Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2017/00025

 

 

   

“Мөнх-Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00724 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Болормаад холбогдох

“Мөнх Агит ХХК-ийн 49 хувийг Г.Болормаа бэлэглэсэн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох” тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Цэдэндамба, хариуцагч Г.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Баттогтох, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бэлэглэгч Ц.Цэдэндамба, бэлэг хүлээн авагч Б.Болормаа нарын хооронд байгуулсан 2013 оны 04 сарын 30-ны өдрийн Компанийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

Г.Болормаа нь “Мөнх Агит” ХХК-ийн эзэмшлийн 345 га талбайд төмс тарьж эхэлсэн, 85,22,73 дугаар талбайд тариалалт хийхээр их хэмжээний үр буулгаж бэлтгэл ажиллагаа хийж, компанийн газрыг хууль бусаар зөвхөн өөртөө ашиг олох зорилгоор дур мэдэн тариалалтын үйл ажиллагаа явуулж жинхэнэ эзэмшигч “Мөнх-Агит” компанийг тариалалт хийлгэхгүйгээр удаа дараа саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор шүүхээс Г.Болормааг “Мөнх-Агит” ХХК-ний хууль ёсны ззэмшлийн дээрх талбайнуудад тариалалт явуулахгүй байхыг даалгуулах,

Гэрээ нь: Компани бэлэглэлийн гэрээ гэж хаягласан, гэрээний 1 дүгээр зүйлд бэлэглэгч Ц.Цэдэндамба, бэлэг хүлээн авагч, Г.Болормаад өөрийн өмчлөлийн ... тоот бэлэглэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ,

 Улсын бүртгэлийн дугаар бүхий мкв өрөө Компанийн хөрөнгийн 49%-ийг тоогоор үнэ бүхий компани хариу төлбөргүй бэлэглэж байна. Эдгээр зайнуудад бичих ёстой өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар тоо, ямар үг бүхий ямар ямар эд хөрөнгийг бэлэглэж байгаа талаар бичээгүй хоосон байна.

Компанийн бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагч Г.Болормаад компанийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж байна гэсэн нөхцлөөр хийсэн гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хууль зөрчсөн, иргэний хуулийн холбогдох заалтыг хангаагүй, зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна.

Тухайлбал: Иргэний хуулийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Мөн хуулийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байна.

Иймд Бэлэглэлийн гэрээ гэгч нь хийсэн үеэсээ яагаад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаагаа доорх үндэслэлээр тайлбарлаж байна.

Дээрх гэрээ нь гарчигнаасаа эхлэн буруу хийгдсэн.Тухайлбал Бүхэл бүтэн компани бэлэглэх гэж байгаа юм шиг "Компани бэлэглэлийн гэрээ" гэж гарчигдлагдсан.

Энэхүү гэрээнд өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар огт бичигдээгүй, тэдгээрийн зайг албан ёсоор бөглөөгүй, түүнд компаний чухам ямар ямар үнэтэй ямар өртөг бүхий үл хөдлөх ,хөдлөх хөрөнгийг өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус, Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар бэлэг хүлээн авагч Г.Болормаад компани өмчлөх эрхийн гэрчилгээг олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж гэрээнд заасан нөхцөл, болзол өнөөдрийг хүртэл биелэгдэж хэрэгжиж хангагдаагүй. Гэрээний 5 дугаар зүйлд зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээрх гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн Иргэний хуулийн 267.1, 267.2-т заасан заалтыг баримтлаагүй тул уг гэрээг Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн гаргаж байна.

Г.Болормаад компанийн ямар ч эд хөрөнгө албан ёсоор шилжиж түүний өмчлөл эзэмшилд очоогүй байхад Г.Болормаа нь эд хөрөнгийг албан ёсоор өмчлөл эзэмшилдээ авчихсан юм шиг энэхүү гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн.

Тухайлбал би настай хүний хувьд манай компанид олон жил агрономич хийсэн Г.Болормаад өөрийнх нь хүсэлтээр түүний саналыг харгалзан энэ компанийг цаашид цэцэглүүлэн хөгжүүлж илүү үр ашигтай ажиллуулж аваад явчихаж магадгүй гэж үзэж байсан.

Энэ ч утгаараа компанийн дүрэмд л зөвхөн нэрийг нь бүртгүүлчихсэн байсан. Гэтэл Г.Болормаад компани нь албан ёсоор өмч хөрөнгөө энэхүү гэрээний 3-т шилжүүлэн өгч түүний эзэмшил, өмчлөлд очоогүй байхад 2016.04.25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бэлэглэгч намайг Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Энэ гомдлын утга нь “Мөнх –Агит” ХХК-ний захирал Ц.Цэдэндамба нь хууль бус үйл ажиллагаа явуулж, Г.Болормаа миний эд хөрөнгийг завшиж надыг хохироож надад хохирол учруулж байна. Иймд эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хандсан байсан. Энэ үед би настай хүн учир түүнд маш их гомдож миний даралт гэнэт огцом өсөж шоконд орсон.

Г.Болормаа нь бэлэглэгч намайг олон нийтэд болон нутгийн ард түмэнд өөрийнх нь эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж, Цагдаагийн газарт өгсөн гомдолдоо “Мөнх-Агит” ХХК эзэмшлийн тариалан эрхлэх 500 га газрыг өөрийн эзэмшлийн болгон авах гэсэнд саад болж байна энэ нь миний хөрөнгө гэж үзэж 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Мөнх-Агит” ХХК-ийн талбайд дураараа дайран орж хувьдаа тариалалт хийж эхэлсэн бөгөөд Г.Болормаагийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан сумын цагдаагийн төлөөлөгчийн хамт очоод зогсоох гэсэн боловч Г.Болормаа нь би энэ талбай дээр тариалан эрхэлж болно. Би энэ компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн байдлаар тайлбар хийгээд Ц.Цэдэндамбын хамт очсон хүмүүсийг хөөсөн, компанийн эзэмшлийн талбайд тариалалтаа хийж, ургацаа бүрэн хурааж, ашгаа өөртөө аваад “Мөнх-Агит” ХХК-д ямар ашиг өгөөгүй, манай хууль ёсны эзэмшил газар дээр дураараа үйл ажиллагаа явуулж, миний эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлаж дураараа аашилж байна.

Эд юмсыг болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй. Бидний хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр компанийн хөрөнгийн 49 хувийг гэж ерөнхийлөн бичсэн болохоос компанийн эд хөрөнгийн болон хувьцааны 49 хувийг гэсэн үг өгүүлбэр огт байхгүй. Би Г.Болормаад хуулийн дагуу компанийхаа ямар ч эд хөрөнгө, хувьцааг өнөөдрийг хүртэл түүний өмчлөл эзэмшилд албан ёсоор шилжүүлээгүй.

Г.Болормаа нь намайг цагдаагийн байгууллагад өгсөн үеэс би бэлэглэгч намайг гомдоосон үйлдэл хийлээ гэж үзэж энэ үеэс надад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүсэж байна.

Энэ хүн дураараа аашилж, миний өмчлөх, эзэмших эрхийг хязгаарлаж, хүчээр авах, чөлөөтэй эзэмшиж ашиглахад минь удаа дараа саад учруулж байгаа бусармаг үйлдлийг хуулийн байгууллагад хандаж таслан зогсоолгохгүй энэ хүн цаашид ч гэсэн би “Мөнх-Агит” компанийн хууль ёсны хөрөнгө хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө ойлгож, компанийн өмчлөх эзэмших эрхэд халдсаар л байх арга буюу хууль хяналтын байгууллагад өөрийнхөө зөрчигдөж байгаа эрх ашгийг хамгаалуулахаар гомдол нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие бэлэглэсэн хувьцаагаа буцааж авах тухай нэхэмжлэл гаргасан шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох хэлсэн тайлбартаа: Манай хүн хувьцаа бэлгэнд аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын бэлэглэлийн гэрээ гээд байгаа гэрээний 1 дүгээр заалт дээр "компанийн хөрөнгийн 49 хувийг гэж бичсэн. Энд хувьцаа гэж дурдагдаагүй байна. Тэгэхээр энд яг ямар хөрөнгө бэлэглээд, одоо ямар хөрөнгийг буцааж авах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хувьцаа бэлэглэсэн бол заавал эрх шилжүүлэх гэрээ үндсэн гэрээг ёстой.

Нэхэмжлэгч тал “Мөнх Агит” ХХК-ийн 49 хувийн хувьцаа гээд байгаа. Энэ нь яг ямар хөрөнгө, уг компани нь хичнээн төгрөгийн хөрөнгөтэй, 49 юу юу орсон нь одоохондоо хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байна гэж хэлсэн нь дээрх гэрээг эрх зүйн талаас нь зөв үнэлж, угаасааа гэрээ нь хуулийн шаардлагад нийцээгүй, гэрээгээр хүлээсэн зорилт зорилгоо биелүүлээгүй байна хэлж өгсөн тайлбар боллоо гэж үзэж байна.

Хэрвээ хувьцаа бэлэглэсэн бол эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, энэ гэрээ нь бэлэглэлийн гэрээг дагалдаж хийгдэх ёстой. Мөн эд хөрөнгө бэлэглэсэн бол компани үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн мөн эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдэж түүний бүртгэлд Г.Болормаагийн хөрөнгө гэж баталгаажиж, түүнийг үндэслэн компаний 49 хувийн хөрөнгө Г.Болормаагийн өмчлөл эзэмшилд очсон байна гэдэг нь албан ёсны баримт бичгээр баталгаажсан байх ёстой. Энэ талаар бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагч Г.Болормаад компаний өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж нарийн заасан байна. Харин одоо хүртэл гэрээний энэхүү заалт нь хангагдаж хэрэгжээгүй байна.

Бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг бэлэг авагч Г.Болормаа нь энэхүү гэрээг ашиглан намайг ноцтой гомдоож гэрээний доторх агуулга зорилго биелэгдээгүй компанийн хувьцаа, эд хөрөнгө төрийн өмчийн эзэмшлийн газрыг хүчээр авах гэж улайрч байгаа түүний хууль бус бусармаг үйлдлийг таслан зогсоолгохоор, өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулж, өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ бусдаас хараат бусаар чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бололцоотой болох зорилгоор нэхэмжлэлийн өргөдөл гаргаж шүүхэд хандаж байна. Иймд энэхүү бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа ... “Мөнх-Агит” ХХК-ийн дүрмийг бүртгүүлэхэд миний зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн компанид эзэмшиж байгаа миний 49 хувийн хувьцаа нь хууль ёсны болохыг захиргааны хэргийн шүүхүүд тогтоосон байдаг. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0007 тоот шийдвэрээр, Мөн нэхэмжлэгч тал урьд нь яг энэ нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд тус нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2016/01127 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал одоогийн нэхэмжлэлтэйгээ яг адил 2013 оны 04 сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин дахин гаргаж миний цагийг маш их үрж байна. Өмнө шийдүүлсэн хэргээ амжилт олоогүй бол дахин шүүхэд өгөөд байдаг бол энэ нь Монгол улсын бүх шүүгчээр шийдүүлж хэзээ өөрт ашигтай шийдвэр гарна тэр хүртэл нэхэмжлэлээ өгч болно гэж надад ойлгогдож байна.

Ингэж хэн хэнийхээ ажлыг нь үнэтэй цагийг үрж болохгүй байх үүнийг зохицуулсан хууль бас байгаа гэдэгт би итгэлтэй байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК ихэсгэсэн шаардлагадаа ... Төв аймгийн сум дундын шүүхэд урьд нь 2 шаардлага гаргасан. Үүний 2 дахь шаардлага нь Г.Болормааг “Мөнх-Агит” ХХК-ний хууль ёсны эзэмшлийн талбайнуудад хууль зөрчин хувьдаа тариалалт явуулахгүй байхыг даалгуулах шаардлага байсан.

Дээрх хоёр шаардлага дээрх нэмж Г.Болормаа 2017.04.20-иос компанийн тариалалтын үйл ажиллагаа явуулсанаа удаа дараа шүүхүүдэд мэдүүлсэн доорх мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг үндэслэн Г.Болормаагийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн Мөн “Мөнх-Агит” ХХК-ний эзэмшлийн 345, 85, 22, 73, 76, 117, 36, 291,14 га талбайнуудад явуулсан тариалалтыг “Мөнх-Агит” ХХК-ний тариалалтанд тооцуулах.

Төв аймгийн шүүхийн 151/Ш32017/01427 тоот захирамж гарахаас өмнө 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс төмс, тосны ургамалыг компанийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.2-д зааснаар Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй 3.3-д зааснаар Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж зөвхөн өөртөө ашиг олох зорилгоор дур мэдэн тариалалт явуулж жинхэнэ эзэмшигч “Мөнх-Агит” компанийг тариалалт хийлгээгүй юм. Г.Болормаагийн хувьдаа хууль бусаар тариалалт хийгээгүй компанийн тариалалт гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн явуулсан үйл ажиллагааг “Мөнх-Агит” ХХК-ийн тариалалтанд тооцож, хуульд нийцүүлэх санхүү,тайлан бүртгэл, татвар, зардал ашгийн хувиарлалт, агротехнологи, тариалангийн үйлдвэрлэлийн нөхцлийг бүрдүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Иймд Г.Болормаагийн шүүхүүдэд өгсөн удаа дараагийн мэдүүлэг /гомдол, энэ шүүх хурлын тэмдэглэл, Захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Г.Болормаагийн 2017.04.20-ний өдрүүдэд “Мөнх-Агит” ХХК-ийн эзэмшлийн 345, 85, 22, 73, 76, 117, 36, 291, 14 га талбайнуудад тарьсан тариалалтыг “Мөнх-Агит” ХХК-ийн тариалалтанд тооцуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... “Мөнх-Агит” ХХК-ийн захирал Ц.Цэдэндамбын Г.Болормаад холбогдуулан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК нэхэмжлэлийн шаардлага багасгахдаа ... “Мөнх-Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Болормаа хариуцагчтай хэрэгт дараах өөрчлөлт оруулах. Үүнд: Бэлэглэгч Ц.Цэдэндамба, бэлэг хүлээн авагч Г.Болормаа нарын хооронд 2013.04.30-ны өдөр байгуулсан Компанийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах,

Г.Болормаад “Мөнх-Агит” ХХК-нийн хууль ёсны эзэмшлийн талбайнуудад тариалалт явуулахгүй байхыг даалгуулах шаардлагаас татгалзаж байгааг шийдвэрлүүлэх, “Мөнх-Агит” ХХК-ийн 49%-ийн хувьцаа эзэмшигч Г.Болормаагийн 2017. 05, 06 сард хууль зөрчин хувьдаа явуулсан тариалалтыг “Мөнх-Агит” ХХК-ийн тариалалтанд тооцуулах шаардлагаас татгалзаж байгааг шийдвэрлүүлэх,

Бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг үйлдвэрлэлийн техник технологийн үйл ажиллагаа болон эдийн засаг, бизнесийн нэр хүндийг байж болох доод түвшинд хүргэн хохироосон ноцтой үйлдлээр 3 дахиа гомдоогоод байна. Үүнд:

Г.Болормаа 2016.04.25-ны өдөр Ц.Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд зүйлийг завшсан гэдэг үндэслэлээр надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Төв аймгийн сэргийлэхэд гомдол гаргасан. Төв аймгийн прокурор эрүү үүсгэхээс татгалзсан.

Миний бие доктор, профессор Ц.Цэдэндамба тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор газар тариалангийн техник технологийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран "Тогтвортой ургацын шинэ технологи"-ийг боловсруулсан юм.

"Тогтвортой ургацын шинэ технологи"-ийг Жаргалант сум, Төв аймаг, ХХААХҮЯамаар хянуулан дэмжүүлж, тариалангийн газар эзэмших гэрээнд тусгайлан оруулж албан ёсоор баталгаажуулсан. Гэрээний шинэ заалтыг хэрэгжүүлэхээр Энсада траоторон ХХК-тай хамтран тэг элдэншүүлгийн шинэ технологийг 2016 оноос эхлэн “Мөнх-Агит” ХХК-ийн 1026 га эргэлтийн талбайд жил бүр бүгдэд нь нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байсан юм.

Гэтэл Г.Болормаа би энэ компанийн нэг эзэн Төв аймгийн сэргийлэх намайг тариалалт явуулж болно гэсэн, Ц. Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд хөрөнгийг завшиж намайг хохироосон гэх мэтээр 2016 оны 4 сард сэргийлэхэд эрүү үүсгүүлэхээр өгснөө итгэл үнэмшилтэйгээр баримтлан “Мөнх-Агит” ХХК-ийн талбайд дайран орж хууль бус тариалалт хийсэн. Энсада компани ийм нөхцөлд бид шинэ технологийн тариалалт хийх боломжгүй гээд ажлаа зогсоогоод буцсан.

Г.Болормаагийн хууль бус ноцтой үйлдлийг бид Жаргалант сумын сэргийлэх, Засаг даргатай хамтарч тэмцээд зогсоож чадаагүй. Г.Болормаа хууль бусаар тариалсан төмсний ургацаа 2016.09 сард хувилдагчидтайгаа хамтран нууц маягаар хурааж хот руу шууд ачуулж борлуулсан, үр тариагаа “Агрокомплекс” ХХК-иар хураалгасан. Ингээд нийт дүнгээрээ Г.Болормаа ихээхэн орлого олж, “Мөнх-Агит” ХХК нэг ч төгрөгийн орлогогүй төлбөр, зардал, өр зээлэндээ баригдаад хоцорсон.

Г.Болормаа 2016.05 сараас 10 сард явуулсан ноцтой үйлдлээрээ намайг гэмт хэрэгтэн гэж үздэгээ баталж, туйлын ихээр шарх сорви мэтээр гомдоосон.

Г.Болормаа “Мөнх-Агит” ХХК-ийн талбайд томоохон хэмжээний тариалалт хийх, тариалангийн газрыг өөрийн “Хонгор буудай” ХХК-ийн эзэмшилд авах, “Мөнх-Агит” ХХК-ийг тариалалт хийлгэхгүй байх үйл ажиллагаа явуулахаар хуйвалдан бэлтгэж байгааг миний бие 2017 оны эхээр олж мэдсэн. Тэгээд тариалангийн талбайгаа харуул хамгаалалтын компаниар хамгаалуулаад ажиллахаар шийдвэрлэж, 2017.04.26-ны өдөр Бүрэнцэнгэл ХХК-тай гэрээ байгуулан ажилд нь оруулсан. Харин Г. Болормаа намайг тусгай харуул хамгаалалт гаргах нь гэдгийг мэдэж биднээс урьтан бүр 4 дүгээр сарын 20-иор талбайд тариалангийн бригадаа гаргасан байв.

Харуул хамгаалалтынхан томоохон бүрэлдэхүүнтэй очиж, Г.Болормаад тариалалт хийлгэхгүй, бригадаа татан буулга, үгүй бол бид хүчээр ачна гэхэд Г.Болормаа миний эзэмшил газар дээрээ тариалалт явуулах эрх, хөрөнгө, үйл ажиллагаанд халдлаа гэж 2016.04.25-ны өдрийн гомдлынхоо агуулга зарчмаар Төв аймаг болон Жаргалант сумын сэргийлэхэд хандан харуул хамгаалалтынхныг дуудуулах, асуулгах, анхааруулах зэргээр шахалт дарамт үзүүлэн тэднийг явуулсан. Тэгээд урьдаас бэлтгэсэн үгсэн хуйвалдсан хамтрагчидтайгаа хүч хавсран тариалалт хийж эхэлсэн.

Г.Болормаа энэ ноцтой үйлдлээрээ манай компаний 1026 га талбайд шинэ технологиор тариалалт хийхээр тохирсон компаниудыг ч буцаасан. Миний бие хүчтэй гомдож, сэтгэл санааны шоконд орж даралт, зүрхний цохилт ихсэн салгалж, 3 хоног эмчийн хяналтанд хэвтсэн.

Шинэ технологийн компаниудыг ятган 1026 га-д тариалалт хийхээр тохирч байснаа хэрэгжүүлэхээр тэднийг Г.Болормаагийн үйлдлийг мэдэхээс өмнө урьтаж тариалалтыг нь зогсоохоор шүүхэд хандан хөөцөлдөөд дийлээгүй.

Ингэж бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг удаа дараагийн ноцтой үйлдлээрээ гомдоосон тул иргэний хуулийг 280.1.1 заалтыг үндэслэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “Мөнх-Агит” ХХК-ийн захирал Ц.Цэдэндамбын Г.Болормаад миний биед хамруулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь “Мөнх Агит” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр дангаар 1993 онд байгуулсан, Энэ компани маань 1 үүсгэн байгуулагчтай тэр нь миний бие юм. Г.Болормаатай 1994 оноос 23 дахь жилдээ хамт үйл ажиллагаа явуулж байна. 2013 оны 4-р сарын 30-ны өдөр компаний хөрөнгийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэсэн. Учир нь Г:Болормаа мэргэжлийн агрономич учир энэ компанийн газар тариалангийн үйл ажиллагааг авч явах байх гэж бодож байсан. Гэтэл Г.Болормаа нь гэрээ байгуулсан өдрөөс эхлээд намайг гомдоож эхэлсэн. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах үйл ажиллагааг шийдэх асуудалд оролцох эрхтэй, харин компаний өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Гэтэл Г.Болормаа энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр 2016 оны 4-р сарын 25-ны өдөр Ц.Цэдэндамба намайг хууль бус үйл ажиллагаа явуулж, миний эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж, цагдаа шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Г.Болормаагийн цагдаагийн газарт өгсөн энэ үйлдэлд 81 настай хөгшин би үгээр хэлэхийн аргагүй гомдсон.

2 дугаарт миний бие тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор газар тариалангийн техник технологийг эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран тогтвортой ургацын шинэ технологийг боловсруулсан. Жаргалант сум, Төв аймаг, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамаар хянуулан дэмжүүлж тариалангийн газар эзэмшүүлэх гэрээнд тусгайлан оруулж албан ёсоор баталгаажуулсан. Гэрээнд шинэ заалтыг хэрэгжүүлэхээр Инсанта компанитай хамтран шинэ технологийг хэрэгжүүлэхээр 2016 оноос эхлэн “Мөнх-Агит” компанийн 1026 га эргэлтийн бүх талбайтай жил бүр бүгдэд нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байсан юм. Гэтэл Г.Болормаа би энэ компанийн эзэн байна. Төв аймгийн цагдаагийн газар намайг тариалалт явуул гэсэн. Ц.Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд хөрөнгийг завшиж намайг огцруулсан гэх мэтээр ярьж “Мөнх Агит” компанийн талбайд дайран орж хууль бус тариалалт хийсэн. Инсанта компани ийм нөхцөлд бид шинэ технологийн тариалалтыг хийх боломжгүй гээд ажлаа зогсоогоод буцсан. Г.Болормаагийн энэ хууль бус үйлдлийг Жаргалан сумын засаг дарга, цагдаагийн байгууллагатай нийлээд арга хэмжээ авч чадаагүй. Хууль бусаар тариалсан төмснийхөө ургацыг 2016 оны 9-р сард хурааж авч хот руу ачуулж борлуулсан. Үр тариагаа Агарком компаниар хураалгасан.

Ингээд нийт дүнгээр Г.Болормаа ихээхэн орлого олж “Мөнх Агит” компани нэг ч төгрөгийн орлогогүй. Төлбөр, өр зээлэндээ дарагдаад үлдсэн. Г.Болормаа 2016 оны 5-р сараас 10-р сард явуулсан давтан үйлдлээрээ намайг гэмт хэрэгтэн гэж үзсэнээ баталж, би туйлын ихээр гомдсон.

3 дугаарт “Мөнх Агит” компанийн тариалан хийх газарт өөрийн “Хонгор буудай” ХХК-ийн эзэмшилд авах, “Мөнх Агит” компаниар тариалалт хийлгэхгүй байх үйл ажиллагаа явуулахаар хувилдан бэлтгэж байгааг миний бие 2017 оны эхээр олж мэдсэн. Тэгээд тариалангийн талбайгаа харуул хамгаалалтын компаниар хамгаалуулаад ажиллахаар шийдвэрлэж 2017 оны 4-р сарын 26-ны өдөр Бүрэн цэнгэл харуул хамгаалалтын газартай гэрээ байгуулж ажилд нь оруулж зардал мөнгө гаргасан. Харин Г.Болормаа нь намайг харуул хамгаалалт гаргах нь гэж урдаас төлөвлөж 4-р сарын 20-доор тариалалт эхлэх болоогүй байхад талбайд тариалан бригадаа гаргасан байсан. Харуул хамгаалалтынхан бүрэлдэхүүнтэй очиж Г.Болормааг тариалалт хийлгүүлэхгүй бригадаа татан буулга үгүй бол хүчээр ачна гэхэд Болормаа миний эзэмшил газар дээрээ тариалалт явуулах эрх, хөрөнгө үйл ажиллагаанд халдаа гэж 2016 оны 4-р сарын 26-ны өдөр гомдлынхоо агуулга зарчмаар Төв аймаг болон Жаргалант сумын цагдаагийн газар хандан харуул хамгаалалтыг дуудуулах, асуулгах, анхааруулах зэргээр шахалт дарамт үзүүлж тэднийг явуулсан.

Төв аймгийн болон Жаргалант сумын цагдаагийн газрынхан надтай уулзсан. Г.Болормаа энэ ноцтой үйлдлээрээ манай компанийн 1026 га талбайд шинэ техник технологиор тариалалт хийхээр тохирсон компаниудыг буцаасан. Би Г.Болормаад маш их гомдсон. Сэтгэл санааны шоконд орж даралт, зүрхний цохилт ихсэж салганан 3 хоног эмчийн хяналтад байсан. Ингэж бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг удаа дараагийн ноцтой үйлдлээр гомдоосон тул 2013 оны 04 сарын 30-ны өдрийн “Мөнх Агит” ХХК-ин 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Болормаагийн өмгөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэгч талын гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ маргааныг өмнө нь шүүх материаллаг хуулийг хэрэглээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас энэ хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 4-ний өдрийн 27 тоот шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигчид хэргийн үйл баримтын талаар өөрсдөө нотлох үүрэг хүлээдэг. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргаад өөрөө нотлох шаардлагатай. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай адил байгаа бөгөөд шүүх материаллаг хууулийг хэрэглээд өмнө гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3-д тус тус зааснаар “Мөнх Агит” ХХК, Ц.Цэдэндамбын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Болормаад холбогдох 2013 оны 04 сарын 30-ны өдрийн “Мөнх Агит” ХХК-ийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэсэн “Компани бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Болормаагаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Болормаа давж заалдах гомдолдоо: “...Мөнх-Агит ХХК-ийн захирал Цогийн Цэдэндамбагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.Болормаа би дараах гомдпыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь гомдсон үндэслэлээ Болормаа намайг цагдаад өгсөн түүнээс нь болоод би шоконд орж бие минь муудсан гэх бөгөөд би Цэдэндамба гуайг цагдаад өгсөн гол шалтгаан бол “Мөнх-Агит” ХХК-ийн хашаанд байсан миний өмчлөлийн 34-46 ТӨА дугаартай Тоёота Ассенс маркийн машиныг минь өгөхгүй байсан болохоор цагдаад өргөдөл өгч эд хөрөнгө хамгаалах гэсэн үйлдэл хийсэн.

Шүүх яагаад энэ хүний гомдох болсон шалтгаанд нь энэ хүний өөрийнх нь буруу байгааг харгалзаж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч тал нь хэзээ нэгэн цагт ямар нэг үнэн худал нь мэдэгдэхгүй Цэдэндамба гуай шиг иймэрхүү шалтаг шалтгаан гаргаж гомдох үндэслэлээ өөрөө гаргаж ирээд өөрөө тэрэндээ гомдоод өгсөн зүйлээ буцаагаад авчихдаг бол энэ гэрээний хэрэг байна уу гэж надад бодогдож байна. Иймд давж заалдах шатны шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттогтох давж заалдах гомдолдоо: Хариуцагч Г.Болормаагийн өмгөөлөгч Н.Баттогтох би анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй буюу яг ямар хөрөнгийн 49% шаардаж байгаа нь ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдсэн.
  2. Нэхэмжлэгч 2013.04.30 өдрийн Компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Мөнх-Агит” ХХК-ийн захирал Ц.Цэдэндамба гуайн гаргасан нэхэмжлэлийг өмнө шүүхээр эцэслэн шийдсэн бөгөөд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2016/01127 тоот шийдвэрээр 2013.04.30 өдрийн Компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тус шийдвэр нь хүчин төгөлдөр байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дахин хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэхдээ 2013.04.30 өдрийн Компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаа болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Мөнх-Агит” ХХК /Гүйцэтгэх захирал Ц.Цэдэндамба нь “Мөнх-Агит” ХХК-ийн хувьцааны 49 хувийг бэлэглэсэн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагадаа Ц.Цэдэндамба, Г.Болормаа нарын хооронд хийгдсэн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Компани бэлэглэлийн гэрээ”-г үндэслэл болгожээ. Хариуцагч Г.Болормаа “Мөнх-Агит” ХХК-ийн дүрмийг бүртгүүлэхэд ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн компанид эзэмшиж байгаа миний 49 хувийн хувьцаа нь хууль ёсны болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон, мөн нэхэмжлэгч яг энэ нэхэмжлэлийг урьд нь гаргаж байсныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Цэдэндамба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Болормааг компанийн эзэмшлийн талбайд тариалалт явуулахгүй байхыг даалгах, Г.Болормаагийн 2017 оны 05, 06 дугаар сард хууль зөрчин хувьдаа явуулсан тариалалтыг “Мөнх-Агит” ХХК-ийн тариалалтад тооцуулах гэсэн хоёр шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч дээрх хоёр шаардлагаасаа татгалзаж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэсэн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон байна.

Анхан шатны шүүх Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1127 дугаар шийдвэртэй, “Мөнх –Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Болормаад холбогдох “хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох” тухай хэргийн талаар дүгнэхдээ 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн агуулга нь “хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай бөгөөд шүүх 1127 дугаар шийдвэрээр “Мөнх-Агит” ХХК-ийн 49 хувийн хуьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, маргааны үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр ... гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1127 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Цэдэндамба нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон маргааны үйл баримт өөрчлөгдөөгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөн залруулах боломжтой тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаар давж заалдсан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00724 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Мөнх-Агит” ХХК /Гүйцэтгэх захирал Ц.Цэдэндамба/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Болормаад холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.3-д зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

         ШҮҮГЧИД                                Ш.ТӨМӨРБААТАР           

   Ц.ӨРНӨНДЭЛГЭР