Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 199

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч нарын өмгөөлөгч Л.Азжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалтай, 201609000032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ц-ийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад заасан “Давтан үйлдлээр, догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг догшин авирлаж, давтан танхайрах явцдаа М.Н-ийн бие махбодид хөнгөн, мөн эхнэр М.Н, хүү О.Т, охин О.С нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байсны улмаас тэднийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад зааснаар Ц.О-ыг 3 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Л.Азжаргалын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь Ц.О-ыг гэм буруутай гэж зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад заасан зүйлчлэлтэй тохирохгүй. Ц.О, М.Н нар нь 16 жил хамт амьдарч, 2 хүүхэдтэй болсон, 16 жилийн турш Ц.О нь цементийн үйлдвэр болон төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Хохирогчийн талаас ч шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд бид гурвыг юугаар ч дутаагаагүй гэж тайлбарладаг. Гэр бүлийн харьцаатай, хамтын амьдралтай байсан учраас гэр бүлийн хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцааг нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн обьектив талын шинж байхгүй байхад гэмт хэргийн зүйлчлэлийг танхайн сэдэлттэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн сэдэлт нь тэдний хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн. Ц.О нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин 2002, 2008, 2014 онуудад зодсон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ц.О-ын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү. М.Н, О.Т, О.С нарыг сэтгэцийн өвчтэй болгосон, хүүхдүүдээ байнга дарамталсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Л.Азжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмт хэргийн улмаас нэг гэр бүлийн 3 хүн сэтгэцийн өвчтэй болсон бөгөөд энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгч Ц.О-ын үйлдлийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Ц.О-ын үйлдэлд танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр, зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дээрх зүйл ангиар зүйлчлэх үндэслэлтэй. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан гомдлыг үндэслэн Ц.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгааг болон аль нотлох баримт нь ямар нотлох баримтыг үгүйсгэн няцааж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Ц.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийнх нь 3 хүн сэтгэцийн өвчтэй болсон бодит үр дагавар үүссэн талаарх нотлох баримтууд шүүх хуралдаанд хэлэлцэгджээ.

Дээрх бусдыг “сэтгэцийн өвчтэй болгосон” бодит үр дагавар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд ямар нэг үнэлгээ, дүгнэлт хийгдээгүй байна.

Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “...сэтгэцийн өвчтэй болгосон” гэсэн шинжийг гэмт хэргийн материаллаг хохирлын шинж болгон зааж өгсөн бол хүндэвтэр, хөнгөн гэмтлийн зэрэг шаардсан гэмт хэргүүдэд дээрх “...сэтгэцийн өвчтэй болгосон” гэсэн шинж хуульчлагдаагүй болно.

Сэтгэцийн өвчтэй болгосон гэдэгт уг өвчний хүнд, хүндэвтэр, хөнгөн шинжийг хуульчлаагүй нь хууль тайлбарлах замаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл  болох эсэх, эсхүл эмнэл зүйн шинжээс шалтгаалан гэмтлийн зэрэг тогтоогдсон бол үүнд хууль зүйн дүгнэлт өгөх замаар хэргийн зүйлчлэлийг тогтоох эсэх, мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, тарчлаах гэмт хэргийн шинжтэй тохирох эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Шүүх яллах дүгнэлтээр шилжүүлсэн хэргийн зүйл, хэсэг хэрхэн үгүйсгэгдэж эсхүл батлагдаж байгааг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага, нотлох баримтыг шалгаж үнэлэх аргачлал зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох тул Ц.О-т холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан зөрчил илэрсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын хяналтын шатны шүүхэд гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.О-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН