Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/559

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000756 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-ийн барилгын инженерийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н Б гэсэн фейсбүүк хаягаас ... гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож, иргэн Ц.Ц-д койн зарна гэсэн итгэл  үнэмшил төрүүлэн хуурч, зохиомол  байдлыг  зориудаар  бий болгож, бодит байдлыг  нуур замаар  бусдыг төөрөгдөлд оруулж бусдын дансаар  350,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Н.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч Х.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч А.Б-н мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18х), иргэн Б.Д-ий эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга (хавтаст хэргийн 28 дахь тал), шүүгдэгч Б.Бий хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 51, 54-58 дахь тал), шүүгдэгч Б.Бий мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний  өдөр ... гэсэн фейсбүүк хаягаас “койн худалдаж авна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг харсан даруй Н Б гэсэн хуурамч фейсбүүк хаяг ашиглан ... гэсэн  фейсбүүк хаяг руу холбогдож, улмаар өөрт нь хямд койн байгаа, 1 койныг 3500 төгрөгөөр зарна гэж бичин хуурч, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн найз Н.А-ын ... гэсэн данс, иргэн Б.Д-ий ... гэсэн дансыг тус тус ашиглан дамжуулан шилжүүлэн өөртөө авч, залилсан үйл баримт нь:

1. Хохирогч Ц.Цийн: “...Би өөрийн  ... гэсэн фейсбүүк  хаягнаасаа койн худалдаж авна гэсэн нийтлэл /пост/ оруулсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед  ажил дээрээ  байж байхад  миний фейсбүүк  хаяг руу Н Б гэсэн фейсбүүк хаягтай хүн 100 койн  байна,  худалдаж авах уу, нэг койн 3500 төгрөгөөр зарна  гэсэн чат ирүүлсэн, үүний дагуу би түүнтэй хариу чаталж байгаад койныг нь худалдаж авахаар тохиролцож ... дугаартай Н-гийн А гэсэн данс руу 350,000 төгрөгийг 100 койн худалдаж авахаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа үеэс эхлэн  тэр хүн миний фейсбүүк хаягийг блоклоод фейсбүүк дээрх зургуудаа устгаад  алга болчихсон. Ингээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж  байгаа юм. Миний худалдаж авахаар  тохиролцсон койн нь PCL нэртэй койн байсан юм. Одоо зах зээлийн ханш нь  нэг койн нь 5000 төгрөг байгаа. Би олборлож байгаа газраас нь койныг авбал үнэтэй байсан учир хувь хүнээс арай хямдаар авах гэж оролдсон минь энэ. Би өөрийн ... гэсэн дугаарын худалдаа хөгжлийн  данснаас интернет банк ашиглан  гар утсаараа шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2. Гэрч Н.А-ын: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр  10 цагийн үед гэртээ байж байхад  манай найз Б нь ... гэсэн өөрийн фейсбүүк хаягнаас над руу “би чиний данс руу мөнгө хийлгэе, тэр мөнгийг үргэлжлүүлээд  бас  нэг данс руу  хийгээд өгөөч, би интернэт банкгүй байна” гэж хэлсэн.  Тэгээд би Б-ий ... гэсэн дугаар луу өөрийн данс болох ... дугаарын дансыг  мессежээр явуулсан. Тэгээд удалгүй  миний данс руу 350,000 төгрөг  шилжээд ороод ирсэн ба гүйлгээний утга дээр А гэсэн байсан.  Би мөнгийг нь орж ирэнгүүт нь Бий шилжүүлээрэй гэсэн ... дугаарын хаан банкны  данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Тэгээд над руу цагдаагаас  ярихаар нь Б-тэй холбогдоод ирсэн” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. Гэрч Х.Т-ийн: “...Би ...-д сурдаг. Манай гэр СХД ... дүгээр хороо, ... хороололд байдаг юм. Тэгээд өнөөдөр сургуулиасаа 12 цаг гэж тараад найз Д, түүний найз залуу Б нарын хамт гэртээ харихаар явж байхад  над руу манай найз Б өөрийн ... гэсэн фейсбүүк хаягаар мессежээр залгаад  чамд карт чинь байна уу, эсвэл хамт явж байгаа хүнд чинь карт байвал ирэхдээ шилжүүлсэн мөнгийг бэлнээр аваад ирээч гэсэн. Манай гэр Бий гэрийн ойролцоо байдаг юм. Тэгэхээр нь  хамт явсан Д гээд  найзынхаа  дансыг Б рүү чатаар явуулсан. Удалгүй  Д-ий данс руу 350,000 төгрөг орж ирсэн. Д замдаа буугаад найз залуу Б-д картаа үлдээгээд Б бид 2 нэгдүгээр хорооллын арын дэнжийн тэнд байх нэг худалдааны төвийн АТМ-с бэлнээр мөнгийг авсан. Тэгээд тэр мөнгийг би Б-тэй уулзаад өгсөн. Бидний чаталсан чат байгаа. Ямар учиртай мөнгийг мэдэхгүй” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Гэрч А.Б-н: “...Би өнөөдөр найз охин Д-өө, сургуулийн найз Т нартай хичээлээ тараад хамт гэр ойролцоо байдаг болохоор явцгаасан юм. Тэгээд замд  найз охин Д буугаад явсан. Хэд хоногийн өмнөөс эхлэн би найз охиныхоо картыг хэрэглэх болсон юм.  Д-ийг буусны дараа  Т  хаан банкны карт байна уу,  мөнгө хийх гэсэн юм. Манай найз мөнгө бэлнээр авах хэрэгтэй гээд байна, чи байвал өгөөч  гэхээр нь би Д-ий хаан банкны  дугаарыг хэлсэн. Удалгүй уг дансанд 350,000 төгрөг шилжиж орсон. Тэгээд Т бид 2 наашаа ирж явж байгаад 1 дүгээр арын гэр хорооллын дэнжийн Эрчим төвийн  хаан банкны  АТМ-с уг мөнгийг бэлнээр авсан. Тэгээд би  гэртээ буугаад Т мөнгийг аваад  найз руугаа явсан. Т надад ямар учиртай мөнгө гэдгийг хэлээгүй, би ч сонирхоогүй” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

5. Иргэн Б.Д-ий эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны  хуулга: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг 43 минутад ... дугаарын данснаас 350,000 төгрөг орлого болон орж ирж, мөн өдрийн 13:00 цагт зарлага болж гарсан”  (хавтаст хэргийн 28 дахь тал),

6. Шүүгдэгч Б.Бий: “...маргах зүйл байхгүй. Миний бие хийсэн хэргээ  хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, иргэн Ц.Ц-ийн хямд койн худалдаж авах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь шүүгдэгч Б.Б ашиглан зах зээлд борлуулж байгаа үнээс доогуур үнэ ханшийг хэлж, өөрт нь 100 койн байгаа, 1 койныг 3500 төгрөгөөр зарна хэмээн хохирогчид худал хэлж итгүүлэн өөрт байхгүй эд зүйлийг байгаа мэтээр зохион ярьж, итгэл үнэмшил төрүүлэн бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулан мөнгийг нь авахдаа өөрийн бус бусдын тухайлбал, найз Н.А-ын данс руу шилжүүлж, улмаар цааш найз Д-ий данс руу шилжүүлэх байдлаар хохирогчоос 350,000 төгрөгийг дамжуулан шилжүүлэн өөртөө авч залилсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь, шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрт нь койн байхгүйг мэдсээр байж хохирогчийн койн авна гэсэн зарыг харсан даруй түүнийг хуурах сэдэл төрж, өөрт нь 100 койн байгаа мэтээр зохион ярьж, бодит байдлыг гуйвуулах замаар цахим хэрэгсэл ашиглан мессеж бичин харилцаж, хохирогчийн итгэлийг олсон даруй хохирогчоос 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан, шүүгдэгчийн үйлдэл нь анхнаасаа хохирогчид мөнгийг буцаан төлөх бодолгүй, өөрийн болгох зорилготой байсан байх бөгөөд улмаар мөнгө авсан даруй хохирогчтой харилцсан хуурамч фейсбүүк хаягаа устган, блоколж мөнгийг өөрийн хэрэглээнд зарцуулах бодит боломжийг бүрдүүлэн авсан байна.

Шүүгдэгч Б.Б-ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Бий дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-д 350,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлсөн талаар хохирогч мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ширэндэв нь Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймээс тус шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна түүний гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал, мөн шүүгдэгч Б.Б нь ...-ийн оюутан, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй тул дээрх  нөхцөл байдлыг тус тус харгалзан  прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.    

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ