Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 130/2016/0036/Э |
Дугаар | 161/ШЦТ2016/00039 |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/00039
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
улсын яллагч: Х.Ө,
хохирогч: Ж.О ,
хохирогчийн өмгөөлөгч: А.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З, Я.С,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан туг овогт О Э т холбогдох 00000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч О.Э : Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, Ц овогт О Э , 1973 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, ********* регистрийн дугаар, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Буянт сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч О.Э ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны орой ТОЗ-8 маркийн галт зэвсгээр тус сумын иргэн Ж.О г өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас айлгах санаатай очин буудаж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би О гийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг өөрийн хашаа байшингаа худалдаж төлж өгсөн. О намайг уучилсан. Би О д учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж бодож байна. Би хийсэн хэргээ 100 хувь хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчийн өмгөөлөгчид төлж өгсөн гэх 500000 төгрөгийг өнөөдөр сонсож мэдлээ, төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.
- Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би эмчилгээний зардалд 5 сая төгрөг, сард олох орлого, сэтгэл санааны хохиролд 3 сая төгрөг, нийт 8 сая төгрөг авсан. Би баримт бичиж өгөхдөө цаашид гуянд байгаа 1 ширхэг тугалга, 26 ширхэг тугалга, 56 ширхэг үртэсийг Монгол Улсад авах боломжгүй гэж хэлсэн учир эмчилгээний зардал гаргуулна гэж амаар О. Э т хэлсэн. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг маань шүүхээс нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байсан боловч хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанаар өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 500000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч уг хэргийн учир 19 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчид бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоолоор уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, сум 9 ширхэг, өмд 2 ширхгийг хохирогчид буцаан олгож, хутга нэг ширхэг, сумны хонгио 2 ширхэг, сумын хошуу гэх металл 1 ширхэг, арчидас 9 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 2 ширхэг, цусны дээж 2 ширхэг зэргийг тус тус хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэсэн саналтай байна. Галт зэвсэг, хонгиог улсын орлого болгох саналтай байна. Цаашид хохирогчийн нэхэмжлэх эрхийг нь шүүх шийтгэл тогтоолд нээлттэй үлдээж, өөрт учирсан хохирлоо материалаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.
- Хохирогчийн өмгөөлөгч А.С өмгөөллийн үгэндээ: “... Цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жиш нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Учир нь хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 629 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “О гийн баруун хөлний гуянд байгаа металл хэлтэрхийнүүд нь хөдөлмөрийн чадвар болон эрүүл мэндэд цаашид хэрхэн нөлөөлөхийг цаашид тогтоох боломжгүй” гэж дурдсан. Цаашид эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй. Уг дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсэж болохыг харуулсан дүгнэлт гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулах ялын саналын талаар хэлэх нь илүүц байх. Үүнийг шүүгч дотоод итгэлээрээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлыг нэхэмжилж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзсэн учраас энэхүү хэсгийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З өмгөөллийн үгэндээ: “...Шүүгдэгч хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, эдийн хохирол байхгүй боловч 8 сая төгрөг төлж барагдуулсан нь гэм хорыг сайн дураараа барагдуулсан гэж үзэхээр байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хууль тогтоогчид О.Э шиг иргэд шийтгэгдчих бий гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд тэнсэн хянан харгалзах гэсэн зүйл заалт оруулсан. Иймд шүүгдэгчид оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн шүүх хуралдааны шатанд өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэв.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С өмгөөллийн үгэндээ: “... Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Ж.О гийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, анх зодоон болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.О гийн цусны дээж авсан тухай тэмдэглэл, О.Э ийн цусны дээж авсан тухай тэмдэглэл, Ж.О г хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Н.Ц, Б.Н, Ж.З, Р.О, О.Г, Ж.Н, Т.Г, Д.Т, О.Э, Ж.Э, Б., Ж.Б нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, шинжээч К.Х-ыг байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-тын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б-гийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.О, Т.Амартүвшин, Ө.С, Б.Д, Д.М нарын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт, О.Э ийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 000000 дугаартай өвчтний түүх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч О.Э ийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны орой ТОЗ-8 маркийн галт зэвсгээр тус сумын иргэн Ж.О г өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас айлгах санаатай очин буудаж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэрэг учрал болсон гэх газар бүхий Ж.О гийн гэрт үзлэг хийсэн тухай
тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Анх зодоон болсон гэх газарт үзлэг тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-23 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-
ийн 24 дүгээр хуудас/,
- Ж.О гийн цусны дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-
31 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн болон хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-
34 дүгээр хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 189-192 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай сумын Ожоон Э гэдэг хүн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын төвд ЗДТГ-ын фургон машиныг жолоодож явж байгаад гудамжинд явган явж байсан намайг мөргөж унагаасан байсан юм. Тэрээр миний баруун хөл өвдөг орчмоор гэмтэл аваад хэсэг хугацаа би доголдож явж байгаад зүгээр болсон. Гэхдээ саяхан идэш бэлдэж байх үед уг гэмтэл авсан газрын мах нь задарсан байгаа. Энэ асуудлаас болж бид хоёр таарамж муутай болж эхэлсэн. Тухайн үед О.Э согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан бөгөөд эрхээ хасуулсан. Үүнээс хойш намайг цагдаагийн бууны нохой гэж байнга доромжилдог болсон. Би сумын төвд бялдаржуулах өрөө ажиллуулдаг. Тэгээд өчигдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг 40 минутад бэлтгэл хийж байсан хүүхдүүдээ тараачихаад хажууд нь байдаг Жаргалсайхан гэдэг хүний биллиард тоглуулдаг газарт очсон. Мотоцикл маань өрөөний урьд үлдсэн байсан. Биллиардны газар ороход дотор нь О.Э , Б, У, биллиардны эзний хүүхэд Шархаа тэгээд А сумаас яваа нэг танихгүй залуу байсан. Тэд дөнгөж ирээд орж байсан. Алтайгаас ирсэн залуутай О.Э нэг ширээнд биллиард тоглож эхэлсэн. Би Б тай нэг ширээнд биллиард тоглож эхэлсэн. Тэд орохдоо гаднаас 2,5 литрийн пивоноос 2 сав авч орсон. Пивийг У аягалаад тэнд байсан хүмүүст тойруулж өгөөд байсан. Би хоёр удаа аягалж өгсөн пивоноос уусан. Э гаднаас орохдоо согтуу байсан. Шархаа бид хоёр л эрүүл байсан. У Алтайн залуу хоёр ч уусан байсан. Гэхдээ Э ээс гайгүй байсан. Э нилээн согтуу байсан. Тэгээд би тоглож байх явцад Э намайг үгээр өдөж "пизда, нуцааг" гэж намайг олны өмнө доромжилж миний дургүйцлийг хүргээд байсан. Гэхдээ би зүгээр өнгөрүүлж түүнд юм хэлээгүй. Би биллиардны дотор 30 орчим минут байсан. У бид хоёр нэг ангийн найзууд болдог ба түүнийг дагуулаад билиарднаас гараад буцаад бялдаржуулах өрөөнд ирээд шатар тоглосон юм. Бид тоглож байхад гаднаас М й, Ц гээд хоёр залуу орж ирээд М й надтай даам тоглочихоод яваад өгсөн. Дараа нь У гараад явсан байсан. Тэгээд Ц бид хоёр өрөөг хааж гарсан. Энэ үед 22 цаг өнгөрсөн байсан байх. Гараад ирэхэд эхнэр Ц урдаас гарч ирсэн. Тэгээд би мотоциклоо асаагаад эхнэрээ сундалдуулан биллиардны газарт очсон. М й, Ц хоёр ирэхдээ 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архитай орж ирсэн. Тэгээд уг архийг гурвуулаа хувааж уусан. У архинаас уугаагүй. Тэгээд би жаахан согтоод О.Э ийн хэлсэн үгнүүд санаанд орж уур хүрээд түүнтэй очиж уулзаж хариугаа авах бодол төрсөн. Очиж яагаад намайг байнга доромжилдог талаар хэлэх гээд түүнийг хайсан. Биллиарданд байхгүй байхаар нь хамт явсан Б гийн гэрт яваад очиход тэднийд байгаагүй. Тэгээд О.Э ийн хашааны гадна мотоциклтой эхнэртэй хамт очсон. Бид очиж зогсох үед О.Э хажуу талын Г гээд айлын хашаанаас гараад гэр лүү нь хүрч ирсэн. Энэ үед би түүнд “Та одоо яах гээд байгаа вэ” гэж очоод түүнийг замдаж авсан тэр ч зөрүүлж намайг замдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ цохиж зодолдож эхэлсэн. Мөн наашаа цаашаа түлхэлцэж зодолдсон. Энэ үед эхнэр гүйж очоод хажууд нь ойрхон байдаг Г гээд хүргэн ахыг дуудаад ирсэн байсан. Энэ үед бид хоёр ноцолдож нэг нэгийгээ түлхэж очоод Г гийн блокон хашааг мөргөж нурааж цугтай унасан байсан. Хүргэн ах Г хүрч ирээд газар хэвтэж байсан бид хоёрыг салгаж авч тайвшруулсан. Тэгээд бид хоёр ч зүгээр босоод нэг нэгнээсээ уучлалт гуйгаад Э намайг үнсээд салсан. Би эхнэрээ дагуулж аваад мотоциклоо унаад гэртээ харьсан. Энэ үед 23 цаг 30 минутын орчим байх. Гэрт ороод хол халааж идэж байсан. Манай гэрт 4 настай хүү Зэлмэ, хөдөөний малчны хүүхэд С нар байсан. Би ширээний хажууд хоол идэж байхад гаднаас хүн орж ирэх шиг болсон. Харсан чинь Э гартаа урт буу барьсан орж ирсэн ба шууд бууны дуу гарч буудсан. Гадна хаалга онгойлгосон чимээ гарахад эхнэр дотор талын хаалгыг очиж түлхэх үед Э шууд орж ирж байгаад буудсан. Сум нь аз болж урдаас нь гарч ирсэн эхнэрт оноогүй бууны дууг сонсоод би сандарч боссон. Анхны буудсан сум нь эхнэрийн өмсөж явсан курткийг шүргэж өнгөрсөн. Би буун дууг сонсоод сандраад босоод ирсэн энэ үед Э бууны хошууг над руу чиглүүлж байгаад буудсан. Сум нь миний баруун талын гуянд оногдсон. Тухайн үед яг юу болсныг мэдэхгүй, одоо харахад гуян дээрээ сум орсон шархтай байна. Эхний сум нь миний гуянд оногдсоны дараа би очиж Э ийн гарт нь байсан бууны хошууг нь барьж авч ноцолдож байгаад ухаан балартаж дараа нь юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би бууг хоёр гараараа барьсан булаацалдаж чирэгдэж үүдний өрөөнд гарсан байсныг санаж байна. Тэрнээс хойш ухаан алдсан байсан. Нэг ухаан орж ирэхэд сумын эмнэлэгт хэвтэж байсан. Энэ үед л толгой маань хагарсан байсныг мэдсэн. Толгой маань хэзээ, яаж гэмтсэн болохыг санахгүй байна. Би анх гуянд буудуулаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд дараа нь Улаанбаатар хотод очиж Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 9 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гараад Улаанбаатар хот Х дүүргийн 8 дугаар хороо буюу Яармагт оршин суудаг эгчийн гэрт очсон. Эгчийн гэрт 2 хоноод 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бие засах гэж 00 руу явж байгаад хашаан дотор халтирч унаад буудуулсан хөлөө хугалсан. Тухайн үед эгчийн хашаа нь маш их хатуу цастай мөс болчихсон халтиргаатай байсан. Мөн эгчийн гэр нь дэнж, хазгай, уруу газарт оршин суудаг юм. БХХСАХН эмнэлгээс гарсан үед эмч нар надад хөлөө гишгэж явж болно гэж хэлсэн байсан. Гэхдээ би тухайн үдээ хоёр суга таягтай явж байсан. Таяг маань халтирч буудуулсан хөлөөрөө гишгээд биеийн жингээр даарч унаад хөлөө хугалсан. Буудуулсан үедээ өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул өвдөлтийг сайн мэдрэгдэхгүй байсан ба хөлөө бага зэрэг гишгэж доголж явсан байсан. Будуулсны маргааш нь хөлийн өвдөлтийг мэдэрч эхэлсэн, тэгээд суга хоёр таягаа барьж хөлөнд ачаалал өгөөгүй. Эмнэлгээс гарсан үед хөлийн өвдөлт намдаж гайгүй болсон. Сум орсон шархтай хэсэг жоохон хавантай байсан ба ямар нэгэн өвдөлт байхгүй байсан ба хөлөө бага багаар гишгэж явж байсан. Хашаан дотор халтирч унаснаас хойш хөлөө гишгэж чадахгүй болсон. Би ганцаараа, уруу, халтиргаатай, цас, мөстэй газар явж байгаад хугалсан. Миний бие болон хөл маань гайгүй болсон, хөлийн шарх бүрэн эдгэрсэн. Одоо хөлөө бүрэн гишгэж явж байна. Хөлөө хугалсан шалтгаан маань би өөрөө дэглэм бариагүй, учрах аюул эрсдэлийг тооцоолохгүй явснаас болоод ийм асуудал болсон. Надад энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Намайг буудаж гэмтээсэн О.Э ээс би эмчилгээний зардал мөнгийг нэхэмжлэхгүй болно. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл болон нэмж шалгуулах зүйл байхгүй. Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Э ийн хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Зодооныг анх би эхэлж гаргаж түүнээс үүдэлтэй ийм явдал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-45 дугаар хуудас/,
Гэрч Н.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой гэрт хоол хийчихээд нөхөр Ж.О ирэхгүй байхаар нь хайж гэрээс гарсан юм. Нөхөр маань сумын төвд бялдаржуулалтын газар ажиллуулдаг юм. Тэгээд бялдаржуулалтын газарт нь ирэх үед нөхөр маань өрөөгөө хааж гарч ирж байсан юм. Энэ үед миний бодож санаж байгаагаар 22 цаг өнгөрч байсан байх. Нөхөр маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу харагдсан. Түүнтэй хамт Ц гэж хочтой Мөнх Ц гарч ирж байсан. Тэгээд тэндээс Ц гэр лүү явсан ба нөхөр бид хоёр мотоциклээр хөдлөөд хажууд нь байдаг биллиардны хаалганы урдуур өнгөрөөд явсан. Хаалга нь цоожтой байсан. Нөхөр маань гэр лүү явахгүй, Б гэдэг хүний гэр лүү яваад очсон. О Б гийн гэрт орж гарсан. Би гадаа мотоциклын хажууд үлдсэн. О гарч ирэхээр нь түүнээс асуухад “би О.Э ийг хайж байна” гэж хэлсэн намайг өдөж байна, сая биллиардны дотор олны өмнө хэл амаар доромжилж байсан. Байнга ингэж доромжилж байгаа, түүнийг олж уулзмаар байна гэж ууртай заналхийлсэн байдалтай хэлж байсан. Тэгээд бид хоёр мотоциклтой хөдлөөд Э ийн хашааны гадна яваад очсон. Энэ үед Э О.Г ын гэрээс гарч ирж байгаад бид нартай таарсан тэр хоёр шууд хоорондоо үг зөрж маргалдаж улмаар бие биеэ барьж авч нэг нэгийгээ цохиж ноцолдож, түлхэлцэж зодолдож эхэлсэн. Энэ хоёр надад хүч өгөхгүй байсан. Тэр хоёр нэг нэгийгээ цохиж наашаа цаашаа түлхэлцэж очоод хажууд нь байсан О.Г ын блокон хашааг мөргөж хашааны хамт газар унасан. Тэр хоёр газар унасан ч нэг нэгийгээ тавиагүй, ноцолдсон хэвтэж байсан. Тэгэхэд нь би гүйж Г ахын байшингийн цонхыг гаднаас тогшиж дуудан гаргаж дагуулаад очсон. Тэгээд Г ах ирээд тэр хоёрыг хоёр тийш болгож салгаж авсан юм. Бид ирэхэд нөгөө хоёр зодолдсон газар хэвтсэн хэвээрээ байсан. О , Э хоёр нэг нэгнийгээ ойлголцож, нэг нэгнээсээ уучлал гуйж тэврэлдэж, үнсэлцэж салсан юм. Тэгээд бид яваад гэрт ирсэн. Би нөхөртөө хоол хийж өгсөн ба тэр ширээнд сууж хоол идэж байсан. Гэрт манай 4 настай хүү Зэлмэ, хөдөөнөөс байж байгаа 5 дугаар ангид сурдаг С нар байсан юм. Тэгээд байж байхад манай байшингийн гадна хаалга онгойж хүн орж ирээд дараагийн хаалгыг өшиглөсөн чимээг сонсоод наанаас нь очоод би хаалгыг түлхэж онгойх үед цаанаас нь Э гартаа урт буу барьсан орж ирээд шууд буудаж буун дуу гарсан. Би буун дууг сонсоод сандарч юу хийснээ мэдэхгүй зогссон. Бууны сум нь миний куртикний зүүн хажууг шүргэж, курткийг сэтэглэн өнгөрсөн ба энэ хэсгээр халуун болоод явсан. Би намайг буудчихлаа гэж бодож орилж хашгирч суучихсан. Э буудчихаад хойшоо гэрээс гараад үүдний өрөөнд зогсон “гараад ир” гэж орилсон. Би сандарч орилоод суусан болохоор О хэзээ миний хажуугаар гараад явсныг анзаараагүй, би босоод шууд гэрээс гараад хажууд байдаг аав, ээжийн гэр лүү гүйсэн. Би гэрээс гараагүй орилж газар суусан байхад манай үүдний өрөөнд дахин нэг буун дуу гарсан байсан. Би гүйж гарч ирэхэд үүдний өрөөнд хүн байгаагүй Э , О хоёр манай байшингийн үүдний өрөөний хаалганы урд буулгасан байсан овоологдсон элсний хажууд ноцолдож байсан. Би гүйгээд аавын гэрт ойртох үед манай хашааны дотроос дахин нэг буун дуу гарсан. Аав, ээж унтаж амарсан байсан ба тэд нарыг босгоод тэд бостол би буцаад гэр лүү гүйсэн. Хашааны гадна ирэхэд Э гартаа буутай цэнхэр өнгийн Мустанг мотоциклоо унасан явах гэж байхад нь би ирээд мотоциклын шар оосортой түлхүүрийг нь оосрыг нь тасалж, булааж авсан. Би түүнээс айлгүй “намайг бууд” гэж хэлсэн. Тэр буудаагүй. Тэгээд би хашаанд орж нөхрийн хажууд ирэхэд нөхөр ухаангүй, ямар ч хөдөлгөөнгүй, нүүр хэсэг нь цус болсон нөгөө элсэн дээр хэвтэж байсан. Би хажууд нь очоод сууж түүний толгойг тэвэрч орилж суух үед аав, ээж, дүү тэгээд манай ах болон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хүрч ирээд байсан. Э яваагүй байсан. Цагдаа нар ирээд түүнийг барьж авсан юм. Тэгээд Есерхан эмчийг дуудаж үзүүлээд О г эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг очих хүртэл О сандраад ухаан орж, гараад “би гэртээ байна уу” гэх мэт ярьж байсан юм. Э ТОЗ-8 маркийн буутай байсан. Гэхдээ өөрөө тийм буу эзэмшдэггүй. Би татварын байцаагч тул үүнийг сайн мэднэ. Э ийн дүү Эрдэнэчулуунд ТОЗ-8 маркийн буу байдаг. Э дүүгийнхээ бууны татварыг жил болгон төлж хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж.О миний төрсөн хүргэн болдог юм. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 40 минутын үед байх бид унтаж амарч байхад манай охин Ц хашгирч уйлаад орж ирээд манай гэрийн гадаа О г Э буудчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь эхнэр бид хоёр сандралдаж гүйгээд гэрээсээ гараад О гийн хашаанд ирэхэд О гийн толгойн хэсгээс нь цус гарсан байдалтай байшингийнхаа үүдэнд шороон дээр ухаангүй хэвтэж байсан. Э нь тус байшингийн үүдэн хэсэгт машинаар ачиж ирж буулгасан элсний ард талд нь буугаа барьсан сууж байсан тэгээд О г Ц бид хоёр өргөөд гэр лүү оруулсан гэрт оруулаад толгойг нь буудсан байна гэж бодож байсан ба нэг харахад баруун гуянаас бас цус гарсан байгааг харж өмдийг нь тайлаад үзэхэд хөл рүү нь буудуулсан байдалтай цус гарч байсан. Тэгээд бид цагдаа болон эмч дуудаарай гэж хэлж байтал цагдаа нар өөрсдөө ороод ирчихсэн байсан. Тэгээд их эмч Есерханыг дуудаж ирж үзүүлээд эмнэлэгт хүргэсэн. Би Э т хандаж чи яаж байгаа юм бэ бууг аваад ир гэхэд бууг өгөхгүй битгий ойрт би бууг цэнэглэсэн байгаа шүү гэж хэлээд босож ухраад хашаанаас гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Гэрч Ж.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж.О миний төрсөн ах болдог юм. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед би гэртээ ганцаараа унтаж байхад Э манай гэрт ирээд хаалга тогшсон юм. Тэгээд би хаалга онгойлгоход гэрт орж ирсэн ба гартаа буу барьчихсан байсан түүний бууныхаа хундага модонд байрлуулсан сумны үүрэнд 3 ширхэг сум харагдаж байсан. Тэгээд О ахыг асууж О танай гэрт ирээгүй юу гэж хэлээд би ирээгүй гэхэд би тэрнийг чинь ална гэж хэлээд гараад явсан. Тэгээд би буцаад унтаж байхад О гийн гэрт байсан манай хамаатны хүүхэд болох А айж сандарсан байдалтай орж ирээд О ахыг Э толгой тус газар нь буудчихсан байна гэж хэлсэн тэгээд би ч сандраад хувцсаа өмсөж аваад гүйгээд О ахынд ирэхэд цагдаа, эмч нар ирчихсэн байсан ба О ах гал тогооны өрөөнд нь толгой хэсгээс нь болон хөлнөөс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Түүний хажууд Ц эгч сууж байсан. Тэгээд О ахыг сумын эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
- Гэрч Р.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг өнгөрч 23 цаг болох гэж байхад байх манай хөрш Э нь манай гэрийн хаалга цохиж миний нөхөр болох Г ыг дуудаж хөөе Г чи гараад ир гэж хашгирч хаалга цонх цохиж байхаар нь Э согтуу байгаа юм байна гэж хэлээд нөхрөө гадаа гаргаагүй. Би өөрөө цонх руу ирээд та яах гээд байгаа юм бэ бид амарч байгаа юм биш үү гэж хэлэхэд хэсэг байж байгаад яваад өгсөн юм. Тэгээд байж байтал 20-30 минутын дараа байх гадаа хүмүүсийн хашгиралдаж зодолдож байсан чимээ болон нэг юм унах шиг дуу чимээ сонсогдсон юм. Тэгээд бид гэрээсээ гараагүй байсан өглөө босоход манай байшингийн нэг цонх нь цуурч хагарсан байсан ба блок хашааны хаалганы дээд хэсгээс нь 3 метр орчим газар нурж унчихсан байсан юм. Тэгээд өглөө миний нөхөр өөрөө уг хашааг янзалж хураагаад тавьсан юм. Бид хагарсан цонх, унасан блокон хашааг нэхэхгүй, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Гэрч О.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед байх манай хөрш Э нь манай гэрийн хаалга цохиж би гэрт чинь орно гэж хэлээд 30-аад минут хаалга тогшоод байгаад байсан юм. Тэгээд миний эхнэр цонх руу очоод та яах гээд байгаа юм бэ, бид амарч байгаа юм биш үү гэж хэлэхэд хэсэг байж байгаад чимээгүй болчихоод байж байгаад 30-аад минутын дараа байх гадаа хүмүүсийн хашгиралдаж зодолдож байсан чимээ болон нэг юм унах шиг дуу чимээ сонсогдсон тэгэхээр нь би цонх руу ойртож ирээд хөшгийг захаас нь сөхөж харахад манай нэг цонх Э цохиод байсны улмаас хагарч цуурчихсан байсан ба би цонхоор харахад сартай шөнө байсан болохоор тод харагдаж байсан. Манай хашааны хаалганы дээд талаас 3-аад метр газар дотогшоо цөмөрч уначихсан байсан ба хашааны унасан хэсэгт нь Э дээшээ харж хэвтэж байсан гадна талд Ц зогсож байсан ба миний харснаар О г Шонхор /Г / гэх хүн чирээд цаашаагаа авч явж байсан нь харагдсан юм. Тэгээд би буцаад хэвтэх гэж байхад мотоцикл асаад явах шиг болсон ба тэр нь О буцаад явж байгаа юм байна гэж би бодсон. Би хагарсан цонх, унасан блокон хашааг нэхэхгүй, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 40 минутын үед байх бид унтаж амарч байхад манай охин Ц уйлаад хашгирч манай гэрийн гадаа О г Э буудчихлаа гэж хэлж ирсэн. Тэгээд бид нөхөр болох Н бид хоёр сандралдаж гүйгээд гэрээсээ гараад О гийн хашаанд ирэхэд О гийн толгойн хэсгээс нь цус гарсан байдалтай байшингийнхаа үүдэнд шороон дээр ухаангүй хэвтэж байсан. Э нь хашааны гадна талд зогсож байх шиг болсон юм. Тэгээд О г Н , Ц хоёр өргөөд гэр лүү оруулсан гэрт оруулаад толгойг нь буудсан байна гэж бодож байсан ба нэг харахад баруун гуянаас бас цус гарсан байгааг харж өмдийг нь тайлаад үзэхэд хөл рүү нь буудуулсан байдалтай цус гарч байсан. Тэгээд бид цагдаа болон эмч дуудаарай гэж хэлж байтал цагдаа нар өөрсдөө ороод ирчихсэн байсан юм. Тэгээд би байшингаас нэг харахад хашааны гадаа хэсгийн төлөөлөгч Тилекберген Э тэй юм ярьж та буугаа надад өгчих, та хүн буудаж алвал яана гэж хэлж байсан. Э бууг өгөхгүй гэж Тилекбергенээс зайгаа бариад зогсоод байхаар нь би Э дахиад хүн буудаж магадгүй юм байна гэж айсандаа шууд Э ийн хажууд нь очиж миний хүү чи буугаа надад өгчих гэхэд Э буугаа надад өгсөн юм. Тэгээд бууг аваад Тилекберген танд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед байх гэртээ унтах гээд байхад нэг хүн манай гэрийн цонхыг цохисон. Тэгээд би цонхны урд ирэхэд Ц нь та хурдан гараад ирээч, салгаад өгөөч гэхээр нь би юу болж байгааг мэдээгүй гэрээс гараад ирэхэд манай гэрийн зүүн талд Э ийн гэрийн урд талд Г ын блокон хашаа нь нурчихсан, нурсан хэсэгт нь Э сууж байсан ба О Э ийн наад талд зогсож байсан. Тэгээд би О д хүрч ирээд юу болж байгаа юм бэ чи харь гэж хэлээд дагуулж ирээд мотоциклыг нь унуулаад түлхэж асааж өгөөд явуулахад явж байгаад сүмийн тойроод хүрээд ирсэн юм. Тэгэхээр нь би Ц ыг авах гэж байгаа байх гэж бодож байтал Э руу явж байхаар нь би эд нар дахиад зодолдох юм байх гэж бодоод тийшээгээ ирж байхад хоорондоо эвлэрч тэврэлдэж уйлаад би ах чи дүү гэх мэт юм хэлээд байгаад салж явсан юм. Тэгээд би Ц ыг О д сундлуулаад мотоциклыг нь түлхэж асааж өгөөд явуулаад өөрөө гэр лүүгээ орчихсон юм. Миний мэдэх зүйл энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
- Гэрч Д.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний нөхөр Э 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагийн үед гэрээс гарсан ба өдөр 13 цаг өнгөрөөд 14 цагийн үед гэрт ирээд унтаж амарсан. Энэ үед ирэхэд нөхөр маань дунд зэрэг согтуу байсан. Д овогтой Ц гэдэг хүний гэрт очиж хамт архи уусан гэж хэлээд амарсан. Дахиад 16 цагийн үед босоод Б гэдэг залуугийн гэрт очно гэж гарсан. Дахиад 22 цагийн үед гэрт Б , Б гийн дүү нарын хамт гурвуулаа манай гэрт орж ирсэн. Гурвуулаа дунд зэргийн согтуу байсан юм. Би цай хийж өгөөд, гадаа үхэрнүүдэд өвс хийж, хашаанд оруулчаад орж ирсэн үед Б дүүгийн хамт гараад явсан. Манай гэрт архи, пиво ууж байсныг би хараагүй юм. Б дүүгийн хамт манай гэрт 40, 50-аад минут болоод гараад явсан. Түүний дараа нөхөр маань гэрт тамхи татаж сууж байгаад гадаа гарсан. Тэр хооронд би хүүхдийн хамт хашаанд буулгасан байсан модыг янзалж байхдаа мотоциклын дуу гарч манай хашааны хаалгыг шүргэж зогссон дуу гарсан. Тэгээд миний нөхөр нөгөө мотоциклтой ирсэн хүнтэй очиж уулзсан ба гэнэт зодолдсон дуу чимээ гарсан үед би хашааны хаалганд ойртож ирээд харахад О эхнэрийн хамт ирсэн байсан ба О Э ийг хашаанд тулгаж заамдаж авсан байдалтай гараараа цохиж байхад хөрш айл болох Г ын блокон хашаа нурчихсан ба О миний нөхрийн дээр нь гарч чамайг ална гэж зодож байсан. О гийн эхнэр болох Ц цаад талын нэг айлын цонхыг цохиж хүн дуудаж байсан. Би өөрөө очиж салгаж чадаагүй, хоёр согтуу хүний дундуур орж салгахаас айсан. Би тэр хооронд гэрт орж гарч ирсэн үед О гийн мотоциклыг Г /хоч нэр нь Шонхор/ гэдэг залуу түрч асааж өгч байсныг харсан. Нөхөр маань нурсан хашааны дэрээс босож ирэхэд аймаар их орилоод уйлаад босож ирсэн ба шууд гэрт орсон. Би бие засахаар жорлон руу ороод гараад ирсэн үед Э гэрт байсан буугаа үүрч мотоциклээ асааж хөдлөх гэж байхад би хашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлсэн боловч миний үгийг сонсолгүй шууд хашаанаас гараад явсан. Нөхөр маань маш их уурласан байсан. Тэгээд би гэрт ороод хэсгийн төлөөлөгч Т руу утасдаж миний нөхөр сая О тэй зодолдсон ба гэрээс буу үүрээд гараад явчихлаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ц над руу утасдаж Э манайд ирж О г буудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс хувцсаа өмсөж гүйж манай гудамжны үзүүрт гарсан үед О г эмнэлгийн машин аваад эмнэлэгт ирсэн байсан. Тэгээд би эмнэлэгт ирээд болсон явдлыг сонссон. О , Ц хоёр шөнө арван нэгэн цагийн үед манай гэрт ирээгүй байсан бол энэ бүх явдал болохгүй байсан. Манай хүн унтаж амрах гээд байсан хүн шүү дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
- Гэрч О.Э-ы мөрдөн байцаалтын үед өгсөн: “... ТОЗ-8 маркийн галт зэвсэг нь манай эцгийн буу байсан. Эцэг маань 2002 онд нас барсан үед ТОЗ-8 маркийн бууг би өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн ба 2012 оноос хойш ах Э авч хэрэглэж байсан юм. Бууны татвар зэрэг юмнуудыг ах Э төлж явж байгаа, мөн өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж явж байсан юм. Миний ах цайлган сэтгэлтэй согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг, ах 2-3 жил согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байсан. Гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай, суманд нэр хүндтэй, өөрийн гэсэн хөрөнгөтэй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын үед өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орой О , Э нар нь миний ажиллуулж байсан биллиардны газарт ороод ирж тоглосон. Гаднаас Э нэг 2,5 литр пиво авч орж ирээд биллиарданд байгаа хүмүүстэй хувааж ууж байсан юм. Уг пивоноос О ах бас уусан байх би сайн анзаараагүй юм. Тухайн үед биллиарданд хэн хэн байсныг санахгүй байна. Ямар ч байсан 3, 4 хүмүүс байсан юм. Э ах гаднаас орж ирэхэд бага зэрэг согтуу байсан ба өөрийнхөө үйлдлийн хянах чадвартай байсан. О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гаднаас эрүүл юм шиг харагдаж байсан юм. О г Э ах хэл амаар доромжилсон байдалтай үг хэлж байсныг миний бие сонсоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Б гийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “... Биллиарданд 2 ширээ байсан ба нэг ширээнд Э , Болор-Эрдэнэ хоёр тоглож байсан ба нөгөө ширээнд О нэг хүнтэй тоглож байсан билүү сайн санахгүй байна. Би өөрөө нилээн согтуу байсан байсан ба зарим нэг юмнууд санаанд орж ирэхгүй байна. Пиво уугаад бүгд хоорондоо янз бүрийн юм ярьж инээгээд байсан ба Э , О хоёр хоорондоо маргалдаж, хэрэлдсэн, зодолдсон асуудал болоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр А сумаас Б сумын төвд өдрийн цагаар мотоциклтой ирсэн. Буянт сумын төвд баазын гэрт ирж мотоциклын дугуйг янзалж авсан. Баазын гэрт байхад гаднаас О.Э ах орж ирсэн. Урьд өмнө Э ахтай хамт сур харваж байсан болохоор нум, сумын талаар ярьж хөрөөд сууж байхад Э 1 ширхэг пиво авахуулсан. Э ах гаднаас орж ирэхдээ жоохон согтуу орж ирсэн. Э ийн авч ирсэн пивог хувааж уугаад дууссан үедээ бүгдээрээ тараад явсан. Тэгээд би сумын төвд байдаг биллиардад очиж тоглож байхдаа гаднаас Э ороод ирсэн. Тэгээд Э Алтай сумын залуутай нэг биллиард тоглож үзье гэж надтай нэг ширээнд тоглож байхад гаднаас хэнтэй хамт орж ирснийг анзаараагүй ямар ч байсан О ороод ирсэн. Тухайн үед О гийн архи уусан эсэхийг мэдэхгүй, гаднаас харахад эрүүл юм шиг харагдаж байсан. 2,5 литрийн пивоноос 2 ширхэгийг биллиардны дотор тойруулж уусан. Пиво дууссан үедээ би биллиарднаас гараад гэрт очсон. Би гарч явж байхад Б , Э хоёр гараад явж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй би гэрт очиж амраад маргаашийн өглөө хөдөө яваад өгсөн. Дараа нь О г Э буудаж гэмтээсэн гэдгийг сонссон. Хэрэг болсон үедээ миний бие байгаагүй. Э О г янз бүрээр тоглож юм хэлж байсан. Э ах намайг бас нусааг тоглож чадахгүй гэж тоглоод хэлж байсан. Ямар ч байсан хоорондоо маргалдаж, хэрэлдсэн, зодолдсон асуудал болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Э ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө босоод гэр орны ажил хийсэн. Үдээс хойш гудамжинд явж байгаад Жаргалтай овогтой Б гэдэг залуугийн гэрт очиж 2 литрийн Боргио гэдэг нэртэй пивог бид хоёр хувааж уусан. Б гийн гэрээс гараад манай гэрт ирээд дахиад 2 литрийн пивоноос 3 ширхэг уусан. Бид хоёр манай гэрт ирэхэд 19 цагийн үе болсон байсан. 3 пивог ууж дууссан үед миний санаж байгаагаар 21 цаг өнгөрсөн байх. Тэгээд Б манай гэрээс гараад яваад өгсөн. Би өөрийнхөө хашаан дотор тамхи татаж зогсож байсан. Тэр үед О өөрийнхөө мотоциклтэй эхнэрээ сундалсан байдалтай манай гэрийн гадна ирж зогссон. Тэгээд намайг “Эрка пизда минь наашаа хүрээд ир, чамайг ална” гэж дуудсан. Би хашаанаас гараад очтол О намайг зөрүүлээд баруун гараар миний нүүр лүү нэг удаа цохисон ба намайг газар унагааж, миний дээр гараад нилээн цохисон, намайг цохиж байхдаа О гийн эхнэр нь О д хандаж “чи боль хүн аллаа шдээ” гэж хэлсэн боловч нүүр өгөлгүй намайг цохиод байсан. Тэгж байхад манай хөрш айлын залуу болох Г байсан уу, Г байсан уу сайн анзаараагүй нэг хүн гарч ирсэн үед О намайг хаяад яваад өгсөн. Би гэрт очиж толинд өөрийгөө харахад миний нүүр ам бүхэлдээ цус болчихсон байсныг хараад гэрт байсан миний дүү болох Э-ы эзэмшилд бүртгэлтэй байсан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг 12 ширхэг сумны хамт үүрч аваад өөрийнхөө Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг унаад шууд О гийн гэрт орохоос өмнө буугаа сумлаж аваад ороод нэг удаа хий буудсан ба буцаад гүйж гарахдаа буугаа дахин сумлаад гадаа гараад нэг удаа дахин хий буудсан, түүний дараа буугаа дахин сумлаж байхдаа О гарч ирээд миний буунд булаацалдаж хоёулаа нэг нэгний дээр гарч ноцолдож эхэлсэн үед бууны гох дарагдсан юм. Тэр үед О надтай ноцолдохоо больсон үед би буугаа аваад газраас босоод О гийн толгой руу баруун хөлөөрөө 2,3 удаа өшиглөсөн юм. Тэгээд бид хоёр ноцолдож байхдаа Н ах болон түүний эхнэр Н , О гийн эхнэр Ц нар ирсэн. Нэг удалгүй хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ирсэн. Хэсгийн төлөөлөгч Тилекберген надаас буугаа өгөөрэй гэж шаардсан үед би “сумтай байгаа шүү” гэж хэлээд нилээн өгөхгүй байж байгаад дахин дахин гуйж байхаар нь Н эгчид буугаа өгчихсөн болно. Тэгээд хэсгийн цагдаа Нарангэрэл намайг дагуулж кобонд авч ирсэн. Би анх гэрээс гарахдаа О г айлгах гэж очсон ба санаандгүй асуудал болсон. Хүн буудсан миний буруу, би буруугаа 100 хувь хүлээж байна. Би өөрийнхөө үйлдлийг бараг хянах чадваргүй байсан. О бас дуудаж анх зодолдсон үед согтуу байсан ба намайг бодоход гайгүй байсан юм шиг харагдсан. Хүн рүү чиглүүлж буудаагүй ба хошуугаа доошоо дарж буудсан юм. Маш их уурласан байсан тул О г айлгах санаатай авч гарсан ба буудаж алах санаатай гараагүй. Гэхдээ миний авч очсон буунаас ноцолдож байхад сум алдаж О гийн гуянд оносон байна. Галт зэвсэг авч очсон миний буруу. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О нь сумын төвд согтуу тааралдаж миний унаж явсан Фургон маркийн машины хаалганаас зууралдаж салахгүй, газраас чулуу аваад машины урд талын салхины шилийг хагалчихсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирж бид хоёр салгаж, би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 6 сарын хугацаагаар эрхийг хассан юм. Би О д гомдолгүй гэж хэлээд О гийн хагалчихсан шилийг өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш хоорондоо ямар нэгэн муудалцсан болон маргалдсан асуудал болоогүй. О бид хоёрын хооронд өс хонзон санах асуудал байхгүй юм. Энэ буу манай аавын буу байсан ба дүүгээс худалдаж аваад 3 жил болж байна. Гэхдээ гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн хэргийг хөнгөрүүлж шийдэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 142-146-р хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас О.Э т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.Э ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан боловч шүүх хуралдаанд хохирогч Ж.О нь шүүгдэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 500000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсэж мэдүүлгээ өгсөн ба хохирогч Ж.О өмгөөллийн хөлсөнд 500000 /таван зуун мянган/ төгрөг төлсөн болох нь өмгөөлөгч А.Серикжаны өмгөөллийн үг, хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээгээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Ж.О нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Шүүгдэгч О.Э ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан О.Эрдэнэчулууны нэр дээрх ТОЗ-8 маркийн, гол төмрийн 3322, замагны 3322 дугаар бүхий, суран оосортой, 1984 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн, 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн үнэтэй бууг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэдийгээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 маркийн буу нь 031792 дугаартай галт зэвсгийн гэрчилгээгээр шүүгдэгчийн төрсөн дүү болох О Эрдэнэчулууны нэр дээр бүртгэлтэй байдаг боловч гэрч О.Эрдэнчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “эцэг маань 2002 онд нас барсан үед ТОЗ-8 маркийн бууг би өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн ба 2012 оноос хойш ах Э авч хэрэглэж байсан юм. Бууны татвар зэрэг юмнуудыг ах Э төлж явж байгаа” гэх мэдүүлгээр тус бууг шүүгдэгч О.Э ийн эзэмшлийн буу гэж үзэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн сум 9 ширхэг, хутга 1 ширхэг, сумны хонгио 2 ширхэг, сумны хошуу гэх металл 1 ширхэг, өмд 2 ширхэг, арчидас 7 ширхэг, хэргийн газраас бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 2 ширхэг, цусны дээж 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
Шүүгдэгч О.Э ийн өмчлөлд байгаа 35 ямаа, 4 үхэр, Мустанг-5 маркийн мотоцикл, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 3322, замагны 3322 дугаар бүхий суран оосортой, 1984 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн, 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн үнэтэй буу зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт О Э ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт О Э ийг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Э ээс 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ж.О д олгож, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар иргэн О.Э-ы нэр дээрх шүүгдэгч О.Э ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 маркийн, гол төмрийн 3322, замагны 3322 дугаар бүхий суран оосортой, 1984 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн үнэтэй бууг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн сум 9 ширхэг, хутга 1 ширхэг, сумны хонгио 2 ширхэг, сумны хошуу гэх металл 1 ширхэг, өмд 2 ширхэг, арчидас 7 ширхэг, хэргийн газраас бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 2 ширхэг, цусны дээж 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч О.Э ийн өмчлөлд байгаа 35 ямаа, 4 үхэр, Мустанг-5 маркийн мотоцикл, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 3322, замагны 3322 дугаар бүхий суран оосортой, 1984 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн буу зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Э т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК