Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00028

 

Б.Нямтайваны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, хариуцагч Г.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 539 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Нямтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Оюунбаатарт холбогдох гэм хорын хохирол 1,535,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Нямтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Нямтайван нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хороонд өөрийн 79-20 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркын машинтай явж байх үед Классик авто засварын газарт ажилладаг Г.Оюунбаатар гэгч залуу Ланд 80 маркын машинаар ирж мөргөн зам тээврийн осол дээр тогтоосон актаар Г.Оюунбаатар нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж осол гаргасан болох нь тогтоогдсон. Миний бие машинаа засварлуулахад 1,500,000 төгрөгийн зардал гарсан. Мөн машин журмын хашаанд 7 хоног тавьж 35,000 төгрөгийн төлбөр гарсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан. Гэвч Оюунбаатар нь учруулсан гэм хороо сайн дураар арилгахгүй, засварын зардлыг гаргаж өгөхгүй байна. Би сард 670,000 төгрөгийн зээл банкинд төлдөг бөгөөд миний орлого олдог гол хэрэгсэл нь машин юм. Гэтэл машин засварт орох хугацаанд би олох ёстой байсан орлогоороо давхар хохироод үлдэж байгаа юм.

Иймд машин засварын зардал болон журмын хашааны төлбөр нийт 1,535,000 төгрөгийг Г.Оюунбаатараас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх, адил тоо, чанарын эд хөрөнгө өгөх, уг эд хөрөнгийг засварлах зэргээр учирсан хохирлыг мөнгөөр илэрхийлэн төлүүлнэ гэсэн байгаа. Энэ зохицуулалтуудаас харахад хариуцагч уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Оюунбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Нямтайваны Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 1,535,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь тухайн үед зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон боловч бодит хохирлоос илүү хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Тэр үед 2017 оны 02 дугаар сарын 14-нд үнэлгээний компани болох Итгэлт Эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгоход үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн нь 407,500 төгрөг гарсан. Иймээс иргэн Г.Оюунбаатар би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Г.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөрөнгийн үнэлгээ хийлгэж уг үнэлгээгээр 400 гаруй мянган төгрөгийн хохирол гарсныг төлнө гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй шүүхээр явна гэсэн. Би тухайн автомашинд учирсан бодит хохирлыг төлөхөөс биш тэр автомашиныг бүтэн будсан зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Би Б.Нямтайванд таны автомашиныг урд нь ямар байсан тэр хэвээр нь засч өгье гэхэд Мөнх-Очир гэдэг хүнээр бүтэн будаг хийлгэж засуулсан байсан. Би өөр засварчинд үзүүлэхэд засварын ажлын хөлс 200,000 төгрөг болохоор байна гэж байсан. Эд ангийн үнийг нь бол мэдэхгүй. Тийм учраас засварын ажлын хөлсөнд 200,000 төгрөг, эвдэрсэн эд ангийн хохиролд 407,500 төгрөг, журмын хашааны төлбөр 35,000 төгрөг, нийт 642,500 төгрөгийг Б.Нямтайванд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Оюунбаатараас 642,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунбаатараас 19,925 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 3,990 гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн депозит дансны хуулгаар 1 сая 500 мянган төгрөгийг засварчинд шилжүүлсэн эсэх, тухайн дансуудыг эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг бүрэн шалгахгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь Оюунбаатарын өөрийн эзэмшлийнх биш болох талаар хариуцагч тайлбарлаж байсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т зааснаар уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах зохицуулалттай байна. Гэтэл ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэхээр байхад машин эзэмшигчийг тогтоож, ингэснээр гэм хорыг хариуцах этгээдийг тодорхойлох талаар холбогдох баримт шаардлагатай болж байхад шүүх эрхээ хэрэгжүүлэхгүй бүрэн бус баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, нэхэмжлэгчид учирсан гэм хорыг бүрэн арилгуулах шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гэм хор учруулах үед жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшил, өмчлөлийнх болох талаар холбогдох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Нямтайван нь хариуцагч Г.Оюунбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 1,535,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Оюунбаатар  шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Г.Оюунбаатараас гэм хорын хохирол 642,500 төгрөг гаргуулж, үлдэх 892,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Г.Оюунбаатар зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Б.Нямтайваны жолоодож явсан 79-20 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинд гэм хор учруулсан болох нь тогтоогдсон, хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ч хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчид бодитойгоор учирсан хохирлыг төлөх ёстой.

Нэхэмжлэгч Б.Нямтайваны автомашины эвдрэл гэмтэлд 407,500 төгрөг, үйлчилгээний төлбөр 35,000 төгрөг нийт 442,500 төгрөгийн  хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх  автомашины засварын төлбөрийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 200,000 төгрөгөөр тооцож гаргасныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Нямтайван автомашины засварт  нийт 1,500,000 төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй, түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь  хуульд нийцсэн байна.

 Түүнчлэн  хариуцагч Г.Оюунбаатар өөрийн буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсан байх тул түүний жолоодож явсан автомашины эзэмшигч хэн болохыг тогтоох шаардлагагүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  539  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Т.ГАНБАТ