Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00343/и |
Дугаар | 1981 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1981
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Х.Я-д холбогдох
Япон Улсын иргэн Н.Ёошимасагийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,
Өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, А.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х.Я нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. ...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ" гэж заасан бөгөөд Япон Улсын иргэн Н.Ё-ийн гэрийн хаягийг дурдаагүй байна. Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон Улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортод үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон Улсын иргэн монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн итгэмжлэлийг эх хэл дээр үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Хариуцагч болох Гадаад харилцааны яамыг Монгол Улсаас Япон Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд буюу Консулын газраас тусад нь салгаж ойлгох боломжгүй юм. Учир нь хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газар буюу Япон Улсын Токио хотод байрлах МУ-ын ЭСЯ-д нотариатын үйлдлийг баталсан. Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 6 дугаар зүйлийн 6.1, Монгол Улсын консулын дүрмийн 2.1, 1.4, 1.7, 1.9-д тус тус зааснаас үзэхэд Япон Улсын Токио хотод байрлах Монгол Улсын ЭСЯ-д гэрчилсэн нотариатын үйлдлийн хувьд Монгол улсад байрлах Консулын алба буюу Г.Х.Я хариуцагч болох юм. /Бид Монгол Улсын хуулиар гэрчилсэн үйлдлийг Япон улсад очиж нэхэмжлэл гаргах боломжгүй, мөн Японд байгаа Консулын ажилтанг хариуцагчаар татах боломжгүй/
Монгол Улсын консулын дүрмийн 12.1-д заасныг зөрчиж Япон улсын иргэн Н.Ё-аас иргэн М.Алтанцэцэгт итгэмжлэл олгон бидний эрхийг зөрчиж байна. Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Япон Улсын иргэн Н.Ё-аас Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг дурдахдаа "...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ" гэсэн хэсгийг оруулсан байдаг боловч энэ хэсэг нь зөвхөн хуулийн этгээдээс итгэмжлэл өгч байгаа тохиолдолд баримтлах заалт юм. Өнөөдөр бидний хэлэлцэж буй иргэний хэрэг нь хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэлийг хэлэлцэж байгаа тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтаас "итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх", 64.2.3-т "олгосон он, cap, өдрийг заах", 64.2.4-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх", 64.2.5-д "итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг бүх хүчин төгөлдөр байхад шаардсан хуулийн заалтыг хангасан байна. Японы иргэн Н.Ё нь өөрөө Магсар овогтой Алтанцэцэгт уг итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу олгосон болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт гадаад паспортонд үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай, өөрийн овог нэр, бусад мэдээллийг дурдсан байхад хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй юм. Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу "Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна" гэж хуульчилсан байна. Мөн 9.2-т "Хилийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно" гэж заасан байдаг. Гэтэл үйлчлүүлэгч нь хүсэлт гаргаагүй өөрөө орчуулагчтайгаа ирсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ё нь М.Алтанцэцэг итгэмжлэл олгох ашиг сонирхол байсан юм уу гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийг тодорхой заасны дагуу уг итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. М.Алтанцэцэгт олгогдсон итгэмжлэлийг нотариатч хуулийн дагуу холбогдох баримт бичгийн үзэж, талуудыг байлцуулж олгосон болох нь тогтоогдож байна. Ч.Б-ийн хувьд Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагчаар татагдсан байдал нь түүний ямар, эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тодорхойгүй байна. Гадаад Улсын иргэний баримт бичиг нь тухайн улсынх нь гадаад паспорт л байна. Н.Ё нь тухайн итгэмжлэлээ дэмжин зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн талаар дахин бичгийн баримтыг нотариатаар баталгаажуулан энэхүү хэрэгт ирүүлсэн байгаагаар Ч.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Иймд энэ нотлох баримтаар өөрт хамааралгүй хүнд итгэмжлэл олгоогүй болох нь давхар нотлогдож байна. Н.Ё нь 3 иргэний хэрэгт Гадаад явдлын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон байдаг. Н.Ё нь Гадаад харилцааны яамаар дамжуулан итгэмжлэл олгох бүрдээ зардал гаргасан. Иймд Н.Ё-аас гаргасан 2 000 000 төгрөгийг Ч.Б-с гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Б-ийн Г.Х.Я-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Г.Х.Я-нд холбогдох, Япон улсын иргэн Н.Ё-ийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Ч.Б-аас өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Ё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 300 төгрөгийн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171 350 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж Ж.О-т буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Япон Улсын иргэн Н.Ёийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэл нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Япон Улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны нотариатын үүрэг гүйцэтгэгч нь тухайн итгэмжлэлийг зөвхөн монгол хэл дээр үйлдсэн ба тухайн ажиллагаанд орчуулагч оролцуулсан гэх баримт байхгүй байна. Энэ нь Япон Улсын иргэн Н.Ё уг итгэмжлэлийн агуулга үр дагаврыг бүрэн ойлгосон эсэхэд эргэлзээ төрөх үндэстэй байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийг бүхэлд нь нягталж шалгахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Г.Х.Я-д холбогдуулан Япон Улсын иргэн Н.Ё нь Монгол Улсын иргэн М.Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Ё-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нэхэмжлэгч Ч.Б-т холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Япон улсын иргэн Н.Ё нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Алтанцэцэгт өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд Ч.Б-аас шүүхэд зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шаардах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдэлж оролцох, нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх, шүүхэд нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах, эвлэрүүлэн зуучлалд төлөөлөх, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, хүсэлт гаргах, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах бүрэн эрхийг 2 жилийн хугацаатай олгожээ.
Хэргийн 42 дугаар талд Япон улсын иргэн Н.Ё 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Алтанцэцэгт олгосон итгэмжлэлээ дэмжин зөвшөөрсөн тухай баримт авагдсан байна.
Дээрх итгэмжлэлийг үйлдэхдээ Н.Ё-ийн иргэний албан ёсны бичиг баримтаар бус гадаад паспортыг үндэслэсэн гэх нөхцөл байдал нь уг нотариатын үйлдлийг хууль зөрчиж хийсэн буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн дээрх итгэмжлэлийг эх хэл дээрээ үйлдэж албан ёсны орчуулгаар орчуулж нотариатаар гэрчлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй болно. Учир нь уг итгэмжлэлийг нотариатч гэрчлэхдээ гадаад улсын уг иргэн монгол хэл мэддэггүй байсан, орчуулагч оролцуулаагүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэх асуудлаар гомдол, шаардлага гаргаагүй байна.
Иймд Япон Улсын иргэн Н.Ё нь Монгол Улсын иргэн М.Алтанцэцэгт итгэмжлэл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн, түүний эрх ашгийг хөндсөн нь тогтоогдоогүй болно.
Нөгөө талаар, нэхэмжлэгч Ч.Б нь Япон Улсын иргэн Н.Ё-гийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл хууль зөрчсөн эсэх асуудлаар хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үзэх үндэслэл болохгүй байна.
Иймд итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Н.Ё-гийн М.Алтанцэцэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд Н.Ё нь нэхэмжлэгч Ч.Б-т холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг Ч.Б эс зөвшөөрч маргасан байна.
Хэргийн 29 дүгээр талд Япон улсын иргэн Н.Ё нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ж.О-т олгосон, хэргийн 32-37 дугаар талд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 38 дугаар талд өмгөөлөгч Б.Б-нд Ж.О-ээс өмгөөллийн хөлс төлсөн орлогын ордер зэрэг баримтууд авагджээ.
Дээрх баримтаас үзвэл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралтад хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэрэгт өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг төлсөн нь тодорхойгүй байх тул шүүх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ