Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00133

 

ЕШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00531 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 642 дугаар магадлалтай,

ЕШ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2.320.465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Г.М- нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 77-79 УБТ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай нэр дээр шилжүүлж, унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж, 1.400.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Г.М- нь өнөөдрийг хүртэл зээл болон хүү, төлбөрөөс төлөөгүй. Иймд үндсэн зээл 1.400.000 төгрөг, үндсэн хүү 494.900 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 425.565 төгрөг, нийт 2.320.465 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Г.М- нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг зээлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээл авахдаа тус зээлээ төлж, зээлийг хааснаар үлдэгдэлгүй болсон. Барьцаа хөрөнгө болох автомашин нь 2012 оны гэрээнд анх барьцаалж өнөөдрийг хүртэл манай нэр дээр байгаа. 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1.400.000 төгрөгөө дуусгачихаад үргэлжлүүлэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.400.000 төгрөг хүлээн авч гэрээнд барьцаалсан. Иймд хариуцагч Г.М-ос зээлийн гэрээний үүрэгт нийт 2.320.465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан боловч өөр эх үүсвэрээс зээл бүрдсэн учраас зээлийг буцаагаад хийсэн. Буцааж шилжүүлсэн үйл баримт нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Зээлийг тэр дороо буцаагаад шилжүүлсэн болохоор зээлийн эргэн төлөлт гэж өнөөдрийг хүртэл огт хийгээгүй юм. Машинаа өөрөө унаж байсан учраас нэр дээр шилжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг нэхэмжлэлийг болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00531 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-ос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 320 465 төгрөг гаргуулах тухай ЕШ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 642 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-ос 2 320 465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЕШ ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЕШ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-ос улсын тэмдэгтийн хураамжид 52 077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЕШ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 077 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие ЕШ ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.400.000 төгрөгийг зээлэхээр болсон ба ЕШ ХХК дээрх мөнгийг миний Хаан банкны 5016408154 тоот данс руу мөн өдрөө шилжүүлсэн. Гэтэл тухайн үед надад мөнгөний хэрэг болоод байсан ч өөр эх үүсвэрээс мөнгө бүтсэн учраас ЕШ ХХК-аас шилжиж орж ирсэн 1.400.000 төгрөгийг тэр дор нь буцаагаад зээлээ хаав гэсэн утгаар шилжүүлсэн. Ингэхдээ 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан байсан 77-79 УБТ улсын дугаартай автомашины улсын дугаарыг бичиж зээл хаав гэсэн утгаар шилжүүлсэн бөгөөд энэ нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хааж тухайн зээлийг буцаан төлсөн болох нь гүйлгээний утгаас харагдах юм. Гэтэл ЕШ ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийг тэр дариу буцаан төлсөн төлөлтийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3.500.000 төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон авсан гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие урьд нь ЕШ ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг зээлж байсан бөгөөд тухайн зээлийг бүрэн төлж барагдуулсан. Энэ үед мөн л дээр дурдсан 77-79 УБТ улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авч байсан. Ингээд хоёр дах удаагаа буюу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ байгуулан дээрх автомашиныг дахин барьцаалж 1.400.000 төгрөгийн зээл авсан ч тэр дариу буцаан төлсөн. Хэрэв нэхэмжлэгч 2017 оны 1.400.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн төлөлтийг өмнөх буюу 2012 оны гэрээний үлдэгдлийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд үүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага зөвхөн 2017 оны 1.400.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбогдох шаардлага гарган талууд маргасан бөгөөд хэрэгт Г.Мөнхсолонгийн төлсөн 1.400.000 төгрөгийг өмнөх зээлд тооцон авах үндэслэлтэй буюу өмнөх зээлийн үлдэгдэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 1.400.000 төгрөг байсан талаарх баримт байхгүй байхад зөвхөн автомашиныг өмнөх барьцааны гэрээнээс суллан аваагүй явж байсныг үндэслэн өмнөх зээлийн төлөлт хийсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Өмнөх зээлийн харилцаа дуусгавар болсон ч миний бие анхнаасаа автомашиныг өөрөө эзэмшиж байсан учраас нэрийг өөртөө шилжүүлэн бүртгүүлж амжаагүй явсан юм. Мөн өмнөх зээлийн харилцаа дуусгавар болсон гэдэг нь өмнөх зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан автомашиныг барьцаанаас суллан шинээр байгуулсан гэрээгээр барьцаалсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл автомашиныг 2017 оны зээлийн гэрээний дагуу барьцаалж байгаа нь 2012 оны зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон учраас автомашиныг зээлийн барьцаанаас суллан шинээр байгуулагдсан гэрээгээр барьцаалсан болох нь харагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЕШ ХХК, Г.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.400.000 төгрөг, зээлийн хүү 494.900 төгрөг, алданги 425.565 төгрөг, нийт 2.320.465 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Анхан шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч ЕШ ХХК нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхэлдгийг зохигч маргаагүй байна.

Тус барьцаалан зээлдүүлэх газар болон Г.М- нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч 1.400.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тогтоогджээ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээ, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн хэдий ч хариуцагч Г.М- зээлийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн нь шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч Г.М-, ЕШ ХХК-с зээлийн мөнгийг шилжүүлэн авсан даруйд мөнгийг буцаан төлсөн гэж маргаж, энэ талаархи баримтыг татгалзлын үндэслэлд заасан боловч түүний тайлбар хэргийн бусад баримтаар үгүйсгэгдсэн байна.

2. Хариуцагч нь зээлийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй учир нэхэмжлэгч үүргийн биелэлт буюу зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Гэвч  тус шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах нөхцлийг анхаараагүй Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хувьд   зээлийн үүргийг буцаан төлүүлэх зорилгоор зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг шаардах эрхтэйг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан байна.

Мөн зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдснээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой байна. Нэхэмжлэгч ЕШ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “барьцааны” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулсан боловч гэрээний 2.2, 2.4-т зааснаар автомашины өмчлөх эрхийг зээл төлөх хугацаанд ЕШ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, барьцааны зүйлийг зээлдэгч Г.М- өөрөө ашиглаж явахаар талууд тохиролцсон нь барьцааны бус Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн хэдий ч барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эрсдлийг багасгах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга, уг аргыг хэрэгжүүлэх дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, журмыг хуулиар тухайлан тогтоосон атал нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулснаас гадна уг гэрээний зүйлээр зээлийн үүргийг хангуулах үйлдэл хийж, шаардлага гаргаагүй, алданги шаардаж буй нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг байна.

Нөгөө талаар хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь зохигчийн хооронд өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэх хэсэгт шинээр байгуулсан гэрээ болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү гэрээ нь урт буюу 1 жилийн хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарьт зээлдэгч зээлийн хүүг сар бүр төлөхөөс гадна үндсэн зээлээс тодорхой хувийг төлөх, эдгээр зээл, хүүг төлөөгүй сар бүрт алданги төлүүлэхээр заасан нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны зорилгод болон зээлдэгчийн эрх ашигт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 642 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ”2.320.465” гэснийг “1.894.900” гэж, “олгосугай” гэснийг “олгож, 425.565 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж “хариуцагч Г.М-ос улсын тэмдэгтийн хураамжид 52 077 төгрөгийг” гэснийг “хариуцагч Г.М-ос улсын тэмдэгтийн хураамжид 45.268 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 52.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ