Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2016/00852/и |
Дугаар | 183/ШШ2017/00059 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2017/00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Х-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 7,642,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь Т.*******тай 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХЭ15/124 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр “*******” ХХК нь R300LC-9S маркийн *******, ******* сериалтай 2 ширхэг гинжит эксваторыг 25 хоногийн хугацаатай түрээслүүлэх, Т.******* нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэрээгээр техникийг 25 хоногийн буюу хязгааргүй мото цагийн үнэлгээг нэг техник дээр 20,000,000 төгрөг буюу 2 техникийн 25 хоногийн түрээсийн төлбөр нь нийт 40,000,000 төгрөг байхаар, түрээслэгч тал техникийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, түлш, өдөр тутмын тос тосолгоог хариуцахаас гадна гэрээний ерөнхий нөхцлийн 7-д дээрх техникүүдийн газартай харьцах болон түргэн элэгдэх эд анги буюу шүдний элэгдлийг түрээслэгч тал хариуцахаар тусгайлан харилцан тохиролцсон.
Анх дээрх техникүүдийн үнийн тодорхой хэсгийг төлсний дараа санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж худалдах, тэр болтол түрээсийн төлбөрөө төлөн түрээслэхээр харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан байдаг. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон ч түрээслүүлэгч талаас техникүүдийг буцаан авалгүй, хариуцагч эзэмшиж, ашигласаар байсан. Удирдлагуудын хэмжээнд 2016 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнд шилжүүлэх эсэх талаар яригдаж байсан ч тохиролцоонд хүрээгүй тул түрээсийн гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ рүү шилжүүлээгүй байдаг.
Ингээд R300LC-9S маркийн ******* сериалтай гинжит экскаваторыг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 860 мото/цагтай, шүдний элэгдлийн хувьд 1 дүгээр шүд 22 см, 2 дугаар шүд 25 см, 3 дугаар шүд 25 см, 4 дүгээр шүд 25,5 см, 5 дугаар шүд 25 смын хэмжээтэйгээр, харин ******* сериалтай гинжит экскаваторыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 916 мото/цагтай, 1 дүгээр шүд 19,2 см, 2 дугаар шүд 18 см, 3 дугаар шүд 17,4 см, 4 дүгээр шүд 18,5 см, 5 дугаар шүд 18,8 см хэмжээтэйгээр тус тус хүлээлгэн өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан хүлээлцсэн актуудад тусгагдсан байдаг.
R300LC-9S маркийн ******* сериалтай гинжит экскаваторыг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1740 мото/цагтай, газартай харьцах эд анги буюу 5 шүдний элэгдэл 15 хувьтай, ******* сериалтай гинжит экскаваторыг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1941,8 мото/цагтай, шүд 19 хувийн элэгдэлтэйгээр тус тус буцаан хүлээн авсан.
R300LC-9S ******* сериалтай техникийг түрээслэгч Т.******* нь түрээслүүлэгч талаас албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр дамжуулан түрээслэсэн байсан ба дээрх зөрчлийг мэдсэн даруйд түрээслэгч талд энэ талаар мэдэгдэн зөрчлөө арилгах талаар шаардсан. Уг зөрчлөө арилгаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр албан мэдэгдэл хүргүүлж, техникийг буцаан авсан. Техникийг буцаан авах үед нэг толь хагарсан байсан. Уг толийг солиход 43,000 төгрөгний зардал гарсан. Мөн шүдний элэгдлийг шүдний үнээс тооцоход 19 хувийн элэгдэл 90,250 төгрөг болсон. Иймд ******* сериалтай техникт нийтдээ 133,250 төгрөгийн хохирол учруулсан байна.
Харин ******* сериалтай техникийг буцаан авахад шанаганы гарны пальцны боолт байхгүй, нарны үлээх хоолой хагархай, антенн хугархай, компьютер нь эвдэрсэн, баруун зүүн люк, люкны доод хэсэг сэвтэй, шанаганы бэхэлгээ цоорсон, гидрийн буцах труба тос гоожсон, стартерыг аккумлятороос тог өгч асаасан, кабины доод гэрэл байхгүй, труба хугархай, хуваарилагчийн дээд тавцангийн суурь хугархай зэрэг эвдрэл гэмтэл учруулсан байдалтай байсан. Бид техникийг буцаан авахдаа газар дээр нь хүлээлцэх хуудаст энэ тухай тэмдэглэн, эвдрэлийн талаарх тайланг гаргасан. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ердийн элэгдлээс үүсээгүй, түрээслэгч талын ашиглалтаас хамааралтай гэмтлүүд байсан. Энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тайлангаар нотлогдоно.
Ингээд нийтдээ уг техникийг засахад 14 төрлийн эд анги шаардлагатай болсон. Шанаганд бэхэлгээ хийх гагнуурын ажлаас бусад эвдрэлийг засварлахад сэлбэг хэрэгслийн зардалд 5,678,920 төгрөг зарцуулсан. Мөн техникийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад нэг хүн 14 цаг ажилласан тул ажлын хөлсийг нэг цагийн 35,000 төгрөгөөр тооцоход 490,000 төгрөгний зардал гарсан. Харин шанаганд бэхэлгээ хийх гагнуурын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн бөгөөд үүнд материалын зардал 629,000 төгрөг, ажлын хөлс 640,000 төгрөг нийт 1,269,000 төгрөг болж байна.
Нийтдээ ******* сериалтай техникийг хэвийн ажиллагаанд оруулахад сэлбэгийн зардал 5,678,920 төгрөг, ажлын зардал 1,759,000 төгрөг болсон. Мөн техникийг хүлээн авах үед 5 ширхэг шүдний элэгдэл 15 хувьтай байсан тул төлбөр 71,250 төгрөг болж байна. Нийтдээ ******* сериалтай техникт 7,509,170 төгрөгний хохирол учирсан байна.
Уг техникүүдийг манай байгууллага өөрийн хөрөнгөөр 2016 оны 7 сард засварлаж, дахин хэвийн ажиллагаанд оруулан бусдад түрээслэсэн байгаа. Иймд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ХЭ5/124 түрээсийн гэрээний дагуу 2 техникийн газартай харьцах эд ангийн элэгдэл буюу шүдний зардал 161,500 төгрөг, ердийн элэгдлээс гадуур эвдэрсэн сэлбэгийн үнэ 5,721,920 төгрөг, ажлын хөлс 1,759,000 төгрөг, нийт 7,642,420 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүдний элэгдлийн хувьд ердийн ашиглалтын явцад үүсэх элэгдэлд тооцогдох боловч талууд гэрээгээр газартай харьцах эд ангийн элэгдлийг түрээслэгч хариуцахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 291.1-д хамаарахгүй гэж үзэж байна.
Хариуцагч Т.******* хотод байдаг бөгөөд техникүүдийг хүлээн авах, хүлээлгэн өгөх тухай бүрдээ өөрийн компанийхаа хүнд даацын техниктэй харьцах чадвартай хүмүүсээр техникийг үзүүлж хүлээлцэж байсан. Иймд Т.*******г төлөөлөх эрхгүй этгээдээр актыг зуруулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээний 4.3-т түрээслэгч талаас техникийг хүлээлцэх үед ирж хянаагүй, гарын үсэг зураагүй бол үл маргах журмаар актыг хүчинтэйд тооцохоор тохиролцсон. Хариуцагч хэрэгт өгсөн актуудыг хуурамч гэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв хуурамч гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөр журмаар шалгуулж болох байсан. Гэтэл хариуцагч ийм гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь “*******” ХХК-аас анх уг техникүүдийг худалдаж авахаар хэлэлцэн тохирсон байдаг. Ингээд барьцаа 120,0 сая төгрөг гэсэн зүйл яригдсан тул дээрх мөнгийг төлсний дараа худалдах худалдан авах гэрээг хийх, тэр хүртэл түрээсийн гэрээ байгуулахаар тохирч гэрээг байгуулсан. Уг техникүүдийн түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, зориулалтын дагуу ашиглаж байгаад буцаан өгсөн. Дээрх хоёр техникийг анх хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааны хувьд маргахгүй. Гэхдээ хариуцагч нь дээрх хоёр техникт ямар нэг эвдрэл, гэмтэл учруулаагүй буцаан өгсөн.
Техникүүдийг буцаан хүлээлцэх үед хариуцагч Т.*******г байлцуулаагүй, эвдрэлийн тайланг гаргахдаа ч танилцуулаагүй, мэдэгдээгүй. Мөн актуудад эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан байна. Хүлээж авсан болон хүлээлгэн өгөх актуудад гарын үсэг зурсан этгээдүүдийг хариуцагч танихгүй.
Хэрэгт нотлох баримтаар өгсөн техник хүлээлцсэн тухай актууд нь хариуцагчийн техникийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн огноо, мото цаг, сериал зэргийг тааруулан нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн баримтууд байна. Анх техникийг хүлээн авах, хүлээлгэн өгөх үед Т.******* байсан, энэ актууд биш, өөр актууд байсан гэдэг. Мөн нэхэмжлэгч тал уг хоёр техникийг засварласан тул шинжээч томилуулах боломжгүй, одоо өөр компанид түрээслэсэн гэдэг. Үүнд шүүх анхаарч үзнэ үү. Иймд гэмтэл учирсан гэдгийг болон уг гэмтлийг засварласан гэдгийг нотлосон баримтгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хөлсөлсөн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд муудсан бол хөлслөгч хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. Шүдний элэгдэл нь өөрөө ердийн элэгдэлд тооцогдох тул хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, хохиролд шүдний элэгдэл 161,500 төгрөг, сэлбэгийн үнэ 5,721,920 төгрөг, ажлын хөлс 1,759,000 төгрөг, нийтдээ 7,642,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түрээсийн гэрээний зүйлд гэмтэл учруулаагүй, нэхэмжилж буй хохирол бодит бус, хэрэгт авагдсан техник хүлээлцсэн актууд жинхэнэ актууд биш, мөн шүдний элэгдэл ердийн элэгдэлд хамаарах тул түрээслэгч тал хариуцах үүрэггүй гэж маргав.
“*******” ХХК, Т.******* нар нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэг талаас түрээслүүлэгч нь R300LC-9S загварын *******, ******* сериалтай 2 ширхэг эксковаторыг 25 хоногийн хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь эксковатор бүрт 20,000,000 төгрөгний хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх19-27 дахь тал/
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна.
Зохигчид гэрээг 25 хоногийн хугацаатай байгуулсан ч түрээслэгч түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, түрээслүүлэгч үүнд татгалзаагүй байх тул зохигчид түрээсийн зүйлийг буцаан өгөх хүртэл хугацаагаар гэрээг сунгасан байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсны дараа талууд ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв түрээсийн зүйлд хохирол учруулсан, гэрээнд заасан хэмжээнээс илүү дордуулсан, муутгасан тохиолдолд түрээслэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар шаардах эрхтэй байна.
Талууд түрээсийн төлбөр болон ******* сериалтай эксковаторыг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, ******* сериалтай эксковаторыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслэсэн гэдэгт маргаагүй байна.
Харин зохигчид түрээсийн гэрээний зүйлийг ашиглах хугацаанд түрээслэгч тал эд хөрөнгөд хохирол учруулсан эсэхэд маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн зүйл болох хоёр эксковаторыг түрээслэх хугацаанд техникүүдэд эвдрэл учруулаагүй, эвдрэлгүй техникүүдийг эргүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй байна.
Мөн хэрэгт авагдсан техник хүлээлцсэн актуудыг жинхэнэ актууд биш, өөр актууд үйлдсэн тухай тайлбараа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. /хх-14,15,31,32 дахь тал/
Түүнчлэн хавтаст хэргийн 14, 15, 31, 32 дахь талд авагдсан дээрх хоёр эксковаторыг анх хүлээн авсан, буцаан хүлээлгэн өгсөн тухай актуудыг жинхэнэ актууд биш, өөр актууд байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх хэрнээ хариуцагч Т.*******г төлөөлөх эрхгүй этгээдүүд энэхүү актуудад гарын үсэг зурсан, үзлэгийн тайланг танилцуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж байгаа нь ойлгомжгүй, зөрүүтэй тайлбар гаргав.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.13, 4.3, 4.4, 4.7-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх, буцааж өгөхөд түрээслэгч тал ирээгүй тохиолдолд түрээслэгчийг төлөөлж техник хүлээлцэх хуудаст гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх эрхтэйд тооцох, ийнхүү техникийг хүлээлцэхдээ үзлэг хийж баталгаажуулах, техник гэмтэлтэй, иж бүрдэл дутуу байвал энэ тухай тэмдэглэхээр тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан *******, ******* сериалтай эксковаторуудыг хүлээлцсэн тухай актууд, шүдний элэгдлийн тооцоонууд, мөн ******* сериалтай эксковаторт хийсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тайлан, засварын хуудас, зарлагын баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
******* сериалтай эксковаторыг хүлээлцсэн тухай баримтуудад хүлээлгэн өгөх үед шил, толь бүрэн бүтэн болохыг, техникийг эргүүлэн авах үед 1 толь хагарсан болохыг тус тус тэмдэглэсэн байх ба 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 43,000 төгрөгний үнэ бүхий толийг худалдан авсан тухай нотлох баримтыг ирүүлсэн байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх-31, 32, 104 дэх тал/
******* сериалтай эксковаторыг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр буцаан хүлээлцсэн тухай баримтад шанаганы гарны пальцны боолт байхгүй, нарны үлээх хоолой хагархай, антенн хугархай, рычат хугархай, компьютер эвдэрсэн, насос солих шаардлагатай, баруун зүүн люк, люкны доод хэсэг сэвтэй, шанаганы бэхэлгээ цоорсон, гидрийн буцах трубанаас тос гоожсон, стартерыг аккумлятороос тог өгч асаасан, кабины доод гэрэл байхгүй, труба хугархай, хуваарилагчийн дээд тавцангийн суурь хугархай зэрэг гэмтэл байгаа тухай тэмдэглэж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үзлэгийн тайланг гаргаж баталгаажуулжээ.
Дээрх эвдрэлийг засварлахад 14 төрлийн 5,678,920 төгрөгний үнэ бүхий сэлбэг хэрэгсэл зарцуулан 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр засварласан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, засвар үйлчилгээний хуудас зэргээр тогтоогдож байх тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулав. /хх 105,106/
Харин ******* сериалтай эксковаторыг хэвийн ажиллагаанд оруулахын тулд 14 төрлийн сэлбэг хэрэгсэлийг солих, засварлах ажилд өөрийн байгууллагын нэг ажилтанг 14 цаг ажиллуулсан тул ажилтны ажлын хөлсөд 490,000 төгрөг гэж нэхэмжилж байх боловч энэ тухай баримтаар нотлоогүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн шанаганд бэхэлгээ хийх гагнуурын ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд материалын зардалд 629,000 төгрөг, ажлын хөлсөд 640,000 төгрөг, нийт 1,269,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байх боловч техникийг засварласан тухай хуудаст энэ тухай тэмдэглэгдээгүй, дахин түрээслэсэн тухай 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хүлээлцэх хуудаст “шанаганд бэхэлгээ хийх шаардлагатай” тухай тэмдэглэсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч шанаганд бэхэлгээ хийх засварын ажлыг хийлгэсэн болох нь тогтоогдохгүй байна. Иймд нийт ажлын хөлс 1,759,000 төгрөг болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов. /хх-106, 113/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох, хуулиар тогтоосон журмыг зөрчихгүйгээр гэрээний нөхцлийг харилцан тохиролцох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний онцгой нөхцлийн 7-д түрээслэгч тал газартай харьцах эд ангийн элэгдлийг хариуцахаар тохиролцжээ.
Дээрх тохиролцоо нь хэлцэл хийгч талууд хүсэл зоригоо илэрхийлэн түрээсийн зүйл болох эксковатороос зөвхөн газартай харьцах эд ангийн хувьд элэгдлийг түрээслэгч тал хариуцахаар тусгайлан тохиролцсон байх тул талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна гэж үзэв.
Хариуцагч нь шүдний элэгдлийн хэмжээнд маргаагүй харин ердийн элэгдэл тул Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хариуцагч хариуцах үүрэггүй гэж маргав.
Түрээслүүлэгч ******* сериалтай эксковаторыг хүлээн авах үед шүдний элэгдэл 15 хувь, ******* сериалтай эксковатор 19 хувьтай байсан болох нь хэрэгт авагдсан техник хүлээлцсэн акт, элэгдлийн тооцоо зэргээр тогтоогдож байх тул шүдний элэгдэлд 161,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулав. /хх 13-15,30-32 дахь тал/
Иймд хариуцагч Т.*******гаас шүдний элэгдэл 161,500 төгрөг, учирсан хохирол 5,721,920 төгрөг нийт 5,883,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,759,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч харьяаллын дагуу хэрэг тус шүүхэд шилжиж ирснээс хойш хариуцагч дахин энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүхээс дээрх эрхийг хязгаарлаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.*******гаас 5,886,420 /таван сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,759,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ