| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0354/И |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 07
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ц, М.Ц, Ч.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 41.787.756 төгрөг, алданги 12.118.450 төгрөг бүгд 53.906.206 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн байдаг. Тус сумын иргэн М.Ц нь хими цэвэрлэгээ, хувцас угаалгын газрын үйл ажиллагаа эрхлэх төсөл Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Үүний дагуу М.Ц-н “Хими цэвэрлэгээ, хувцас угаалгын газар” эрхлэх төсөлд Сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/79 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 40.000.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн М.Ц “Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2015 оны 04 сарын 01-ний өдрийн 124 тоот” гэрээг байгуулж 40.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч М.Ц нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн М.Ц нийт зээлийн үлдэгдэл 41.787.756 төгрөг, төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 12.118.450 буюу нийт 53.906.206 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд Дорноговь аймаг ЗамынҮүд сум 1 дүгээр баг Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд хариуцагч М.Ц, батлан даагч Ч.С, М.Ц нарын гаргасан хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух М.Ц нь Замын-Үүд сумын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хими цэвэрлэгээ, хувцас, автозасварын угаалгын газраа өргөтгөж сайжруулах зорилгоор 40,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч дээрх хугацаанд зээл төлөх хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй байна. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагч М.Ц нь зээлийг өөрөө төлнө гэж тайлбар гаргасан байх тул батлан даагч Ч.С, М.Ц нараас зээлийг гаргуулах нь хууль үндэслэлгүй гэж үзээд татгалзаж, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.7 дахь заалтанд зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөөгүй, эсхүл зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд торгууль ногдуулж төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч М.Ц-с зээлийн үлдэгдэл 41.787.756 төгрөг, зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги 12.118.450 буюу нийт 53.906.206 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, 1-р багт оршин суух, Б овогт М.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ….М.Ц миний бие 2015 оны 4 сард Замын-Үүд сумын “Сум хөгжүүлэх сан”-аас өөрийн үйл ажиллагаа явуулж байсан хувцас угаалга, хими цэвэрлэгээний газрын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах өртөглөх зориулалтаар 40.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар авсан. Ингээд 2015 оны 5 сард хятад улсын Шанхай хотын Шенгуань кампаниас тоног төрөөрөмжүүдээ оруулж ирсэн. Цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад зах зээлийн хямрал нөлөөлж үйлчлүүлэгчийн тоо багассаар зээлээ эргэн цаг хугацаанд нь хийж чадахгүй өдийг хүрсэн болно. Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж ашиглаж байсан. Одоо тоног төхөөрөмжүүд хэвээрээ шахуу байгаа болно. Эргэн төлөлт хийж чадахгүй болоод авсан тоног төхөөрөмжөө зарж зээлийн төлбөрөө барагдуулах оролдлого хийсэн боловч одоог хүртэл зарагдахгүй байгаа болно. Төлөгдөөгүй байгаа 53.906.206 төрөгийг төлж барагдуулах болно. Иймээс миний Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.С миний бие дүү М.Ц-н “Сум хөгжүүлэх сан”-аас зээл авахад батлан даагчаар оролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие зээлийн гэрээнд эргэн төлөлт болон үйлдвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамтран ажиллаагүй болно. Зээл эргэн төлөх асуудлыг хариуцахгүй болно гэжээ.
Хамтран хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Ц миний бие төрсөн дүү М.Ц-н Сум хөгжүүлэх сангаас зээл авахад батлан даагчаар оролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие зээлийн эргэн төлөлт болон үйлдвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамтран ажилаагүй болно. Зээл эргэн төлөх асуудлыг хариуцахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд сумын ЗД нь хариуцагч М.Ц, М.Ц, Ч.С нараас зээлийн гэрээний үүрэг 41.787.756 төгрөг, алданги 12.118.450 төгрөг бүгд 53.906.206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Замын-Үүд сумын ЗД нь хариуцагч М.Ц-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 124 дугаар зээлийн гэрээг байгуулж, Сум хөгжүүлэх сангаас 40.000.000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 0.25 хувийн хүүтэй, хувцас угаалга, хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах зориулалтаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 53.906.206 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх тайлбарыг ирүүлсэн, уг тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Хамтран хариуцагч М.Ц, Ч.С нараас зээлийн гэрээний үүрэг 53.906.206 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 41.787.756 төгрөг, алданги 12.118.450 төгрөг бүгд 53.906.206 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагч М.Ц, Ч.С нараас зээлийн гэрээний үүрэг 53.906.206 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 427.481 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Ц-с улсын тэмдэгтийн хураамж 427.481 төгрөгийн 50 хувь буюу 213.740 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч М.Ц нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА