| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03585/и |
| Дугаар | 181/ШШ2018/00054 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2018/00054
| 2018 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2018/00054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, “Т” ХХК /рд: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “Н” ХХК /рд: /-д холбогдох,
204,995,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Соёл-Эрдэнэ, өмгөөлөгч Э.Нямжав, хариуцагчийн төлөөлөгч М.Батцэцэг, Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь “Н” ХХК-тай 2017 оны 07 сарын 01-ний өдөр АБҮ-03/17 дугаартай “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан уг гэрээний дагуу өнгө асфальтбетон хольц 951.22 тонн, суурь асфальт бетон хольц 808.82 тонныг нийлүүлсэн бөгөөд үүний дагуу 295,162,700 төгрөгийг манай компанид төлөх үүрэг хүлээсэн.
Энэхүү төлбөрийг “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.7-д зааснаар 2017 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон.
Мөн гэрээний 2.8-д “Энэхүү гэрээний 2.7-д заасан гэрээний нийт үнийн дүнгийн 40% буюу 127,000,000 төгрөгийг бартераар төлж болох бөгөөд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулан төлбөрийг барагдуулна” гэж заасны дагуу 2017 оны 07 сарын 01-ний өдөр АБҮ-03/17-01 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-г байгуулж Форд Транзит маркийн 53-98 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 34,000,000 төгрөгөөр тохиролцон манай компанийн өмчлөлд шилжүүлсэн.
Түүнчлэн 2017 оны 07 сарын 04-ний өдөр 05/17 дугаартай “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж уг гэрээний дагуу угаасан элсийн нэгж үнийн 23,000 төгрөгөөр тохиролцон нийт 378 м3 буюу нийт 8,694,000 төгрөгийн үнэ бүхий угаасан элсийг манай компанид нийлүүлсэн.
2017 оны 08 сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч нь “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 165,318,700 төгрөгийг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-т “Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан.
“Н” ХХК нь 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 80 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй тул энэ хугацааны алданги болох 39,676,488 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг болох 165,318,700 төгрөгийн хамт нийт 204,995,118 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани “Т” ХХК-тай 2017 оны 07 сарын 01-ний өдөр “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж нийт 295,162,700 төгрөгийг асфальт бетон хольц худалдан авч, үүнээс нийт 151,238,000 төгрөгийг төлж, байгууллага хоорондын тооцоогоор төлбөрийн үлдэгдэл 143,924,700 төгрөг байгаа болно.
Гэрээний дагуу дээрх төлбөрийн 89,947,620 төгрөгийг бэлэн мөнгөөр, 53,977,080 төгрөгийг 0-5 мм угаасан элс бартераар нийлүүлж төлөхөөр байгаа юм.
Асфальт бетон хольцийг “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын гадна зам талбайн ажлыг хийхэд авсан бөгөөд дээрх төлбөр тооцоог “Говь” ХК-ийн ажлын гүйцэтгэлийн төлбөрөөр төлөхөөр төлөвлөж байсан боловч инженер техникийн буруу хэмжилтийн алдаанаас болж зам талбайд ус тогтож дахин асфальт бетон хольц авч төлөвлөгдөөгүй зардал гарч, мөн үүнтэй холбоотойгоор “Говь” ХК нь гэрээний дагуу төлбөрөө 100 хувь барагдуулахгүй төлбөр тооцоог хасч тооцсонтой холбоотойгоор одоог хүртэл “Т” ХХК-д төлбөр тооцоог дуусгавар болгож чадаагүй байгаа билээ.
Иймд дээрх 143,924,620 төгрөгийг эцсийн байдлаар 2018 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлөх ба батрериар нийлүүлэх 53,977,080 төгрөгийн 0-5 мм угаасан элсийг хавар ажил эхлэхээр буюу 2018 оны 04 сард багтааж дуусгавар болгох боломж нөхцөлтэй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан, үндсэн төлбөрийн үлдэгдэл 165,318,700 төгрөг, алданги 39,676,488 төгрөг, нийт 204,995,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т” ХХК нь 2017 оны 11 сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн үндсэн төлбөрийн үлдэгдэл 143,924,700 төгрөг, алданги 61,070,418 төгрөг, нийт 204,995,118 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч “Н” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 143,924,700 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба алданги 61,070,418 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талууд 2017 оны 07 сарын 01-ний өдөр АБҮ-03/17 тоот “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч “Т” ХХК нь худалдан авагч “Н” ХХК-д стандартын шаардлага хангасан асфальт бетон хольц нийлүүлэх, худалдан авагч “Н” ХХК нь гэрээний нийт төлбөрийн 60%-ийг мөнгөөр төлөх, үлдэх 40%-ийг бартераар төлж болохоор тус тус харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ болон 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байх боловч худалдах, худалдан авах гэрээний харилцаа давамгайлсан байх тул холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
АБҮ-03/17 тоот “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.9-д нийлүүлэх асфальт бетон хольц гэрээнд заасан хэмжээнээс их, бага байж болохоор заасан бөгөөд ийм тохиолдолд төлбөрийг гүйцэтгэлээр тооцохоор зохицуулжээ.
Улмаар талууд АБҮ-03/17 тоот гэрээний “40%-ийг бартераар төлж болох” тухай тохиролцоог хэрэгжүүлэх үүднээс 2017 оны 07 сарын 04-ний өдөр 05/17 тоот “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр худалдагч тал 0-5 мм угаасан элс 4043 м3-ийг нийлүүлэх, худалдан авагч нь 1 м3 угаасан элсний үнийг 23,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон байна.
Талууд 2017 оны 11 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, “Т” ХХК нь “Н” ХХК-д нийт 295,162,700 төгрөгийн асфальт бетон хольц нийлүүлсэн, үүнээс “Н” ХХК нь 151,238,000 төгрөгийг мөнгө болон машин механизм, угаасан элсээр төлсөн, одоо 143,924,700 төгрөгийн өглөгтэй байгаа болохыг баталгаажуулсан байх ба зохигчид тооцоо нийлсэн актад дурдагдсан дүнд маргадаггүй болно.
Өмнө дурьдсанчлан талууд гэрээний үнийн дүнгийн 60%-ийг мөнгөөр, үлдэх 40%-ийг бартераар төлөх, мөн төлбөрийг гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцсон учир нийт хүлээн авсан асфальт бетон хольцийн үнэ болох 295,162,700 төгрөгийн 60% буюу 177,097,620 төгрөгийг мөнгөөр, 40% буюу 118,065,080 төгрөгийг бартераар төлөх үүргийг “Н” ХХК хүлээжээ.
Үүнээс 87,150,000 төгрөгийг мөнгөөр, 64,088,000 төгрөгийг машин механизм, угаасан элсээр төлсөн байх тул 89,947,620 төгрөгийг мөнгөөр, 53,977,080 төгрөгийг бартераар төлөх үүрэг үлдсэн тооцоолол гарч байна.
Талууд “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.10-т “Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх”-өөр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалттай нийцсэн байна.
Шүүх алдангийг зөвхөн мөнгөөр төлөх үүрэг болох 89,947,620 төгрөгөөс тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь нийт үлдэгдэл төлбөр 143,924,700 төгрөгөөс алданги тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Учир нь, талуудын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу “Т” ХХК-ийн шаардсан хэмжээгээр тухай бүр угаасан элсийг нийлүүлж байсан гэж “Н” ХХК тайлбарласныг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, бартераар төлбөр барагдуулах явдал нь үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК-иас хамаарахаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч “Т” ХХК-ийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд ийнхүү угаасан элс нийлүүлэхийг шаардаагүй атлаа “Н” ХХК-ийг угаасан элс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж алданги тооцох боломжгүй юм.
2017 оны 07 сарын 01-ний өдрийн АБҮ-03/17 тоот гэрээний 2.6.3-т зааснаар “Н” ХХК нь мөнгөөр төлөх төлбөрийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн байх тул алдангийг 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох нь зүйтэй.
Дээр дурьдсаны дагуу тооцоход 89,947,620 х 0.3% х 97 хоног = 26,174,757 төгрөг гарч байна.
Иймд хариуцагч “Н” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 143,924,700 + алданги 26,174,757 = 170,099,457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,895,661 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР