Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:  Д-ийн Г-ийн   нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Б нөхөрлөл-д  холбогдох 

Барьцааны эд зүйлсийг биетээр нь буцаан авах, тухайн эд зүйлс зарагдсан бол үнэ 6 972 000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Д.Г, өмгөөлөгч Г.Э, 

хариуцагчийн өмгөөлөгч Б.А, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэвэр алтан ээмэг 5.5 грамм хос 2 300 000 төгрөг, монетон ээмэг 7 хос буюу 2 450 000 төгрөг, монетон эмэгтэй бөгж 3 ширхэг буюу 600 000 төгрөг, монетон эрэгтэй бөгж 1 ширхэг буюу 350 000 төгрөг, монетон гинж цул бүдүүн 2 ширхэг буюу 420 000 төгрөг, монетон кулон цул 2 ширхэг буюу 500 000 төгрөг, их гарын мөнгөн  аяга 8 ширхэг буюу 2 600 000 төгрөг, эрэгтэй дээлийн товч 6 ширхэг 150 000 төгрөг зэрэг болно. Эдгээр зүйлүүдийг биетээр буцаан авах, зарагдсан бол тухайн эд зүйлийн үнэ 9 370 000 төгрөгөөс зээлсэн мөнгө 2 200 000 төгрөг, 1 сарын хүү 198 000 төгрөг, бүгд 2 398 000 төгрөгийг хасаад  үлдэх 6 972 000 төгрөгийг  гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж байна. 

Би 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Ч.Ц-ын ломбардад  ааж, ээжээс уламжилж ирсэн эд зүйлээ 2 200 000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Миний гар хугарч,  өвчтэй байсан учир 1 сарын хугацаанд хүүг нь төлж чадаагүй. Хүүгээ төлж чадахгүй 05 дугаар сар болоход Ч.Ц миний эд зүйлийг зарсан байсан. Нэхэмжлэл гаргахдаа ламбордны бичгээр нэхэмжлэл гаргасан. Би тухайн эд хөрөнгө зарагдаагүй бол эд хөрөнгөө буцааж авах, хэрвээ зарагдсан бол эд хөрөнгийн үнэ 6 972 000 төгрөг  гаргуулах хүсэлттэй байна. 

Анх миний эд хөрөнгийг барьцаалахдаа 50 хувиар нь үнэлж авч байна, тэгээд  2 200 000 төгрөг болж байна гэсэн гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Б.Д миний бие Д.Г-ийн нэхэмжилсэн 6 972 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Д.Г 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай ломбарднаас эд зүйл  тавьж, 2 200 000 төгрөгийг  нэг сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй  зээлж авсан юм байна. Өөрийн үнэтэй аав, ээжийн  өвлөж ирсэн эд хөрөнгөө барьцаалж, мөнгө зээлсэн юм бол сард нь ирж, хүүгээ өгөөд  зээлээ сунгах, өөрөө ирж чадахгүй байсан бол утсаар ч гэсэн болсон яриад учир шалтгаанаа  хэлж болох байсан. Гэтэл ломбардны  хүн хэд хэдэн удаа  шаардсан байхад  ямар ч  хэл сураггүй байсаар бүтэн  1 жил 10 сарын дараа  буюу 2015 оны 10 дугаар  сар хүртэл хүлээгээд  зарсан байсан. Эд зүйлийг аргагүйн эрхэнд  “зээл авъя” гэхээр нь Д.Г-д барьцаа чинь 2 200 000 төгрөг  авч болох  юм байна гэж хэлээд өөрөө зөвшөөрөөд авсан. Өөрөө гуйж мөнгөө зээлж авсан. Би өөрөөс нь эд  хөрөнгийг  чинь авъя, устгахгүй, алга болгохгүй гэж хэзээ ч  хүний юмыг манай ломбард авдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг манай ломбард хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны зүйлсийг худалдаж 2 698 000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. 

Эд зүйлийн үнийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй. Нэхэмжлэгч талын 6 972 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ өөрөө гүйцэтгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь Булганхайрхан баян хангал нөхөрлөлд холбогдуулан барьцааны эд зүйлсийг биетээр нь буцаан авах, тухайн эд зүйлс зарагдсан бол үнэ 6 972 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Б нөхөрлөл нь нэхэмжлэгч Д.Г-д 2 200 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  нэг сарын хугацаатай, 198 000 төгрөгийн хүүтэй зээлж, алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 7 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж  кулонтой 2 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн товч 6 ширхэгийг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан, Д.Г нь үндсэн зээл 2 200 000 төгрөг, хүү  198 000 төгрөг төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, хариуцагч нь барьцааны эд зүйлсийг худалдан борлуулсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон. 

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь барьцааны эд зүйлсийг худалдан борлуулсан тул эдгээр эд зүйлсийг өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6 972 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаар холбогдох баримт авагдсан байгаа боловч энэ нь нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Булганхайрхан баянхангал нөхөрлөлийг төлөөлж Ч.Ц нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан барьцаалан зээлдэх журмаар зээлийн гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болгох, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй, энэ талаар зохигч маргаагүй учир Булганхайрхан баянхангал нөхөрлөл, Д.Г нар нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээлийн гэрээ байгуулсан, мөн гэрээ байгуулах үед хариуцагч нь нөхөрлөл хэлбэрээр зээл олгох туслах үйл ажиллагаа эрхэлдэг байжээ.  

 

Ийнхүү барьцаат зээлийн гэрээ байгуулахад Д.Г-ийн барьцаалсан эд зүйлс болох алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 7 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж  кулонтой 2 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн товч 6 ширхэгийг нийт үнэлгээнийх нь 50 хувиар буюу 2 200 000 төгрөгөөр үнэлж барьцааг олгосон гэх нэхэмжлэгчийн мэтгэлцээний байр суурийг хариуцагч тал няцаагаагүй, 

байнгын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд, мөн Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцлийг нийтэд санал болгогчийн хувьд хариуцагч Булганхайрхан баянхангал нөхөрлөл нь барьцааны эд зүйлсийг нэг бүрчлэн үнэлж, онцлог шинж чанарыг баталгаажуулж аваагүй, 

барьцааны эд зүйлс нь 2 200 000 төгрөгийн үнэлгээнд хүрэхээргүй байсан гэж тайлбарладаг боловч тухайн барьцааны зүйлсийг  худалдснаар үндсэн зээл 2 200 000 төгрөг, хүү 198 000 төгрөг, алданги 1 100 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс 800 000 төгрөгөөс бусдыг нь барагдуулсан гэдэг дээр хариуцагч тал маргадаггүй зэргийг харгалзан нэхэмжлэгчийн барьцаалсан зүйлсийн үнэлгээ нь гэрээ байгуулахад 4 400 000 төгрөгийн үнэ бүхий байжээ гэж үзэх үндэстэй.  

 

Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч Д.Г нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацааг сунгаагүй, үүнтэй холбогдуулан барьцааны эд зүйлсийг хариуцагч тал худалдан борлуулсан байх боловч хэзээ, хэнд ямар байдлаар ямар үнэлгээгээр худалдан борлуулсан, энэ талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчид мэдэгдсэн нөхцөл байдал байхгүй, түүнчлэн Булганхайрхан баянхангал нөхөрлөл нь алданги тооцсон гэх боловч ямар хугацаанд буюу хэдэн өдрийн алданги тооцсон нь тодорхойгүй байна. 

 

Дээрх дүгнэлтийн хүрээнд  Д.Г нь хариуцагчид алданги төлөх үүрэг хүлээхгүйгүйгээр үндсэн зээл 2 200 000 төгрөг, хүү 198 000 төгрөг төлөх хүлээсэн байхад түүний 4 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг худалдан борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээс их мөнгөн хөрөнгийг өөртөө гаргуулан авч Булганхайрхан баянхангал нөхөрлөл нь үндэслэлгүй хөрөнгөжжээ гэж үзэв. 

Иймд барьцаалсан эд зүйлсийн үнэлгээ болох 4 400 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх ёстой үндсэн зээл 2 200 000 төгрөг, хүү, 198 000 төгрөг, нийт 2 398 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 2 002 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны эд зүйлсийг биетээр буцаан авах болон 4 970 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байдлаар анхлан гаргасан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ тодруулж дурдсан зөрчлийг залруулсан,

мөн хариуцагч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, зохион байгуулалтын хэлбэр, үйл ажиллагааны төрлийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагааг ирүүлсэн байгаа болохыг тус тус дурдвал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Булганхайрхан баян хангал нөхөрлөлөөс 2 002 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, 

нэхэмжлэлийн шаардлагаас эд зүйл гаргуулах болон 4 970 000  төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 502 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Булганхайрхан баян хангал нөхөрлөлөөс 46 982 төгрөг гаргуулан Д.Г-д  олгосугай. 

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                      

 

                                          

                                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ              Т.БАДРАХ