Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 26

 

Г.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 788 дугаар магадлалтай, 201525020255 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Буу овогт Ганчулууны Гантулга нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Гантулгыг давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгаас 5.400.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Батгарьдад олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 162 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Г.Гантулгыг нэн даруй суллаж, Төрийн банкны төрийн сангийн 900005406 тоот данснаас 5.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Батгарьдад олгохоор шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.Гантулга нь автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн ч гэсэн Альфа марал ХХК-тай хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, улмаар 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний төлбөр болох 2.160.000 төгрөгийг төлж барагдуулсан... Энэ тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг агуулаагүй, харин ч иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Г.Гантулгад 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хохирогч Г.Ганзоригийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан хохирогч гэх статусыг хангахгүй байна. Хууль зүйн талаас хохирсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн байхад түүний эрх зүйн байдлыг дордуулан хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Р.Батгарьд, шүүгдэгч Г.Гантулга нар нь эрх зүйн харилцааны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан бөгөөд хохирогч нь 6.7 сая төгрөг зээлүүлэхдээ 2 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Шүүгдэгчийн хүсэлтээр зээл олгохдоо барьцаанд нь автомашин авсан үйлдлийн хувьд анхнаасаа хуурч мэхлэх аргаар залилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрээний хугацаанд хүүд тооцон 1.300.000 төгрөг төлсөн бөгөөд зээлийг төлөх баталгаа болсон барьцааны эд хөрөнгийг шүүгдэгч Г.Гантулга хуурамч бичиг баримт үйлдэн үрэгдүүлсэн гэж үзэж болохоор байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь хохирогч Р.Батгарьд барьцааны хөрөнгө болох 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестер, 25-60 УБИ улсын дугаартай Хьюндай Соната-5 маркийн автомашинуудыг шүүгдэгч Г.Гантулгад итгэмжлэн хариуцуулж эзэмшил ашиглалтад нь өгч, унаж явах боломжыг хангасан байна. Нөгөө талаар шүүгдэгч Г.Гантулга нь Р.Батгарьдад эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө болон барьцааны хөрөнгийг шүүгдэгч өөрийн нэр дээр болгохоос өмнө 1.300.000 төгрөг төлсөн байх бөгөөд 5.400.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээнд тооцогдохоор байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт болгох үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхдээ 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашин, мөн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашиныг тус тус нэр дээр нь шилжүүлж, улмаар 2015 оны 8 дугаар сарын сүүлчээр барьцаанд байсан “Hyundai Sonota-5” загварын автомашиныг “ах хөдөө явсан, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Б.Энхтайванд худалдсан,

мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэн барьцаанд байсан 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Альфа марал” ХХК-д барьцаалан 1.500.000 төгрөгийн зээл авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр буюу иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, “Альфа марал” ХХК-иас 1.500.000 төгрөгийг залилан авч, нийт 8.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Гантулгын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг хохирогч Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, “Альфа марал” ХХК-аас 1.500.000 төгрөгийг тус тус залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “давтан” шинжээр хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын ““Альфа Марал” ХХК-тай хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг агуулаагүй, ... хохирогч Р.Батгарьд, шүүгдэгч Г.Гантулга нар нь иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, ... 5.400.000 төгрөгийг /бага бус хэмжээ/ итгэл эвдэх аргаар залилсан гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт болгох үндэслэлтэй” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч Р.Батгарьд нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж Г.Гантулга нь хуурамч баримт үйлдэн зээлийн барьцаанд тавьсан “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, өөр авто ломбардад зээлийн барьцаанд тавьж мөнгө зээлсэн, мөн зээлийн барьцаанд тавьсан “Хьюндай” загварын автомашиныг бусдад худалдсан талаар гомдол гаргасны дагуу Г.Гантулгад 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст анх өгсөн тайлбар болон 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ /хх-62/ хохирогч Р.Батгарьдын нэр дээр шилжүүлж зээлийн барьцаанд тавьсан “Subaru Forester” загварын автомашиныг хуурамч баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар “Альфа марал” ХХК-нд барьцаалж зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн Г.Гантулга нь мөрдөн байцаалтын шатанд уг автомашиныг бусдад шилжүүлж болохгүйг мэдсээр атлаа 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Л.Батсайханд худалдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж барьцаанд тавьсан автомашинаа зээлийн төлбөрт шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилгоор хуурамч баримт үйлдэн эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, улмаар уг автомашиныг барьцаалан бусдаас дахин зээл авахдаа уг эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг анхнаасаа хангах боломжгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар нуун далдалсан үйлдлүүд нь давтан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Гантулгад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, эсхүл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 788 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН