| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/03108/И |
| Дугаар | 00095 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 00095
| 2018 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2018/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, гэрч Б.Сандагдорж, Х.Амгаланбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдах үед Д.Од Д.С нь 2 300 000 төгрөгийг өгөөгүй боловч бага багаар энэ хэмжээний буюу 2 300 000 төгрөгийг өгчихсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөөд Д.О зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчихсан. Нэгэнт зээлийн гэрээ байгуулсан болохоор 2 300 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ. Уг үүрэг зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үздэг тул энэ зээлийн гэрээ байгуулагдсан ба Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т тогтоосон хугацаанд үүргийг зохих ёсоор гүйцэтгэнэ. Хариуцагч Д.О зээлийн гэрээний 2.5-т зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 16-ны өдөр 200 000 төгрөг төлж байна гэж заасан үүргээ биелүүлээгүй. Энэ байдал нь энэ мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилготой байгаа нь харагдаж байна. Хэдийгээр бэлэг өгч байсан, хэдэн төгрөг өгч байсан тухай мэдэхгүй байна гэж хэлж байгаа боловч зээлийн гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байгаа. Үүргийг шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болж байна. Мөнгө аваагүй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Өөрөө утас, бэлэг авсан гэж байгаа боловч гэрчийн авч өгсөн гэх мэдүүлэг нь зөрүүтэй байдал үүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч Д.О нотолж чадахгүй байна. Зээлийн гэрээн дээрх гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэж асуухад мөн, маргах зүйл байхгүй гэж хариулж байна. хэрэв энэ гэхээнд үнэхээр хүчээр зурсан бол хууль хяналтын байгууллагад хандах эрх нь байсан. Тиймээс одоо би төлөхгүй, дарамталсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т зааснаар төлөх чадваргүй болсон гэж үзэж байгаа учраас зээлийг нэхэмжилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д.Саас 2 300 000 төгрөгийг би бэлнээр аваагүй. Тухайн үед найзалж байхдаа бэлэг гэж надад утас зэрэг янз бүрийн юм авч өгч байсан. Сүүлдээ суухгүй гэсэн чинь нэг өглөө 2 залуутай ирээд, бэлэг авч өгсөн мөнгөө бэлнээр авна гэж хэлээд намайг хүчээр авч яваад энэ гэрээг хүчээр хийлгэсэн. Түүнээс биш би өөрөө авъя гэж хэлж байгаагүй. Зээлийн гэрээний дагуу бодитой 2 300 000 төгрөг өгөөгүй, бага хэмжээний бэлэг, хааяа цувуулж 50.000–60.000 төгрөг авч байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгчийн өмчлөлд уг мөнгө шилжиж байж зээлийн гэрээ хийгдсэн гэж үздэг. Гэтэл өнөөдөр хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжээгүй болохыг талууд нотлоод байгаа учраас энэ гэрээ хийгдээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй атал 2 300 000 төгрөгийг өгсөн талаар баримт байхгүй байна. Гэтэл нэхэмжлэгч 2 300 000 төгрөгийг өгөөгүй ч гэсэн гэрээнд гарын үсэг зурчихсан гээд шаардаад байдаг. Зээлийн гэрээ бол өмчлөлд нь энэ хөрөнгө очсон байхыг шаарддаг. Тиймээс энэ зээлийн гэрээ огт байгуулагдаагүй, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурахгүй бол ажил дээр чинь очиж булай болгоно шүү, нэр хүндийг чинь унагана шүү гэж дарамталсаар байгаад зуруулсан. Зурахгүй гэхэд айлган сүрдүүлсээр байгаад зуруулсан болохыг гэрч Х.Амгаланбат нотолж байна. Мөн хариуцагч 500 000 төгрөгийн үнэтэй гар утас, 50.000 төгрөг 1 удаа авсан болохыг үгүйсгээгүй. Нэхэмжлэгч талаас АТМ-с мөнгө авч зарцуулсан Хаан банкны хуулгыг ирүүлсэн боловч хариуцагчид энэ мөнгийг өгсөн болох нь нотлогдохгүй байна. Энэ хүмүүсийн хооронд үерхэл нөхөрлөлийн харилцаа байсан эсэх талаар үгүйсгээгүй. Иймд тухайн өдөр 2 300 000 төгрөгийг бэлнээр аваагүй талаар зохигчид өөрсдөө нотолсноор зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Саруултамир зээлийн гэрээний үүрэгт 2 300 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Оээс шаардаж байна.
Хариуцагч Д.О талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 300 000 төгрөгийг 1 жил, 7 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба энэ гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 2 300 000 төгрөгийг зээлдүүлэгчид гардуулан өгөөгүй гэдэгт хэн аль нь маргахгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд зүйлсийг бусдын өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор зохицуулсан.
Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор хүлээлгэн өгөөгүй үйл баримтын тухайд нэхэмжлэгч цувуулан зээлдүүлж байсан мөнгөн дүнг нэгтгэн зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг бол хариуцагч хувийн харилцаатай байхдаа бэлэг, хувийн хэрэгцээний зориулалтаар өгч байсан мөнгө гэж маргах боловч хэн алиных нь тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэгэнт нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа гэж, хариуцагч бэлэг болон бусад хувийн хэрэглээний зориулалтаар 550 000 орчим мянган төгрөг авсан гэж тайлбарлаж, мөн гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг гаргаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж ойлгодог.
Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Б.Сандагдоржийн “Д.О, Д.С нар танилцаад 7 хоноогүй байхдаа Д.Сын картыг нь аваад дансанд нь байсан 800 000 төгрөгийг бүгдийг авч...гар утас, ломбарднаас юмаа авсан, найздаа мөнгө зээлдүүлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.Амгаланбатын “гар утас бэлгийн чанартай авч өгсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчид өгч байсан мөнгөн хөрөнгө, гар утас зэргийг зээлдүүлэх хүсэл зоригийг агуулан өгч байсан гэж үзэхээргүй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэг талаас нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлээгүй, нөгөө талаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үүргийн харилцаа үүсээгүй тухайлбал, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д.О 2 300 000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Д.С /РД:ЗГ75103016/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ