Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 189

 

О.От-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба-,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр магадлалтай 201618000174 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Отийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ша овогт О.От нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.От-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Ба, Д.Да нарын нэхэмжилсэн 10.375.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хохирогч Б.Ба сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдаж, хохирогч Д.Да-гийн сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, оршуулгын бодит зардалд 7.780.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ша- овогт О.От-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От-д оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.От хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх өмнө хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан 4 жилийн хорих ял оногдуулсан боловч давж заалдах шатны шүүх гэм хор арилаагүй байхад хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь буруу гэж үзсэнийг хэрэгжүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр 7 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг миний бие хуулийн заалт нь ийм гэж ойлгон аль болох хохирогч нарт туслахыг хүсэж талийгаачийн үлдсэн хүүхдүүдэд 8х10 метрийн хэмжээтэй байшинг барьж эхлүүлсэн ба энэ талаарх зургийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн, мөн миний эхнэр хүнээс мөнгө зээлж 5.000.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт нэмж өгсөн байдаг. Ингээд хохирогч нараас гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлтэй гарсан боловч Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү. Миний бие 1-5 насны дөрвөн хүүхэдтэй, эхнэр саяхан төрсөн, эрхэлсэн ажилгүй боловч хохирогчийн ар гэр, үр хүүхдэд анхаарал халамж тавьж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.От нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. Шүүгдэгч О.От-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд, доод хэмжээ нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалтад багассан байна. Иймд хяналтын шатны шүүх хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч О.От-д Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлалын удиртгал болон тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон хохирогч Д.Оюунтунгалагийн нэрийг Д.Одонтунгалаг гэж буруу бичиж, техникийн алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүх залруулга хийх нь зүйтэй” гэв.

О.От нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 3710 СЭҮ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Оюунтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх О.От-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн О.От-ийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хууль зүйн дүгнэлт хийж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс олон хүний амь нас хохироох гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил болгон багасгаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул О.От-ийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч О.От-ийн согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалт болгон өөрчилж, хорих ялыг нийцүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлалын Удиртгал болон Тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас амь хохирсон Д.Оюунтунгалагийн нэрийг Д.Одонтунгалаг гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, шүүгдэгч О.От-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалт болгон өөрчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.От-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН