| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0307/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг оршин суух, Б овогт Ц.Ч-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг оршин суух, Б овогт С.А-т холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 16,365,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ц.Ч /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гэрч Л.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.А нь надаас 2014.06.10-нд 10,500 юань, 2014.06.16-нд 12,000 юань, 2014.06.24-нд 4,900 юань авсан. Эдгээр 27,400 юанийг 2 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй авна гэж хэлэлцэн тохироод 10,500 юанийн хүүг 2014.06.10-нд өөрөө 300,000 төгрөгөөр тооцож өгсөн. 2014.06.16, 2014.06.24-ний өдрүүдэд авсан юанийн хүүгээ нийлүүлж 500,000 төгрөг тухайн үедээ өгсөн. Надаас 27,400 юань зээлэхдээ юанаар нь өгнө гэж тохирсон. Тэгээд жил болоход үндсэн юань болон хүүгээ өгөхгүй болохоор нь 2015.06.08-нд Замын-Үүд дэх нотариатч Х дээр очоод гэрээгээ хийж батлуулах гэтэл хүүг нь зөвшөөрөхгүй. Танай эхнэрийг байлцуулж хүүгийн асуудлыг шийдэж гэрээ байгуулна гээд хойшлуулсан юм. Тэгээд түүнээс хойш худлаа ярьж, янз бүрээр зайлсхийж хуураад болж өгөхгүй байхад нь хэрэлдэн барин олж уулзаад ярилцаж тохироод 27,400 юань дээр төлбөр төлөөгүй удаасан учир 2,600 юань нэмж өгөхөөр болж 30,000 юанийг 2016.03.25-наас 2016.06.01-ний хооронд сарын 10%-ийн хүүтэй зээлүүлж, 2016.06.01-нд эцэслэн төлнө. Төлөхгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0,5%-ийн алданги төлөхөөр тохирон зээлийн гэрээ байгуулсан. Хүү төлөх гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн дагуу 2 тал хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл бичгээр баталгаажуулан хийсэн болохоор хийсэн үеэсээ хүчинтэй гэж үзэж байна. Тиймээс зээлүүлсэн бодит 27,400 юанаас 2016.08.05-наас хойш цувуулан төлсөн нийт 1,200,000 төгрөгийг хүүд нь тооцож байгаа юм. Иймд үндсэн зээл болох 27,400 юанийг юаниар нь авах хүсэлтэй байна. Харин хугацаандаа үндсэн юанаа өгөөгүй тул алданги 13,700 юань нэхэж байна. Юань анх зээлж авсан өдрийн ханшаар хүүгийн төлбөрт өөрөө өгсөн нийт 800,000 төгрөгийг зээлийн гэрээ хийхээс өмнө өөрөө хүлээн зөвшөөрч тэр үедээ төлсөн хүүгийн төлбөр учир тооцоонд оруулаагүй болно. 2014.06.10 10,500 юань ханш 292,22= 3,068,310 төгрөг 300,0 төгрөг, 2014.06.16 12,000 юань ханш 293,76 = 3,525,120 төгрөг 350,0 төгрөг, 2014.06.24 4,900 юань ханш 293,13 = 1,436,337 төгрөг 150,0 төгрөг. Дүн 27,400 юань 8,029,767 төгрөг хүүнд өгсөн 800,000 төгрөг. 27,400 юань*371,27=10,172,798 төгрөг. 10% 1,017,279 төгрөг сарын хүү 1,017,279:30 өдөр=33.909 төгрөг 1 өдөр*68 өдөр бол=2,305,832. 2,305,832-1,200,000=1,105,832 төгрөг хүүгийн үлдэгдэл болно. 27,400 юань+алданги 13,700 юань=41,100 юань болж байна. 15,259,197+1,105,832=16,365,000 төгрөг болоод байна. Иргэн надад учруулсан 16,365,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ч шүүх хуралдаанд: “...8,200,000 төгрөг өгье гэж байна. Би зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй ... С.А-т 2014.06.10-нд 10,500 юань, 2014.06.16-нд 12,000 юань, 2014.06.24-нд 4,900 юань нийт 27,400 юань зээлдүүлсэн. Би С.А-т хүч хэрэглэж гэрээ хийгээгүй. 10,000 юань авсан гэж худлаа хэлсэн байна лээ. 27,400 юань авсан хүү гэж 800,000 төгрөг өгсөн. 10,000 юань авсан юм бол яахаараа 8,200,000 төгрөгөнд эвлэрье гэдэг юм... Мөнгө авснаас хойш 800,000 төгрөг хүү гэж өгөөд дахиад нэг ч төгрөг өгөхгүй болохоор нь нотариат орж гэрээ хийсэн. 27,400 юань одоо ханш 371,27 төгрөгөөр бодоход 10,172,798 төгрөг, үүний сарын хүү 10%-иар бодоход 1,017,279 төгрөг өдрийн 33,909 төгрөг гэрээний хугацаа 68 хоногт бодохоор 2,305,832 төгрөг үүнээс өгсөн 1,200,000 төгрөгийг хасаад 1,105,832 төгрөгний хүүгийн үлдэгдэл, 27,400 юаний алданги 13,700 юань, нийт 41,100 юань буюу 15,259,197 төгрөг, хүү 1,105,832 нэмээд нийт 16,365,000 төгрөгийг нэхэмжилнэ. Юаниар авна. Засвартай гэрээ гээд байна бид хоёр ярилцаад нотариат дээр орж, 2 сарын хугацаатай алдангитай гэрээ хийсэн. Тухайн гэрээг байгуулснаас хойш нөхрийнхөө Голомт банкны дансаар миний данс руу 300,000 төгрөгөөр 4 удаа нийт 1,200,000 төгрөгийг өгсөн. Өөрийнх нь сард 300,000 төгрөг өгнө гэж бичсэн бичиг нь байгаа хэрэгт. Иргэний хуулинд алданги гаргуулахаар байгаа учраас шүүх гаргах байх. Миний гаргаж өгсөн гэрээг засвартай хүчингүй гэж байгаа бол С.А-н гаргаж өгсөн гэрээгээр нэг жил гарангийн хүүтэй нь зээлсэн 27,400 юаний хамт гаргуулж шийдвэрлэж болно...” гэв.
Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь Ц.Ч-с 2014 оны 06 сарын 15-ны үед 10000 /арван мянга/ юанийг 1 сарын хугацаатай гар дээрээ авсан. Тухайн үед бидний хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ хийгээгүй. С.А миний бие нь Түрк улсаас бэлэн хувцас оруулж ирж зардаг байсан ба тус оны 2014 оны 07-р сард миний бараа зарагдахгүй орлогогүй байсны улмаас мөнгийг нь өгч чадалгүй явсаар удааж өдийг хүрсэн. Энэ хугацаанд Ц.Ч нь мөнгөө нэхэж байсан бөгөөд мөнгийг өгөх боломж олголгүй биднийг элдэвээр хэлж хэл амаар доромжлон та нарыг Замын-Үүдэд гишгэх газаргүй болгоно гэх зэргээр дотны найз нөхөд болон хамаатан садан мөн бидний ажилладаг байгууллагын дарга удирдлагуудад очиж өр төлбөртэй хүмүүсийг ажиллуулж болдог юм уу? гэх зэргээр бидний нэр хүндийг унагаж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулдаг байсан. Энэ хугацаанд Ц.Ч нь надаас 1,000,000 төгрөгийг /2014 оны 06-р сард 330,000 төгрөг, 2014 оны 07 сард 500,000 төгрөг, мөн 170,000 төгрөг/-ийг авч байсан. Миний зүгээс тухайн үед авсан 10,000 юанийг өгье гэхээр 2014 оны 06-р сараас хойшхи бүх сарын хүүг чамаас авна, дээрээс нь нэмж ашиг болгож алданги тооцож авна гэдэг байсан бөгөөд энэ байдал нь хэзээ ч ер нь дуусахгүй мэт, насаараа өртэй явах шалтгаан болох юм шиг санагддаг байсан. Ийм ч болохоор 2016 оны 11, 12-р сард Ц.Ч-д шүүхээр үнэн зөвөө шийдвэрлүүлье гэсэн саналыг миний зүгээс тавьсан. Ингээд 2016 оны 03-р сард намайг ажил дээр байхад олон хүмүүсийн өмнө өр төлбөртэй, луйварчин гэх мэтээр загнаж эвгүй байдалд оруулан нотариат дээр очиж гэрээ хийнэ гээд /2014 оны 06-р сар/-аас хойш нотариат орж гэрээ хийх хугацаа хүртэлх саруудыг тооцож нэмээд нийт 20 сар боллоо гээд тухайн үед авсан үндсэн төлбөр 10000 юань болон 20 сарын хугацааны хүү гэж /сар бүр 1000 юань буюу/ 20000 юанийг нэмж бичүүлэн нийт 30000 юань болгож гэрээ хийсэн. Ингээд нотариат дээрээс бидний байдлыг хараад нотариатч нь хоёр ч удаа буцаасан боловч тухайн үед нотариат дээр олон хүмүүс үйлчилгээ авахаар дугаарлан зогсож байхад мөн л олон хүний нүдэн дээр өр төлбөртэй гэх зэргээр загнаж элдэвээр хэлж дарамталж байгаад бичүүлж авсан. Ц.Ч-н нэхэмжлэлд дурдсан шиг 2016 оны 03 сарын 25-ны өдөр надад ямар нэгэн байдлаар 30000 юанийг өгөөгүй. Ц.Ч нь надад 2014 оны 06-р сард 10000 юанийг зээлдүүлснээс өөрөөр мөнгө төгрөг зээлүүлсэн асуудал огт байхгүй тул энэ хүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд Ц.Ч-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.А нь Ц.Ч-с 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10,500 юанийг зээлж аваад 800,00 төгрөг өгсөн байдаг. Гэрээ хийснээс хойш 40 сар болж байгаа учраас 8,200,000 төгрөгөнд эвлэрэх санал тавьсан боловч эвлэрэхгүй гэж байгаа тул Ц.Ч гуайн гаргаж өгсөн гэрээ засвартай хүчинтөгөлдөр бус гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 4,900 юань, 12,000 юань аваагүй гэдэг. Ажил дээр нь болон олон хүмүүсийн хажууд хэл амаар доромжлоод байхаар нь 30,000 юаний гэрээг арга буюу хийсэн гэдэг. 30,000 юань бол зээлж аваагүй юм. Ц.Ч гуай нь гэрээгээ засварласан алданги бодохоор нэмж бичсэн гэрээнээс харахад тодорхой байгаа. Засвартай гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэрээ юм. ... 10,500 юань аваад 800,000 төгрөг, 1,200,000 төгрөгөөр өгсөн. Нэхэмжлэгч мөн өгсөн гэж хэлж байгаа тул зээлсэн мөнгөө өгсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч С.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 27,400 юань буюу 10,172,798 төгрөг, хүү 1,105,832 төгрөг, алданги 5,086,399 төгрөг, нийт 16,365,029 болох ба 16,365,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...30,000 юанийг аваагүй, 10,000 юань авсан ... хэл амаар доромжилж, дарамталж 2014 оны 06-р сараас хойш нотариат орж гэрээ хийх хугацаа хүртэлх саруудыг тооцож нэмээд нийт 20 сар боллоо гээд тухайн үед авсан үндсэн төлбөр 10,000 юань болон 20 сарын хугацааны хүү гэж сар бүр 1,000 юань буюу 20,000 юанийг нэмж бичүүлэн нийт 30,000 юань болгож гэрээ хийсэн... 30,000 юань зээлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...С.А нь 10,500 юань зээлж авсан, 4,900, 12,000 юань аваагүй...гэрээ нь засвартай учраас хүчин төгөлдөр бус гэрээ...” гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч С.Ч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хариуцагч С.А-тэй байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн, С.А-т 2014 оны 06 сарын 10-нд 10,500 юань, 2014 оны 06 сарын 16-нд 12,000 юань, 2014 оны 06 сарын 24-нд 4,900 юань нийт 27,400 юань зээлдүүлсэн, 27,400 юань, алданги 13,700 юань нийт 41,100 юань буюу 15,259,197 төгрөг, хүү 1,105,832 төгрөг нийт 16,365,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Ц.Ч-с 2014 оны 06 сарын 10-ний өдөр 10,500 юань, 2014 оны 06 сарын 16-ний өдөр 12,000 юань, 2014 оны 06 сарын 24-ний өдөр 4,900 юань нийт 27,400 юанийг 1 болон 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлж авснаас хойш 800,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөө өгөхгүй байсан учир гэрээ байгуулахаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нотариат орсон боловч гэрээгээ хойшлуулсан, дараа нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хоорондоо тохиролцож, 30,000 юань буюу 9,537,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан зэрэг үйл баримт тогтоогдов.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч С.А-с шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч С.А нь “10,000 юань зээлсэн. 2014 оны 06-р сараас хойш нотариат орж гэрээ хийх хугацаа хүртэлх саруудыг тооцож нэмээд нийт 20 сар боллоо гээд 20 сарын хугацааны хүү сар бүр 1,000 юань буюу 20,000 юанийг нэмж бичүүлэн нийт 30,000 юань болгож, хэл амаар доромжилж дарамталж гэрээг хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “10,500 юань зээлсэн, 4,900, 12,000 юанийг аваагүй” гэж маргаж байх боловч уг татгалзлаа хариуцагч нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний зүйл болох 27,400 юанийг Ц.Ч нь С.А-т шилжүүлсэн, С.А зээлийн хүүд 2014 оны 06 сар, 07 сард нийт 800,000 төгрөг, гэрээг нөхөж байгуулснаас хойш нэхэмжлэгчийн Голомт банкин дахь данс руу 2016 оны 08, 09, 10 саруудын 05-ны өдөр, 11 сарын 09-ний өдөр тус бүр 300,000 төгрөг буюу нийт 1,200,000 төгрөгийг төлсөн болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, С.А-н гараараа бичсэн баримт, зээлийн гэрээ, Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч С.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нөхөж бичгээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулжээ.
Хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2 зээлийн гэрээ байх ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа болон гэрээний доод талд алданги тооцохоор заалтыг нэмж оруулсан засвартай гэрээ байх тул тухайн гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэл болгож гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Ц.Ч нь С.А-н гаргаж өгсөн зээлийн гэрээгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж гэрээний талаар маргаагүй.
Зохигчид зээлийн гэрээг 2016 оны 03 дүгээр сарын 25-ны өдөр байгуулахдаа 30,000 юань буюу 9,537,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-наас 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэйгээр байгуулсан байна.
Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа 30,000 юань буюу 9,537,000 төгрөгийг С.А-т зээлдүүлсэн, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, авсан гэх боловч хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар гэрээг байгуулахаас өмнө 27,400 юанийг зээлсэн мөн нэхэмжлэгч 27,400 юанийг нэхэмжилж байх тул гэрээний үүрэг 27,400 юань буюу 8,710,460 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ. Тодруулбал: 9,537,000 төгрөг хуваах нь 30,000 юань= 317.9 юань үржих нь зээл 27,400 юань = 8,710,460 төгрөг/
Талууд зээлийн гэрээ байгуулахдаа “30,000 юань буюу 9,537,000 төгрөг” гэж төгрөгөөр гэрээг байгуулсан, мөн уг зээлийн гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон, шаардлагаа төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул төгрөгөөр гэрээний үүргийг тооцож шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Ц.Ч нь “хүү сарын 10 хувь, алданги” гэж нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана“ гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээгээр хүү тооцохоор бичгээр хийсэн тул нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч С.А-с зээлийн гэрээнд заасан хугацаанд тохирох хүүг шаардах эрхтэй, харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу алданги тооцохоор бичгээр гэрээ хийгээгүй, зээлийн гэрээнд алданги тооцох талаар дурдаагүй байх тул нэхэмжлэгч Ц.Ч нь алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд “2016 оны 03 дугаар сарын 25-наас 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлдүүлэх, ингэхдээ 10 хувийн хүүг тооцно гэсэн болзолтой зээлдүүлэв” гэжээ. Үүнээс үзэхэд дээрх хугацаанд 10 хувийн хүүтэй гэж ойлгогдохоор байх ба талууд хүү авах хугацаагаа сараар тодорхойлоогүй учир шүүх хүүг сараар тооцож шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгч мөн сарын 10 хувиар тохиролцсон гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч С.А-с зээлийн гэрээний дагуу 27,400 юань буюу 8,710,460 төгрөг, хүү 871,046 төгрөг нийт 9,581,506 төгрөг, үүнээс зээлийн гэрээ байгуулахаас өмнө өгсөн гэх 800,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй, харин зээлийн гэрээ байгуулснаас хойш өгсөн 1,200,000 төгрөгийг хасч 8,381,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,983,494 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Ц.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч С.А-с 149,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч С.А-с зээлийн гэрээний үүрэгт 8,381,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,983,494 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-с 149,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч-д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ