Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Ням |
Хэргийн индекс | 140/2016/0045/Э |
Дугаар | 45 |
Огноо | 2016-09-05 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 45
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч М.Батбаяр Ц.Батбаяр Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Батбаяр, Ц.Батбаяр нарт холбогдох 201613000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн дээд хэсэг 1-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Цоохор овогт Мягмаржавын Батбаяр /Регистрийн дугаар: ИЖ92120313/ Шүүгдэгч: Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын Дархан Уул багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Мандар овогт Цэнгэлийн Батбаяр /Регистрийн дугаар: ИЮ90021797/ М.Батбаяр, Ц.Батбаяр нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Лааны булан гэх газар байрлах барилгын талбайгаас 2016 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө “Ган” ХХК-ны эзэмшлийн 87-85 УНЯ улсын дугаартай XUGONG маркийн авто кранаас 150 амперын 2 ширхэг аккумлятор, 150 литр түлш хулгайд алдагдаж 741.000 төгрөгий хохирол учирсан болох нь мөрдөн байцаалтад өгсөн гэрч Б.Ерөөлтийн “...Алдархаан сумын нутаг Лааны булан гэдэг газар манай компани “Ган” ХХК хоёрын барьж байгаа барилгын бетон эдлэлийн үйлдвэр баригдаж байгаа юм. Би “Ган” ХХК-ны авто краныг 2016 оны 05 сарын 06-ны өглөө ажиллуулах гэж очсон чинь авто краны 2 аккумлятор нь байхгүй, түлшнээс нь бас алга болсон бололтой түлшний савны доод газар борлогтоод түлш асгарсан байдалтай байсан. Энэ талаар Доржжүгдэр даргад хэлсэн юм. Тэгээд тэр авто кранд би өөр аккумлятор тавьж байгаад 40 литр түлш хийж асаагаад ажиллуулж бетон эдлэлийн үйлдвэр угсрах ажил хийсэн юм. Намайг очиход бороо орсон байсан учир ул мөр мэдэгдэх боломжгүй болсон байсан. Тэр авто краны түлшний хянах самбар нь эвдрээд заадаггүй юм байна лээ.” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Доржжүгдэрийн “...Манайх Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутагт буюу Лааны булангийн дэнж гэдэг газар шинээр бетон эдлэлийн үйлдвэр барьж байгаа юм. Одоогоор тоног төхөөрөмж суурилуулах, шинээр хашаа хайс барих ажил явагдаж байгаа юм. Үйл ажиллагаа яг эхлээгүй байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өглөө манай ажилчид ажилдаа ирээд ажлаа хийх гэтэл тэнд ажилладаг манай компаний ашиглаж байгаа шар өнгийн кран автомашины 2 ширхэг аккумлятор, 150 орчим литр түлш зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа алдагдсан 2 аккумлятороо авсан байсан. Тэр 2 аккумлятор 150 ампертай байсан. Кран автомашинд 150 литр орчим түлш байсан гэсэн. Жолооч Бямбаад анх 200 литр түлш байснаас ажил үйлчилгээнд зарцуулаад 100 литр түлш үлдэхээр нь би 50 литр түлш хийж өгсөн. Тэгээд 150 литр түлш банкинд нь үлдсэн байсан. Тэгээд тэр хулгайч нар машины банкыг шавхаад 150 литр түлшийг нь аваад явсан байна лээ...Алдагдсан эд зүйлүүд жолооч Бямбаагийн хариуцаж байгаа манай компанитай хамтарч ажиллаж байгаа “Ган” ХХК-ний эзэмшлийнх юм...”” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.Дүүрэнбилэг, Ж.Пүрэвдорж нарын энэ талаарх мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх эд зүйлийг шүүгдэгч М.Батбаяр, Ц.Батбаяр нар бүлэглэн, авто машин ашиглаж хулгайлсан болох нь шүүгдэгч М.Батбаярын ”...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би найз Ц.Батбаярын хамт цагаан хаалгаар гараад Лааны булангийн булгаас ус аваад буцах замдаа Лааны булангийн дэнж дээр баригдаж байгаа үйлдвэрийн барилгын хажуугаар явж байгаад харсан чинь шар өнгийн том гран автомашин зогсож байхаар нь очсон чинь хүн харагдахгүй байхаар нь Ц.Батбаяр бид хоёр тус автомашины баруун талд ил харагдаж байсан 2 ширхэг аккумляторыг нь тайлж аваад машиныхаа хойд талын тэвшин дээр тавиад, машины зүүн талдаа байсан түлшний банк нь цоожгүй байхаар нь онгойлгоод шланкаар түлшнээс нь соруулж авсан. Тэгж авахдаа 25 литрийн багтаамжтай хуванцар шар сав 2 ширхэг, 30 литрийн багтаамжтай саванд дүүргэж байгаад машины банкиндаа хийсэн. Тэгээд дахиад нөгөө 30 литрийн багтаамжтай хуванцар хөх өнгөтэй саванд болон 25 литрийн багтаамжтай шар өнгөтэй 2 ширхэг хуванцар саванд түлш дүүргээд гэртээ очсон” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Батбаярын ”...2016 оны 05 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад М.Батбаяр гэдэг манай найз усанд цуг яваадахъя гэж хэлээд манайд орж ирсэн юм. Тэгээд бид хоёр түүний машинаар усанд явсан. Тэгээд бид хоёр Лааны булангийн тийшээ яваад булгаас ус аваад буцаж явсан юм. Тэгэхэд Лааны булангийн дэнж дээр баригдаж байгаа үйлдвэрийн барилгын хажуугаар явж байгаад харсан чинь шар өнгийн том кран автомашин зогсож байхаар нь очсон чинь М.Батбаяр тэр машиныг тойрч явж байгаад энэ машины аккумляторыг түлштэй нь хамт хулгай хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би болохгүй байхаа, яах юм гэсэн чинь М.Батбаяр зүгээрээ зүгээр гээд байсан. Тэгээд Батбаяр бид хоёр аккумляторын толгойд нь байсан утаснуудыг нь сугалж салгасан. Тэгээд машиндаа хийх болоод би өргөлцөөд машинд нь хийсэн. Тэгээд ус хийсэн байсан 2 ширхэг 20-25 орчим литрийн багтаамжтай хуванцар шар савтай усаа асгаад 30 литрийн багтаамжтай хуванцар хөх өнгөтэй түлш хийдэг гээд байсан саваа машинаасаа аваад тэр автокраны түлшний савнаас түлш соруулж авсан юм. Эхлээд 30 литрийн багтаамжтай саванд дүүргэж байгаад машины банкиндаа хийсэн. Тэгээд дахиад нөгөө 30 литрийн багтаамжтай хуванцар хөх өнгөтэй саванд болон 20-25 орчим литрийн багтаамжтай шар өнгөтэй хоёр ширхэг хуванцар саванд түлш дүүргээд бид хоёр явсан гэсэн мэдүүлгүүд болон тэдний дээрх мэдүүлгийг давхар нотолсон гэрч Б.Ерөөлтийн “...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 8 орчим хоногийн дараа би 14 цаг өнгөрч байхад Дэнжид ажлынхаа хашаанд Хово машинаа янзлаад байж байтал нэг туранхайвтар, шардуу царайтай залуу үйлдвэрийн хашаанд орж ирээд аккумлятор зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар аккумлятор юм бэ гэсэн чинь тэр залуу таны машинд л таарах байх, 2 том аккумлятор байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи аккумлятороо аваад ир, үзэж хараад гайгүй аккумлятор байвал авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь удаагүй 2 цагийн дараа нөгөө залуу чинь саарал өнгийн ардаа тэвштэй суудлын машинтай ирээд 2 аккумлятор авч ирж үзүүлсэн. Тэгсэн тэр нь манай авто кранаас алдсан 2 аккумлятор мөн байсан. Би урьд нь тэр 2 аккумляторыг харж байсан юм. Дээрээ тэмээний зурагтай саарал өнгөтэй том аккумляторууд байсан юм. Тэгээд би чиний энэ авч ирсэн аккумлятор чинь манай алдсан аккумлятор байна гээд тэр 2 аккумляторыг нь авсан. Тэр залуугаас хаанаас авсан юм гэж асуусан чинь би хүнээс модны өртгөнд авсан юм гэхээр нь чи тэр хүнтэйгээ уулзаж учраа ол, манайх алдсан юмаа авлаа гээд тэр 2 аккумлятороо авч үлдсэн. Тэгээд тэр аккумляторыг нь буцааж авто кранд тавьсан юм. Тэр залуу ганцаараа ирсэн.” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан журам, үндэслэлээр авагдсан, энэ хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа учир Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг яллах нотлох баримт болгон үнэлсэн болно. Ийнхүү шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон бөгөөд тэдний гэм буруу, хэрэг үйлдсэн арга, хэрэгслийн талаар талууд маргаагүй болно. Иймд шүүгдэгч М.Батбаяр, Ц.Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг авто машин ашиглан, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл болгосон бөгөөд ял шийтгэл оногдуулахад харгалзах хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна. М.Батбаяр, Ц.Батбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хулгайлсан эд зүйлийн шинж байдал зэргийг харгалзан тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй, мөн тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхийн өмнөх болон хойшхи хугацааны зөв зан төлөвтэй байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж тус тус үзлээ. Харин Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураахаар заасны дагуу М.Батбаярын эзэмшлийн SSANGYONG маркийн 31-03 ЗАН улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298-р зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цоохор овогт Мягмаржавын Батбаяр, Мандар овогт Цэнгэлийн Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг авто машин ашиглан, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаяр, Ц.Батбаяр нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Батбаяр, Ц.Батбаяр нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Батбаяр, Ц.Батбаяр нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж тус бүрийг 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. М.Батбаяр, Ц.Батбаяр нарт ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар М.Батбаярын эзэмшлийн SSANGYONG маркийн 31-03 ЗАН улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан судалтай, улаан өнгийн 126 см урт хуванцар хоолой, 25 литрийн багтаамжтай шар өнгийн хуванцар сав 2 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөх өнгийн хуванцар сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Тогтоолын 6 дугаар заалтыг биелэгдтэл М.Батбаярын эзэмшлийн SSANGYONG маркийн 31-03 ЗАН улсын дугаартай авто машины битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, түүний эд хөрөнгө болох 350.000 төгрөгний үнэлгээтэй Panasonic маркийн 42 инчийн зурагт, 450.000 төгрөгний үнэлгээтэй Frestech маркийн хөлдөөгч, 330.000 төгрөгний үнэлгээтэй MORE маркийн угаалгын машин, Ц.Батбаярын эд хөрөнгө болох 3300000 төгрөгний үнэлгээтэй ЗИЛ-130 маркийн автомашин 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
12. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ