Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2016/0182/э |
Дугаар | 160 |
Огноо | 2016-10-03 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 160
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Н.Анхбаяр,
хохирогч Э.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Солоон овогт Мижиддоржийн Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0598 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд болосролтой, ам бүл-3, ээж, хойд эцгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчний 30 дугаар гудамж 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавъяа шагналгүй, Солоон овогт Мижиддоржийн Бат-Эрдэнэ, РД:ШД80022977
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар худалдааны төвийн урд замын зорчих хэсэгт 45-13 УНХ улсын дугаартай Suzuki swift маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийн хориглоно: а.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Болор-Эрдэнийг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар худалдааны төвийн урд замын зорчих хэсэгт 45-13 УНХ улсын дугаартай Suzuki swift маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан: жолоочид...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 13.1-д заасан:…явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Болор-Эрдэнийг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн:
2016 оны 6 дугаар сарын 09-ний шөнийн 04 цагийн үед харьж яваад 1 дүгээр хороолол 32 дугаар байранд найзтай уулзаад 2 лааз пиво уусан. Тэгээд гэр лүүгээ “Залуус” хорооллын урд талд 2 дугаар эгнээгээр явж байгаад урд талын машин зогсохоор нь баруун дохио өгөөд 1 дүгээр эгнээ рүү орох үед хохирогчийг мөргөсөн. Тэгээд буугаад хараад хохирогчийг хөдөлгөх гэсэн боловч “Залуус” хорооллын хамгаалагч залуу битгий хөдөлгө гэж хэлсэн. Тэгээд би цагдаа түргэн дуудсан. Хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад хохирогчийн эгч Эрдэнэчимэгт 500.000 төгрөг, прокурорын шатанд бэлнээр хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Бэлэн мөнгө өгөх боломжгүй учир өөрийн эзэмшлийн машинаа хохирогчид шилжүүлж өгье гэж хохирогчтой тохиролцсон. Үнэлгээгээр машин 4.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн цаашид гарах эмчилгээний зардалд тухайн машиныг өгч байгаа гэв.
2. Хохирогч Э.Болор-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн:
2016 оны 6 дугаар сарын 09-ний шөнө би эхнэр Энхцэцэгийн хамт хуурай ах Доржийнд очсон. Манай охин аав ээж хоёр дээр байдаг. Охины очиж авна гээд гэрээсээ гараад “Залуус” хорооллын урд талын зам дээр машинд мөргүүлсэн. Тухайн өдрөө гэмтлийн эмнэлэгт очоод маргааш нь ухаан орсон. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт цээжин тус газраа хагалгаанд орсон. Тухайн ослоос болоод зүүн гар мэдээгүй, сонсгол муу болсон. Гэмтлийн эмнэлгээс гараад Хан-Уул дүүргийн эмнэлэгт хяналтанд байгаа. Шүүгдэгчээс гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад 500.000 төгрөг прокурорын шатанд 500.000 төгрөг авсан. Нийт 1.000.000 төгрөг авсан. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн зардал 1.800.000 төгрөг болсон. 6 сараас хойш ажил хийгээгүй ажлын түрээсийн мөнгө 1.300.000 төгрөг болсон. Одоо ажлаа хийхгүй байгаа. Хувиараа гар утас засдаг. Цаашид гарах эмчилгээний зардалд шүүгдэгчийн автомашиныг авахаар тохиролцсон гэв.
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/,
4. Хохирогч Э.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 09-ний 23 цагийн хооронд байх гэж санаж байна. Тухайн өдөр миний хуурай ах Дожгоо шинэ машин авсан гээд дуудахаар нь эхнэр том хүүгээ аваад гэрт нь буюу москва хороололд очоод гэр лүүгээ ирсэн юм. Ингээд гэрийн буюу Сансар худалдааны төвийн урд талын зам дээр буугаад эмээлт орж охиноо авах гээд эргэж 5 шарын автобусны буудал явах гээд явган хүний гарцаар гарах гэтэл цагийн өнгийн машин зогсоод зам тавьж өгсөн. Тэгээд би гарц руу ороод 1-2 алхтал миний зүүн гар талаас машин мөргөх шиг болсон. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-12-15/,
5. Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 23:00 цагийн үед нөхөр Болор-Эрдэний хамт түүний хуурай ах нь болох Дожгоо нь шинэ машин авсан гээд гэрт нь очсон юм. Ингээд тэнд сууж байгаад шөнө оройхон шиг гэр лүүгээ харихаар явсан юм. Ингээд гэрийнхээ гадаа ирэхэд манай нөхөр Болор-Эрдэнэ нь Эмээлтэд аав, ээж 2 дээр байгаа хүүхдүүдээ авчирна гэхээр нь би шөнө болсон байна яах гэсийн гээд тэрнээс болоод бид 2 жаахан муудалцсан. Тэгээд манай нөхөр 5 шарын автобусны буудал явж таксинд сууна гээд Сансар худалдааны төвийн урд талын зорчих хэсгийн явган хүний гарцаар гарах үед нь зүүн талаас нь нэг жижиг саарал өнгийн машин хурдтай ирж мөргөсөн. Нэг харахад манай нөхөр баруун тийшээ нэлээд хол газар шидэгдээд газар уначихсан ухаангүй байдалтай байсан. Тухайн үед манай дүү Оргилсайхан хамт явж байсан болохоор би цагдаа түргэн тусламж дуудаарай гэж хэлээд нөхөр лүүгээ гүйчихсэн. Ингээд би нөхөр дээрээ очоод тэврээд сууж байтал түргэн тусламж ирээд Болор-Эрдэнийг аваад явахад нь би хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-16/,
6. Гэрч О.Намхайн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед би залуус хотхоны хотхоны харуул хамгаалалтанд гарч байхад 2-р орцны 4 билүү 5 давхарт согтуу хүн агсам тавиад байна гэж орцноос гарч ирсэн хүн надад мэдэгдсэн. Ингээд би 48/б байрны 2 дугаар орц руу яваад ортол нэг залуу эхнэртэйгээ муудалцаад архи, пивоны шил хагалаад хаячихсан байсан. Ингээд би тэр 2-ыг болиулах санаатай дундуур нь орохд эхнэр нь гээд нэг хүүхэн миний гар станцыг аваад хана руу шидчихсэн. Би тэр 2-ыг арай гэж орцноос гаргасан ба тэр 2-той хамт бас нэг эмэгтэй явж байсан. Би тэд нарыг орцноос гаргатал тэд нар байрны хашаанаас гарч яваад эргээд хартал нөгөө залуу чинь машинд дайруулчихсан ухаангүй зам дээр хэвтэж байсан ба уг хүний хажууд жижиг саарал өнгийн swift гэсэн дөрвөлжин машин байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч эмчийн №8460 дугаартай дүгнэлт: “...Болор-Эрдэний биед зүүн уушигний няцрал, цээжний зүүн талд цус, хий хуралдалт духны зүүн хэсэг, зүүн шанаа, зүүн мөр, дал цээжинд зулгаралт, зүүн чихэнд болон арын төвгөрт шарх, зүүн шилбэний эрээн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх-22/,
8. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №16/43703 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...45-13 УНХ дугаартай Suzuki маркийн автомашины эд ангиуд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...ослоос өмнө үүссэн хойд тэнхлэгийн тоормос зогсохгүй, урд тэнхлэг 12.7 мм баруун урд холын гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө...тухайн авто машин нь энгийн шингэн тоормоснй системтэй тоормосны системын ажиллагаа хэвийн бус стандартын шаардлага хангахгүй...ABS систем нь ажиллаагаагүй тохиолдолд зам дээр мөр үүснэ...гэх /хх-31-33/,
9. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №473 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: “...45-13 УНХ улсын дугаартай Suzuki Swift маркийн автомашины жолооч Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7. жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.1. явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Э.Болор-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэх /хх-37-38/,
10. Эд хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол /хх-10-11/,
11. Сэжигтэн М.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороолол 32 дугаар байрны ойролцоо найз Сэргэлэнтэй хамт 2, 2 лааз пиво уусан юм. Би 03 цаг өнгөрч байхад Сэргэлэнгээс салаад гэр лүүгээ харих гээд 1 дүгээр хорооллын урд зам Энхтайвны өргөн чөлөөгөөр чигээрээ яваад лаборторын уулзварыг нэвтрээд 5 шар өнгөрөөд залуус хорооллын урд замд 2 дугаар эгнээгээр явж байтал миний урд явж байсан авто машин зогсох гээд тоормос гишгэхээр нь би баруун тийш дохио өгөөд 1 дүгээр эгнээ рүү шилжээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл явган хүний гарцан дээр гэнэт нэг эрэгтэй хүн гараад ирсэн. Би тэр хүнийг автомашинаараа мөргөөд явган хүний гарц өнгөрөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-49/ гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, техникийн шинжээчийн №473 дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Бат-Эрдэнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хохирогч нь хохиролд нийт 3.103.574 төгрөг /хх-68-78/ нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогч талд бэлнээр 1.000.000 төгрөг төлсөн, бусад зардалд шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн Suzuki Swift маркийн 45-13 УНХ улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Болор-Эрдэнэд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсоны улмаас хохирогч бичгээр гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлж, энэ талаар талууд шүүхэд мэдүүлсэн тул шүүгдэгчийг тухайн тохиолдолд бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзсэн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй /хх-79/ байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасах болон хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаагчийн тус хэрэгт Мижиддоржийн Бат-Эрдэнийн эзэмшлийн Suzuki Swift маркийн 45-13 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай 2016.08.26-ны өдрийн тогтоолыг /х-10/ хүчингүй болгож, Suzuki Swift маркийн 45-13 УНХ улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Болор-Эрдэнийн эзэмшилд шилжүүлэхийг М.Бат-Эрдэнэд даалгаж, М.Бат-Эрдэнийн В ангиллын 281535 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бат-Эрдэнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийн эдлэх 2 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар М.Бат-Эрдэнийн эзэмшлийн Suzuki Swift маркийн 45-13 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016.08.26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Suzuki Swift маркийн 45-13 УНХ улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Болор-Эрдэнийн эзэмшилд шилжүүлэхийг М.Бат-Эрдэнэд даалгасугай.
8. Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн тус хэрэгт хураагдсан В ангиллын 281535 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР