Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/шш2017/01278

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр                    Дугаар 142/ШШ2017/01278                                       Орхон аймаг

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг .............. тоотод оршин суух Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ..... тоотод оршин суух Л.Б-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2004 оны 7 дугаар сард нөхөр Л.Б-той анх танилцаж, дотносон 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 12 дугаар сард Батчимэг гэдэг охинтой болсон. 2011 оны 10 дугаар сараас хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч эхэлсэн. 2011 оноос хойш нэг ч удаа холбогдоогүй, уулзаагүй. 2011 оноос охин Батчимэг нөхөр Л.Б-оос мөнгөн тусламж авч үзээгүй. Цаашид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидэнд дундын өмчийн маргаан байхгүй. Тиймээс цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтийг минь цуцалж, охин Б.Батчимэгийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Охин маань Л.Б-ийг таних ч үгүй” гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид анх 2004 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болцгоосон. 2008 оноос Г салж, өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлуулахад зөвшөөрч байна. Мөн охин Батчимэгийг ээж Г.Г-ийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй байна. Бидэнд дундын өмчийн маргаан байхгүй. Иймд Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Төв аймгийн Заамар суманд ажилладаг тул Орхон аймагт байнга ирээд байх боломжгүй. Шүүхээс гарах шийдвэрт гомдол саналгүй. Тиймээс шүүх хурлыг намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь Л.Б-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.Г, Л.Б нар нь 2004 онд танилцаж 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 05-нд охин Б.Батчимэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0066014 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 014/010190 дугаартай Б.Б-н төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, 2011 оноос хойш тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2009 оны 02 дугаар сарын 05-нд төрсөн охин Б.Б-н асрамжийг гэрлэгчид эх Г.Г-т өгөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.Б-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Иймд Г.Г, Л.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 02 дугаар сарын 05-ний өдөр төрсөн охин Б.Батчимэгийг эх Г.Гийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Г, Л.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Батчимэгийг эх Г.Г-ийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч Г.Г нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.    

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид

олгосугай. 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА