Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Хохирогч: Б.Болдбаяр,

         Шүүгдэгч: М.Оюунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгөн морьт овгийн Магнайдоржийн Оюунтуяад холбогдох 201616000155 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Монгол улсын иргэн, 

 Шүүгдэгч М.Оюунтуяа нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум Төгөлийн 10-6 тоот хашаанд гэртээ унтаж байхдаа 12 хоногтой хүү Б.Амаржаргалын ам, хамрыг хөнжлөөр дарсаны улмаас амьсгалын хурц дутагдалд хүргэж бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Болдбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний ялийг аль болохоор хөнгөрүүлж өгнө үү.

 Хохирогч Б.Болдбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...М.Оюунтуяа манай эхнэр, бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр гэр бүл болоод нэг жил болж байна. Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Х.Номинсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Б.Оюунтуяа бид хоёр найз нөхөд болоод хоёр жил болж байна. Оюунтуяа нь даруу төлөв зантай, шудрага, Ноён суманд ээж дүү нарын хамт амьдарч байгаад аймгийн төвд ирээд нөхрийндөө амьдарч байгаа. Нөхрийнх нь аав нь осолд ороод хэвтэрийн дэглэм сахиж байгаа хадам ааваа сайн асарч байгаа аливаа юманд өөриймсөг ханддаг эмэгтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Т.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Оюунтуяа бид хоёр найз нөхөд болоод 3 жил болж байна бид хоёр ойр дотно байдаг нэг нэгнийхээрээ орж гараад, хонож өнжөөд явж байдаг Түүний гэр нь Ноён суманд байдаг, аймгийн төвд тэр нөхрийндөө амьдардаг. Оюунтуяа даруу төлөв зан харилцаатай, хүнтэй нийцтэй, хүнд тусархаг, ямар нэг муу зуршил байхгүй хүн. Манай найз нөхөртэйгээ гэр бүл болоод жил гаран болж байгаа юм. Би түүнтэй жирэмсэн байхад нь зөндөө уулзаж байсан. Тэр хүүхдээ төрүүлээд сайхан амьдарна, хүүхэдтэй болоод их баярлаж байна гээд баяр хөөртэй явж байсан. Би түүнийг төрсөн дараа нь гэрт нь очиход тэр хүүхэддээ аймаар их хайртай байсан, хүүхдээ алдаад их шаналж хүүхдээ санаж байгаа юм шиг надад санагдсан, би түүнээс хоёр сарын өмнө төрсөн намайг хүүхдээ хөхүүлэхээр миний хүүхэд байсан бол одоо ийм болж байгаа гэдэг, хүүхдээ алдаад их л шаналж байгаа юм шиг надад санагдсан. Тэр хүүхдээ алдаад манайхаар их орж гарч байгаа сүү нь татрахгүй манай хүүхдэд хөхүүлж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч С.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Оюунтуяа болон Болдбаяр нарыг танина. Би Болдбаярын аавтай гэр бүл болоод нэг жил болж байна. Оюунтуяа, Болдбаяр хоёр гэр бүл болоод нэг жил болж байна.  Сая Болдбаяр, Оюунтуяа хоёр хүүхдээ алдсан. Болдбаяр айлын том хүүхэд” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Шүүгдэгч М.Оюунтуяаг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”...Тэр өдрийн өглөө хүүхэд маань унтахгүй уйлагнаж байгаад өглөө 05 цагийн үед унтсан би хүүхдээ тусдаа ширээн дээр унтуулдаг байсан юм. Тэгсэн уйлагнаад байхаар нь хүүхдээ хажуудаа аваад унтсан байсан. Яагаад хүүхэд маань нас барсныг мэдэхгүй байна. Би өглөө үүрээр хүүхдээ хуйраалаад өлгийдөөд хүүхдээ хажуудаа аваад унтсан байсан. Тэр шөнө бороо ороод их хүйтэн байсан. Манай нөхөр Болдбаяр миний зүүн талд, хүүхэд маань миний баруун талд унтаж байсан. Тэр шөнө нөхөр хүүхэд бид 3 гурваас өөр хүн гэрт байгаагүй. Би төрснөөс хойш миний хүү өвдөөгүй. Өрхийн эмчийн хяналтанд байсан. Би өөрсдийнхөө нөмөрдөг хөнжилөөр хүүхдээ толгойноос нь доош дээгүүр хучсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №51 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: Амаржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. Амаржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин эмгэг тогтоогдсонгүй. Амаржаргал нь ам хамар дарагдсанаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. /хх-ийн 21-22-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,

  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/,

  Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/ зэрэг болно.

         Шүүгдэгч М.Оюунтуяа нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум Төгөлийн 10-6 тоот хашаанд гэртээ унтаж байхдаа 12 хоногтой хүү Б.Амаржаргалын ам, хамрыг хөнжлөөр дарсаны улмаас амьсгалын хурц дутагдалд хүргэж бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Гэрч Т.Батзаяагийн: Б.Оюунтуяа бид хоёр найз нөхөд болоод 3 жил болж байна. ... Оюунтуяа даруу төлөв зан харилцаатай, хүнтэй нийцтэй, хүнд тусархаг, ямар нэг муу зуршил байхгүй хүн. Манай найз нөхөртэйгээ гэр бүлээд жил гаран болж байгаа юм. Би түүнтэй жирэмсэн байхад нь зөндөө уулзаж байсан. Тэр хүүхдээ төрүүлээд сайхан амьдарна, хүүхэдтэй болоод их баярлаж байна гээд баяр хөөртэй явж байсан. Би түүнийг төрсөн дараа нь гэрт нь очиход тэр хүүхэддээ аймаар их хайртай байсан, хүүхдээ алдаад их шаналж хүүхдээ санаж байгаа юм шиг надад санагдсан, би түүнээс хоёр сарын өмнө төрсөн намайг хүүхдээ хөхүүлэхээр миний хүүхэд байсан бол одоо ийм болж байгаа гэдэг, хүүхдээ алдаад их л шаналж байгаа юм шиг надад санагдсан Тэр хүүхдээ алдаад манайхаар их орж гарч байгаа, сүү нь татрахгүй манай хүүхдийг хөхүүлж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,  гэрч С.Оюунцэцэгийн:”...Би Оюунтуяа болон Болдбаяр нарыг танина. Оюунтуяа, Болдбаяр хоёр гэр бүл болоод нэг жил болж байна.  Сая Болдбаяр, Оюунтуяа хоёр хүүхдээ алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, шүүгдэгч М.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”...Тэр өдрийн өглөө хүүхэд маань унтахгүй уйлагнаж байгаад өглөө 05 цагийн үед унтсан би хүүхдээ тусдаа ширээн дээр унтуулдаг байсан юм. Тэгсэн уйлагнаад байхаар нь хүүхдээ хажуудаа аваад унтсан байсан. Яагаад хүүхэд маань нас барсаныг мэдэхгүй байна. Би өглөө үүрээр хүүхдээ хуйраалаад өлгийдөөд хүүхдээ хажуудаа аваад унтсан байсан. Тэр шөнө бороо ороод их хүйтэн байсан. Манай нөхөр Болдбаяр миний зүүн талд, хүүхэд маань миний баруун талд унтаж байсан. Тэр шөнө нөхөр хүүхэд бид  гурваас өөр хүн гэрт байгаагүй. Би төрснөөс хойш миний хүү өвдөөгүй. Өрхийн эмчийн хяналтанд байсан. Би өөрсдийнхөө нөмөрдөг хөнжилөөр хүүхдээ толгойноос нь доош дээгүүр хучсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №51 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: Амаржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. Амаржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин эмгэг тогтоогдсонгүй. Амаржаргал нь ам хамар дарагдсанаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. /хх-ийн 21-22-р хуудас/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч М.Оюунтуяаг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

         Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

  Хохирогч Б.Болдбаяр нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний ялыг аль болохоор хөнгөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч М.Оюунтуяаг хохирогч Б.Болдбаярт төлөх төлбөр хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч М.Оюунтуяа нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  Шүүгдэгч М.Оюунтуяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөр хохиролгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

         Шүүгдэгч М.Оюунтуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч М.Оюунтуяаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч М.Оюунтуяагийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Мөнгөн морьт овгийн Магнайдоржийн Оюунтуяаг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунтуяад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч М.Оюунтуяагийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунтуяад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч М.Оюунтуяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунтуяагийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтанд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунтуяагийн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА