| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/03764/И |
| Дугаар | 3334 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 3334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК холбогдох,
13,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарын бичгийн даргаар Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие 2015 оны 12 дугаар сард “Х” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 13,900,000 төгрөгийг төлсөн. Тус компанийн барилгын ажил зогсож, тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдож хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон учир гэрээгээ цуцалж мөнгөө авах хүсэлтийг 2017 оны 5 дугаар сард тус компанийн ерөнхий захирал М.Г, П.Ц нарт тавихад 14,500,000 төгрөгөөр захиалсан байр дараагийн худалдан авагч авснаар миний мөнгийг буцааж төлөхөөр болсон. Гэвч одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байраа энэ гэрээнд заасан үнээр авах боломжгүй бөгөөд байр өөр эзэнтэй болсон тул та 100 хувь мөнгөө төлөөд ав гэсэн хариу өгсөн. Анхны захиалсан үнэ болох 1,250,000 төгрөгөөр гэрээ байгуулсан боловч одоо таны гэрээ хүчингүй бөгөөд таньд өгөх мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар удаа дараа буцааж байгаад гомдолтой байна. Иймд нийт төлсөн 13,900,000 төгрөг, мөн надтай тохиролцож надад нэмж төлөхөөр болсон 600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийн хамт хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ашигт малтмал, газрын тосны газарт ажилладаг. Манай байгууллагаас ажилчдынхаа нийгмийн байдлыг дээрдүүлүүлэх үүднээс “Х” ХХК-тай харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар 116 айлын орон сууцыг захиалж бариулсан. Би уг байрнаас 52,98 м.кв 2 өрөө байр захиалсан. Учир нь анхнаасаа урьдчилгаа 30 хувиа төлөх боломжгүй бол хуваагаад төлж болно гэж хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн учраас харилцан тохиролцож байр захиалсан. Ингээд бид хамгийн анх 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Уг гэрээгээр захиалсан орон сууц нь нэг жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сар гэхэд бэлэн болох зохицуулалттай байсан. Анх барилгыг захиалах үед барилгын явц нь 3 давхар дээрээ явж байсан. Ийм ч учраас барилга баригдах нь гэж бодоод “Х” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингээд явж байтал хариуцагч компаниас намайг дуудаад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг шинээр байгуулсан. Хариуцагч тал надад “...танай байгууллагаас болоод гэрээг шинээр байгуулах шаардлагатай болсон” гэж хэлсэн. Ингээд шинээр гэрээ байгуулахдаа миний анх захиалсан орон сууцыг өөрчилсөн байсан ба надаас хуучин гэрээг хурааж авсан, одоо надад байхгүй. Би нийтдээ 13,900,000 төгрөг төлсөн. Анхнаасаа хариуцагч талаас намайг боломжоороо төлбөрөө төлж бай гэсэн. Ингээд явцын дунд барилгын ажил зогсож, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон. Урьдчилгаа 30 хувь нь 19,000,000 гаруй төгрөг байсан. Би 30 хувиа өгөх боломжгүй болсон. 2017 оны 4 дүгээр сард намайг байрны асуудлаар очиж уулзахад хариуцагчаас “...танд байр өгөх боломжгүй боллоо, барилгыг өөр газар хариуцсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө буцааж авъя гэсэн. 2017 оны 4 дүгээр сард яриад байр авахгүй, буцаах хүсэлтээ бичээд өгчих гэхээр нь би хүсэлтээ бичээд өгсөн. Тухайн үед би хүсэлтээ хуулбарлаж ч аваагүй байсан. Хариуцагч хэлэхдээ “таны мөнгийг 14,500,000 төгрөг болгоод өгч болно, хүсэлтээ бичээд өгчих, 600,000 төгрөг нэмж өгнө, таны мөнгийг энэ сардаа багтааж өгнө” гэсэн. Тэгээд алга болсон. Сүүлдээ бүр утсаа хаагаад алга болсон. Очиж уулзаад “...ер нь 30 хувиа өгөөд байраа авъя” гэхэд хариуцагчийн зүгээс “...тэгвэл 1 м2 талбайг нь 1,350,000 төгрөгөөр ав” гэсэн. Би “...нэгэнт 1,250,000 төгрөгөөр гэрээ байгуулсан учраас би энэ үнээрээ л авна” гэсэн. Гэтэл хариуцагч байгууллагын захирал нь “...1,250,000 төгрөгийн гэрээ хүчингүй болсон, та гэрээг цуцална гэсэн хүсэлтээ бичиж өгсөн” гэж хэлсэн. Би тэгвэл мөнгөө буцааж авъя гэхэд тэд “...мөнгө байхгүй, 1,300,000 төгрөгөөр л өгөх боломжтой гэхдээ та урьдчилгаа мөнгөө бүрдүүлээд ир” гэхээр нь би 8,000,000 төгрөг бүрдүүлээд очиход “...та 100 хувь мөнгөө өгөөд байраа ав гэж хэлсэн. Гэхдээ орон сууцны гэрээ хийж болно хэрвээ 100 хувь мөнгөтэй хүн ирвэл байрыг чинь зарна, бид аль мөнгөтэй байгаа хүнд нь өгнө” гэж хэлсэн. Энэ мэтээр намайг маш удаан чирэгдүүлж хохироосон. Иймд би нийт төлсөн үнийн дүн 13,900,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээг цуцлах тухай хүсэлт бичиж өгөхөд надад өгнө гэж амалсан 600,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн О.Бгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Газрын тосны газартай 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18/14 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан Газрын тосны газрын ажилчдын 116 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэн ажилласан бөгөөд 18/14 тоот гэрээний 1.2 дугаарт заасны дагуу хөнгөлөлтгэй нөхцөлөөр нэхэмжлэгч О.Б болон манай компани хооронд 2016 оны 01 сарын 08-ны өдөр №02 тоот гэрээ орон сууц захиалах гэрээг /цаашид Гэрээ гэх/ байгуулсан. Гэрээний дагуу төлөх төлбөрөөс 13,900,000 төгрөг манай компанид төлсөн нь үнэн боловч гэрээний 4.1, 4.3 дугаарт заасан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, төлөхийг удаа дараа шаардсан боловч үргэлжлүүлэн төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж захиалагч буюу О.Бгийн өөрийн хүсэлтээр дээрх гэрээ цуцлах талаар санал тавьсан. Гэрээний 5.3 дугаарт “Хэрэв захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь талуудын зөвшилцлөөр тодорхой болсон нөхцөлд алдангийг тооцсоны дараа энэ гэрээний 4.1-т заасан гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг үйлчилгээний зардал, маркетинг, борлуулалт хойшлуулсаны торгуульд суутган авч, гэрээг гүйцэтгэгч талаас цуцална” гэж заасны дагуу гэрээний 4.1-т заасан нийт үнэ болох 66,225,000Т төгрөгийн 5 хувь болох 3,311,250 төгрөгийг суутган авч төлсөн төлбөрөөс үлдэгдэл 10,588,750Т төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх Газрын тосны газартай 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар Газрын тосны эзэмшлийн газар дээр 2014 оны 5 дугаар сардаа эхэлж орон сууц барьж эхэлсэн. Уг гэрээний 1.2 дэх хэсэгт заасны дагуу Газрын тосны газар нь ажилчддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулна гэсний дагуу О.Бтай хамгийн анх 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Газрын тосны газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу барилгыг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгах байсан боловч захиалагч Газрын тосны газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж барилгын ажил удааширсан юм. Ингээд энэ байдлаас шалтгаалж О.Бтай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэхгүй болсон. Ингээд бид О.Бтай 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээнд барилгын ажил дуусах хугацааг тодорхой заагаагүй боловч барилгыг 2017 оны 2 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулна гэж тохирсон байсан. Ингэж явсаар барилгын ажил 2017 оны 5 дугаар сард бүрэн дуусч улмаар 2017 оны 8 дугаар сард барилгыг улсын комисс хүлээж авсан. Барилгын тусгай зөвшөөрөл болон бусад нөхцөлүүдээс болж хугацаа хожимдсон. 2016 оны эхээр барилгын тусгай зөвшөөрөл гарсан. О.Бтай төлбөрийн нөхцөлөө харилцан тохиролцож, гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл О.Б нь 10,400,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 9,467,500 төгрөгийг 3 дугаар сарын 15-ны дотор төлөх байсан боловч төлөөгүй. Гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. О.Б нь гэрээний дагуу төлбөрөө өгч чадахгүй гэсэн учраас захиалагчийн өөрийн хүсэлтээр 2017 оны 5 дугаар сард гэрээг цуцалсан. Тэрээр манайхаас дахин байр авья гэхэд бид “...Манайхаас 1 м.кв-ийг нь 1,300,000 төгрөгөөр захиалж болно, гэхдээ төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан байх нөхцөлтэй” гэж хэлсэн. О.Б нь 2017 оны 5 дугаар сард төлбөрөө төлж чадахгүй гэж хэлээд гэрээг цуцалсан. Гэрээний 5.3 дахь хэсэгт заасан алданги тооцож, нийт 66,225,000 төгрөгөөс 3,311,250 төгрөгийг суутган авч, төлбөрийн үлдэгдэл 10,588,750 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 5 дугаар сард гэрээг цуцалсан гэж дурдсан байна. Барилгын ажил 2017 оны 5 дугаар сард бүрэн дуусаж, улсын комисс хүлээж авах асуудал л байсан. Бид О.Баямаад гэрээ цуцлах юм бол 600,000 төгрөг өгнө гэж огт хэлээгүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын тосны газар болон “Х” ХХК-иуд №18/14 тоот “хамтран ажиллах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Харгант цамхаг групп” ХХК нь Газрын тосны газрын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороонд байрлах газарт өөрийн хөрөнгөөр 12 давхар, бүрэн цутгамал, үйлчилгээтэй орон сууц барих, Газрын тосны газрын ажилтнуудад орон сууцны 2948.55 м2 ашигтай талбайг /55 айл/ 1м2 талбайн үнийг 1,350,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирсон байна.
Дээрх хамтран ажиллах гэрээг байгуулах үед О.Б нь Газрын тосны газар ажиллаж байсан гэх бөгөөд тэрээр 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дээрх баригдаж байсан орон сууцны барилгад захиалга өгч “орон сууц захиалах гэрээ”-г хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-иуд бичгээр байгуулсан, уг бичгийн гэрээ нь одоо зохигчийн хэн алинд байхгүй талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй.
Улмаар “...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн шалтгаанаар О.Б болон хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-иуд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “орон сууц захиалах гэрээ”-г дахин байгуулсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна. Уг гэрээгээр хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Газрын тосны газрын ажилчдын орон сууцны барилгын 1 дүгээр орц, 4 дүгээр давхарын 14 тоот хаягт байрлах 52.98м2 талбайтай 2 өрөө байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үүний хариуд орон сууцны үнэд нийт 66,225,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирчээ /хх 6-8 хуудас/.
Талууд 2017 оны 5 дугаар сард 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалах гэрээ” цуцлагдсан талаар тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Харин гэрээ цуцлагдах болсон шалтгааныг нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч компанийн барилгын ажил зогсож, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээгээ цуцалж өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг 2017 оны 5 дугаар сард өгсөн” гэж, хариуцагчийн зүгээс “...захиалагч Газрын тосны газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж барилгын ажил удааширсан, тэгээд ч О.Б нь захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь болох 19,867,500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учраас гэрээг түүний хүсэлтээр цуцалсан” гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч О.Б нь “Харгант цамхаг групп” ХХК-иас гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн 13,900,000 төгрөг болон 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “орон сууц захиалах гэрээ” цуцлахад “Харгант цамхаг групп” ХХК-иас түүнд өгөхөөр амалсан гэх 600,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээ “орон сууц захиалах гэрээ” гэж нэрлэсэн байх хэдий ч талуудын шүүхэд гаргасан тайлбар болон 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалах гэрээ”-ний нөхцлүүдээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан харилцаа үүсчээ гэж шүүхээс дүгнэлээ.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй.
Хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Нэхэмжлэгч О.Б гэрээнээс татгалзах шалтгаан буюу захиалсан орон сууц хариуцагчийн амалсан 2017 оны 2 дугаар улиралд ашиглалтад орохгүй нөхцөл байдал бий болсон болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Тодруулбал, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу захиалсан орон сууц 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөө ашиглалтад ороогүйн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин “орон сууц захиалах гэрээ”-г талууд байгуулсан үйл баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр орон сууцыг 2017 оны 2 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан” гэсэн тайлбар, О.Бгийн захиалсан буюу хариуцагч компанийн барьсан барилгыг 2017 оны 2 дугаар улиралд бус харин 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн улсын комиссын №2017/62 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаас үзэхэд 2017 оны 5 дугаар сард талууд гэрээг цуцалсан буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан явдалд түүнийг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч О.Бгийн зүгээс хариуцагч компанид гэрээний дагуу нийтдээ 13,900,000 төгрөгийг төлсөн тал дээр талууд маргаагүй учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулж О.Бд олгохоор шийдвэрлэв.
Харин “Харгант цамхаг групп” ХХК-ийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээг цуцалсан тохиолдолд 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар тохиролцоо хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг хэсгийг хангахгүй орхисон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 13,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 11,500 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Х” ХХК-иас 230,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ