Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1584

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Одонхорлоогийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Одонхорлоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Болысханд холбогдох

Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 6 580 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Болысханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагч : Б.Болысхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Одонхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Болысханаас Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг 6 500 000 төгрөгөөр худалдан авч, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Аваад явж байхад чекний гэрэл нь асаад байхаар нь асуухад аккумуляторын шон дээр байгаа зэс утастай холбоотой асаад байгаа юм, зэс утсыг нь авахаар зүгээр гэж хэлсэн. Автомашиныг авч байхад өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдэгдэхгүй байсан боловч 2-3 хоногийн дараанаас мотор кропноос тос гоожоод байхаар нь “Анд” засварын газар 80 000 төгрөгийн засварын ажил хийлгэсэн боловч автомашины эвдрэл гэмтэл их байна, дахиад засвар хийлгэх хэрэгтэй гэж засварчин хэлсэн. Аваарын дэр нь байхгүй байсан. Тэгээд би худалдагч тал болох Б.Болысханд хэлж, аваад 7 хоноогүй байж эвдрэл гэмтэл их байна, машинаа засаж өг, эсвэл наймаагаа буцаая гэхэд маргааш маргааш гэсээр өнөөдрийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй зугтаагаад арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Б.Болысханаас худалдах, худалдах авах гэрээний үндсэн мөнгө 6 500 000 төгрөг, “Анд” засварын газар засвар хийлгэсэн 80 000 төгрөг, нийт 6 580 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болысхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Болысхан миний бие унаж байсан 10-61 УНЯ улсын дугаартай Honda Civic маркийн машинаа зарах шийдвэр гаргаж 2017 оны 04 сарын 17-ны өдөр интернетэд зар байршуулсан. Миний анхны үнэлгээ 7 300 000 төгрөг байсан. Зарын дагуу олон хүн машиныг үзэж сонирхсон. Тэдний нэг болох иргэн Д.Одонхорлоо машин мэдэх ойрын хүн гэх хоёр хүн дагуулж ирээд машиныг цаг гаран хугацаанд үзсэн. Засаж залруулах зүйлс байгаа юм байна гэж надад хэлсэн. Улмаар надад машиныг би авъя, хийх юм байгаа болохоор түүнд зарцуулагдах үнийг хасч шууд 6 500 000 төгрөгт өгчих гэж үнэлгээг нь өөрсдөө хэлсэн. Үнэхээр авах гэж байгаа бол учир байдлыг нь сайн мэдсэн бол та авч болно гэж би худалдан авагч талын саналыг зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа би худалдан авах гэж буй гурван хүнд одоо та нар өөрсдийн сайн гэж бодож байгаа оношлогооны газар очиж үзүүлж харуулж ав гэж хэлсэн. Гэвч тэд бид өөрсдөө үзчихлээ, мэдэж байна, оношлогоо руу явах шаардлагагүй, шууд нотариатаар шилжүүлээд авъя гэж хэлсэн. Нотариат дээр очиход нотариатч эхлээд та хоёр машины үнийг тохирсон уу, ямар нэг тооцоо үлдсэн үү, үзлэг оношилгооны асуудлаа шийдсэн үү гэх зэрэг асуултуудыг асуусан. Бид тохирсон, тооцоо байхгүй, худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Хэд хоногийн дараа худалдан авагч иргэн Д.Одонхорлоо машиныг авахаа больсон, өөрөө буцааж ав, машин болохгүй байна, энэ нь тэр нь эвдрэлтэй байна. Мөнгийг нь буцаагаад өгчих, өөр хүнд зарчих, засуулж өг гэх олон шаардлагуудыг тавьсан. Нэхэмжлэгч талын шаардлагыг миний бие хүлээж авахгүй шалтгаанууд 1. Худалдан авагч тал машиныг авах үед машин мэддэг хүнээ дагуулж ирээд өөрсдөө үзэж танилцаж авсан. Үнийг тэд өөрсдөө хэлж тохирч авсан. Худалдагч миний бие тэдний санал болгосон үнийн дагуу өгсөн. 2. Тухайн үед машиныг оношлогоонд оруулах миний саналыг хүлээж аваагүй татгалзсан. 3. Худалдан авснаас хойш машинд ямар нэгэн эвдрэл учирсан байж болзошгүй юм уу, санаатай хийгдсэн өөрчлөлт байгаа эсэхийг би мэргэжлийн хүн биш учраас таньж мэдэхгүй. 4. Улмаар нэхэмжлэлд тусгасан засвар хийлгэсэн болон улсын тэмдэгтийн хураамж зэрэг үндсэн үнээс гадуурх мөнгийг би өгүүлж төлүүлээгүй. 5. Зарагдсаны дараа ч машиныг очоод авчихъя гэж олон хүн ярьсан учир интернетэд байгаа зарыг устгасан. Энэ нь зах зээлийн өндөр үнэ хүрэх боломжтой үед өөр хүнд зарах боломжуудыг алдсан байгааг харуулна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Одонхорлоо 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсаныг баталж, хариуцагч Б.Болысханаас автомашины үнэ 6 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Одонхорлоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас автомашины засварын зардал 80 000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар Honda Civic маркийн, 10-61 УНЯ улсын дугаартай, FD31102533 арлын дугаартай автомашиныг хариуцагч Б.Болысханд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Одонхорлоод даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болысханаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Одонхорлоод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Болысхан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дараах үндэслэлүүд байна гэж үзэж байна.

1. Нэхэмжлэлийн   шаардлагыг өөрчилсөнд хариу тайлбар гаргах хугацаа олгоогүй тухай:

Анх нэхэмжлэгч нь шүүхэд "Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасны үндсэн дээр иргэний хэрэг үүссэн. "гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлүүдэд заасан байдаг бөгөөд үүний нэг нь хууран мэхэлж гэрээ хийсэн байх явдал байдаг. Нэхэмжлэгч нь магадгүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломж нь та нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн буюу машины доголдлыг нуун дарагдуулан гэрээ хийсэн гэдгийг нэхэмжлэгч нотолсноор хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжтой. Би үүний дагуу "гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй юм байна" хэмээн ойлгож, бас үүнтэй холбоотой хариу тайлбар гаргаж явж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хамгийн гол нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд байхад надад хариу тайлбар гаргах боломж олгосонгүй. Хуулийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нөхцөлд хариуцагчид 14 хоногийн хариу тайлбар гаргах хугацаа олгодог байна. Гэтэл шүүгчийн зүгээс нэхэмжлэгч "гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлагаа "гэрээнээс татгалзсан болохыг батлах" гэж өөрчлөөд байхад үүнийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бус тодруулсан гэж авч үзэж, хариу тайлбар гаргах хугацаа олгосонгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах гэж өөрчилж байгаа нь тодруулсан бус, өөрчилсөн хэрэг юм. Иймд анхан шатны шүүх хуулиар надад олгогдсон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар гаргах, хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай бол өмгөөлөгч авах эрхийг минь зөрчсөн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхийг хүсч байна.

2. Автомашин доголдолгүй байсан тухай:

Нэхэмжлэгчийн зүгээс миний худалдсан автомашиныг доголдолтой байсан гэж маргадаг боловч шүүхэд үүнийг нотлох баримт ирүүлээгүй. Шүүх хуралдаанаас өмнө эсвэл шүүх хуралдааны үед л энэ тухай баримтаа гаргаж өгөх болов уу гэж бодож байсан боловч ямар ч баримт гаргасангүй. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь миний машинд хийсэн оношлогоо эсэх нь тодорхой биш байсан. Ийм байсаар атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг буюу худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан тохиолдлын тухай зохицуулсан хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Би "автомашин доголдолтой гэдгийг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм байна" гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс миний автомашин доголдолтой байсан гэдгийг нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт "Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй" гэж заасны дагуу машины солих боломжтой жижиг эд ангиуд нь доголдолтой байсан хэдий ч тэр нь машиныг бүхэлд нь доголдолтой гэж үзэх, гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Машины жижиг, солих боломжтой эд ангиуд эвдрэлтэй бол энэ нь ялимгүй зөрчил учираас үүнийг л засч өгөхийг шаардах нь зүйд нийцнэ.

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хурал болсоны дараа надад торгуулийн хуудас ирсэн. Энэ нь нэхэмжлэгч миний худалдсан автомашиныг хэрэглэж байгаа болохыг нотлох юм. Д.Одонхорлоо нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны үед машиныг авснаас хойш 7 хоног орчим унасан гэж худал мэдүүлж байсан нь тодорхой байна. Энэ нь машин зарагдсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд унаж хэрэглэж байх үед ямар нэгэн байдлаар машинд учирсан байж болзошгүй эвдрэл, гэмтлийн эрсдлийг бүхэлд нь худалдагч талд хариуцуулах нь шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Одонхорлоо нь хариуцагч Б.Болысханд холбогдуулан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашин худалдан авсан үнэ 6 500 000 төгрөг, засвар хийлгэсэн 80 000 төгрөг, нийт 6 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

            Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, худалдагч нь Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 6 500 000 төгрөгийг бэлнээр төлөх үүрэг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх 5, 54-56/

 

            Худалдан авагч нь автомашины эвдрэлийн талаар худалдагчид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, автомашиныг буцаах талаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус мэдэгдсэн талаар талууд маргаагүй. Харин худалдагч Б.Болысхан нь цоо шинэ автомашин зараагүй, тодорхой эвдрэл гэмтэлтэй байсныг худалдан авагч тал мэдэж авсан, оношлогоонд оруулах саналыг гаргасан боловч өөрсдөө шаардлагагүй гээд автомашиныг авч явсан тул автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой холбоотой бөгөөд 6 580 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага нь “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж байгаа агуулгатай байна.

 

            Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хариуцагчийн гомдолд дурдсанчлан шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг чиглүүлэх, хөтөлсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

            Иймд шүүх “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйлийн биет байдлын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж байгаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч Б.Болысхан гэрээний зүйл болох Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч нь худалдаж авсан автомашинд засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардалд 80 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, “Анд” засварын газрын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 төгрөгийн зарлагын баримтыг ирүүлсэн боловч Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашинд хийсэн засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

            Харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ баримтласан хуулийн заалт оновчтой бус байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Болысханаас автомашины үнэ 6 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Одонхорлоод олгож, Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Болысханд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Одонхорлоод даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас автомашины засварын зардал 80 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.            

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Болысханы төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН