Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар баг  оршин суух, М овогт Н.Э-н

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Э, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Н.Э 2001 оны 01 дүгээр сарын 01-нээс 2004 он дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ Өрнөх амьдрал” хоршоонд малчнаар  ажиллаж байсан.  Хөдөлмөрийн дэвтэр болон орсон, гарсан тушаал гарч ирэхгүй үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү...” гэв.      

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Э нь 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ өрнөх амьдрал” хоршоонд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.С, Ч.О, Ц.М нарын мэдүүлэг болон тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Э-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Н.Э-г 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ өрнөх амьдрал” хоршоонд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ