| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02670/И |
| Дугаар | 3246 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 3246
| 2017 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/03246 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:...... дүүрэг, ..... хороо, ..... дугаар хороолол, .. дугаар байрны ... тоотод оршин суух, М овогт Л.Г/РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..... дүүрэг, Сөүлийн гудамж ...., өөрийн байранд оршин байх УБТЗ/РД:2076675/-д холбогдох,
Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б//, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-87 тоот тушаалаар “Авто тээвэр үйлчилгээ”-ний ерөнхий инженерээр томилогдон тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл миний ажиллаж байсан ерөнхий инженерийн ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж “Инженер механик” гэх нэртэй болсон байхад хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Г намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Н.Бнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Л.Г нь УБТЗ-д 2008 оны 5 дугаар сард “Авто бааз”-ын ерөнхий инженерийн ажилд орсон. Тус байгууллагад 10 жил ажилласан. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргийг сайн биелүүлж байсан. 2017 оны 7 дугаар сард орон тооны цомхтгол хийж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр намайг халах мэдэгдэл өгч, сарын дараа тушаал гарсан байдаг. Ажлаас халах тухай тушаал нь хуулийн дагуу гараагүй, одоо байгаа байгууллагын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Нийт гүйцэтгэлийн тоо нэмэгдэж байхад ганцхан нэхэмжлэгчийг ажлаас халсанд гомдолтой байна. “Авто бааз” нь УБТЗ-ын 35 орчим байгууллагыг автомашинаар хангах, үйлчлэх, автомашины бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй, ерөнхий инженер нь техникийн аюулгүй ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж, удирдах чиг үүрэгтэй ажил үүргийг хийж гүйцэтгэдэг. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УБТЗ-н даргын тушаал нь хуулийн дагуу гараагүй. УБТЗ-ын даргын 2017 оны А-216 тоот зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тушаал байдаг. Энэхүү тушаал нь тухайн байгууллагыг татан буулгаж шинээр байгуулах тухай байдаг. 216 тоот тушаалыг үндэслэсэн бөгөөд тухайн байгууллага татан буугдсан биш өөрчлөн байгуулагдсан байсан. Хууль тогтоомжийг зөрчсөн хэлбэрийн төдий тушаал байсан. Тушаал дээр орон тоо хасагдсан гэдэг. 2017 оны 9 дүгээр сарын 13-нд хариуцагчаас гаргасан хариу тайлбар дээр салбар нэгжийн орон тоог цөөрүүлсэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хасах, цөөрүүлэх гэдэг нь өөр ойлголтоор тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь үндэслэлгүй байна. Байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөөгүй нэр нь л өөрчлөгдсөн. Бид ажилгүй байсан цалин хөлсийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нэхэмжилнэ. Бидний тооцоогоор нийт 6,493,968 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар байгаа. Гэхдээ уг тооцоог шүүх хийх байх гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Гийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт мйлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ХНН «УБТЗ» -ын даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох эрх зүйн актуудад нийцэж гарсан нь дараах тайлбар, баримтуудаар нотлогдоно. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 8 дугаар зүйл Нийгэмлэгийн удирдах байгууллагууд: б/Ерөнхий хороо, 17 дугаар зүйлд Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ. Үүнд: “Ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох ба орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлана” гэж тус тус заасан. ХНН УБТЗ-ын Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын №4 тэмдэглэлийн 10 дугаар асуудлыг хэлэлцэж “Замын орлогч дарга нар, ерөнхий нягтлан бодогч, хууль зүйн албаны дарга болон оросын мэргэжилтэнгүүдээс бусад замын орон тоог батлах, замын орлогч дарга нарын ажлын байрны тодорхойлолт, алба, бие даасан хэлтэс, аж ахуйн нэгжийн дүрэм, ХНН “УБТЗ”-ын доторхи салбар нэгжүүдийг байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэр гаргахыг Замын даргад зөвшөөрөх гэсэн шийдвэр гаргаж, Ерөнхий хороо нь нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар “з”-д заасан зарим эрх, үүргээ Замын даргад шилжүүлсэн. Энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд замын дарга нь Ерөнхий хорооны хурлаас олгогдсон эрхийнхээ хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-216 дугаар “Зохион байгуулалтын бүтцийг боповсронгуй болгох тухай” тушаалаар “УБТЗ” ХНН-ийн салбар нэгж болох Автобаазыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс Авто тээврийн үйлчилгээний төвийг байгуулсан. Дээр дурьдсан зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгосонтой холбогдуулан тухайн салбар нэгжийн орон тоог цөөрүүлсэн: ХНН “УБТЗ”-ын Хүний нөөцийн албанаас Л.Гт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Мэдэгдэх хуудас” гардуулан өгч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан юм. Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн жолбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.4 дэх заалтыг үндэслэсэн ба түүнд 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Дээр дурьдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Л.Гийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан тус байгууллагын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалыг хүчингүй болгож, Авто баазын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ажлын нэгж нь татан буугдсан, орон тоо хасагдсан” гэсэн агуулгаар маргажээ.
Нэхэмжлэгч Л.Г 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу УБТсалбар нэгж болох “Авто бааз”-д ерөнхий инженерээр ажиллаж байжээ.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-216 дугаар “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар Улаанбаатар төмөр замын “Авто бааз”-ыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс “Авто тээврийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улмаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.4 дэх заалт, УБТЗ-ын даргын 2017 оны А-2016 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалыг тус тус үндэслэн “Авто бааз”-ын ерөнхий инженер Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалжээ.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаагаа тодорхой зааж, уг үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан аж ахуйн нэгж өөрчлөлт зохион байгуулалтад орсон буюу татан буугдаж өөр нэгж байгуулагдсан байх боломжтой ч шинээр бий болсон нэгжийн ажлын байранд нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэж байсан ажлын орон тоо, ажлын чиг үүрэг байхгүй болсон байх учиртай. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд хэрэв ажил олгогч байнгын орон тоо хасагдсан гэж үзэж байгаа бол тухайн ажлын байр, чиг үүрэг огтоос байхгүй болсныг ойлгоно.
Гэтэл хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын авто тээвэр, үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн ажлын байрны болон шинээр бий болсон гэх “Авто тээврийн үйлчилгээний төв”-ийн инженер-механикийн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч Л.Гийн хийж, гүйцэтгэж байсан ажил үүрэг огтоос байхгүй болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэлд дурдагдсан “ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах” тухай хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул энэ хэсгийг бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлээгүй болно.
Нэхэмжлэгч Л.Г нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж зааснаас үзвэл дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ажлаас ажлаас чөлөөлөгдсөн буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. №0605224 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар Л.Гт 2017 оны 4 дүгээр сард 915,066 төгрөгийн, 5 дугаар сард 1,167,323 төгрөгийн, 6 дугаар сард 1,920,729 хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажил олгогчоос олгож байсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн №0605224 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар Л.Гт 2017 оны 4 дүгээр сард 915,066 төгрөгийн, 5 дугаар сард 1,167,323 төгрөгийн, 6 дугаар сард 1,920,729 хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажил олгогчоос олгож байсан нь тогтоогдож байна.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Л.Гийн нэг сарын дундаж цалинг 1,334,373 төгрөг, нэг өдрийн цалинг 62,063 төгрөг гэж тооцохоор байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажлын нийт 106 хоног байх тул энэ хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,454,552 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Л.Гт олгох нь зүйтэй. Харин уг мөнгөнөөс түүнийг ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг хасч тооцох боломжтойг дурдав.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгч Л.Гийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Авто баазын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 6,454,552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжинд 118,223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ