Найз ломбардаас иргэн Н.Хт 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн, “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 24-91 УНВ улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр “Фидуцийн гэрээ” байгуулсан байна.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 2 дугаар бүлэгт хамаарах Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хуулийн зохицуулалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн нь мөн л талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан, гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсноор холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.

Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар зээлдэгчид барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон гэж үзнэ.

Иргэний хуулийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэж, мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах эрхтэй байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн автомашиныг “Фидуцын гэрээ”-гээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “Фидуцын гэрээ”-ний талаар маргаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна.

Иймд зээлдэгчээр төлөх ёстой зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл төлбөрийг хариуцуулах нь зүйтэй.

Зохигч зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөгдөөгүй 3 сарын хүүгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тооцоолол зөв.

Харин алдангийг тооцохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй этгээд Иргэний хуульд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд төлбөрөө төлөхийг зээлдэгчид мэдэгдснээс хойш 10 хоног зээлдэгчид төлбөрөө төлөх боломж олгоно, энэ хугацаанд алданги тооцох эрхтэй гэж үзнэ.

Алдангийг тохирсон гэрээний заалт хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч талууд алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул хуульд заасан хугацааны алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, харин алдангийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаалуулсан эсэх нь алданги тооцоход саад болохгүй.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2 498 814 төгрөг дээр үлдэгдэл 3 сарын хүү 449 786 төгрөгийг нэмэхэд нийт 2 948 600 төгрөг гүйцэтгээгүй үүрэг байна. Үүнээс алдангийг хоногийн 0.5%-иар, 10 хоногоор тооцож үндсэн үүрэг дээр нэмж нийт 3 096 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 419 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 286.2., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Н.Хаас 3 096 450 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...57.1.” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.” гэж нэмж, “...82 118...” гэснийг “...64 493...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гомдлын заримыг хангасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД