Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2017/01496/и |
Дугаар | 3169 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 3169
2017 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/03169 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 7 тоотод оршин суух Б.Ц -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* дүгээр байранд байрлах ******* /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар , Регистрийн дугаар /-д холбогдох,
М төв ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх цалин 18,397,161 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр томилогдон ажилласан. Намайг энд ажилд ороход цөм сүргийн аж ахуй, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж байсан. Харин түүнээс хойш 2013 оны Засгийн газрын 420 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 80 дугаар тогтоолоор, М төв ийн салбар болж, 2015 оны Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалаар дахин өөрчлөгдөж ******* дахь цөм үржлийн төв, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэртэй болж өөрчлөгдсөн. Тэр тухай бүрт нь би орон тооны дагуу захирлаар нь ажиллаж байсан юм. дугаар тушаалаар орон тоо шинэчлэгдэн батлагдаж байгаа талаар бүх орон нутгийн захирлуудад мэдэгдэл өгч орон нутгийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орон нутгийн салбар нэгж хариуцсан менежерүүдийг томилон тус төвийн бүтцийн орон тоонд багтаан ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу миний бие менежерийн орон тоонд ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М төв ийн дарга Д.Ц нь ажлын хэсэгтэй *******т ирж намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулан өгч, шууд ажлаа хүлээлгэн өг гэж шаардсан. Надад урьдчилан ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, намайг хотод семинарт очсон байхад, би таньтай ажиллаж чадахгүй гэж амаараа хэлж байсан. Миний ажлын орон тооны онцлог нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, өөрийн үйл ажиллагааны орлогоор цалинждаг байсан. Тус байгууллага нь өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэр буюу хөрөнгийн чадвар байхгүй учир он дамжсан өр хуримтлагдсан байсан юм. Ашиг нь зардлаа нөхөж хүрэлцдэггүйн улмаас энэ өр үүссэн байсан ба намайг өр үүсгэсэн мэтээр ойлгож мөн малын тоо толгой цөөрсөн нь түрээсийн гэрээгээр малыг малчинд олгосноор малын тоо толгой буурах шалтгаан болсон байхад миний ажил үүрэгтэй шууд холбож, намайг буруутган ажлаас чөлөөлөн, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Орлого зарлагын санхүүгийн тайланг жил бүр аудит хийлгэж дээшээ зохих журмын дагуу хүргүүлдэг байсан ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй, хайхрамжгүй хандаж явсаар эцэст нь бүх хариуцлагыг зөвхөн надад үүрүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Биологийн зааз малын орлого жилд 1 удаа орж ирдэг, өөр орлого байхгүй учир орсон орлого нь аж ахуйн зардалдаа таараад мөн урьд оны зарим өрийг төлөөд дуусдаг тул би өөртөө цалин авах нөхцөл боломж ч байдаггүй байсан. Миний хувьд өрөнд оруулсан зүйл байхгүй. Намайг ажлаас чөлөөлсөн М төв ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, намайг урьд эрхэлж байсан М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоох, намайг ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд 2014.01.01-ээс 2017.02.15-ныг хүртэл хөдөлмөрийн гэрээтэй байсан хэрнээ цалин ерөөсөө олгоогүй, дээд газраас өгнө, яаманд шат шатаар дамжин яригдаж байгаа, шийдэгдэнэ, ажлаа хийж бай гэсэн хүлээлгийн байдалтай байлгаж байгаад шууд ажлаас гарах тушаалыг өгсөн. Энэ нь хөдөлмөрлөх эрх болон бусад эрхийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, энэ хугацааны цалин болох 18.397.161 төгрөгийг М төв өөс нөхөн гаргуулж өгнө үү, Б.Ц нь 2014 оны 01 сараас эхлэн 2015.05.25 хүртэл 6,200,000 төгрөгийн цалин авах байснаас 2014 оны 01 сараас 4 сар хүртэл цалин 1,200,000 төгрөг, 2015.01.01-ний өдрөөс 2015.05.25-ны өдөр хүртэл цалин 1,910,000 төгрөгний цалин, нийт 3,110,000 төгрөг, мөн 2015.05.25-ны өдрөөс хойш 2017.02.17-ны өдрийг хүртэл ажилласан цалин хөлс нь 15,547,161 төгрөгний цалин гарсан байсан. Үүнээс 2016.12.20-ны өдөр 260,000 төгрөгний цалин данс руу хийснийг хасвал 15,287,161 төгрөгний цалин огт аваагүй байна. Нийтдээ 18,397,161 төгрөгний цалин хөлсийг надад олгоогүй. Мөн тус цалинд тохирох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг төлөөгүйгээс ажилласан жилээрээ болон нийгмийн даатгалын хөнгөлөлт тусламж авах эрхээрээ хохирч байна. Энэ хугацааг намайг дээрх байгууллагад ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Байгууллагыг өртэй болгосон гэж үзсэн нэг үндэслэл нь надад өгөх ёстой дээрх цалин хөлс юм. Иймд Б.Ц ын 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад авч чадаагүй цалин болох 18,397,161 төгрөгний цалинг М төв өөс нөхөн гаргуулах. Олгогдоогүй байсан хугацааны цалинд тохирох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг М төв д даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу цөм сүргийн мал өсгөн үржүүлж сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж бүс нутгийн хэрэгцээг хангах үүрэг бүхий цөм сүргийн үржлийн төвийг М төв ийн харъяанд байгуулсан. Дээрх тогтоолоор Цөм сүргийн үржлийн төвийг үйл ажиллагааны орлогоор санхүүждэг байхаар тогтоосон. Нэхэмжлэгч Б.Ц нь 2010 оноос Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар ажилласан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дугаар тушаалаар батлагдсан “М төв ийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн дагуу цөм сүргийн үржлийн төвүүд бүтцийн өөрчлөлтөд орж, М төв ийн захирлын 2016.12.15-ны өдрийн Б-52 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн менежерээр Б.Ц ыг түр томилсон. Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төвийн менежер Б.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг үүрэгт ажлаас 2017.02.01-ний өдрийн Б-05 тушаалаар чөлөөлсөн. Б.Ц тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Ажил олгогч, ажилтан нар салбар үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, хээлтүүлэгч бойжуулах, улмаар тухайн бүс нутгийн болон аймаг, сумдын иргэд аж ахуйн нэгжийн малын чанарыг сайжруулах, цөм сүргийн үржлийн ажлыг технологийн дагуу явуулж, түүний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, үүрэг хариуцлагыг тодорхойлоход гэрээний зорилго оршино” гэж заасан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байгууллагын цөм сүргийн малыг өмнөх оныхоос 105 хүртэл хувиар өсгөж, нийт хээлтэгчийн 15-20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хээлтүүлэгчийг тухайн жилд шинээр тавьж бойжуулж бүсийн аймаг сумдын иргэд аж ахуйн нэгжийн малыг чанаржуулах ажлыг хийнэ" гэсэн үүрэг хүлээсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-т “Ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ажилтанг ажлаас чөлөөлнө” гэж гэрээний харилцааг шууд зогсоох зөрчлийг заасан. Б.Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн хуулийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу 2015.12.25-ны өдөр хүртэл 1 жилээр сунгагдсан болно. Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн менежер Б.Ц нь үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, сайн чанарын хээлтүүлэгч малаар бүс нутгийн хэрэгцээг хангах ажлыг огт хийгээгүй. Тэрээр ажиллах хугацаандаа 2014 онд 282 толгой мал, 2015 онд 142 толгой мал, 2016 онд 131 толгой мал таваарын зориулалтаар зах зээлд борлуулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч хээлтүүлэгч мал худалдаагүй, бүс орон нутгийн малын чанарыг сайжруулах ямарваа ажил хийж гүйцэтгээгүй. Энэ байдал дор дурьдсан үзүүлэлтээр нотлогдоно. 1/Байгууллагад их хэмжээний өр үүсгэсэн: 2014 оны жилийн эцсийн байдлаар Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төв нь 7,888.84 төгрөгийн өглөгтэй, 30,983.60 төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2015 онд 18,677.27 төгрөгийн өглөгтэй, 20,948.59 төгрөгийн хөрөнгөтэй, 2016 онд 24,608.71 төгрөгийн өглөгтэй, 14,345.27 төгрөгийн хөрөнгөтэй болж бүх хөрөнгөө зараад ч өр төлбөрөө бүрэн барагдуулах боломжгүй эдийн засгийн хувьд туйлын хүнд нөхцөлд орсон. Дээрх хугацаанд өр төлбөр 3,1 дахин өссөн, хөрөнгө 2,2 дахин буурсан нь Б.Ц ын өөрийн хариуцсан аж ахуйг эдийн засгийн хувьд сайжруулах талаар санал санаачлагатай ажиллаагүй, менежмент, мэргэжлийн ур чадварын хувьд хангалтгүй байсан нь голлон шалтгаалсан. 2/Цөм сүргийн малын тоог бууруулсан: 2015 оны жилийн эхний байдлаар 622 толгой мал байснаас төлөвлөгөөгөөр оны эцэст 653 толгой хүрэх зорилт тавьснаас гүйцэтгэл 489 толгой мал болж 164 толгой малаар буурсан. Нийт хээлтэгч малын 15 хувиас 20 хувьтай тэнцэх тооны хээлтүүлэгч бойжуулж бүс нутгийн хэрэгцээг хангах байснаас нэг ч хээлтүүлэгч бойжуулаагүй. 2016 оны жилийн эхний байдлаар 489 толгой мал байснаас төлөвлөгөөгөөр оны эцэст 562 толгой хүрэх зорилт тавьснаас гүйцэтгэл 304 толгой мал болж 258 толгой малаар буурсан. Сүргийн дотор хээлтэгчийн эзлэх хувийг 72 хувьд хүргэх зорилттой ажилласнаас хээлтэгчийн эзлэх хувь 36 хувь болж төлөвлөгөөг 50 хувиар биелүүлсэн. Б.Ц нь цөм сүргийн үржлийн төвийн мал малладаг малчидтай “Түрээсийн гэрээ” байгуулахдаа онд оролтын хувийг оны эхний нийт малын 20 хувийг, төлийн 35 хувийг малчинд өгөхөөр хийснийг 2016 оны байдлаар тооцож үзэхэд малын дутагдал, хорогдолгүй, худалдан борлуулаагүй нөхцөлд тоо толгой 8 хувиар өсөх эдийн засгийн үр ашиггүй гэрээ хийсэн. Онд оролтын хувийн дагуу олгох малаас дутагдсан болон зүй бус хорогдсон малыг хасч олгох байтал Б.Ц нь 2015 онд дутагдсан 77 толгой малыг хасч олгоогүйгээс байгууллагад дансны үнээр 5,005,000.00 төгрөг, зах зээлийн үнээр 3,695,000.00 төгрөгийн хохирол учруулсан, 2016 онд зүй бус хорогдлоор 63 мал хорогдсоныг хасч тооцоогүйгээс дансны үнээр 4,218,168.00 төгрөг, зах зээлийн үнээр 6,195,000.00 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Тухайн онд хүлээн авсан төлийн 65 хувийг байгууллага авах, 35 хувийг малчинд өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2015 онд манай байгууллага 223 мал хүлээн авах ёстойгоос 209 төл хүлээн авсан, 2016 онд 137 төл хүлээн авах ёстойгоос 127 төл хүлээн авсан. Зөрүү нийт 24 төлийг малчнаар нөхөн төлүүлээгүйгээс нийт дансны үнээр 240,000.00 төгрөг, зах зээлийн үнээр 755,000.00 төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Б.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдлээ би байгууллагад хохирол учруулаагүй гэрээт малчин учруулсан гэж нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь өөрийн үүрэгт ажлыг ухамсарлаагүй гэж үзэхэд хүргэж байна. Б.Ц тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Иймд Б.Ц ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 18,397,161 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Засгийн газрын 2013 оны 420 дугаар тогтоолд заасан, энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2015 оны 80 дугаар тогтоол гарч М төв ийн харъяа Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төв 26.305.000 төгрөгийн балансын үнэтэй 783 толгой мал, 20.994.039 төгрөгийн үнэтэй балансын үнэтэй, үндсэн хөрөнгөтэй М төв д шилжиж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасан. Баянхонгор аймгийн Цөм сүргийн үндэсний төв нь хуучнаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/66 тоот тушаал гарахаас өмнө байгууллага нь тусдаа, тамга тэмдэгтэй, өөрийн нэрийн өмнөөс бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь санхүүжүүлэх төсөв М төв ийн сангийн төсөвт тусгагддаггүй. Цөм сүргийн хөгжлийн үндэсний төв нь орон нутгийг хээлтэгч, хээлтүүлэгч малаар хангаж, зааз малын орлогоос төсвөө бүрдүүлж, цалин болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлаа гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ эрх нь Б.Ц ад байсан. Нэхэмжлэгч нь 2010 оноос өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа ашиг шимт үүлдэрийн ганц ч хээлтүүлэгч малаар орон нутгийг хангаагүй. Мөн малыг таваарын зориулалтаар зах зээлд борлуулсан, зах зээлд борлуулсан малын мах, арьсны орлогоос өөрийн цалингаа тавьж, бусад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийг зүй зохистой зарцуулаагүйгээс он дамжсан өр үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэлдээ малыг түрээсийн гэрээгээр малчинд олгосноос хойш малын тоо толгой буурах шалтгаан болсон байхад миний үүрэгтэй шууд холбож, намайг буруутган үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэсэн байна. Хавтаст хэрэгт 3 хөдөлмөрийн гэрээ авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 2.1.7-д заасан үүргээ биелүүлээгүй учир хөдөлмөрийн гэрээний 4.4.2-т зааснаар гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй зөв гэж үзэж байна. М төв ийн захирлын тушаалаар салбарын захирлыг томилж, цалинг төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний шатлалаар тогтоож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3-т заасан заалтыг хэрэгжүүлэх үүднээс үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас авах цалингийн хэмжээг тогтоож өгсөн явдал болохоос нэгэнт төсөвлөөгүй цалинг олгоно гэсэн ойлголт биш юм. Баянхонгор аймгаас бусад хөгжлийн төвийн захирлууд аж ахуйн тооцоон дээр өөрөө өөрийгөө санхүүжүүлж ирсэн болохыг дурдах нь зүйтэй. Малчидтай хэт нэг талыг барьсан, байгууллагад ашиггүй түрээсийн гэрээ байгуулсан нь захирал Б.Ц ын ажлын хариуцлага бөгөөд энэхүү гэрээ нь малын тоо толгой буурах шалтгаан болсон байна. Иймд 2017 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 18.397.161 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь М төв ийн захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх цалин 18,397,161 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Б.Ц нь М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр 2010 оны 09 сарын 09-ний өдөр томилогдон ажиллаж, 2014 оны 02 сарын 21-ний өдрийн А/05 дугаартай тушаалаар ******* дахь салбарын захирлаар, 2014 оны 05 сарын 29-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар М төв ийн ******* дахь салбарын захирлаар, 2015 оны 04 сарын 22-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар, 2016 оны 12 сарын 15-ны өдрийн Б-52 дугаартай тушаалаар Цөм сүргийн үржлийн төвийн ******* дахь салбарын менежерээр тус тус томилогдон ажиллаж байсан болох нь ажилд томилсон тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх1-н 29-30, 64, 87, 92, 142/
М төв нь Б.Ц тай 2014 оны 12 сарын 25-ны өдөр ОНС/12 дугаартай “М төв ийн орон нутаг дахь салбарын захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”, 2014 оны 02 сарын 10-ны өдөр ОНС/007 дугаартай “М төв ийн орон нутаг дахь салбарын захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”, 2015 оны 05 сарын 15-ны өдөр ЦСҮТ/01 дугаартай ******* дахь Цөм сүргийн үржлийн төвийн захиралтай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан болох нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-н 23, 56, 67/
М төв ийн захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б-05 дугаартай “Б.Ц ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйл, хөдөлмөрийн гэрээний 1 дэх зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “...Б.Ц нь хөдөлмөрийн гэрээний 1 дэх зүйлд заасан салбарын үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, сайн чанарын хээлтүүлэгч малаар бүс нутгийн хэрэгцээг хангах зорилгыг биелүүлээгүй, байгууллагад их хэмжээний өр үүсгэсэн, малын тоо толгойг бууруулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэл заан М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх1-н 3/
М төв ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, дуусгавар болгох талаар тусгасан байх бөгөөд 10.1-д хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, 10.2-т хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар заажээ. /хх1-н 123-138/
Б.Ц ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...хөдөлмөрийн гэрээний 1 дэх зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн...” гэж заасан байгаа боловч Б.Ц ыг менежерээр томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд хэзээ байгуулсан, ямар гэрээг үндэслэл болгосон нь тодорхой бус байна.
Б.Ц ыг 2016 оны 12 сарын 15-ны өдрийн Б-52 дугаартай тушаалаар Цөм сүргийн үржлийн төвийн ******* дахь салбарын менежерийн ажилд томилсон бөгөөд уг тушаалын 2 дахь заалтаар Цөм сүргийн орон нутгийн салбаруудын менежерүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан батлуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-н 29-30/ Мөн М төв ийн харьяа орон нутаг дахь цөм сүргийн салбар, нэгжийн менежерийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг 2017 оны 02 сарын 15-ны өдөр боловсруулж, баталсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх1-н 95-98/
Хариуцагч нь М төв , Б.Ц нарын хооронд 2014 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан ОНС/12 дугаартай “М төв ийн орон нутаг дахь салбарын захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ний заалтыг тушаалын үндэслэлд тусгасан, Б.Ц нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “М төв ийн захирал, Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захиралтай байгуулах Үр дүнгийн гэрээ”-нд заасан зорилтот түвшинд хүргэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг гарган маргасан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ц ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Үр дүнгийн гэрээний зорилтот түвшинд хүрээгүй болох нь ажил хүлээлцэж тооллого хийхэд тогтоогдсон гэх тайлбарыг гаргасан. /хх1-185-198/
М төв нь Б.Ц ыг ажлаас чөлөөлөх тушаалдаа түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж зөрчлийг нэр заан дурдсан байх боловч Б.Ц нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчлийг гаргаж ажлаас чөлөөлөх болсон нь тодорхой бус байна.
2017 оны 02 сарын 17-ны өдрийн Ажил хүлээлцэх комиссын илтгэх хуудсаар Баянхонгор аймгийн цөм сүргийн үндэсний төвийн менежер Б.Ц ын нэр дээр бүртгэлтэй, эд хөрөнгө, малыг тоолж 5 толгой мал дутаасан гэсэн байх боловч тухайн дутсан гэх мал нь Б.Ц ын гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Цөм сүргийн орон нутгийн салбаруудын менежерүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан батлуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг даалгасан байхад хариуцагч нь Б.Ц тай хөдөлмөрийн гэрээг байгуулалгүй, “М төв ийн захирал, Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захиралтай байгуулах Үр дүнгийн гэрээ”-ний зорилтыг шалгуур болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч Б.Ц ыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Б.Ц ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Ц ыг М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч М төв ийн захирлын 2016 оны 12 сарын 15-ны өдрийн Б-52 дугаар тушаалаар батлагдсан ******* дахь салбарын менежерийн цалинг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц ын сарын дундаж цалин хөлсийг 633,221 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл 162 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4,662,808.74 төгрөгийг хариуцагч М төв өөс гаргуулж нэхэмжлэгч Б.Ц ад олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Ц ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч М төв д даалган шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М төв өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89,554 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч Б.Ц нь 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл 6,200,000 төгрөгийн цалин авах байснаас 2014 оны 01 сараас 04 сар хүртэл цалин 1,200,000 төгрөг, 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 сарын 25-ны өдөр хүртэлх 1,910,000 төгрөгний цалин, нийт 3,110,000 төгрөг, 2015 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш 2017 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан цалин хөлс нь 15,547,161 төгрөгний цалин гарсанаас 2016 оны 12 сарын 20-ны өдөр 260,000 төгрөгний цалин данс руу хийснийг хасаад 15,287,161 төгрөгний цалин, нийт 18,397,161 төгрөгийг гаргуулж, уг цалинд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш аваагүй цалингийн асуудлаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 18,397,161 төгрөгийн цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул уг цалинтай холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М төв ийн захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, Б.Ц -ыг М төв ийн ******* дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М төв өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,662,808.74 /дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун найман төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц ад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх цалин 18,397,161 төгрөг гаргуулах, уг цалинд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц ыг ажилгүй байсан 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М төв д үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Б.Ц аас ажиллаж байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М төв өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89,554 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Хариуцагч М төв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР