Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Цэдэнпэлжээ даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, М.Б, Л.Э нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М овогтой Б, хамтран зээлдэгч Л.Э нар нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/75/34/210 дугаартай “Зээлийн гэрээ”-г Т банкны Замын-Үүд салбарын харъяа С тооцооны төвтэй гэрээ байгуулан банкнаас 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг сарын 1,7 хувийн, жилийн 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай гэрээт цалингийн зээл авсан. Зээлдэгч М.Б, хамтран зээлдэгч Л.Э нар нь ЗГ/75/34/210 дугаартай зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж 2017 оны 06 дугаар сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа ба холбоо барьсан боловч хаана оршин сууж байгаагаа хэлэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй учир зээлдэгч М.Б, хамтран зээлдэгч Л.Э нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

М.Б, Л.Э нар нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/75/34/210 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг сарын ,7 хувийн, жилийн 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, М.Б, Л.Э нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч М.Б, Л.Э нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

М.Б нь зээлийн гэрээ байгуулах үедээ Нийслэлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Л.Э нь Замын-Үүд сум 1 дүгээр баг хаяг дээр орошин суудаг байсан, холбогдох утасны дугаарууд нь зэрэг болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А овогт М.Б, Б овогт Л.Э нарыг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Б, Л.Э нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ