| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00318/и |
| Дугаар | 133/ШШ2017/00343 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2017/00343
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер ***ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Г.А, С.М нарт холбогдох
2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.676.433,16 төгрөг, зээлийн хүү 520.790,27 төгрөг, нийт 11.197.223,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А, С.М нар нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Харзат тооцооны төвөөс Г.А-ийн цалингийн зээл 12.060.227 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй итгэмжлэлээр авсан байна. Зээлийн барьцаанд цалин, Sharp-н 32 инчийн зурагт, 6 ханатай гэр, Sharp хөргөгч, BSB угаалгын машин, хөлдөөгч барьцаалсан. Г.А нь ажлаасаа гарснаас хойш буюу 2017 оны 05 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй байгаа. Харилцагчтай зээлээ төлөх талаар нийт 16 удаа мэдэгдэж, уулзсан тэмдэглэл байгаа. Анх уулзахад С.М нь машинаа зараад зээлээ төлнө гэдэг байсан боловч одоогийн байдлаар 2017 оны 06 дугаар сараас хойш зээл төлөгдөөгүй байгаа. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.676.433,16 төгрөг, зээлийн хүү 520.790,27 төгрөг, нийт 11.197.223,43 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв.
Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.А нь нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр С.М нь Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын кибер аюулгүй байдал, систем сүлжээ хариуцсан инженер ажилтай. Том хүү М.Т энэ жил ШУТИС төгсөх ангид, дунд охин М.М АШУИС-д одоо 4 дүгээр курсэд, бага охин М.А 1 дүгээр сургуульд 12 дугаар ангид орно. Миний бие Г.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй 10 жил Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвд сахиул үйлчлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж хавсарсан ажлыг цалингүй ажиллаж байсан боловч Авто тээврийн үндэсний төвийн дарга өс хонзонгийн улмаас ажлын байран дээрээ агсам согтуу тавьж Г.А намайг хэл амаараа доромжилж, зодож, хувцас хунарыг урсан. Үүнийг манай нөхөр цагдаа дуудаж эрүүлжүүлсэн. Тэр цагаас хойш өс хонзон санаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халах мэдэгдэл өгч халсан. Иргэний хэргийн шүүхэд ажлаас хууль бус халсан гэж Улаанбаатар хотын шүүхээр явж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос Говь-Алтай хоёрын хооронд байнга зардал чирэгдэл болоод одоо нааш, цаашаа явдаг мөнгөгүй байна. Ажлаас гарснаас хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нөхөр С.М нь аргалаад цалингийн зээлийг төлж байсан. Мөн манай нөхөр С.М нь давхар цалингийн зээлтэй бөгөөд хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг 5 сараас одоог болтол төлж чадахгүй байна. Тэгээд *** ны нэхэмжлэлийн дагуу гэр орон болон бусад барьцаалсан зүйлсийг үнэлж авах талаар нэхэмжилсэн байна. Тэгэхээр барьцаалсан хөрөнгө эд зүйлсийг авахад би өөрөө болон миний 3 хүүхэд, гэр бүл орох оронгүй гудамжид гарах болоод байгаа тул шүүх шийдвэрлэхдээ сайн харгалзан үзэж Г.А намайг ажилд орж сар, сард зохих хэмжээгээр цалингийн зээлээ төлөх боломж гаргаж надад тусалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.М нь Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт кибер аюулгүй байдал, систем сүлжээ хариуцсан инженер ажилтай. Эхнэр Г.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 10 жил Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвд сахиул, үйлчлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж хавсарсан ажлын цалин хөлсгүй ажиллаж байсан боловч Авто тээврийн үндэсний төвийн дарга нь өс хонзонгийн улмаас /ажлын байран дээрээ агсам согтуу тавьж миний эхнэр Г.А-г согтуудаа зодож хувцас хунарыг нь урсан байсан учир би цагдаа дуудаж эрүүлжүүлсэн. Тэр цагаас хойш өс хонзон санаж байгаад хурал болгонд эхнэрийн мууг үзэж байгаад/ 2016 оны 09 дүгээр сарын 29-нд ажлаас халсан мэдэгдэл өгч одоогийн байдлаар халагдсан байгаа. Иргэний хэргийн шүүхэд ажлаас хууль бус халсан гэж Улаанбаатар хотын шүүхээр явж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос Говь-Алтай хоёрын хооронд байнга зардал чирэгдэл болоод шүүх хурал хойшлох зэрэг шалтгаанаас болоод одоо нааш, цаашаа явдаг мөнгөгүй байна. Эхнэр Г.А-г ажлаас гарснаас хойш буюу 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал аргалаад цалингийн зээлийг төлөөд, бас дээр нь өөрөө 16 сая төгрөгний цалингийн зээлтэй бөгөөд давхар сар сард нь зохицуулаад төлөөд байсан одоо хоёрын хоёр хүүхдийн сургалтын төлбөрөөс болоод 2017 оны 05 дугаар сараас одоог хүртэл төлж чадахгүй байна. Тэгээд *** ны нэхэмжлэлийн дагуу гэр орон болон бусад барьцаалсан зүйлсийг үнэлж авах талаар нэхэмжилсэн байна. Тэгэхээр барьцаалсан хөрөнгө эд зүйлийг авахад би өөрөө болон миний гурван хүүхэд гэр бүл орох оронгүй гудамжид гарах болоод байгаа тул шүүх шийдвэрлэхдээ сайн харгалзан үзэж эхнэр Г.А-г маань ажилд орж сар сард зохих хэмжээгээр цалингийн зээлээ төлөх боломж гаргаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *** ны Говь-Алтай салбар нь Г.А, С.М нарт холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 10.676.433,16 төгрөг, зээлийн хүү 520.790,27 төгрөг, нийт 11.197.223,43 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Гэрээнээс татгалзах нь нэг биелүүлсэн үүргээ нөгөө талын биелэгдээгүй үүргийн хэмжээнд буцаан шаарддагаараа гэрээг цуцлахаас /гэрээг цуцлахад талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгдөггүй/ ялгаатайгаас гадна мөн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах ойлголтууд нь гэрээний үйлчлэл хэрэгжсэн цаг хугацаа, буцаагдах үр дагаврын хэмжээгээрээ ялгагддаг боловч санал гаргах дуусгавар болгох журам нь адил юм.
Г.А, С.М нар нь *** ны Говь-Алтай салбар Харзат тооцооны төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12.060.227,25 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар авсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №240000362399 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байх тул уг шаардлагыг гаргах эрхтэй байна.
Гэвч гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан байхыг хуульчилжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно... гэсэн зэргээр тогтоосон журмыг баримтлахаар байна. Нэхэмжлэгч *** ны хувьд энэ журмыг баримталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг үндэслэн Г.А, С.М нарт холбогдох 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.676.433,16 төгрөг, зээлийн хүү 520.790,27 төгрөг, нийт 11.197.223,43 төгрөг гаргуулах тухай *** ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН