Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/490

 

 

 

 

 

 

 

2022           05          09                                 2022/ШЦТ/490

 

                               

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Х.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа нар оролцсон эрүүгийн 2209000000630 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ...................төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ................., ам бүл 3, бага насны 2 хүүхдийн хамт ...................оотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................................../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 3 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лава” нэртэй лоунжид үйлчлүүлж байхдаа тамхины өрөөнд нь орхисон иргэн ................... эзэмшлийн Айфоне 12 загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000630 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хохирогч ......................мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 03-04, 18 дугаар тал),

-Гэрч ............... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 06 дугаар тал),

-Гэрч .................. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 50-51 дугаар тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд “Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, хэргийн материалаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан:

 

-Хохирогч ............. гэрч болон хохирогчоор өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лава” гэх лоунжид эвэнт болж байна гээд орсон. Тэгээд Мөнхсайхан, Ананд бид нар нэг, нэг пиво захиалаад 2 найзыгаа үүдэн дээрээс аваад тамхины өрөө орсон ба орохдоо би гар утас дээрээс юм харуулаад бариад орсон. ...Тэгээд утсаараа бичлэг хийх гэтэл миний утас байхгүй байсан. Миний гар утас Айфоне 12 про макс загварынх бөгөөд 2021 оны 10 дугаар сард Тэди төвийн Скайтел салбараас 3,200,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 2,700,000 төгрөгөөр үнэлж байна, миний гар утасны имей дугаар байгаа, ...Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагч миний Ай фоне 12 загварын гар утсыг олж өгсөн. Миний гар утасны мобикомын 85116019 дугаарын сим карт байхгүй байсан. Цэнхэр өнгийн кейс, мөн баруун дээд талын буланд сэтэрсэн байсан. Миний Ай фоне 12 про макс загварын гар утсыг блоклосон байсан ба би Тэди төв дээр 40,000 төгрөгөөр өөрөө гаргуулсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 03-04, 18 дугаар тал),

 

-Гэрч Б.М “...2022 оны 3 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Ай Сити Таурын 19 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Лава” гэх лоунж руу эхлээд найз Ганзориг, Ананд, Дөлгөөн нарын хамт орсон. Би Дөлгөөний хамт ТҮЦ орж тамхи аваад орсон, тэгээд бид 4 цугтаа тамхины өрөө орсон. Тэгээд тамхиа татчихаад “Лава” руу ороод 10-аад минутын дараа Ганзориг утас байхгүй байна гээгдүүлчих шиг боллоо, утсаа өгч бай гээд Анандад хэлсэн. Тэгээд залгахад дуудаад байх шиг байсан ба нилээд хугацаа өнгөрсөний дараа гар утас нь унтарсан. Миний мэдэхээр Ганзориг видео колл хийгээд гарч ирэхэд буюу 19 дүгээр давхарт байхад утас нь байсан тэгээд цааш нь яасан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар тал),

 

-Гэрч А.Б “...“Лава” нэртэй бааранд орж хүний 3 шил пиво ууж байгаад Хасар бид хоёр 3-4 удаа тамхины өрөөнд орж тамхи татсан. Хасарыг тамхины өрөөнөөс утас авсан талаар би мэдэхгүй. Хасар надад хэлэхдээ би “Лава” баарнаас гар утас олсон, тухайн үедээ чамд хэлж чадаагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал) зэргээр нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лава” нэртэй лоунжид үйлчлүүлж байхдаа тамхины өрөөнд нь орхисон иргэн З.Ганзоригийн эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч завшсан үйл баримт тогтоогдож байна.

 

Завших гэж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

“Хулгайлах” болон “завших” гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

 

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

 

Энэ хэргийн хувьд 2022 оны 3 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй лоунжид үйлчлүүлж байхдаа тамхины өрөөнд нь орхисон иргэн З.Г эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч завшсан үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Х.Х нь бусдын гээгдэл эд хөрөнгө болох Ай фоне 12 про макс гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан байна. Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч З.Г бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

Хохирогч З.Г нь хэргийн материалтай танилцаад “Алдсан утсаа олж авсан. Гомдолгүй гэдгээ мэдэгдэж байна” гэж (хавтаст хэргийн 61 дүгээр тал) бичгээр хүсэлт гаргасан, гар утсыг нь буцаан өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараахь нотлох баримтууд хэрэгт авагжээ. Үүнд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал), ээний лавлагаанууд (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Тэрээр ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч Х.Х нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч тохиолдлоор өөрийнх нь эзэмшилд гар утас хууль бусаар шилжиж орж ирж байгааг мэдсэн, түүнийг бусад хүн, хуулийн этгээд, зохих байгууллагад мэдэгдэж завших үйлдэл гаргахгүй байж чадахаар байсан юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Х.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН