Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 143/ШШ2017/00436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Б

 

Хариуцагч: Өмнөговь аймаг,  оршин суух А овогт Ж.Б /регистрийн дугаар:/,

 

5.760.000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулж хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8730 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн автомашиныг өмчлөлд хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.                      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ч овогтой Б миний бие иргэн Ж.Б-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ21/2015 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Ж.Б-т 3.000.000 (гурван сая) төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар олгохоор бичгэн хэлбэрээр харилцан тохиролцож, олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 4.1, 4.2 дахь хэсэг болон гэрээний хавсралтад Toyota Land Cruiser 80 маркийн 87-30 ӨМӨ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон билээ. Улмаар тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэсэн бичилт хийгдсэн. Хэдийгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зээлдэгч Ж.Б-т автомашиныг эзэмшиж, ашиглах эрхийг олгосон. Гэтэл Ж.Б нь зээлийн эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ илт зөрчиж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг 2 жил гаруй хугацаагаар ноцтойгоор хохироож байна. Toyota Land Cruiser 80 маркийн 87-30 ӨМӨ Улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар 5.760.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Зээлийн гэрээг 2015.09.21-ний өдөр байгуулж, гэрээний хавсралт №1-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг баталгаажуулан 2015.12.15-ны өдрийн дотор Үндсэн зээл, хүүгийн хамт нийт 3.630.000 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. Гэтэл Ж.Б нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан графикын дагуу төлбөр хийгээгүй болно. Зээлийн гэрээний 4.6 дахь хэсэгт “Зээпдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч барьцаа болох автомашиныг тэргүүн ээлжинд бусдад худалдах, дурын авто ломбарданд шилжүүлэн тавьж төлбөрөө гарган авах бүрэн эрхтэй ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна" гэж, гэрээний 4.7 дахь хэсэгт “Энэхүү гэрээний 4.6 заалтын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон тохиолдолд зээлдүүлэгч барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ буюу 3,840,000 төгрөгөөр бусдад зарж, үндсэн зээл, хүүгийн төлбөр, бусад зардлыг гарган авахыг зээлдэгч Ж.Б би хүлээн зөвшөөрч байна." гэж гэрээнд тусгай нөхцөл оруулан харилцан тохиролцсон. Түүнчлэн Ж.Б нь 2015 оны 09 сарын 21-ний өдөр автомашиныг Ч.Б-ийн нэр дээр шилжүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашиныг хураалгаж, 3.840.000 төгрөгөөр худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гаргаж, харилцан тохиролцсон билээ. Иймд 3.840.000 төгрөгөөр худалдан борлуулах эрх нь нэхэмжлэгчид үүссэн боловч Ж.Б нь автомашиныг өгөлгүй, зугатаасаар өдийг хүртэл гэрээний үүргээ зөрчсөн болно. Зээлийн гэрээний 1.7 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө” гэж тохирсон. Ж.Б нь гэрээний хугацаа дууссан буюу 2015.12.15-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй. Зээлдэгч Ж.Б нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учраас барьцааны зүйл буюу автомашиныг худалдан борлуулах замаар 3.840.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж байсан. Зээлийн гэрээний дагуу 2015.12.15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийлгүй 610 хоног хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 1.7 дахь хэсэгт заасны дагуу 11.712.000 төгрөгийн алданги тооцох боловч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт анз нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алданги 1.920.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд Ж.Б-с Toyota Land Cruiser 80 маркийн 87-30 ӨМӨ улсын дугаар бүхий FZJ800123814 арлын дугаартай автомашиныг хураан авч худалдан борлуулах замаар 5.760.000 (таван сая долоон зуун жаран мянга) төгрөг гаргуулж, Ч.Б надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Ч.Б миний бие иргэн Ж.Б-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ21/2015 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Ж.Б-т 3.000.000 (гурван сая) төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар олгохоор бичгэн хэлбэрээр харилцан тохиролцож, олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 4.1, 4.2 дахь хэсэг болон гэрээний хавсралтад Toyota Land Cruiser 80 маркийн 87-30 ӨМӨ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон билээ. Улмаар тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэсэн бичилт хийгдсэн. Хэдийгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зээлдэгч Ж.Б-т автомашиныг эзэмшиж, ашиглах эрхийг олгосон. Гэтэл Ж.Б нь зээлийн эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ илт зөрчиж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг 2 жил гаруй хугацаагаар ноцтойгоор хохироож байна. Toyota Land Cruiser 80 маркийн 87-30 ӨМӨ Улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар 5.760.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Зээлийн гэрээг 2015.09.21-ний өдөр байгуулж, гэрээний хавсралт №1-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг баталгаажуулан 2015.12.15-ны өдрийн дотор Үндсэн зээл, хүүгийн хамт нийт 3.630.000 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. Гэтэл Ж.Баатар нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан графикийн дагуу төлбөр хийгээгүй болно. Зээлийн гэрээний 4.6 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч барьцаа болох автомашиныг тэргүүн ээлжинд бусдад худалдах, дурын авто ломбарданд шилжүүлэн тавьж төлбөрөө гарган авах бүрэн эрхтэй ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна" гэж, гэрээний 4.7 дахь хэсэгт “Энэхүү гэрээний 4.6 заалтын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон тохиолдолд зээлдүүлэгч барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ буюу 3.840.000 төгрөгөөр бусдад зарж, үндсэн зээл, хүүгийн төлбөр, бусад зардлыг гарган авахыг зээлдэгч Ж.Баатар би хүлээн зөвшөөрч байна." гэж гэрээнд тусгай нөхцөл оруулан харилцан тохиролцсон. Түүнчлэн Ж.Б нь 2015 оны 09 сарын 21-ний өдөр автомашиныг Ч.Б-ийн нэр дээр шилжүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашиныг хураалгаж, 3.840.000 төгрөгөөр худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гаргаж, харилцан тохиролцсон билээ. Иймд 3.840.000 төгрөгөөр худалдан борлуулах эрх нь нэхэмжлэгчид үүссэн боловч Ж.Б нь автомашиныг өгөлгүй, зугатаасаар өдийг хүртэл гэрээний үүргээ зөрчсөн болно. Иймд Ирэгний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар иргэн Ж.Б-ын хуульб ус эзэмшлээс 8730 ӨМӨ улсын дугаартай Land cruiser-80 маркийн автомашиныг чөлөөлж, өмчлөгч Ч.Б-д хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь хүүгээ бүрэн төлж байсан. Анх зээлж авсан үндсэн зээл болох 3.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 2.760.000 төгрөгийг төлөх боломжгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр Ж.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ч.Б-ийн авто ломбарднаас 3.000.000 төгрөгийг автомашин барьцаалан зээлж авсан бөгөөд зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. 2016 оны 01 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний нэр дээр байсан өрөнд уг Land-80 автомашиныг хураан авч бүтэн 1 жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанд байлгаж 2 удаа дуудлага худалдаанд оруулаад хүн аваагүй гээд 2017 оны 01 дүгээр сард манайд буцааж өгсөн. Нөхрийнхөө тэтгэврийн зээлийг авч 3.000.000 төгрөгийг төлөхөөр Ч.Б-ийнд очсон боловч байхгүй байсан. Утас руу нь залгаж ярихад би гадуур ажилтай байна. Наад мөнгөний чинь хүү, торгууль тооцож байж авна гэж босс хэлсэн, асуудал шийдсэний дараа авна гээд аваагүй. Ломбардны эзэн Оросоо гэж хүнийх нь утсыг авсан боловч Хятадад явж байгаа гэж Ч.Б хэлсэн. Дараа нь ярихад би та нарыг шүүхэд өгсөн байгаа, удахгүй та нарыг шүүх дуудна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба машиныг хураахад нь энэ машин өөр газар барьцаанд байгаа гэж хэлээд нэмэр болоогүй. Буцааж өгөхдөө одоо барьцаалсан газраа 3.000.000 төгрөгөө л төл хүү алданги бодогдохгүй гэсэн учраас би хуулийн байгууллагын ажилтанд итгэсэн. Шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ зугтаасан гэсж бичсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хураан аваагүй байсан бол энэ асуудлаа цэгцлээд өдийд ийм асуудал үүсгэхгүй байсан. Манай нөхөр машиндаа надаас илүү хайртай, бүтэн харвалт өгч уур уцаартай болсон, машиныг ломбарданд өгчихвөл уурлаж бухимдан ямар ч аюултай нөхцөл үүсч болохоор байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг хурааснаас хойш хэд хэдэн удаа уурлаж, ажил дээр нь очиж загнаж, архи уун агсам тавьж, гэр орондоо уур уцаартай, амгалан тайван байдал байхгүй болж хүнд байдалд орж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ машиныг өгөлгүй 3.000.000 төгрөгийг л төлнө. Нөхөр маань хүнд хагалгаанд орж эмч, эмнэлгийн зүгээс өөрийнх нь зоргоор байлга гэсэн. Цаашид урт амьдрах баталгаагүй болчихоод байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  Ж.Б байгуулсан гэрээний 4.6 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдэгч барьцаа болох авто машиныг тэргүүн ээлжинд дурын авто ломбарданд шилжүүлэн тавьж төлбөрөө гаргуулан авах бүрэн эрхтэй байгаа. Иймд 8730 ӨМА улсын дугаартай авто машиныг өөрийн эзэмшилдээ авахыг хүсч байна. Эвлэрэн хэлэлцэх хүсэлтгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Ж.Б нь тухайн үедээ зээлийн хүүгээ төлж байсан. Тэгээд сүүлдээ мөнгөө төлөхөө больсон тэгэхээр нь Зүүнсайханы 7-02 тоотод очиж уулзая гэхэд хүн гарч ирээгүй. Мөн орон сууцанд нь очиход хүн байхгүй байсан. Манай талаас мэдэгдэх хуудасаа хашааных нь гадаа нааж мэдэгдсэн байгаа. Түүний дараа Н.А рүү залгаад манай машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хураагаад авсан та нар өөрсдөө шүүхийн шийдвэрийн байгууллагатай учраа олоод машинаа ав гэж утсаар ярьж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Ж.Б нарын  хоорондын асуудал учраас манайд хамаагүй гэж үзээд манайх Ж.Б-аас авто машины төлбөрөө нэхэмжилсэн байгаа. Одоо манайх 8730 ӨМА авто машиныг зээлийн гэрээний дагуу хураан авч зээлийн төлбөрөө барагдуулахыг хүсч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай нөхөр Ж.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Ч.Б-ийн эрхлэн явуулж байгаа авто ломбарднаас эмчилгээнд хэрэглэх гэж 3.000.000 төгрөгийг авто машин барьцаалан зээл авсан. Тэгээд хугацаандаа зээлийн хүүгээ төлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  миний нэр дээр байсан өрөнд Ч.Б-ийн нэр дээр байсан автомашиныг хураан авсан. Тэгэхээр нь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албанд тайлбарлаж хэлэхэд хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна, тийм учраас таньд хамаагүй, машиныг чинь хурааж аваад дуудлага худалдаанд оруулж таны өрөнд төлөх мөнгийг чинь төлнө. Ч.Б-ээс зээлсэн 3.000.000 төгрөгийг ч мөн төлнө гэж хэлсэн. Ингээд 2016 оны 01 дүгээр сараас хойш хашаандаа 1 жил хадгалаад, 2 удаа дуудлага худалдаанд оруулаад энэ машиныг чинь хүн авсангүй гээд буцаагаад өгсөн. Буцааж авахдаа та нар 1 жил энэ машиныг хадгалчихлаа энэ машин муудсан байгаа бид нар анх энэ машиныг авахдаа 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ч.Б гэдэг хүн бид нараас хүү торгууль нэхэх юм бол бид нар яах юм бэ? гэхэд “та нар 3.000.000 төгрөгөө л төлнө тэрнээс биш шүүх хяналтын байгууллага дээр байсан учраас хүү торгууль төлөхгүй, харин та нар 3.000.000 төгрөгөө яаралтай төлж барагдуулах ёстой” гэсэн зүйлийг хэлсэн. Ч.Б-д шүүх хяналтын байгууллагаас машинаа ав гэж хэлээгүй, дуудлага худалдаанд оруулж борлуулах юм байна. Дуудлага худалдаанд ороод авах юм бол танай 3.000.000 төгрөгийг мөн төлнө гэж байна гэж мэдэгдэж хэлсэн. Дараа нь мөнгөө Ч.Б-д аваачиж өгөх гэсэн чинь манай босс шүүхэд өгсөн байгаа би авахгүй гэж хэлсэн. Тэгээд Оросоо гэдэг хүнтэй нь ярьсан чинь шүүхэд танайхыг өгсөн байгаа шүүх дээр уулзая. Хүү, торгууль манайх тооцож авна. Та нар их зальтай хүмүүс. Та өөрийнхөө өрийг төлөх гэж манай нэр дээр байсан машиныг яах гэж шүүхийн байгууллагад аваачиж өгөн юм бэ? та залилангийн хэрэг хийж байна гэж загнасан. Би тэгэхээр нь учир байдлаа тайлбарлаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүмүүс өөрсдөө ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхэд шүүх дээр уулзана, би чамайг шүүхэд өгсөн байгаа гэсэн. Тэрнээс хойш шүүх хэзээ дуудах юм бол, тэр цагт нь уулзаж учраа олно гэж бодоод хүү, торгууль гэдэг асуудал зогсож байгаа юм байна, шүүхэд өгсөн учраас гэж бодсон. Энэ машиныг барьцаалж зээл авсан гол шалтгаан манай нөхөр харвалт өгөөд грүппт байсан. 43 жил машин барьсан өөрөө энэ машиныг авах гэж эд хөрөнгөө зарж барьцаанд тавьж 25.000.000 төгрөгөөр машиныг авсан. Энэ машиндаа хайртай дээр нь энэ машин нь муудсан засвар үйлчилгээ хийлгэнэ үнэ өртөг өндөр байгаа нөхцөлд бид нар янзлуулаад унахад хэцүү. Энэ машиныг битгий аваач 3.000.000 төгрөгөө өгье гэж байгаа шалтгаан нь манай нөхрийн эрүүл мэндтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хурааж авснаас хойш хэд хэдэн удаа уурлаж, архи ууж, агсам согтуу тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2, 3 хүн дээр очиж загнаж, уурлаж өдөр болгон миний машин байна уу? гэж удаа дараа гарч  шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанд өдөр болгон очиж тэр машиныг үзэж хардаг. Миний хувьд энэ машиныг авчих юм бол энэ хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Хүүхдүүд маань аав минь болох байлгүй гэж хэлээд байхад би тэр машиныг хараад сууж байхад хүртэл сайхан байдаг гэж ярьдаг. Тийм учраас би сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд нэхэмжлэгч талд өгөх саналгүй байна. 3.000.000 төгрөгийг нь өгөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид нарыг зугтаасан гэсэн зүйлийг бичсэн байна. Бид нар тийм зүйл гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хурааж авсан болохоор ийм асуудалд хүрсэн. 3.000.000 төгрөгийг төлөх гээд очиж байхад авсан бол ийм асуудал гарахгүй байсан байх гэсэн бодолтой байна. Машиндаа гол нь биш нөхрийнхөө эрүүл мэндийг бодож энэ машиныг хараад хэдэн жилийг өнгөрөөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын хууль бус эзэмшлээс 8730 ӨМУ улсын дугаартай Ланд круйзер авто машиныг чөлөөлж, өмчлөгч Ч.Б-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Энэ зүйл дээр Ж.Б хууль бус эзэмшил гэж нотлох шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ж.Б нь хууль бус эзэмшигч гэж харагддаггүй. Барьцаат зээлийн гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг Ч.Б-ийн нэр дээр шилжүүлсэн болохоос биш Ч.Б-ийн эд зүйлийг хууль бусаар авсан зүйл хэргийн хүрээнд харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлээс шаардах эрх нь өөр байгаа учраас энэ зүйл хэсгээр тээврийн хэрэслийг Ж.Б-ын хууль бус эзэмшилд байгаа гэж үзэж Ч.Б-д олгох боломж байхгүй. Нэхэмжлэлийн агуулга дээр гэрээний үүргийн гүцэтгэлийг гүйцэтгээгүй учраас тус тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний 4.6 дугаар зүйлд заасны дагуу гаргуулан авах шаардлагаасаа агуулга нь зөрүүтэй байна. Гэрээ нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан байдаг. Гэрээний хугацааны хувьд 3 сарын хугацаатай Ж.Б болон хариуцагч тал нь  үүргээ гүйцэтгээгүй гэдгийг нотолсон нотолгоо байдаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас харахад зээлдэгч үүргээ гүйцэтгэж явж байсан гэдэг зүйл харагдаж байна. Зээлийн гэрээний дагуу зохих төлбөрөө төлж байсан байна. Дараа нь тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хурааж авсантай холбоотой үндсэн зээлээ төлье гэсэн саналыг гаргасан боловч Ч.Б хүлээж аваагүй. Тэгэхээр зээлдэгчийн буруугаас болсон гэж үзэх боломжгүй учир 4.6 дугаар зүйлд зааснаар тухайн тээврийн хэрэгслийг Ч.Б-д шилжүүлэх боломжгүй байна. Мөн гэрээний 4.7 дугаар зүйлд зааснаар 4.6 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар болсон тохиолдолд зээлдүүлэгч барьцааны зүйлийг 3.840.000 төгрөгөөр бусдад зарж үндсэн зээлийг гаргуулан авахыг зээлдэгч Ж.Б хүлээн зөвшөөрч байна гэх хэсэгт Ж.Б гарын үсэг зураагүй. Яг энэ заалтыг Ж.Б хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байгаа учраас энэ тээврийн хэрэгслийг Ч.Б-ийн нэр рүү шилжүүлэх боломжгүй. Ж.Б-ын хууль бус эзэмшил гэж нотлогдохгүй, мөн үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Гэрээний үүргээ зөрчсөн байна гэсэн хуулийн үндэслэл хэргийн хүрээнд харагдахгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 89.2 дугаар зүйлд заасны дагуу өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хувьд эзэмшлээр явдаг. Ж.Б гэрээний дагуу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн болохоос эзэмших эрх юм уу, бүх эрхээ Ч.Б-д олгоогүй учраас энэ тээврийн хэрэгсэл Ч.Б-ийн эзэмшлийнх гэж үзэн Ж.Б-ын эзэмшлээс шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Б, Ж.Б нарын хооронд байгуулсан ЗГ31/2015 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 8730 ӨМӨ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ж.Б-ын зээл хүсэгчийн анкет, өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хариуцагч Ж.Б-аас Н.А-т олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хүсэлт, эмнэлгийн магадлагаа, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,  хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт, эмнэлгийн магадлагаа, Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх акт, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38/40 дугаартай эд хөрөнгө хураасан акт, Н.А-ийн хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдийн тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Ж.Б-т холбогдуулж 5.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Ж.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Б-тэй харилцан тохиролцож ЗГ31/2015 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3.000.000  /гурван сая/ төгрөгийг нэг сарын 7 хувийн хүүтэй,  3 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 8730 ӨМӨ улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн автомашиныг барьцаалж, тус авто машиныг зээлдүүлэгч Ч.Б-ийн нэр дээр шилжүүлэн, Ж.Б нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хүүг төлсөн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож, талууд энэ талаар маргахгүй байна.

 

Зохигчдийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд “ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг бичгээр байгуулж гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Ж.Б-ыг барьцаат зээлийн гэрээний 1.7, 2.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэж хариуцагчаас 5.760.000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь  “ ... 3.000.000 төгрөгийг нь өгөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид нарыг зугтаасан гэсэн зүйлийг бичсэн байна. Бид нар тийм зүйл гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хурааж авсан болохоор ийм асуудалд хүрсэн ...”  гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.

 Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 1.8 дахь хэсэгт “ Зээлийн графикийг 5 болон түүнээс дээш хоногоор зөрчсөн тохиолдолд зээлдэгчийн зөвшөөрлийг харгалзалгүй зээлдүүлэгч барьцаа болох автомашиныг жолоодон авчирч зогсоолд тавина. Тухайн автомашиныг зарлуулах болон эрж хайж, зогсоолд тавихтай холбогдон гарах бүх зардлыг зээлдэгчээс үл маргах журмаар гаргуулан авна” гэж зааснаас  үзвэл нэхэмжлэгч нь зээлдэгчийг зээлийн төлбөрийг гүйцэтгэх хугацаа болсон өдрөөс хойш 5 болон түүнээс дээш хоног хэтэрсэн бол барьцааны зүйл болох 8730 ӨМӨ улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн автомашиныг зээлдэгчийн зөвшөөрлийг харгалзалгүй хураан авч, зардлаа зээлдэгчээс үл маргах журмаар гаргуулан авахаар гэрээндээ тохирсон атлаа нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “ Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ",  232.8 дахь хэсэгт “ Анзын хэмжээ илт байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэжээ.

Талууд барьцаат зээлийн гэрээний 1.7-д “ Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5-тай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө...” гэж тохирсон байх боловч зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах, зээлдэгч барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгөх боломжгүй байсан нь талуудын тайлбар болон Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн  хэмжээг багасгаж, үндсэн зээлийн төлбөр 3.000.000 төгрөг + алданги 800.000 төгрөг = нийт 3.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болох 8730 ӨМӨ улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн автомашиныг зээлдэгч Ж.Б эзэмшиж, ашиглаж байгаа боловч зээлдүүлэгч Ч.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон 01028568 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болсон тохиолдолд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагч нь 3.800.000 төгрөгийг төлж барагдуулсаны дараа 8730 ӨМӨ улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн автомашиныг хариуцагч Ж.Б-ын өмчлөлд буцаан өгөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Б, Ж.Б нарын хооронд байгуулсан ЗГ31/2015 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 8730 ӨМӨ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ж.Б-ын зээл хүсэгчийн анкет, өргөдөл, хариуцагч Ж.Б-с Н.А-т олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх акт, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38/40 дугаартай эд хөрөнгө хураасан акт, Н.А-ийн хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдийн тэмдэглэл зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-с 3.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1.960.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь 3.800.000 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоны дараа 8730 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч Ж.Б-т шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-с 75.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР