Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2205

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02280 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Лд холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 52/14 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахуун худалдан авсан. Тус компани нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 62 дугаар байр, 47 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөртөө тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууц нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмчлөлд шилжсэн боловч хариуцагч Ч.Л нь өнөөдрийг хүртэл амьдарч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаарө байрны 47 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд нэмэмжлэгч “М” ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар захирамжаар хариуцагч “Ж” ХХК болон нэхэмжлэгч “М” ХХК нь өр төлбөрийнхээ талаар график гарган эвлэрч захирамж гаргуулсан байдаг. Дээрх захирамжид миний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй бөгөөд тус 2 компанийн өр төлбөрийн асуудлыг шийдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулсан. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс Ж ХХК-д хүсэлт гарган “танай компани барьцаа орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөөд 2017 оны 5, 6 дугаар сард манай компанид барилгын ажил гүйцэтгэж дуусаад буцаан шилжүүлэн ав” гэж хандсан. Үүний дагуу Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу өмчлөж буй миний өмчлөлийн орон сууцыг ямар ч зөвшөөрөлгүй “Жэй Кэй Сй” ХХК нь дур мэдэн “М” ХХК-д шилжүүлсэн нь өмчлөгч миний эрхийг тус 2 компани зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд хууль бусаар өмчлөж буй “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот орон сууцыг хариуцагч Ч.Лгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд нэхэмжлэгч компанид ямар нэгэн өр төлбөргүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар захирамжаар хариуцагч “Ж” ХХК болон нэхэмжлэгч “М” ХХК график гарган эвлэрч захирамж гаргасан байдаг. Дээрх захирамжид миний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй бөгөөд тус хоёр компани хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулсан болохоос төлбөр авагчид төлбөрт тооцуулж өгөх ажиллагаа огт хийгдээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс “танай компани барьцаа орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөөд 2017 оны 5, 6 дугаар сард манай компанид барилгын ажил гүйцэтгэж дуусаад буцаан шилжүүлэн ав” гэсэн тохиролцоог “Ж” ХХК-д хандан тавьсан. Үүний дагуу миний өмчлөлийн орон сууцыг ямар ч зөвшөөрөлгүй “Ж” ХХК нь дур мэдэн “М” ХХК-д шилжүүлж өмчлөгч миний эрхийг тус хоёр компани зөрчсөн.

Миний бие “М” ХХК-д орон сууцаа шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн утгатай нэг ч хүсэлт, өргөдөл бичиж байгаагүй ба “Ж” ХХК-иас орон сууцыг шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн утга бүхий албан бичиг миний зөвшөөрөлгүй явуулсныг үндэслэн орон сууцны өмчлөлийг сольсон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйл ажиллагаа юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар өмчилж буй “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ч.Лд холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байрны 47 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000574597 дугаартай гэрчилгээг үндэслэн дээрх орон сууцыг нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмч, улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, харин 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд бусад тохиолдолд өөрийн санаачилгаар нотлох баримт шаардан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09648 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хариуцагч Ч.Лгийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн талаарх лавлагааг гаргуулахаар заажээ. /хх13/

 

Талуудын хооронд үүссэн маргааны хувьд хариуцагчаас төлбөр гаргуулах бус эзэмшлээс нь хөрөнгөө чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардсан байна. Хэрэв шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 /2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус хуульд оруулсан нэмэлт/-д заасны дагуу дээрх лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн бол талуудын бус өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлсэн гэх агуулгатай болжээ.

 

Уг лавлагаа хэрэгт ирсэн тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгө ямар үндэслэлээр бусдын өмчлөлд шилжсэн, хариуцагчийн татгалзал болон нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой. Нөгөө талаар өмчлөх эрхгүй этгээд бүрийн эзэмшлийг өмчлөгчийн өмнө хууль бус буюу шударга бус гэж үзэх үндэслэлгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Өмчлөгч байх нь эд хөрөнгийн хувь заяаг шийдвэрлэх эрх мэдэл буюу хууль зүйн, харин эзэмшигч байх нь эд хөрөнгийг тухайн цаг үед мэдэлдээ байлгаж буй бодит үйл баримтын тухай ойлголт юм. Иймд эзэмшигчийг шударга бус гэж үзэх эсэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэх нэг нөхцөл болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА